8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Болорчулуун: Өнөөдөр тогтоол гаргаад маргааш малчдыг хөөнө гэсэн ойлголт байхгүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-17 09:10:00

Монгол улсын Засгийн газраас 7 аймгийн 63 сумын 113 багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутаг болгохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-  Нийт хэдэн аймгийн хэдэн га газрыг хамарсан газрыг тариалангийн бүс нутгаар зарлах вэ? 

- Монгол Улс газар тариалангийнхаа бүс нутгийг зарлаж, тодорхой болгож, түүнийгээ түшиглэж эрчимжсэн мал ахуйгаа хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явж ирсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс газар тариалангийнхаа зарим бүс нутгийг тодорхой болголоо. Газар тариалангийн бүс нутаг тодорхой болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн эрчимжсэн мал ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр хөгжиж сэргэнэ гэж тооцоолж байна. Нийт 1.050.000 га газрыг тариалангийн бүс нутаг, эрчимжсэн мал аж, ахуй эрхлэх зориулалтаар ашиглуулна. Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Булган зэрэг долоон аймгийн 63 сумын 113 багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутгаар зарлаж, тогтоолоо. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн 16 сум, Төв аймгийн 13 сум, Дархан-Уул аймгийн хоёр сум, Булган аймгийн нэг сум, Хэнтий аймгийн есөн сум, Өвөрхангай аймгийн нэг сум, Архангай аймгийн 18 сумыг газар тариалангийн бүс нутгаар зарлалаа. 

-  Газар тариалангийн бүс нутагт ямар технологийг нэвтрүүлэх вэ? 

- Үр тариа болон төмс хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад цаашид экспортод гаргах чиг баримжаатай ажиллаж байна. Тэгэхээр бид га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зөв менежменттэй орчин үеийн ган хуурайшлын эсрэг зөв технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, өндөр хүчний технологи нэвтрүүлэх зориулалтын техник авчирна. Энэ нь талбайд сүрэглэн хучлаг үүсгээд дараах хаврын тариалалт хүртэл хөрсөн дэхь чийгийг байлгах зориулалттай юм. Гэтэл манайх бэлчээрийн мал, аж ахуйтай газар тариалангийн бүс нутагт малын тоо харьцангуй их байгаа учир тэр талбайг талхалж, сүрлийг нь иднэ. Хэрвээ ингэвэл маш үнэтэй техник авчирч тэнд ашигласны эдийн засгийн үр ашиг нь гарахгүй шүү дээ. Тэгэхээр бид га –ийн ургацыг нэмэгдүүлээд экспортод гаргах гэж байгаа бол технологио зөв барих зайлшгүй шаардлагатай. 

-    Тариалангийн бүсэд мал бэлчихийг бүр мөсөн хориглоно гэсэн үг үү? 

-    Яг хориглоно гэж заагаагүй. Бид тариалангийн бүс нутгаа эхлээд тогтоогоод заачихна. Тэгээд тогтоосон бүс нутгаа хашаажуулна. Хашаажуулсаныхаа хэмжээгээр ойн зурвас байгуулна. Ойн зурвас байгуулах ажлыг ирэх жилээс эхэлнэ. Ийм үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ. Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мал аж ахуй эрхэлж болно. Гэхдээ 500 малнаас 1000 малын ашиг шим авах хэмжээний эрчимжсэн мал аж ахуй байлгана гэж байгаа. Газар тариалангийн бүсэд 2000 малтай 20-30 өрх байвал бидний хэрэгжүүлэх гэж буй ажилтай огт нийцэхгүй. Гэхдээ  тогтоол гаргасны маргаашнаас л малчид нүүнэ гэсэн ойлголттой байж болохгүй. Бидний хэтийн зорилго бол эрчимжсэн мал аж, ахуйг хөгжүүлье гэсэн алсын зорилготой. Өнөөдөр батлаад маргааш малчдыг хөөж гаргахгүй.

-   Эрчимжсэн мал аж, ахуйн фермерийн үйл ажиллагаа явуулсан, тариа тарьсан хүмүүсийг төрөөс хэрхэн дэмжих юм?

- Газар тариалангийн ажилд олон дэмжлэг байдаг. Үрийн будааны, техник тоног төхөөрөмжийн, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэгийг үзүүлдэг. Нэг малаас авах ашиг шимийг өндөр байлгахын тулд  эрчимжсэн мал аж, ахуйн ажлыг дэмжиж байгаа юм. Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал, аж ахуйг байлгах гэж буй нь учиртай. Техник, газар, хүн хүч нь байгаа учир сэлгээний тарималыг оруулах бүрэн боломжтой. Тэгэхээр малын тэжээлээ гаргана гэсэн үг. Энэ тохиолдолд эрчимжсэн мал, аж ахуйн фермер байж бид тэр тэжээлээ борлуулна шүү дээ. Тариалангийн аж, ахуй нэгжүүд тэжээлээ тарих боломжтой ч борлуулалтгүй учраас энэ ажил цааш явахгүй байна. Тэгэхээр газар тариалангийн бүсэд сүүний, махны чиглэлийн үйлдвэрүүд байна. Тэгээд тэндээ тэжээлээ борлуулна гэж үзэж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Arhangain 16 sumand yamar gazar tarialan baidag yum?????
2018/05/18 43.228.131.101
Сайна
Тариалан тариад эргээд сэргээд байхаар тийм их газар бий юу. Маш үнэтэй техник авчирахаасаа өмнө л бодох хэрэгтэй.Бодлого дутуу л харагдаад байна даа
2018/05/17 103.10.21.111