8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга М.Энхболд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцлоо

2018-05-19 10:25:00

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зохиогдож буй “Хөгжлийн түүчээ-Төв аймаг” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцлоо. Үндэсний хөгжлийн газрын Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн асуудал, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажлын хүрээнд Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосон юм. Үүнтэй холбогдуулан тус аймгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрийг сааруулах бодлого боловсруулах ажилд төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, эрдэмтэн судлаачдын арга туршлагаас судлан, санал солилцож “Хөгжлийн загвар-Төв аймаг” стратегийг тодорхойлохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. 

    Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат агаарын болон төмөр зам, авто замын зангилаа, төвийн бүсийн хөгжлийн тулгуур болох Төв аймаг нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийн хэрэгцээ, үйлдвэрүүдийг нь түүхий эдийг хангадаг онцлогтойг зочид, төлөөлөгчдөд танилцуулсан. 

    УИХ-ын дарга М.Энхболд чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Энэ чуулга уулзалт нь улс орны эдийн засагт хуримтлал бий болгох, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүхий таатай нөхцөл бүрдээд байгаа онцлог үед болж байна.  Гэхдээ энэ амжилтыг бий болгох амаргүй байсан. Одоогоос хоёр жилийн өмнө улс орны эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байхад шинэ УИХ үйл ажиллагаагаа эхлүүлснийг Та бүхэн санаж байгаа биз ээ. Өнгөрсөн хугацаанд УИХ нэн тэргүүнд улсын төсвийн цэгцтэй бодлогыг боловсруулж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Төсвөөс гадуур, хяналтгүй, эмх замбараагүй зарцуулагдаж байсан хөрөнгө, санхүүг нэгтгэн, төсвийн бодлогыг цэгцэлсэн нь өнөөдрийн хэмнэлттэй, өсөлттэй байдлыг бий болгох хамгийн чухал, эхний арга хэмжээ байлаа. УИХ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталсан юм. Ингэснээр Засгийн газар, орон нутгийн байгууллагуудын хийж, хэрэгжүүлэх ажлууд тодорхой болж, хэмнэлтийн үр ашигтай бодлогууд улс орон даяар амжилттай хэрэгжиж, бүтээн байгуулалт өрнөсөн нь өнөөдрийн эдийн засгийн дэвшлийн суурь болсон гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ онцгой анхаарч таван хуулийг баталсан. Банк, санхүүгийн байгууллагууд цэгц журамтай, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нөхцөл бүрдээд байна. Шинэ техник, технологи, арга хэлбэрүүдийг Монголд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, Стандарт, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Үр дүнд нь бүс нутгийн болон бусад улс орны хүлээн зөвшөөрсөн стандартуудыг шууд Монголд нутагшуулах боломж бүрдлээ. Үүний зэрэгцээгээр 2015-2016 онд 100 сая ам.доллар болтлоо буураад байсан гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллан, хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ахлуулан байгуулж, тэдэнд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэн, дэмжиж ажилласнаар өнөөдөр 2.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Бид хөрөнгө оруулагчид төдийгүй бизнес эрхлэгчдээ бодлогын түвшинд дэмжин ажиллаж байгаа. УИХ, Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОУВС, хандивлагч орнуудтай ойлголцож, амжилттай хамтран ажилласны дүнд валютын нөөц 2.4 дахин өсч 3 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан эерэг олон үр дүн гарч байна” гэлээ. Мөн тэрбээр эдийн засагт бий болсон өнөөдрийн ололт, амжилтыг тогтворжуулах, өсөлтийг хангах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр УИХ, Засгийн газраас цаашид тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгийг тэмдэглэв. 

    Төв аймгийн хувьд улс орны эдийн засагт бий болж буй үр ашгийг хамгийн богино хугацаанд хүртэх, ашиглах боломжтойгоороо онцлогтой. Цаашид Улаанбаатар хот - Төв аймаг хамтарч, уялдаатайгаар хөгжих нь чухал. Төв аймаг засаглалын чадавхиараа бусад аймгийг манлайлж, эдийн засаг, дэд бүтцийн үзүүлэлтээрээ дээгүүр бичигдэж байгаа нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио болох нь лавтай гэдгийг онцоллоо. Эдгээр үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын арга хэмжээг орон нутгийн удирдлага бүрэн дэмжиж, амжилттай ажиллах боломж бололцоо бүрдсэн, эрсдэл багатай гэдгийн илэрхийлэл болж байгааг тэрбээр дурдав. Төв аймагт Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын дагуул “Айр порт сити”-ийг байгуулах шийдвэрийг 2012 оны хавар Монгол Улсын Засгийн газар гаргасан. Мөн олон улсын эко хотын сертификат авсан "Майдар" хот байгуулах төсөл хэрэгжиж, зураг төсөл нь хийгдсэн байгаа. Энэ хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж, дархлан байгуулах их ажил байна. Энэ бүтээн байгуулалт нь 1778 оноос хойш дөрвөн уулын дунд, хүн чулууны хонхорт суурин соёл иргэншлийнхээ үндэс суурийг тавьж байсан монголчууд XXI зууны хамгийн боловсон, хамгийн сайхан хотыг байгуулах боломж байх магадлалтай гэдгийг УИХ-ын дарга онцгойлон дурдсан.

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнөөдөр “Манзушир” цогцолборын төслийг боловсруулах төслийн шалгаруулалтыг явуулж байгаа, мөн Богд уулыг тойрсон олон улсын аялал жуулчлалын бүс байгуулах төслийг талаар яригдаж байгааг тэрбээр чуулганд оролцогчдод дуулгав. “Улс орныхоо аялал жуулчлалын салбарыг оройлон хөгжих бололцоо Төв аймагт бий. Энэ бүс нутагт, тэр дундаа Төв аймагт хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжлийн нөөц ч бий. Эцэст нь хэлэхэд, Төв аймагт шинжлэх ухааны парк байгуулах төслийг хэрэгжүүлэх бололцоог талууд судлан, ярилцаж эхлээд байгаа бөгөөд инновацийн өлгий нутаг болох боломжтой. “Хөгжлийн түүчээ” гэдэг үгээр хөрөнгө оруулагчдын чуулганаа нэрлэдэг биш, “Улсын статистикт хөгжлөөрөө түүчээллээ” гэдэг дүн мэдээг үзүүлдэг орон нутаг болоорой” хэмээгээд УИХ-ын дарга хөрөнгө оруулагчдын чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

    Төв аймгийн хөгжлийн стратегийг тодорхойлох, энэ чиглэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд төр-хувийн хэвшлийн харилцааг хангах зорилго бүхий чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар оролцов. Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнг,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон аймгийн удирдлагууд болон ОХУ, БНКУ, БНТУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон. Хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар хуралдаан, шинжлэх ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбар хуралдаан, дэд бүтцийн салбар хуралдаанууд болж мэргэжилтнүүд, судлаачид, бизнес эрхлэгчид, төсөл санаачлагчид, аймгийн удирдлагууд болон Үндэсний хөгжлийн газар, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлагийн төлөөлөл оролцож байна. 

    200 гаруй төлөөлөгчид Төв аймгийн хөгжлийн тэрүүлэх чиглэлийг тодорхойлон, хөгжлийн стратегийг хэлэлцэж буй хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалтын үеэр Зуун-Мод сумын “Мөнх-Алдарын талбай”-д иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх “Иргэний андгай өргөх ёслол” болж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар оролцлоо.

Мөн аймгийн үйлдвэрлэл, бизнесийн хүчин чадал, нөөц бололцоог танилцуулсан “Оюунлаг Төв аймагчууд” үзэсгэлэн худалдаагаар зочилж үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, малчид, залуу зохион бүтээгч, уран бүтээлчидтэй уулзаж, бүтээгдэхүүн, бүтээлүүдийг үзэж сонирхсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл