8o
Улаанбаатар хот
mobile menu

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2015-11-20 07:44:00

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.19/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад үүрэг хүлээсэн хэрэглэгчид олгох урамшууллын талаарх журам болон төслийн бусад зүйл, хэсэг, заалт дахь зарим зохицуулалтуудыг илүү тодорхой, цэгцтэй томьёолох, төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан хэмээн танилцуулгад дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 3, найруулгын 6 саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үүний дараа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэн батлуулах холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулав.

Тус Байнгын хороо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 202 хуулийн төслийг Зөрчлийн тухай хуулийн төслийн хамт хэлэлцүүлэн батлуулах, ингэхдээ эдгээр төслөөс зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг хасах, Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог нийцүүлэн жигдлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Ц.Оюунгэрэл нар Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Хуульд заасан нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байх” нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан болно.

Чөлөөт бүсийн тухай, Хилийн боомтын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хувь хүний нууцын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Нийтийн сонсголын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг зөрчигчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй уялдуулах асуудлыг Зөрчлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ холбогдох хуульд заасан журмын дагуу гүйцээн боловсруулах нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Энэ асуудлын дараа Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Улаан загалмай яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоор хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, шударга тэгш хандаж, сөргөлдөгч талуудын аль нэгийг үл дэмжин улс төр, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодлын маргаанд ямар ч үед оролцохоос татгалздаг зарчимтай. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөн, Үндэсний нийгэмлэгүүд нь бие даасан байдлаа ямагт хадгалж, Засгийн газрын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж ажиллах үүрэг хүлээж байна хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдсан.

Манай орны хувьд 1938 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид “Монголын Хэрээстийн эвлэл” байгуулах тухай шийдвэр гаргаж, улмаар 1939 онд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийг байгуулжээ. Халх голын дайнд шархадсан цэрэг дайчдад цусаа өгөх, асран сувилах зэргээр анхны улаан загалмайчид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байжээ.

МУЗН нь Олон улсын Улаан загалмай хороогоор 1959 оны 9 дүгээр сарын 15-нд хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүний нэг хэсэг бөгөөд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 1959 оны 9 дүгээр сарын 15-нд элссэн 84 дэх гишүүн байгууллага юм байна.

Өнөөдөр МУЗН нь 110 гаруй мянган гишүүд, үүнээс 50261 татвар төлөгч гишүүд, 6420 мэргэшсэн сайн дурынхан, 570 гаруй анхан шатны хороо, 33 Дунд шатны хороотой, 60000 гаруй өсвөрийн Улаан загалмайчид, 15,000 гаруй залуучуудын Улаан загалмайчид, 3403 Онцгой гишүүд, Хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага, 1084 хүндэт донор, 151 Нигүүлсэнгүй үйлстэн, 314 нигүүлсэнгүй үйлст манлай малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болжээ.

МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталж, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж өгчээ. Гэвч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон байна.

Дэлхийн 189 оронд Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэг ажиллаж байгаа бөгөөд нийт 80 гаруй хувь нь төрдөө нэмэлт хүч болж, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж буй аж. Нийт 151 орны Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүд дээр дурьдсан загвартай уялдуулан, мөн өөрийн онцлогийг тусгасан хуультай болжээ. Хуулийн төсөлд хүмүүнлэгийн үйлсийн чиглэлээрх Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу МУЗН-ын онцлогийг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэн тодорхойлжээ. Мөн төр, МУЗН-ийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, МУЗН-ээс төрийн өмнө үүрэг хүлээж, хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө тусалж, нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг тусгасан байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан бөгөөд тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, Салбарын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны материаллаг орчныг бэхжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орны зээл тусламжийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг тогтоолын төсөлд тусгахыг дэмжсэн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үнэ цэнийн сүлжээг тэргүүлэгч аж ахуйн нэгжээр дамжуулан хөгжүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах үйл ажиллагааг дэмжих, мал, амьтан, таримал ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний стандартыг шинэчлэх, нутагшуулах, тэдгээрийг хөдөө аж ахуйн биржээр арилжаалах тогтолцоонд шилжүүлэх, нүүдлийн соёл, иргэншил, уламжлалд суурилсан аялал, жуулчлалыг малчдын ахуй амьдралд түшиглэн хөгжүүлэх зэрэг саналууд олонхын дэмжлэг авсан. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Энэ өдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, хариулт авсан.

Ингээд хуулийн төслийн талаар Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг томьёоллуудаар санал хураалт явууллаа. Хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тус тус авч байгаад нас барсан иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөр нь хамтын тэтгэвэр авах эрхтэй хэмээн тусгасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хамтын тэтгэвэр авах эрх үүссэн тэтгэвэр авагчид олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшийн өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтооно, хамтын тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна гэсэн саналууд мөн олонхын дэмжлэг авсан юм. Хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөх санал олонхын дэмжлэг авсан юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment