8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж байна

2018-05-16 08:27:25

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлан ойлгуулах, зөв мэдээ, мэдээллээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллахад чиглэгдэнэ.

 

Улсын хэмжээнд Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүний 0.7 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Харин 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 62, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 113 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 82.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тоон үзүүлэлтүүдээс харахад энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байна.

Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аян эхэлж байна.

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг дараах 5 төрлөөр шалгаж байна. Үүнд :

  1. Байгаль орчныг бохирдуулах
  2. Ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах
  3. Хууль бус ан агнах
  4. Хууль бусаар мод бэлтгэх
  5. Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

Аяны хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгийг мэргэжлийн байгууллагуудын дунд  өрнүүлж, чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд практикт учирч буй хүндрэл бэрхшээлийг  хэлэлцэж, гарсан саналыг  харьяалах чиг үүргийн яаманд хүргүүлэх ажлууд мөн зохион байгуулагдана.

Иймд иргэн бүр  “Байгалиа хамгаалъя” аянд өөрийн хувь нэмрээ оруулж,  идэвхтэй нэгдэн оролцохыг уриалж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл