8o
Улаанбаатар хот
mobile menu

Тариаланчид газар тариалангийн бүс нутгаа тогтоохыг Засгийн газраас хүслээ

2018-05-16 09:24:00

Газар тариалангийн бүс нутаг дахь Ерөнхий сайдын албан томилолт Сэлэнгэ аймаг дахь усалгаатай тариалангийн “Арвин хур” ХХК, "Монгол газар шим" компаниудын тариалангийн талбай, төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг "Элит үр" ХХК, Хөтөл тосгон дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт үргэлжилсэн. Усалгаатай тариалангийн компаниудын хувьд Сэлэнгэ мөрнөөс татсан усаар талбайгаа усалдаг тус тeхнологийг нэвтрүүлэхэд 13 жил ажиллаж байж одоо л бүрэн гарт орж байна гэж "Арвин хур" ХХК-ийн захирал Ч.Чадраабал ярьж байв. Нийт 1500 га талбайд тариалалт хийж байгаа тус компанийн талбайд мал орсноор 30 хувийг сүйтгүүлж алдсан аж. Тиймээс Газар тариалангийн бүсийг тогтоож, бэлчээрийн мал аж ахуй, газар тариаланг салгах зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ. 

    "Монгол газар шим" компанийн захирал Б.Эрдэнэбат ХХААХҮЯ-наас тариаланчдыг дэмжих чиглэлээр явуулсан үйл ажиллагаа үр өгөөжөө өгч буйг онцолж байв. Яамнаас энэ жил улаанбуудайн үрийг 30 хувийн хямдралтай, мөн 30 хувийн урьдчилгаа мөнгөөр тариаланчдад олгосон бөгөөд нийт 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон хэмээн  сайд Б.Батзориг  тодотгож байлаа. 


Төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг "Элит үр" ХХК солист, гала, куарта сортын төмс тариалдгаас гадна чипсний төмсийг тариалж эхэлснийг онцолж байлаа. Элит үрээ мөн үржүүлж бусад тариаланчдад нийлүүлдэг бөгөөд салбар яамны дэмжлэгээр дотоодын үрээр тариаланчдаа 70 хувь хангах зорилтод хүрэхээр ажиллаж байгаа юм байна. Нийт 250 мянган бичил булцуу буюу үр гаргаж чадвал гаднаас төмсний үр импортлохгүй байх бүрэн боломжтой аж. Энэ жил 8.5 мянгад төмс тариалах бөгөөд хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутагт тариалалт ид өрнөж буй энэ үед ажилласан нь энэ салбарт тулгамдаж буй асуудалтай биечлэн танилцаж, гарц гаргалгааг тариаланчидтай ярилцан шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм. "Нэн тэргүүнд хос тулгуурт  эдийн засагтай болох Засгийн газрын зорилтод уул уурхайгаас хэт хараат эдийн засгийг ХАА-н салбартай хослуулан хөгжүүлэхээр тусгасан. Хэрэв хос тулгуурт эдийн засагтай болбол олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх цаашдын ажлууд саадгүй явна.

Тийм учраас газар тариалан, хөдөө аж ахуйг дэмжиж, эрчимжсэн МАА, газар тариалантай болох, хөрсөө хамгаалж, хашаалах, эрүүлжүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлж, усалгаатай тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын шинж чанартай ажлыг Засгийн газраас дэмжинэ. ХАА, газар тариалан, МАА-г эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилт дэвшүүлж байгаа. Экспортод гаргах зорилгыг тариаланчид та бүгд хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад хэлж байв. Монгол Улсын 3 сая гаруй хүн амыг эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд Газар тариалангийн бүс нутгийг тогтоон малчид, тариаланчдын хооронд үүсдэг асуудлыг шийдвэрлэх, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайд санал нэгдэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ойрын үед шийдвэр гаргахаар боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл