8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Угаартсан иргэний амийг аварч, Төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй гэж мэдэгдсэн өдөр

2018-05-18 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

С.Чинзориг: Цалинг 50 хувиар нэмэх боломжгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой эмч, багш тэргүүтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар дараах зүйлийг тодрууллаа.

Амлалтаасаа давсан шаардлага тавьж байгааг гайхаж байгаагаа хэлмээр байна

- Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж байгаа. Энэ асуудалд Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авах уу?

-  2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэх шийдвэр гарсан. Мөн ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа төрийн албаны шатлалыг ахиулахгүй байх, зэрэг дэв нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэхдээ манай Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн байгуулгуудтай хамтарч ажиллаж байгаа. Ингээд бид 2017, 2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд, Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн. Нэгд, Амьжиргааны төвшний өөрчлөлтэй уялдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийх үүрэг авсан. Хоёрт, 2018 оны хоёрдугаар улиралд багтааж төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр хийх үүргийг хүлээсэн. Засгийн газар энэ хоёр үүргээ хоёуланг нь биелүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ОУВС-ийн төлөөлөлтэй уулзах үедээ, “2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй, иргэдийн худалдан авах чадвар унаж байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага байна” гэж хэлсэн. Үүний үр дүнд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан  нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхгүй гэж ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Мөн 2018 оны хоёрдугаар улиралд багтаан цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулах үүргийнхээ дагуу хэлэлцээр хийгээд явж байна.

-  Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Тэдний цалинг инфляцтай уялдуулахгүйгээр тодорхой хувиар нэмэх боломж байхгүй юу?

-Инфляцтай уялдуулахгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл цалин нэмсэн нь сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Тиймээс инфляцийн төвшингөөс давуулан нэмэх боломжгүй. Улс орны төсөв санхүүгийн байдал ямар байгааг бид сайн мэднэ. Монгол Улсын төсөв зарлага 7 их наяд төгрөг. Энэ 7 их наядын 1.7 их наяд нь цалингийн сан байна. 1.9 их наяд нь Нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа өндөр настны тэтгэвэр, 2.3 их наяд нь гадаад улс оронд төлж байгаа зээл, зээлийн хүү. 500 орчим тэрбум төгрөг нь халамжийн сангийн зардал юм. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүй. Өнгөрсөн жил улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт байгуулахдаа төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж, цалинг тодорхой хэмжээгээр нэмэх үүрэг авсан. Гурван тал гурвуулаа гарын үсэг зурсан. Тэгэхээр одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд байгуулсан нэмэлт хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж ажиллана гэсэн үүргийг авч гурван тал гарын үсэг зурж, Засгийн газарт өгсөн. Энэ үүргээ Засгийн газар биелүүлж, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй царцаана гэсэн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан инфляцийн түвшинтэй уялдуулан цалингаа нэмэхээр боллоо. 

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

-Засгийн газраас эдийн засгийн боломжтой уялдуулаад хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэж төсөвт тусгасан. Одоогоор 684 мянган хүүхдэд олгож байна. Нэмж 20 хувьд нь олгохын тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа Нийгмийн халамжийн нэмэлт хөтөлбөр гэж төсөвт тусгасан 41 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Цаашид хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт бий. Тиймээс 2019,2020 онд Засгийн газрынха мөрийн хөтөлбөрийг хангаж ажиллах зорилт тавиад байгаа.

- Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг дахин хийх юм уу?

-2013, 2015, 2017 онуудад өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг хийсэн. Энэ судалгаан дээр үндэслээд хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмчих боломжтой.  Харин хүссэн бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй. Төсөв, хөрөнгөний хувьд боломжгүй байгаа юм. Одоо УИХ-аар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлыг хэлэлцэж байна. Батлагдвал олгоод явна. Өмнө нь бүх хүүхдэд мөнгө олгож байх үед  5-6 хувь нь л мөнгөө авдаггүй байсан байна лээ. Харин 95 орчим хувь нь хүүхдийнхээ мөнгийг авч байсан. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгнө гэвэл цаана нь 15 орчим хувийн хүүхэд нэмэгдэж түүнийгээ дагаад санхүүжилт босгох шаардлага үүснэ. Тиймээс нийт хүүхдийнхээ 80 хувьд нь мөнгө олгое. Гэхдээ 80 хувь дотроо өргөдлөө өгсөн айлын хүүхдэд мөнгөө авна.

