8o
Улаанбаатар хот
mobile menu

У.ХҮРЭЛСҮХ: Хаа,газар тариалан мал, аж ахуйг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоно

2018-05-16 08:16:00

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр хоног ажиллахдаа газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг судлан, газар дээр нь ажиллаж буй салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцож явлаа.

      Хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо бус чанарыг сайжруулах явдал юм. Үүний тулд малын удмын санг чанаржуулж, үүлдэр угсааг төрөлжүүлэн сайжруулах, жишиг аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсад малын үүлдрийн нийт 47 омог албан ёсоор бүртгэлтэй байдаг талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон Ерөнхий сайдад танилцууллаа.

      Монгол малын гeнeтик нөөцийг лабораторийн орчинд бий болгох, хадгалах, хамгаалах, малын үржилд биотeхнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх үндсэн чиглэлтэй тус хүрээлэн өмнө нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлаж байсан. ХХААХҮЯ тус төвийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэн Дархан-Уул аймагт шилжүүлэн байгуулсан бөгөөд ирэх 6 дугаар сараас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Энд бүх үүлдрээс шилмэл сайн, ашиг шим ихтэй үүлдрийн үр хөврөлийг тeхнологийн дагуу авч, гүн хөлдөөн, зохиомол хээлтүүлгээр хөврөл суулгах ажил хийж байгаа. Жилдээ 180.000 тун бухны, 36.000 азарганы, 120.000 хуцны, 40.000 ухны, нийт 376 мянган тонн үрийг гүн хөлдөөх боломжтой ба бог малыг намар, бод малыг жилийн дөрвөн улиралд зохиомлоор үр суулгаж болох юм. Малын үүлдэр угсаагаа сайжруулах хүсэлтэй малчин бүрт нээлттэй ажиллах тус хүрээлэн 25-40 мянган төгрөгөөр зохиомол үр суулгах үйлчилгээ үзүүлнэ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Бид малынхаа тоонд биш чанарт үүлдэр угсаанд анхаарал хандуулах цаг ирсэн. Өнөөдөр манай улсад баталгаажсан 47 үүлдэр омгийн мал бий. Шинээр батлагдан гарсан Малын генетик нөөцийн тухай хуулиар малын үржил селекци, үүлдэр омгийг хадгалах сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндсэн дээр мэргэжлийн байгуулага хийх талаар тодорхой зохицуулалт тусгагдсан. Малын удмын сангийн үндэсний төвийн энэхүү цогцолборын үйл ажиллагаа явагдаж эхэлснээр  6-р сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх дээрх хуулийн хэрэгжилтийн бааз суурь болох юм гэлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөө аж ахуйгаа түшиглэж хөгжихөд хамгийн чухал нь шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ. Тийм учраас үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлээрэй.  Монгол малын ашиг шимийг арвин байлгах ажил та бүхний ажлын үр дүнгээс хамаарна гээд ажлын амжилт хүслээ.

Монгол Улс нийт 4 сая тоо толгой үхэртэй. Монгол үхрийн амьдын жин 350-400 кг татдаг бол махны чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэр нас биед гүйцэхдээ 1 тонн татах боломжтой. Харин сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үнээнээс хоногт 17-18 литр сүү, заримдаа 30 литр сүү саадаг байна. Монгол үнээ дунджаар 4-5 литр сүү гардагтай харьцуулж үзэхэд гарц 3-4 дахин их бөгөөд жилд 5000 гаруй литр сүү өгөх боломжтой аж. Одоогийн байдлаар ангус, герeфорт, лимузин гэсэн гурван үүлдрийн үхрийг мал сүргийг сайжруулахад ашиглахаар тогтжээ. Мал сүрэгт олон төрлийн үүлдэр хяналтгүй оруулж ирвэл сайжруулах үйл явц алдагдана гэдгийг хүрээлэнгийнхэн хэлж байв. Бог малын тухайд мах, ноосны чиглэлээр сүргийг сайжруулахаар Амeрик, Францаас үүлдрүүд оруулж ирж байгаа аж.


Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд махны хэвшлийн үхрийн “Газар агро” ХХК, “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан. Эрчимжсэн мал аж ахуйн жишиг фермерүүд болсон дээрх аж ахуйнууд мах, сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэртэй, үхрээ тэжээх тэжээлийг тариалдаг, мах, сүүгээ боловсруулдаг, Эрдэнэт, Дарханд сүүгээ нийлүүлдэг гээд малын ашиг шимийг хүртэх бүхий л менежментийг хийж байгаа юм.

    “Газар-Агро” ХХК Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг бий болгон, ОХУ-аас “Герефорд” үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж байна. 

“Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн хагас эрчимжсэн аж ахуйн хамгийн бага хөрөнгөөр бүтсэн гэдгээрээ жишиг болж буйг тус компанийн захирал П.Цэнгүүн танилцуулж байв. Эрчимжсэн мал аж ахуйн фермийн хамгийн чухал зүйл нь малаа тэжээх тэжээлийг тарих аж. Өөрөөр хэлбэл тэжээлээ тариалж байж сайжруулсан үүлдрийн малын ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг. Уг аж ахуйд нийт Австрали үүлдрийн 200 гаруй сүүний чиглэлийн үхэр байгаагаас 80-100- нь сааж, өдөрт 1.7 тонн орчим сүү авдаг, 10 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагддаг аж.

      Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, малаас гарах ашиг шимийг хүртэн, цаашлаад бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын дэвшүүлж буй экспортын чиг баримжаатай ХАА-г хөгжүүлэх зорилтод хүрэхэд том түлхэц өгнө гэдгийг ХХААХҮ-ийн сайд эдгээр жишиг фермерүүдийн жишээн дээр холбогдох албаны хүмүүст тайлбарлалаа . Монголын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг 4000 гаруй, Дархан-Уул 2500 орчим мал бүхий иргэдтэй. Эдгээр иргэд дээрх жишгээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой бөгөөд үүнд шаардагдах дэмжлэгийг Засгийн газраас бодлого гаргаж ХХААХҮЯ хэрэгжүүлэх  боломжтойг салбарын сайд тодотгож байлаа.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
K
Humuus sanaachilgagui Bna get Turuu's um nehej Bna arhi tamhi hulgai zali hudlaa muu toe bugd Mongold Bna
2018/05/18 150.129.143.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment