8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Лхагважав: Манай бизнесийн орчин сайн ахиагүй байна. Бүтээмж ч өсөөгүй байна

2018-05-22 08:58:00

Эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганы хуралдааны үеэр Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Цалингаа 200 тэрбум төгрөгөөр нэмж чадагүй байж 20 их наядын тухай ярина гэдэг нь өрөөсгөл-

-Та энэ удаагийн Эдийн засгийн форумын ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ. Ямар хүлээлттэй байгаа вэ?

-Форум бол төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг хийдэг хэлбэрээр найм дахь удаагаа явагддаг. Гэхдээ... Сая хоёр цагийн хугацаанд дарга нарын үгийг сонслоо. Одоо хувийн хэвшлийнхээ үгийг сонсох байх гэж найдаж байна. Эдийн засаг бага зэрэг өсөлттэй гарсан. Эдийн засгийг өсгөж өндийлгөсөн хүмүүс нь бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид юм. Түүнээс дарга нар биш юм. Дарга нарын хэт хавтгайрсан цэцэрхэл, яруу найраг шиг ярианаас залхаж байна. Мөн эдийн засгийн тоон үзүүлэлт өндийж байгаа боловч баялаг бүтээгчид, аж, ахуй иргэндээ наалдсан юм багатай байна. Цалингаа 200 тэрбум төгрөгөөр нэмж чадахгүй байж 20 их наядын тухай ярина гэдэг нь өрөөсгөл, хийсвэр юм. Ер нь бодит амьдралтай л ярих хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд 20 их наяд төгрөг арай хол сонсогдож байна. 2012 онд эдийн засаг эд өсч байх үед дарга нар гарч ирж хөрөнгө оруулалтыг хаасан, боосон хуулийг ярьж байсан. Түүнээсээ болж унаж байсан. Гэтэл тэр хүмүүс өнөөдөр илтгэл тавиад л явж байна. Тиймээс бодит байдлыг ярилцана гэж найдаж байна. Эхний хэсэгт сайхан яруу найргийг сонссон.

-Бид гарч ирээд зургаахан сарын дотор эдийн засгийг сайжрууллаа гэж ярьж болохгүй-

-Өнөөдөр баялаг бүтээгчид, аж, ахуй нэгжүүдийн бодит байдал ямар байгаа вэ?

-Манай бизнесийн орчин сайн ахиагүй байна. Бүтээмж ч өсөөгүй байна. Далд эдийн засгаас авч чаддаггүй байсан татвараа НӨАТ-ын хэлбэрээр авч эхэлсэн. Нэг ёсондоо бүртгэл сайн явагдсан. Одоо бүртгэл дээр татварын багц хуулиуд орж ирнэ. Цаашлаад манай улсын төрийн механизм бүртгэлийн системд бүртгэх асуудлуудаа шийднэ. Эдийн засгийн 6.1 хувийн өсөлт бол Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн  Мөн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын ажлын үр дүнг бид хурааж байна. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар ажил аваад зургаан сар л болж байна. Тиймээс унаад босч буй нь сүүлийн дөрвөн жилийн хамтын ажиллагаа юм. Урьдынхаа алдаа, оноог ярьж юманд наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Бид нар гарч ирээд зургаахан сарын дотор эдийн засгийг сайжрууллаа гэж ярьж болохгүй. Шийдвэр гаргасан хүмүүс өнөөдөр шоронд сууж байна. Өнөөдөр төрд хийсэн ганцхан хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүмүүс бүгд шоронд сууж байна. Сайжруулсан хүмүүс мөн шоронд сууж байна. Өнөөдөр дахиад өөрчилнө гэх хүмүүс ч шоронд суух магадлалтай байна. Тиймээс энэ асуудлаа форумын үеэр ярина байх гэж бодож байна. Засгийн газар нэг мөсөн арбитрын шүүх дээр очих талаараа ярьсан дээр. Оюутолгойн гэрээ Арбитрын шүүхээр хэлэлцээд бүх асуудлаа шийдчихсэн нь амар. Түүнээс биш төрийн талаас оролцсон хүмүүс нь шоронд явдаг жишиг тогтвол улс төрийн маш том хэлмэгдүүлэлт бий болно гэж ойлгож байна.

-Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулиудыг хэлэлцэж байна. УИХ-аар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуй нэгжүүлээс авах татварын нэг хувь болгох хуулийн төслийг ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Уг ажилд бид гурван сар маш идэвхтэй ажилласан. Татварын багц хуулийн өөрчлөлтийг бид өргөн бариад дараа долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг нь эдийн засгийн форумаар энэ хуулиа нийтэд зарлах ёстой байсан. Тэгээд 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс дүрэмээ хэлнэ. Яг нарийндаа манай татварын хуулийн өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдад халтай нэг ч заалт байхгүй. Сүүлийн 10 жилд үргэлж сайжруулж ирсэн. Тогтворгүй гэх шүүмжлэлийг хэлдэг. Гэхдээ бид сайжруулахаас өөр аргагүй. Эцсийн эцэст татвар төлөгчдөд сайнаар л нөлөөлж байвал болох юм. Ингэж сайн зангилагдаж УИХ-руу орж буй хууль ойрын хэдэн жилд боловсруулагдаж, батлагдсангүй. Энэ хуулийг одоо батлахгүй хойшлуулбал 2016 оноос хэрэгжсэн татварын реформын нэг хэсэг зогсоно. 2015 оноос НӨАТ-ын хууль, нягтлан бодох бүртгэлийн хууль, аудитын хууль хэрэгжээд явж байна. Үр дүнг нь бид амсаж л байгаа шүү дээ.

-НӨАТ-ын системийн үр дүнг дүгнэн хэлнэ үү?

-НӨАТ-ын системээр өнгөрсөн жил 247 сая талоны 7.6 их наяд төгрөгийг 640 мянган иргэнд буцаан өгсөн. Мөн компани хоорондын НӨАТ-ын талон 45 их наяд төгрөг юм. Давхардсан тоогоор 52 их наяд төгрөгийн талон хэвлэсэн байна. 2016 онд 35 их наяд төгрөг байсан.  18 их наяд төгрөгөөр өссөн. Ингэж татварын бүх орлого бүрдсэн. Тиймээс сайн системээ аварч үлдэх ёстой.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хохирогч
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүн дээ. 2 нүүртэй хүн сайхан амьдардаг болсон цөвүүн цагт амьдарч бна даа.
2018/05/23 202.21.109.151
шар шувуу
Албан тушаал хэдэн төгрөгний төлөө нэг намаас нөгөөд урваж явдаг энэ муу Лхагважав гэгч шар шувуу худлаа гуцваа.
2018/05/22 66.181.184.148
Zochin
Zuv.Muu darga nar ajliin tushaa
2018/05/22 66.181.186.152