8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Мандахцэцэг: Дөрвөн орон руу сунгалттай паспортоор зорчихгүй

2018-05-17 14:22:00

ГХЯ-наас өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнгөрсөн сард манай улсын гадаад харилцааны салбарт өрнөсөн голлох үйл явдлуудын талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн дарга Х.Мандахцэцэгээс дараах асуултад хариулт авлаа. 


"БНХАУ-д манай улсын 27 иргэн хар тамхины хэргээр хоригдож байна"

-Сунгалт хийлгэсэн гадаад паспорттой иргэдийг зарим орны хилээр нэвтрүүлэхгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-аас 2016 онд гадаад паспортод сунгалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Үүний дагуу Монгол Улс энэ оны 1 дүгээр сарын 03-наас эхлээд гадаад паспортын сунгалтыг зогсоосон. Энэ өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн паспорт хугацаа нь дуустал хүчинтэй. Саяхан БНКазУ-ын хилээс Монголын иргэнийг сунгалттай паспорттой байсан тул нутаг буцаасан хоёр тохиолдол гарсан.ГХЯ-наас БНКазУ, Их Британи болон Иран, Өмнөд Африк руу сунгалттай паспортаар зорчихгүй байх нь зөв гэсэн зөвлөмж гаргаад байна. Иргэд цаг зав, мөнгө хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэх үүднээс ГХЯ өөрийн албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэрэмжлүүлэг хүргэж байна. Иргэд ч өөрсдийгөө эрсдлээс хамгаалах үүднээс дээрх 4 улсад зорчих тохиодолд шинэ паспорт авах нь зөв юм.

-Дээрх 4 улсаас бусад орон нь сунгалттай паспорттой иргэдийг буцаахгүй гэх баталгаа бий юу?

-ГХЯ-наас Элчин сайдын яамдаараа дамжуулан тухайн улс орны хил, гаалийн байгууллагуудаас сунгалттай паспорттой иргэд нэвтэрч болох эсэхийг тодруулж байгаа. Ойрын хугацаанд энэ мэдээлэл нэгдсэн журмаар гарахаар албан ёсоор мэдээлэх болно.

- Тэгэхээр хүмүүс гадаад паспортыг шинээр авах шаардлагатай гэсэн үг. Ингэхээр гадаад паспортын захиалга мөн л нэмэгдэнэ. Гадаад паспортын бэлдэцийн нөөц хангалттай юу?

-Энэ бол ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудын мэдлийн асуудал. Ер нь бол одоогоор гадаад паспортын бэлдэцийн нөөц хангалттай гэж бид ойлгож байгаа.

-Сунгалттай паспорт дээрээ тухайн оронд нэвтрэх визээ даруулчихсан иргэд яах вэ?

-АНУ-ын Элчин сайдын яамнаас сунгалттай паспорт болон шинээр авсан паспортоо хамт аваад явахад хилээр нэвтэрч болно гэсэн албан ёсны мэдээлэл ирүүлсэн.

-Хойд Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг  Монгол Улсад зохион байгуулах талаар хэвлэлүүд бичиж байсан. Энэ талаар  манай улсад албан ёсны хүсэлт ирсэн болов уу?

-Хүсэлт бол ирээгүй. Хойд Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг  анхааралтай ажиглаж байна. Цаашлаад тус бүс нутаг цөмийн зэвсэггүй, энх тайван  улс болоосой гэж бодож байна.

-Гадаад улс оронд манай улсын хэчнээн иргэн  хар тамхины хэрэг холбогдоод байгаа вэ?

-Одоогийн байдлаар Хятадад манай улсын 27 иргэн хар тамхины хэргээр  холбогдсон. Хар тамхи тээвэрлэх, зөөвөрлөх нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог учраас байнгын хараа хяналт тавигддаг асуудал. Сүүлийн үед манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдож байгаа иргэд  гадаадад зорчих үедээ сонор сэрэмжтэй байж санамсаргүй байдлаар бусдын тээшийг авч явахгүй байхыг яамны зүгээс анхааруулж байна.

- H2 виз олгох ажил ямар шатандаа явна вэ?

-Гадаад хэргийн яамны зүгээс  АНУ-ын холбогдох газруудад  H2 визний талаар илүү нарийвчилсан мэдээллийг авахаар тодруулж байгаа.  Одоогоор энэ төрлийн H2 визэнд хамрагдсан иргэн байхгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл