8o
Улаанбаатар хот
mobile menu

Эдийн засгийн чуулган: Манай эдийн засаг бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдий хүрсэн

2018-05-21 10:48:59

Монголын эдийн засгийн ээлжит чуулган өнөөдөр "Хүчээ нэгтгэе" уриатайгаар Төрийн ордноо эхэллээ. Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд чиглэлдсэн энэхүү арга хэмжээг 2010 оноос зохион байгуулж эхэлсэн. 

2010 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээ өнгөрсөн онд завсарласан юм. Харин энэ онд “Монголын эдийн засгийн форум”-ыг хоёр шатлалтай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болж Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан. “Монголын эдийн засгийн форум” энэ удаагийн чуулганаар “Монгол Улсын хөгжлийн загвар”, “Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого” сэдвээр нэгдсэн хуралдаан , “Аж үйлдвэрийн IV хувьсгал” “Төр хувийн хэвшлийн түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол улсын брединг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл баялагийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулагдах юм.

Эдийн засгийн форум зохион байгуулахтай холбогдуулан http://mef2018.mn/ сайт болон апплейкшн ажиллуулж байна. Энэ апп болон сайтаар дамжуулан форумын шууд дамжуулалтыг үзэж асуултаа илгээх боломжтой аж.  

Төр засгийн төлөөллийнхөн ирц, идэвх өндөртэй оролцохгүй бол  бизнесмэнүүдээ аваад заал хаяж гарч явна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав өнгөрсөн долоо хоногт анхааруулсан. Тэгэхээр энэ удаагийн хуралд төр, засгийн төлөөллийнхөн идэвхтэй оролцох биз дээ. 

Энэ удаагийн чуулган улс төрөөс ангид байна гэж зохион байгуулагчид хэлж байгаа. 

Чуулганы хуралдааны Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ "Эдийн засгийн эгзэгтэй хүндрэлтэй цаг дор эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Гэхдээ эдийн засаг сайхан зуны цагтай золгож байна. Манай эдийн засаг бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдий хүрсэн. Тиймээс цаашид бодлогоо хэрхэн зөв авч явах талаар тодорхой шийдвэрүүдийг хэлэлцүүлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн ар нуруундаа үүрч явна. Тиймээс эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье. Макро эдийн засгийн эрсдлийг бууруулахад онцгой анхаарна. Татварын зардлыг бууруулахад хамтдаа хүчээ нэгтгэе" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл