8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр, суурь: Элчин сайдад нэр дэвшигчдэд юуг онцгойлон захив

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-16 11:21:00

 

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороогоор Элчин сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,
  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,
  3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан билээ.

Одоо эдгээр хүмүүсийг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа албан ёсоор томилох юм. Харин өчигдөр байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн илэрхийлсэн байр, суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Элчин сайд нар ажиллаж, амьдрах гэж буй орондоо очоод яаж ажиллах ёстой юм, ямар үр дүнд хүрэх гэж буйгаа тодорхой болгодог байх хэрэгтэй. Зөвхөн мэргэжлийн хүмүүс Элчин сайдаар ажиллах ёстой гэдэг шалгуурыг тавьж болохгүй. Гадаад яаманд ажилладаг шилдэгүүд ажиллах ёстой гэж болохгүй. Элчин сайдуудыг томилох асуудлыг хаалттай хуралдаж хэлэлцэж болохгүй. Бүх зүйлийг хаах гээд байгааг би шүүмжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдэндээ тусалж, дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилламаар байна. Монголчууд өвчнөө эмчлүүлэхээр очихоос гадна янз бүрийн ажлаар гадаадад зорчдог. Тэдэнд тусалж, дэмжих нь хангалтгүй санагддаг. Маш хангалтгүй байдаг шүү. Иргэд рүү гээ хандсан ажлыг л хиймээр байна. Хүний газар, гүний нутагт монголчуудад хамгийн ойр байх газар Элчин сайдын яам шүү дээ. Иргэддээ дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилламаар байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж буй нь маш зөв юм. Энэ хүмүүс ч мөн мэргэжлийн хүмүүс байгаад нь талархалтай байна. Гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд  анхаарч ажиллаарай. Гадны улсад амьдарч буй иргэд Монголдоо хөрөнгө оруулдаг хүмүүс шүү.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед хурдаа нэмээд илүү сайн идэвхтэй ажиллаарай. Туршлагатай гээд суугаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

Гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүсийн эрхийг хамгаалах төрийн үйлчилгээг тэдэнд цаг алдалгүй хүргэхэд анхаарч ажиллаасай. Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд маш сайн анхаарч ажиллах ёстой шүү. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Иргэдийнхээ эрх ашгийг ямагт анхаарч ажиллаарай. Хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдаа, эдийн засаг соёлын харилцааг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаарай. 

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД ЯМАР АМЛАЛТ ӨГӨВ

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэвшиж буй О.Энхцэцэг:

Швед нь өндөр хөгжилтэй орон. Нэг хүнд ногдох ДНБ-нь 50 гаруй мянган доллар.Бид хоёр талын хамтын ажиллагаагаа хөгжүүлж тус орноос сурах, харилцаагаа ашигтай хөгжүүлэх шаардлага бий. Манай хоёр улс 33 сая долларын гадаад худалдааны эргэлттэй. Үүнээс манай импорт 32 сая. Үлдсэн 600 гаруй мянган доллар нь экспорт юм.Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Ялангуяа дотоодын жижиг, дунд хувийн хэвшлүүдийг Шведийн зах зээлд гаргах чиглэлээр судална. Нийгмийн чиглэлийн бодлогод Шведээс сурах зүйл их бий. Нийгмийн хамгааллын чиглэлээр маш сайн үйл ажиллагаа явуулдаг орон шүү дээ. Тус орон нь архидалтай тэмцэж байж ардчилалыг хөгжүүлсэн орон. Тэгэхээр энэ талыг туршлагыг судлах нь зүйтэй юм. Нөгөөтэйгүүр манай зургаан мянга гаруй иргэн Шведэд ажиллаж, амьдарч байна. Тэнд олон жил ажиллаж, амьдарч нийгмийн шимтгэл, татварыг нь өгчихсөн хүмүүс бий. Тэдний нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газар хоорондын тохиролцоонд хүрч ажиллахад анхаарч ажиллана.

Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэвшиж буй Я.Ариунболд:

Энэ онд Монгол, Канад улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиох гэж байна. Харилцааны түвшинд өргөн хүрээний түншлэлтэй. Харилцааны түвшинг нэг алхам ахиулъя гэж бодож байна. Канадын хөгжлийн тусламжийн 28 орны жагсаалтад Монгол улс багтсан. Үүнийг өргөн хүрээтэйгээр ашиглана. Үйлдвэрлэл, хөдөө аж, ахуйн чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллаж байна. Боловсролын салбарт мөн хамтарч ажиллана. Энэ чиглэлд их идэвхтэй ажиллах бодолтой байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэвшигч Н.Тулга:

Тус улс нь манай улсын гурав дахь хөрш гэх томъёололд багтдаг. Монгол, Британийн харилцааг хөгжүүлэхэд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээтэйгээр ажиллах бодолтой байна. Тус улсаас татах хөрөнгө оруулалтыг нь нэмэх нь их чухал. Британид Монголын 4000 иргэн байнгын оршин сууж байна. Энэ хүмүүсийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажиллана. Боловсролын салбарт мөн хамтарч ажиллана. Монголоос Британид сурах оюутнуудын тоог нэмэгдүүлэхээр ажиллана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ckuds
har tamhi oruulj irdeg biz
2018/05/16 66.181.161.112