Ирэх онд бүх хүүхдэд мөнгө олгох төсөв, санхүүгийн боломж бий юу?

Ирэх онд 80 хувьд нь олгох асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаад явж байна. Улс орны төсөв, санхүүгийн байдал сайжирвал хүүхэд бүрт өгнө гэсэн зорилтыг хангаж ажиллана. Наймдугаар сард Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллана. Ажлын хэсэг хүүхдүүдийн мөнгийг 20 хувиар нэмэх үү, үгүй юу гэдэг асуудлыг эцэслэн хэлэлцэнэ гэсэн чиглэл барьж ажиллаж байна.

Д.Батмөнх: Монгол орны 30 гаруй мянган га газарт цэгэн цөлжилт үүсэж байна

Манай улс 2017 онд улсын хэмжээнд  66 сая толгой мал өвөлжиж, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжсөн дүн мэдээлэл гарсан. 66 сая малын ус хангамж болоод үүнээс үүдсэн цөлжилтийн талаар ХХААХҮЯ-ы Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнхөөс тодрууллаа. 

-Хөдөө аж ахуйн ус хангамжийн асуудал болон усны зөв зохистой хэрэглээ ямар төвшинд байна вэ?

-Хөдөө аж ахуйн ус хангамжийн асуудал бол тулгамдаж байгаа асуудал. Монгол орны хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хөгжүүлэхэд гол асуудал нь ус хангамжийн асуудал. Үүнийг баталгаатай шийдсэнээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Өнөөгийн байдлаар хөдөөгийн ус хангамжийн асуудлыг аваад үзэхээр мал аж ахуй ус хангамжид нэлээд асуудал тулгарч байгаа. 2017  оны дүнгээр бол манай улсын малын тоо 66 саяд хүрсэн. 66 сая малыг усаар хангах боломж багатай байна. Цаашид малыг усаар хангах чиглэлээр усны хайгуул явуулах, баталгаатай худаг ус гаргахыг зохион байгуулах шаардлагатай байна. Мөн ус хангамжийн чиглэлээр ажилладаг орон нутаг дахь судалгаа шинжилгээ хийдэг компаниудын хүчин чадлыг дээшлүүлэх шаардлага бий. Судалгааны ажилд анхаарахаас гадна газар тариалангийн ус хангамжийн асуудал мөн л хүнд байна. Газар тариалангийн нийт 10 орчим хувийг усалгаатай тариалж байгаа. 10 орчим хувь гэдэг бол маш бага үзүүлэлт. Таримал ургамлыг тарьж ургуулахад зайлшгүй усалгаа хэрэгтэй. Өнөөдрийн бидний газар тариаланд ашиглаж байгаа техник технологи ер нь усалгаатай тариалалтыг хөгжүүлэхэд хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгаа. Энэ нь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой. Таримал ургамлыг усалгаатай тариалах хамгийн гол ажил нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой орж байгаа хур тунадасны хэмжээ нөлөөлж байна.

-Судалгааны ажлыг үр дүнтэй хийж чадахгүй байвал цаашид ямар үр дагавар гарах вэ?

-Судалгааны ажлыг зохих төвшинд хийж чадахгүй , бороо ууршилтын хэмжээг сайн зохион байгуулж чадахгүй, үр соортыг бол усалгаатай тариаланд сонгон авах шинжлэх ухааны төвшинд хийж чадахгүй бол ургац алдах мал усаар гачигдаж бэлчээр доройтож, цөлжих ийм эрсдэлд учирна.

-Манай улс 66 сая малтай болсон гэж та түрүүн хэллээ. Малын усны нөөц хэр байна вэ. Хэдэн жилийн дараа малын усны нөөц хомстолд орох вэ?

-Малын ус хангамжийн нөөцийн хомстол харьцангуй гайгүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр манай сүрэг маань 21 аймаг тархсан байгаа. Мөн нэг дор олон мал бөөгнөрөхгүй учраас хүндрэл бага байгаа. Бүс нутаг орон нутгийн хэмжээнд инженер-ст худгийг тодорхой төвшинд гаргах шаардлагатай. Өнөөгийн байдлаар манай яамны судалгаагаар 40 сая малыг баталгаатай усаар хангахад 6000 худгийг шинээр гаргах шаардлагатай байна. Одоо нийт мал усалж байгаа нийт худгийн 70 гаруй хувь нь гар худаг байгаа. Гар худаг нь бага ундаргатай, усны нөөц бага учраас 8 цагийн хугацаанд 800 малыг услах боломжтой. Ингээд ганц худаг нь дээр олон мал ирээд бөөгнөрөхөд цөлжилт үүсдэг. Үүнээс улбаалаад монгол орны 30 гаруй мянган га  газарт цэгэн цөлжилт үүсэж байна. Тэгэхээр цаашид гар худгаас услах малын тоог цөөлөх хэрэгтэй. Инженерист худгийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгтэй. Энэ хүрээнд байгуулах судалгааны ажил хийх хэрэгтэй. 2000 гаруй жилийн хугацаанд монгол оронд ашиглаж ирсэн гар худгийн арга технологийг боловсронгуй болгох ажлыг манай яам хийж байгаа. Цаг агаарын байдалтай холбоотойгоор хөрсөн дээрх усны ууршилт маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Манай хийсэн судалгаагаар орж байгаа борооноос 2 дахин их ус ууршиж байгаа. Гантай жилийн үед ууршилтын хэмжээ 2 дахин нэмэгдэж байгаа. Ууршилтын хэмжээ ихсэж байгаа учраас бүс нутгийн хэмжээнд тодорхойлох зайлшгүй хэрэгтэй байгаа.

Д.Нарантуяа: Тархины харвалтаар хамгийн залуу нь 19, зүрхний шигдээсээр 23 настай хүн өвчилсөн

Зүрх судасны өвчнөөр 2012 онд гэхэд 5939 хүн нас барсан тоо баримт байдаг. Энэ төрлийн өвчинд артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутмагшил, зүрхний шигдээс буюу миокардын инфаркт зэрэг өвчнүүд хамаарч байна. Дэлхийд энэ төрлийн өвчнөөр нас барах хүний тоо хавдрын дараа ордог бол Монгол улсад хавдрын өмнө орж байгаа аж. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нарантуяартай цөөн хором ярилцлаа. 

-Зүрх судасны өвчний гол шалтгаан нь юу байна вэ. Иргэд энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Зүрх судасны өвчин нас баралтаараа монгол улсдаа сүүлийн 10, 20 жилд  эхний байранд явж  байна. Сүүлийн үед энэ өвчин залуужих хандлагатай байна. Тархины харвалтаар бол хамгийн залуу 19 настай, зүрхний шигдээсээр 23 настай хүн өвчилсөн. Тэгэхээр хөдөлмөрийн насны хүмүүс өвчлөөд байвал ирээдүйд бид нар яах вэ. Манай улсын хувьд хүн амын бүтэц нь 15-24 насны залуучууд зонхилж байна. Гэтэл зүрх судасны өвчин нь 40 наснаас дээш насны хүмүүс өвчлөх магадлалтай гэж үздэг. Эрсдэлгүй үед нас баралт нь зүрх судасны өвчний нас баралт давамгайлж байгаа нь 2030 оны ирээдүйн тооцооллоор 40 насныхан, 2050 оноос эхлээд 50 насныхан зонхилж эхэлнэ гэсэн судалгаа байгаа. Тэр үед яах вэ. Зүрх судасны өвчин гэхээр зүрх, судас гэсэн хоёр үг байгаа. Зүрх зогсохоор мэдээж хүн амьдарч чадахгүй. Энэ нь эрхтэнийг тэжээдэг гол эрхтэн байгаа. Үүнийг хайрлахын тулд хөдөлгөөний идэвхтэй байх хэрэгтэй, биеийн жингээ барих, давсны хэрэглээгээ багасгах, тамхи, архинаас  татгалзах хэрэгтэй  гэсэн эмч нарын ярьдаг зүйлийг нь би давтана. Энэ бүгд зүрх судасны өвчнийг өдөөж байдаг хүчин зүйлсүүд . Тийм учраас эрсдэлт хүчин зүйлс гэж нэрлээд байгаа юм.

-Эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг бууруулбал зүрх судасны өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юу?

-Эдгээр хүчин зүйлсийг буруулаад эхлэхээр тархалт буурч эхэлнэ. Мөн зүрх судасны өвчинд нэгдүгээрт ордог юм нь цусны даралт ихсэлт байдаг. Энэ өвчин өөрөө тархины харвалтын 62%, зүрхний титэм судасны 49%-ийг эзэлдэг.  Өнөөдөр даралт ихсэлтгүй хүнгүй гэр бүл гэж байхгүй болсон. Шинж тэмдэггүй байдаг учраас хүмүүс тэр бүрчлэн мэддэггүй. Тийм учраас хүмүүс өөрсдийнхөө даралтыг сайн хянаж байх хэрэгтэй. Даралтын эрүүл төвшин нь 120x80 –д бариад байвал сэргийлж чадна.

Манай ард түмэн дэлхийд байхгүй заншилтай хүмүүс. Цайгаа давстай хэрэглэнэ. Мөн дээрээс баншаа хүртэл давстай хэрэглэдэг. Давс өөртөө ус их татдаг . Ус их татахаар судас  дотор эзлэхүүн нь нэмэгдээд даралт ихсээд байдаг. Тийм учраас давсны хэрэглээгээ зохистой хэрэглэх ёстой. Ер нь бол хүний хэрэглэж байгаа давсны хэмжээ хоногийн 5 гр байх ёстой. Хоол ундандаа хэрэглэж байгаа давсаа хүртэл тооцох хэрэгтэй.

Хөдөлгөөний хомстолын улмаас нас баралтаараа дөрөвдүгээр байранд орж байна. Хөдөлгөөн хомстол нь зүрх судасны өвчний үндэс болдог. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр болгон тогтмол 30 минут алхах хэрэгтэй.

Мөн тамхины бүрэн татгалзах хэрэгтэй. Тамхи өөрөө судасны ханыг гэмтээж, хатууруулж байдаг. Харин архи бол ямар ч тэжээллэг байхгүй, калори  ихтэй учраас таашаах зүйл биш. Нэгэнт даралт ихтэй болсон бол нарийн мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай. Зарим хүмүүс хүний ууж байгаа эмийг сургаар их уудаг. Тэр эм нь танд таарахгүй ч байж болно. Тийм учраас мэргэжлийн эмчид хандах нь зөв.

Халдварт бус өвчлөл дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан аль хэдийн болсон. Дэлхийн нийт хүн амын нас баралтын 70 %, хөгжиж буй орнуудын 87%-ийг, монгол улсын хүн амын нас  баралтын 85,4%-ийг халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт эзэлж байгаа юм. Халдварт бус өвчин гэдэгт нь таван төрлийн өвчин ордог. Үүнд дотроос тэргүүлж байгаа дөрвийг нь аваад үзэхээр зүрх судасны өвчин 17,4%-иар тэргүүлж байна. Дэлхийд 100 мянган хүн амд  зүрх судасны өвчний нас баралтаараа өндөр тоотой орны тоонд манай улс бүртгэгдсэн. 2017 оны хамгийн сүүлийн дэлхийн өвчлөлийн үзүүлэлтээс харахад МУ зүрх судасны өвчний өндөрт тархалттай орны  тоонд мөн багтсан. Тархины харвалтын цус харвах хэлбэрээрээ топ 10 орны нэгдүгээрт манай орон явж байна. Ийм учраас манай улс дэлхийд зүй ёсоор анхаарлыг татаад байгаа юм. 

-Сүүлийн үед энэ өвчин залуужих хандлагатай байна гэж түрүүн хэллээ. Ер нь  насны хувьд аль насны хүмүүс  даралт өндөртэй байна вэ?

-Бид нарын хийсэн судалгаагаар 45-аас дээш насны эрэгтэй хоёр хүн тутмын нэг нь даралт ихтэй байна. Мөн 25-аас дээш насны гурван хүн тутмын нэг нь даралт ихтэй байна.

М.Мөнхшүр: Вагон унасан газарт үзлэг хамгаалалтын ажил хийж байна

Өнөөдөр ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр Улаанбаатраас  Дархан чиглэлд явж байсан ачааны галт тэрэг унасан ослын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Вагон  унасан осол энэ сарын 17-ны өдрийн 15:40 минутад Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр болсон .Вагон унах үед ачаатай явж бөгөөд баруун тийш унаж, ачиж явсан үр тариагаа асгасан байсан.  Одоогоор Дархан-Уул аймаг болон Төмөр замын Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг, хамгаалалтын ажил  хийгдэж байна" гэв. 

Ж.Батзандан: Хүний эрхийн асуудал хэрээс хэтэрлээ

Гааль, хилийн цэрэг зэрэг тусгай чиг үүргийн байгууллагуудад хүний эрх зөрчигдөж буйтай холбогдуулан Нийтийн сонсгол зохион байгуулах гэж буй талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Өнөөдөр миний бие УИХ-ын гишүүний хувьд хэд хэдэн мэдээллийг та бүхэндээ хүргэе гэж бодлоо. УИХ яг одоо хуралдаж байна. УИХ Монгол Улсын гадаад дотоод бүх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах үүрэгтэй байгууллага. Би одоогийн эрх баригч намыг хүний эрхийн асуудалд анхаарлаа хангалттай хандуулахгүй байна гэж шүүмжилж байна. Монгол улсын хүний эрхийн 16 дугаар илтгэл, хүний эрхийн комиссын олон удаагийн илтгэл УИХ-д ирсэн байгаа. Хүний эрхийн асуудал хэрээс хэтэрлээ. Хүний эрхийн дэд хороог хуралдуулж өгөхгүй байна. Монгол хүн бүр эрхэмсэг амьдрах, үндсэн хуульд заасан эрхээ эдлэх ёстой. Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа эмч багш нарыг дэмжиж буйгаа илэрхийлье. 500 мянган төгрөгний цалинтай эмч ажиллах боломжгүй. 450 мянган төгрөгний цалинтай сувилагч ажлаа хийх боломжгүй байгаа учраас цалин нэмэхийг шаардаж байна. Энэ талаар УИХ-д асуулга тавьсан байгаа гэдгийг хэлэмээр байна” гэв.

АНХААР: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн залилангийн гэмт хэргээс болгоомжил

Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг луйвардан авах, банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд гарах болсон. Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд том оврын хүнд даацын тээврийн хэрэгслүүд, чиргүүлийн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар  үйлдэн шилжүүлэн авах гэмт хэргүүд гарчээ. Дээрх хууль бус үйлдлүүдийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хуурамч бичиг баримт ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэх оролдлогыг таслан зогсоох, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг “хуулбар үнэн” гэж нотариатын байгууллагаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийг шилжүүлэх тухай албан бичгийн хамт ирүүлэх шаардлагыг тавьж буй юм. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг хийж эхэлсэн бөгөөд банкуудтай хамтран албан бичгийг QR кодтой болгон нууцлалыг өндөржүүлэх, хурууний хээгээр тухайн иргэний мэдээллийг авдаг болох, албан бичгийг цахим шуудангаар авдаг болох зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа талаар тус үйлдвэрийн газраас мэдээллээ.

Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос тодруулахад “Гэмт этгээдүүд өмчлөгчийн нэрийг сольж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ААН байгууллагын албан бланк, гарын үсэг, тамга тэмдэг зэргийг хуурамчаар үйлдэн, залилан хийсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Ах дүү нар нэгнийхээ өмнөөс иргэний үнэмлэхийг нь ашиглан төрсөн ах, эгчийгээ луйвардан, тээврийн хэрэгслийг нь зарж үрэх явдал ч байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн, банк, ББСБ болон ХЗХоршоонд барьцаанд тавих барьцаанаас суллах, том оврын ачааны машинуудыг ААН байгууллагуудын хуурамч албан бичиг тамга тэмдэг, гарын үсэг үйлдэж, өөр байгууллага иргэнд шилжүүлүүлэх хэрэг зөрчил гарсан. Мөн хуурамч албан бичиг тамга тэмдэг гарын үсэг бүрдүүлэн, гэрчилгээ нөхөж авах улмаар тэр гэрчилгээг бусдад дамжуулан хилээр тээвэр хийх, гаалийн татвар төлөхгүйгээр ачааны тээврийн хэргэсэл оруулж ирэх зэрэг үйлдлүүд гардаг тул иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд тээврийн хэрэгсэл худалдан авах, барьцаалан зээл олгогчид дээрх хууль бус үйлдэлд холбогдохоос сэрэмжлүүлж байна” гэлээ.

Иймд иргэд, хуулийн этгээдүүд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн тээврийн хэрэгслийн шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Галын улмаас угаартсан иргэний амийг аварчээ

Гал гарсны улмаас хүн угаартлаа гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Тодруубал, өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр 07:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 6 байрны 3 дугаар орцонд гал гарлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын  дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчид очиж шуурхай ажилласан байна.  Галын улмаас угаартсан 45 настай эрэгтэй хүний амь насыг аварч, анхны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.  

Тиймээ иргэд та бүхэн галын аюулшгүй байдлаас хангаж, гарч болзошгүй урьдчилан сэргийлэхийг холбогдох албаны байгууллагаас онцгойлон анхааруулж байна.  

БҮТ: ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэж аваарай

2018 оны ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 05-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд явагдаж, шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Ийнхүү ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан  www.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авах юм байна. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх ёстой ажээ. Үүнд:

-Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

-Суудлын хуваарь

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2018 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

ЭЕШ-ыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Монгол хэл бичгийн шалгалт  болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байх юм

Б.Баатархүү: Хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан

Өчигдөр Д.Сүхбаатарын талбайд  "Гэр хороолол хөдөлгөөн" ТББ-ын зүгээс майхантай жагсаал хийсэн. Харин цагдаагийн байгууллагын зүгээс уг жагсаалыг хууль зөрчсөн хэмээн үзэж албадан тараасан байна. Уг жагсаалыг ямар үндэслэлээр албадан тараасан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү

"Өчигдөр буюу 2018 оны  тавдугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд "Гэр хороолол хөдөлгөөн" ТББ-аас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан. Энэ жагсаал нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал, цуглааныг нэн даруй зогсоож, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх тухай "Гэр хороолол хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 30/3152 албан шаардлагыг хүлээлгэн өгсөн. Мөн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нараас 6 удаа амаар уг хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тухай шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй.

Ингээд тавьсан шаардлагыг хүлээж аваагүй учраас өчигдөр орой 21:50 цагт "Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгсөн шаардлагын хугацаа дууссан тул бүртгэлгүй цуглааны үйл ажиллагаагаа сайн дураараа тараах талаар анхааруулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан" хэмээн хэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл