8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Ундармаа: Умайн хүзүүний хавдраар Дархан-Уул, Төв аймаг тэргүүлж байна

2018-05-17 08:15:00

Хорт хавдрын статистик мэдээнээс харахад, 2012 онд манай улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдсэн байсан бол 2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хоёрдугаарт орж байна.  Умайн хүзүүний хавдрын өнөөгийн нөхцөл байдлын талаар Хавдар судлалын үндэсний төвийн бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны дарга  Т.Ундармаатай ярилцлаа.

-Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлж чадвал төгс эмчлэх боломжтой

-Умайн хүзүүний хавдрын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Өнгөрсөн жилийн хувьд шинээр хэдэн хүн умайн хүзүүний хавдартай гэж оношлогдсон бэ?

-2017 оны статисик мэдээгээр бол 6073 хүн хорт хавдартай гэж шинээр оношлогдсон байгаа. Үүнээс 356 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдсон. Энэ 356 эмэгтэй нь нийт эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрынхаа 14 хувийг дангаараа эзэлж байна. Мөн оношлогдсон хорт хавдрын 50 хувь нь хожуу оношлогдож байгаа бөгөөд 96 хувь нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд эзэлж байна.  Мөн статистик тоон мэдээллээр 13 эмэгтэйн 1 нь умайн хүзүүний хорт хавдраар нас барсан байна.

-Манай улсад бүртгэлтэй хичнээн хорт хавдар байдаг вэ. Үүнээс умайн хүзүүний хорт хавдар хэддүгээр байранд орж байна?

-Энэ жил манай улсад 6000 гаруй хортой хадвар шинээр оношлогдсон. Нийт хорт хавдрын нэгдүгээрт элэгний хорт хавдар 34%, дараа нь ходоодны хавдар, умайн хүзүү, уушги, улаан хоолойны хорт хавдар орж байна. Зөвхөн эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа хорт хавдраар авч үзэхэд 1-т элэгний хавдар 2-т умайн хүзүүний хорт хавдар, ходоод, хөх, улаан хоолойн хавдар гэсэн ийм бүтэцтэй байна. 2012 оноос хойш умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг зохион  байгуулж байгаа. Тэр үзлэг нь өрхийн эмнэлэг дээр тулгуурлаад 30 дээш насны эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулж байгаа. Үүний цаана өрх сумын эмнэлэг умайн хүзүүний хорт хавдрын урьдалт буюу эрт үе шатанд оношлох чухал үүрэгтэй. Эрт үед нь оношлоод эмчлэх юм бол төгс эмчлэх боломжтой.

-Умайн хүзүүний хавдар туссан эмэгтэйчүүд ихэвчилэн аль бүс орон нутгийн  хүмүүс байна вэ. Энэ талаар судалгаа хийсэн байдаг уу?

-Төвийн бүсэд умайн хүзүүний хавдар өндөр байна. Тодруулбал,  хамгийн их өвчлөл өндөртэй аймаг нь Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Дундговь, Булган, Орхон, Дорнод, Хэнтий гэсэн аймаг улсын дунджаас өндөр үзүүлэлттэй гарсан байна.  Хамгийн өвчлөл багатай нь Баян-Өлгий аймаг. Мөн 30-45 насны эмэгтэйчүүдэд ямар хорт хавдар зонхилж байна гээд аваад үзэхээр умайн хүзүүний хавдарт нэгдүгээр эрэмбэлэгдэж байна. Үүнээс дээш нас болохоор элэгний хавдар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

-Умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд шинжилгээд хамрагдсан байх ёстой юм байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд юуг анхаарвал зохистой вэ?

-Иргэн өөрөө 30 нас хүрсэн 60 нас хүртлээ гурван жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах ёстой гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Ингээд урьдал эмгэг байна уу, хавдар байна уу гэдгийг нь оношилж илрүүлнэ шүү дээ. Умайн хүзүүний хавдараас гол үүсгэж байгаа хүний хөхөнцөр вирус байгаа. Үүнээс  урьдчилан сэргийлэх вакциныг мөн хийлгэх хэрэгтэй. 2012 оноос эхлэн Мянганы сорилтын сангийн тусламжаар Монгол улсад умайн хүзүү хөхний эрт илрүүлэг үзлэгийг бий болгосон. Үүний гол зорилго нь зорилтот насны эмэгтэйчүүдийг умайн хүзүү болон хөхний хорт хавдрын шинжилгээг өгөх бололцоог хангасан нь энэ тогтолцооны гол зорилго оршсон юм. 2012 оноос хойш хэрэгжүүлсэн эрт илрүүлгээр оношлогдсон умайн хүзүүний хавдар 0-1 дүгээр үедээ буюу эхэн үедээ 60 гаруй хувьтай оношлогдсон байна. Эрт илрүүлэгийг эрчимтэй сайн хийж чадах юм бол эрт оношлогдож төгс эмчлэгдэх боломжтой байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл