8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллахгүй гэсэн захирамж гаргаж, Цалин нэмүүлэхээр жагссан иргэд үсээ  хусаж эсэргүүцлээ илэрхийлсэн өдөр

2018-05-16 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Байр, суурь: Элчин сайдад нэр дэвшигчдэд юуг онцгойлон захив

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороогоор Элчин сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,
  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,
  3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан билээ.

Одоо эдгээр хүмүүсийг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа албан ёсоор томилох юм. Харин өчигдөр байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн илэрхийлсэн байр, суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Элчин сайд нар ажиллаж, амьдрах гэж буй орондоо очоод яаж ажиллах ёстой юм, ямар үр дүнд хүрэх гэж буйгаа тодорхой болгодог байх хэрэгтэй. Зөвхөн мэргэжлийн хүмүүс Элчин сайдаар ажиллах ёстой гэдэг шалгуурыг тавьж болохгүй. Гадаад яаманд ажилладаг шилдэгүүд ажиллах ёстой гэж болохгүй. Элчин сайдуудыг томилох асуудлыг хаалттай хуралдаж хэлэлцэж болохгүй. Бүх зүйлийг хаах гээд байгааг би шүүмжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдэндээ тусалж, дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилламаар байна. Монголчууд өвчнөө эмчлүүлэхээр очихоос гадна янз бүрийн ажлаар гадаадад зорчдог. Тэдэнд тусалж, дэмжих нь хангалтгүй санагддаг. Маш хангалтгүй байдаг шүү. Иргэд рүү гээ хандсан ажлыг л хиймээр байна. Хүний газар, гүний нутагт монголчуудад хамгийн ойр байх газар Элчин сайдын яам шүү дээ. Иргэддээ дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилламаар байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж буй нь маш зөв юм. Энэ хүмүүс ч мөн мэргэжлийн хүмүүс байгаад нь талархалтай байна. Гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд  анхаарч ажиллаарай. Гадны улсад амьдарч буй иргэд Монголдоо хөрөнгө оруулдаг хүмүүс шүү.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед хурдаа нэмээд илүү сайн идэвхтэй ажиллаарай. Туршлагатай гээд суугаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

Гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүсийн эрхийг хамгаалах төрийн үйлчилгээг тэдэнд цаг алдалгүй хүргэхэд анхаарч ажиллаасай. Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд маш сайн анхаарч ажиллах ёстой шүү. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Иргэдийнхээ эрх ашгийг ямагт анхаарч ажиллаарай. Хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдаа, эдийн засаг соёлын харилцааг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаарай. 

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД ЯМАР АМЛАЛТ ӨГӨВ

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэвшиж буй О.Энхцэцэг:

Швед нь өндөр хөгжилтэй орон. Нэг хүнд ногдох ДНБ-нь 50 гаруй мянган доллар.Бид хоёр талын хамтын ажиллагаагаа хөгжүүлж тус орноос сурах, харилцаагаа ашигтай хөгжүүлэх шаардлага бий. Манай хоёр улс 33 сая долларын гадаад худалдааны эргэлттэй. Үүнээс манай импорт 32 сая. Үлдсэн 600 гаруй мянган доллар нь экспорт юм. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Ялангуяа дотоодын жижиг, дунд хувийн хэвшлүүдийг Шведийн зах зээлд гаргах чиглэлээр судална. Нийгмийн чиглэлийн бодлогод Шведээс сурах зүйл их бий. Нийгмийн хамгааллын чиглэлээр маш сайн үйл ажиллагаа явуулдаг орон шүү дээ. Тус орон нь архидалтай тэмцэж байж ардчилалыг хөгжүүлсэн орон. Тэгэхээр энэ талыг туршлагыг судлах нь зүйтэй юм. Нөгөөтэйгүүр манай зургаан мянга гаруй иргэн Шведэд ажиллаж, амьдарч байна. Тэнд олон жил ажиллаж, амьдарч нийгмийн шимтгэл, татварыг нь өгчихсөн хүмүүс бий. Тэдний нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газар хоорондын тохиролцоонд хүрч ажиллахад анхаарч ажиллана.

Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэвшиж буй Я.Ариунболд:

Энэ онд Монгол, Канад улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиох гэж байна. Харилцааны түвшинд өргөн хүрээний түншлэлтэй. Харилцааны түвшинг нэг алхам ахиулъя гэж бодож байна. Канадын хөгжлийн тусламжийн 28 орны жагсаалтад Монгол улс багтсан. Үүнийг өргөн хүрээтэйгээр ашиглана. Үйлдвэрлэл, хөдөө аж, ахуйн чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллаж байна. Боловсролын салбарт мөн хамтарч ажиллана. Энэ чиглэлд их идэвхтэй ажиллах бодолтой байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэвшигч Н.Тулга:

Тус улс нь манай улсын гурав дахь хөрш гэх томъёололд багтдаг. Монгол, Британийн харилцааг хөгжүүлэхэд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээтэйгээр ажиллах бодолтой байна. Тус улсаас татах хөрөнгө оруулалтыг нь нэмэх нь их чухал. Британид Монголын 4000 иргэн байнгын оршин сууж байна. Энэ хүмүүсийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажиллана. Боловсролын салбарт мөн хамтарч ажиллана. Монголоос Британид сурах оюутнуудын тоог нэмэгдүүлэхээр ажиллана.

Г.Орхон: Цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг, Дубайн гэрээтэй холбогдуулан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн сараас эхлэн шалгаж эхэлсэн билээ. Тус шалгалтын хүрээнд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн сарын эхээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Өчигдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Шүүх хуралд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нар онлайнаар оролцож, тайлбар тавьсан боловч үргэлжлүүлэн 30 хоног хорих шүүхийн шийдвэр гарлаа. Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг мөн 30 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан билээ. Шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс нь тодрууллаа.

С.БАЯРЦОГТЫН ӨМГӨӨЛӨГЧ Г.ОРХОН: ЦААШИД ТОМООХОН МЕГА ТӨСЛИЙГ ХӨДӨЛГӨХ ХҮМҮҮС МАШ ИХ ДАРАМТАД ОРЖ БОЛЗОШГҮЙ

"Энэ шүүх хурлаас харахад цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй байна. Яагаад гэхээр УИХ болон Засгийн газрын гишүүдээсээ асуухаас илүүтэй АТГ, прокурор, шинжээчдээс асууж байж гэрээ хэлэлцээгээ хийх ёстой болж таарч байна. Шүүх хуралд Оюутолгойн гэрээ хуульд нийцсэн эсэх, өөрчилж болох эсэхийг шинжээчдээс асууж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Энэ асуудалд шүүгч, прокурор, хуульчид хуульзүйн үндэслэлээ хийгээд явах ёстой. Үүнээс дүгнэж хэлэхэд, Оюутолгойн гэрээг тухайн үед УИХ болон Засгийн газрын гишүүдээс асууж байж, хийсэн. Гэтэл тэд өнөөдөр дуугардаггүй юм байна. Иймээс мега төслийн гэрээ хэлэлцээ хийхдээ АТГ, прокурор, шинжээчдээс асуух ёстой юм байна" гэсэн юм.

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт: Б.Бямбасайханы бие маш тааруу байна

Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарлаа.  Хэрэг ээдрээтэй байгаа гэдгээ нотолж чадахгүй байна. Прокурорын нотлогдоогүй үндэслэлээр хүнийг цагдан хорьдог болох тал руугаа явж байна. Энэ нь үндсэн хуулийг зөрчиж байна. Б.Бямбасайханы бие маш тааруу байна. Эмчид үзүүлж цаашид нарийн шинжилгээ өгч, эмчлүүлэх хүсэлт тавьсан. Одоогийн хийж буй эмчилгээ үр дүн муутай гэж үзэж байна. Эмчилгээний үр дүн муу байгаа учраас цаашид эмчлүүлэх хүсэлтийг нь хүлээж авна гэж найдаж байна.  Б.Бямбасайхан хоригдсноосоо хойш хоёр удаа байцаалт өгсөн. Мөрдөн байцаах ажилд бид идэвхтэй оролцож байгаа. Энэ хэрэгт ээдрээтэй төвөгтэй байдал байхгүй. Дубайн гэрээ 2015 онд байгуулагдсан. Гэрээтэй холбоотой бүх мэдээлэл, материал улсын архивт хадгалагдаж байна. Цагдан хорих хугацааг сунгах үндэслэл байхгүй гэдэг нь бүх талаараа нотлогдож байна гэтэл шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй” хэмээн хэллээ.

"Үсээ хусуулах юу ч биш, зүрхээ өгөхөд бэлэн байна"

Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн  салбарынхны ажил хаялт, суулт үргэлжилж байна. Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ МҮЭ-ийн холбооны шаардлагаар үргэлжилсэн боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар Засгийн газраас тодорхой шийдэл, санал гаргаагүй тул ҮЭ-үүдийн эхлүүлээд буй ажил хаялтын өмнөх хугацаагүй суулт хүрээгээ тэлж, өнөөдөр дахин суулт хийлээ. Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа эрүүл мэндийн салбарынхан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зурагтай баг зүүж, зарим эмч, эмнэлэгийн ажилтанууд үс хусууллаа.  Цаашид тэмцэл  ингээд дуусахгүй бөгөөд  тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа ийнхүү  мэдэгдлээ. Үсээ хусуулсан эмч ажилчдын төлөөллөөс уг суултын талаар тодруулахад “Би хөдөлмөрийн салбарт 34 жил ажиллаж байна. 34 ажиллаж байгаагаас  сүүлийн дөрвөн жил цалингүй болж, ажил амьдрал зогссон. Нийгмийн дунд ажилгүй хүмүүсийг ядуу гэдэг байсан бол одоо ажиллаад ядуу амьдардаг хүмүүсийн давхарга бий болчихсон байна. 60 насны босгон дээр энэхүү суултад нэгдэж үсээ хусууллаа. Үсээ хусуулах юу ч биш, зүрхээ өгөхөд бэлэн байна. Цаашид эцсээ хүртэл тэмцэх болно” хэмээн хэллээ.

Ц.Цогзолмаа: Дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй

БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан зохион байгуулсан “Бүтээлч ахмад багш нарын III зөвлөгөөн” боллоо. Тус зөвлөгөөний үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,  “2018 оныг багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Монголын боловсролын системийг үндсээр нь өөрчлөхийн тулд багш нарынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Дараагийн нэг алхам нь багшийн цалин хөлсийг нэмэх асуудал. Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй. Тиймээс холбогдох яамдуудтай бид хамтран Ажлын хэсэг байгуулсан. 25-30 хүүхдийн стандарттай ангид 45-50 хүүхэд суралцаж байгаа энэ нөхцөлд багшаас сургалтын чанар шаардах нь зүй бус явдал. Тиймээс багшийн ачааллыг судалж, хөдөлмөрийн хөлсийг ажлын ачаалалтай нь уялуудах хэрэгцээ шаардлага байна. Цалинг гагц миний бие шийдэхгүй. Үүнийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэдэг. Ямартай ч 2018 оны 4 дүгээр улирал гэхэд багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Хэдэн хувиар нэмэхийг яг одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн багаар бодоход үндсэн цалинг 10 хувиар нэмнэ” хэмээн хэллээ.

Согтуу жолооч 30 гаруй хүүхэд тээвэрлэж яваад осол гаргажээ

Энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг Гэгээ хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус нь North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж гурван том хүн, таван хүүхэд гэмтсэн осол гарсан байна.

Мөн 2018.05.12-ны өдөр ХУД-ийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил, хэргүүд бүртгэгдсэн. Иймд Замын цагдаагийн газраас та бүхэнд дараах сэрэмжлүүлэг хүргүүлж байна. 

Сэрэмжлүүлэг

  • Иймд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг няталж шалгах, 
  • Баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг нийт хамт олонд танилцуулж баталгаа гаргуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. 

Эх сурвалж: ЗЦА

Импортоор орж ирсэн их хэмжээний алимыг устгалд оруулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний таван сарын байдлаар гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг ханган ажилласан талаараа  өнөөдөр мэдээлэл өгсөн юм.. Нийслэл хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн /давхардсан тоогоор/ 3,166 аж ахуйн нэгжийн 129,379.5 тн, 448,961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүл ахуй, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор 1,652 аж ахуйн нэгжийн боловсруулсан хүнс, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 396 аж ахуйн нэгжийн түүхий эд, бүтээгдэхүүн, ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 664 аж ахуйн нэгжийн ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, байгаль орчны хяналтын чиглэлээр 156 аж ахуйн нэгжийн химийн хорт болон аюултай бодис, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 298 аж ахуйн нэгжийн эм биобэлдмэл, лабораторийн эм урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлд байнгын хяналт шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлжээ.

Нийт 672 тээврийн хэрэгсэл бүхий 43,760 тн хүнсний улаан буудай импортлогдсоноос дээж авч, ХАБҮЛЛабораторийн шинжилгээнд хамруулахад гадаад хорио цээртэй хортон шавж, хог ургамалын үр, өвчин илрээгүй.

С.Бямбацогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох асуудлыг судалсан ажлын хэсэг хуралдсан эсэх, ОУВС-тай тохирсон, тохироогүй гэсэн асуудал яригдаж багагүй маргаан үүслээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс асуудалд улстөржихгүйгээр, талцаж хуваагдан асуудлыг  хойш тавихгүйгээр хуулийн дагуу шийдэх өөрөөр хэлбэл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц гаргалгаа байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.  

Тэрээр “Нэг өдөр ч алдахгүйгээр хүүхдийн мөнгө олгоё гэж байгаа бол асуудлаа хурдан хэлэлцэж хурдан шийдэх хэрэгтэй байна. Хоёр талд гарчихаад заавал 100 хувь олгоно, үгүй зөвхөн 80 хувь олгоно гэж зүтгэхгүйгээр аль болох ахиу хүүхдэд өгөх гарц гаргалгаа байна шүү дээ. Улс эх орондоо хохиролгүй, үр хүүхдэдээ ээлтэй хамгийн сайн хувилбарыг хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье. Ингэж олгоход  нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан. Өмнөх жилүүдийн судалгааг, баримтыг харахад боломжтой айл өрхүүд хүүхдийн мөнгөө огт авдаггүй байна. Иймээс улстөржихгүйгээр асуудлыг хурдан шийдэх, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ч хэрэгжсэн нөгөөтэйгүүр улсын төсөвт ч дарамт учруулахгүйгээр асуудлыг шийдэх гаргалгаа байна” гэсэн юм.

Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллахгүй гэсэн захирамж гаргажээ

Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хорихоор өөр төрлийн арга хэмжээ авахыг хүссэн өргөдөл гомдол ирсэн байна. Уг өргөдөл гомдлыг шүүх хэлэлцэж сая шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс  тэднийг суллахгүй гэсэн шүүгчийн захирамж гаргажээ.

Ирэх есдүгээр сарын 1-ны өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болох уу

Эмч, сувилагч болон эмнэлгийн ажилчид өнгөрсөн 7 хоногт цалингаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж Эрүүл мэндийн яамны үүдэнд жагсаал хийсэн билээ. Энэхүү жагсаал өнөөдрийг хүртэл суултаар үргэлжилж Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл Төв талбай дээр өдөр бүр суулт хийж байгаа юм. Тэгвэл энэхүү цалин нэмүүлэх жагсаалт суултад өнөөдрөөс эхлэн багш нар нэгдэж байгаа аж.

Энэ талаар  өчигдөр УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа онцолсон байна. Тэрбээр “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг надтай ирж уулзсан. Түүний хэлснээр маргаашнаас /өнөөдрөөс/ сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэж багш нарын байр суурийг дамжуулж байна.  Харин миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэв. Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны хуралдаанааар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон" гэж онцоллоо.

Үүнээс харахад ирэх есдүгээр сарын 1-ны өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болох уу гэсэн асуудал гарч маргаан дагуулж байна.

Мөн багш нарын цалинг ажилласан жил,ур чадварт нь тохируулан нэмэх хэрэгтэй гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу. Учир нь улс эх орны нийгэм, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед багш нарын цалин бүгдийг нь нэмэх  боломж хэр байгаа вэ тооцох нь чухал гэдгийг үйлдвэрчний эвлэлийнхэн анхаарах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment