8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ноён уулын шүүх хурал дахин хойшилж, Эдийн засгийн форум үргэлжилсэн өдөр

2018-05-22 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Б.Баавар: Оюутолгойн гэрээг Монголын талаас бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй

Эдийн засгийн чуулганы өнөөдрийн хуралдаан дээр нийтлэлч Б.Баавар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс дараах ишлэлийг онцлон хүргэж байна. 

-Улс орны байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно, энэ нь үүнээ засах бололцоог буй болгож байгаа юм.

-Жоом устгаж байна гээд гэр орноо түймэрдэн шатаах, шудрага явдал тогтоож байна гээд улс орноо мөхөөх хоёрт онцын ялгаа байхгүй. 

-Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголоос олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг боллоо. 

-Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум доллар байсан.

-Монгол орон байгалийн баялагаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий.

-Монгол улсыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардуулж вакуумжуулах хүсэл хэний сонирхол байж болохыг бас бодож үзээрэй.

-Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум орчим доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт нийлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. 

-2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсныг энд бас тооцож үзээрэй.

-Өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагсаж байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалин нэмүүлэх, дээр нь багш нар цалингүй болно. 

-Төгрөгийн ханш хэлбэлзээд байдаг учир америк доллароор хэллээ, төгрөгт шилжүүлэх гэвэл 2500-аар үржүүл, их наяд гэсэн тоо гараад ирнэ, энэ нь ардаа 12 тэгтэй төгрөг шүү.

-Оюутолгойн гэрээг буруу гэрээ болсон гэхийн хувьд гэрээг хэн уншиж чухам аль заалт нь буруу буюу алдагдалтай болсныг нотолсон юм бэ? 

-Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй байхаа.

-Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дэг жаяг, утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн утгаар нь мэргэжлийн төвшинд мэддэг хичнээн монгол хүн манай гурван сая иргэд дотор бий билээ дээ?

-Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гадны компаний 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд, хожим олзворлолтоос ноогдох зэсээрээ эргүүлж төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ? Эндүүрээгүй бол 2008 онд орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс УИХ-аас хатуу тулган хуульчлагдсан 34% гэсэн тоотой очсон санагдана. Ямар ч өр зээл тавилгүй, нэг төгрөгний ч гарлагагүйгээр татвараа аваад явахад ямар ч хариуцлага хүлээлгүйгээр илүү ашигтай байхаар байна гэдгийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсныг өнөөдөр мартсан уу? Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу, буруу нь чухам энд байна. Энэ бурууг бид өөрснөө хийсэн.

-Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш, Улаанбаатарын аль нэг орон сууцны подволд хаалгаа түгжиж байгаад хийвэл хамаагүй илүү нууц байх болно.

-Хайрлаад байхаар нэр төр байхгүй, эсвэлд хэнд ч танил биш учраас хэнд ч ажиглагддаггүй мөртөө луйвар хийдэг компаниуд дэлхийгээр нэг бий. 

-Шүүх удтал хэлэлцээд Монгол улсын Засгийн газарт 100 сая долларын торгууль ноогдуулсан. Торгуулиа төлөхгүй удсан учир дахин шүүхэд хандана гэсэн учир ярилцаж гуйж байж 70 сая доллар төлж эхэлсэн

-Хонь хариулж яваад социалист хөдөлмөрийн бригадын гишүүн болсон, тэндээсээ социализмыг нураан ардчилагч болсон бидний төрх ийм байна. 

-Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. 

-Улс үндэстнийг мөхөл рүү нь чирж буй бусармаг нүгэлт үйлийг харж ойлгохын цаагуур ойлгож, мэдэхийн цаагуур мэдэж байгаа мөртөө амиа бодон чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчдийн өмнөөс нь би энэ үгийг хэлж байна.

-Би эх оронч хүн. Урьд нь би хэзээ ч ингэж зарлаж байсангүй, цөмөлчиж магадгүй гэж айгаад цээжээ бөмбөр мэт нүдээгүй. Эх орондоо хайртай учраас ийм үг хэлж байна. 

Б.Лхагважав: Манай бизнесийн орчин сайн ахиагүй байна. Бүтээмж ч өсөөгүй байна

Эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганы хуралдааны үеэр Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.

-ЦАЛИНГАА 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЖ ЧАДАГҮЙ БАЙЖ 20 ИХ НАЯДЫН ТУХАЙ ЯРИНА ГЭДЭГ НЬ ӨРӨӨСГӨЛ-

-Та энэ удаагийн Эдийн засгийн форумын ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ. Ямар хүлээлттэй байгаа вэ?

-Форум бол төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг хийдэг хэлбэрээр найм дахь удаагаа явагддаг. Гэхдээ... Сая хоёр цагийн хугацаанд дарга нарын үгийг сонслоо. Одоо хувийн хэвшлийнхээ үгийг сонсох байх гэж найдаж байна. Эдийн засаг бага зэрэг өсөлттэй гарсан. Эдийн засгийг өсгөж өндийлгөсөн хүмүүс нь бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид юм. Түүнээс дарга нар биш юм. Дарга нарын хэт хавтгайрсан цэцэрхэл, яруу найраг шиг ярианаас залхаж байна. Мөн эдийн засгийн тоон үзүүлэлт өндийж байгаа боловч баялаг бүтээгчид, аж, ахуй иргэндээ наалдсан юм багатай байна. Цалингаа 200 тэрбум төгрөгөөр нэмж чадахгүй байж 20 их наядын тухай ярина гэдэг нь өрөөсгөл, хийсвэр юм. Ер нь бодит амьдралтай л ярих хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд 20 их наяд төгрөг арай хол сонсогдож байна. 2012 онд эдийн засаг эд өсч байх үед дарга нар гарч ирж хөрөнгө оруулалтыг хаасан, боосон хуулийг ярьж байсан. Түүнээсээ болж унаж байсан. Гэтэл тэр хүмүүс өнөөдөр илтгэл тавиад л явж байна. Тиймээс бодит байдлыг ярилцана гэж найдаж байна. Эхний хэсэгт сайхан яруу найргийг сонссон.

-БИД ГАРЧ ИРЭЭД ЗУРГААХАН САРЫН ДОТОР ЭДИЙН ЗАСГИЙГ САЙЖРУУЛЛАА ГЭЖ ЯРЬЖ БОЛОХГҮЙ-

-Өнөөдөр баялаг бүтээгчид, аж, ахуй нэгжүүдийн бодит байдал ямар байгаа вэ?

-Манай бизнесийн орчин сайн ахиагүй байна. Бүтээмж ч өсөөгүй байна. Далд эдийн засгаас авч чаддаггүй байсан татвараа НӨАТ-ын хэлбэрээр авч эхэлсэн. Нэг ёсондоо бүртгэл сайн явагдсан. Одоо бүртгэл дээр татварын багц хуулиуд орж ирнэ. Цаашлаад манай улсын төрийн механизм бүртгэлийн системд бүртгэх асуудлуудаа шийднэ. Эдийн засгийн 6.1 хувийн өсөлт бол Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн  Мөн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын ажлын үр дүнг бид хурааж байна. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар ажил аваад зургаан сар л болж байна. Тиймээс унаад босч буй нь сүүлийн дөрвөн жилийн хамтын ажиллагаа юм. Урьдынхаа алдаа, оноог ярьж юманд наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Бид нар гарч ирээд зургаахан сарын дотор эдийн засгийг сайжрууллаа гэж ярьж болохгүй. Шийдвэр гаргасан хүмүүс өнөөдөр шоронд сууж байна. Өнөөдөр төрд хийсэн ганцхан хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүмүүс бүгд шоронд сууж байна. Сайжруулсан хүмүүс мөн шоронд сууж байна. Өнөөдөр дахиад өөрчилнө гэх хүмүүс ч шоронд суух магадлалтай байна. Тиймээс энэ асуудлаа форумын үеэр ярина байх гэж бодож байна. Засгийн газар нэг мөсөн арбитрын шүүх дээр очих талаараа ярьсан дээр. Оюутолгойн гэрээ Арбитрын шүүхээр хэлэлцээд бүх асуудлаа шийдчихсэн нь амар. Түүнээс биш төрийн талаас оролцсон хүмүүс нь шоронд явдаг жишиг тогтвол улс төрийн маш том хэлмэгдүүлэлт бий болно гэж ойлгож байна.

-Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулиудыг хэлэлцэж байна. УИХ-аар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуй нэгжүүлээс авах татварын нэг хувь болгох хуулийн төслийг ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Уг ажилд бид гурван сар маш идэвхтэй ажилласан. Татварын багц хуулийн өөрчлөлтийг бид өргөн бариад дараа долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг нь эдийн засгийн форумаар энэ хуулиа нийтэд зарлах ёстой байсан. Тэгээд 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс дүрэмээ хэлнэ. Яг нарийндаа манай татварын хуулийн өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдад халтай нэг ч заалт байхгүй. Сүүлийн 10 жилд үргэлж сайжруулж ирсэн. Тогтворгүй гэх шүүмжлэлийг хэлдэг. Гэхдээ бид сайжруулахаас өөр аргагүй. Эцсийн эцэст татвар төлөгчдөд сайнаар л нөлөөлж байвал болох юм. Ингэж сайн зангилагдаж УИХ-руу орж буй хууль ойрын хэдэн жилд боловсруулагдаж, батлагдсангүй. Энэ хуулийг одоо батлахгүй хойшлуулбал 2016 оноос хэрэгжсэн татварын реформын нэг хэсэг зогсоно. 2015 оноос НӨАТ-ын хууль, нягтлан бодох бүртгэлийн хууль, аудитын хууль хэрэгжээд явж байна. Үр дүнг нь бид амсаж л байгаа шүү дээ.

-НӨАТ-ын системийн үр дүнг дүгнэн хэлнэ үү?

-НӨАТ-ын системээр өнгөрсөн жил 247 сая талоны 7.6 их наяд төгрөгийг 640 мянган иргэнд буцаан өгсөн. Мөн компани хоорондын НӨАТ-ын талон 45 их наяд төгрөг юм. Давхардсан тоогоор 52 их наяд төгрөгийн талон хэвлэсэн байна. 2016 онд 35 их наяд төгрөг байсан.  18 их наяд төгрөгөөр өссөн. Ингэж татварын бүх орлого бүрдсэн. Тиймээс сайн системээ аварч үлдэх ёстой.

Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнд дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч тэдний орны хүнийг томилох асуудал гарч буй. Үүнтэй холбогдуулан УИХ-аас ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахаар нэрийг нь оруулж ирэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүд хууль мөрддөг, хуульч, зарчимч, шударга хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дэмжих нь зүйтэй гэх байр, суурийг энэ үеэр илэрхийлж байлаа. Мөн энэ үеэр Ш.Солонгыг Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээсээ чөлөөлөгдөж байж ҮХЦ-ийн гишүүнээр томилогдох хуультай гэх асуудлыг хөндөв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Ш.Солонгын Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүний үүрэгт хугацаа нь дуусч байгаа. Мөн Ш.Солонго нь Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд уг сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн байгаа" гэх мэдээллийг хэллээ.

Ингээд гишүүдийн олонхийн саналаар Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж буйг дэмжлээ. Одоо Хууль зүйн байнгын хороо болон УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж эцэслэх юм.  

ДОХ-ын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ

Нийслэл хотод өнгөрөн дөрөвдүгээр сард ДОХ-ын таван тохиолдол илэрчсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болжээ. Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг аж. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдаг аж.

Д.Нямсамбуу: Баян байхаас илүүтэй зөв амьдрах нь илүү эрхэм, бахархам

Эдийн засгийн форумын хүрээнд “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулагдсан. Энэ хуралд илтгэл тавьсан  Буддын гүн ухаан судлаач, гавж Д.Нямсамбуу "Ёс зүй ба үнэт зүйл" сэдвээр юу гэж ярьсаныг хүргэе. 

1. Миний ашиг сонирхлыг давсан бусдыг хүндлэх ёс суртахуунтай байна гэдэг нь Бурханы шашнаар бол зөв сайнд итгэх итгэл юм.  

2. Хэн нэгнийг сайн гэж итгэхдээ, хэн нэгнийг сайн үйл хийсэн болохоор зөв сайн байгаа бус өөрөө, өөртөө би зөв байх юмсан гэсэн итгэл юм.  Энгийнээр ёс суртахуун нь зөв сайн байхад итгэх итгэлээс эхэлдэг. Жишээлбэл, нэг арван жилийн багш хүн “Би насаараа зөв явлаа, хэрэгтэй нь юу байна. Ядуу амьдарч байна. гэтэл насаараа хулгай хийж, бусдыг луйвардсан залуу жийп унаад явж байна” гэж хэлж байгаа юм.  Энэ багш зөвд итгээгүй байгаа юм. Зөвд итгэнэ гэдэг нь санамсаргүй байдлаар ч юм уу эсвэл айгаад зөв гэж итгэхийг хэлдэггүй. Зөвийг, зөв байхыг эрхэм, гоё гэж хараад түүнийг үнэлэхийг хэлж байгаа юм.   Өөрөөр хэлбэл, зөв амьдарсан амьдрал нь өөрт кайф, урам зориг өгдөг.  

3. Баян, дарга болох хүслээс илүүтэй зөв амьдарна гэсэн ухааны эрхэмлэл байх ёстой юм. Баян байхаас илүүтэй зөв амьдрах нь илүү эрхэм, бахархам. Мэдээж жийптэй байх гоё уу ГОЁ. Гэхдээ ЗӨВ байх илүү ГОЁ.    

4. Монголчуудын 60-аас илүү хувь нь Бурханы шашинтай атлаа яагаад дийлэнх хувь нь ёс суртахуунгүй байна вэ. Тэгвэл Бурханы шашинд итгээд байгаа маань яг юунд итгэхийг хэлээд байгаа юм бол.  Юунд итгэж  байгаагаа Бурханы шашинд итгэж байна гэж бодоод байгаа юм. Жишээлбэл, Цагаан сараар надад маш олон асуулт ирдэг. Түүний нэг нь “Тавгийн идээгээ өрөхдөө хамгийн дээд талыг нь бяслагаар өрчихсөн юм. Бяслагаар өрсөн хэсгээ тоолох уу, тоолохгүй юу” гэх асуулт. Түүнийг тоолох, эс тоолох эсэхээс хамаараад бидний ирээдүйн жаргал зовлон шийдэгдэнэ гэдэгт итгэж, байна гэдэг бол дэндүү том хийрхэл юм. 

5. Хүмүүсийн Бурханы шашныг харж, ойлгож байгаа өнцөг нь ямар нэг ид шид, хаа нэгтэйгээс мундаг лам, бөө намайг аварна, миний амьдралыг өөрчилнө гэх ойлголт байгаа юм. Түүнээс яг ёс суртахууны хувьд бол нөгөө хүний Бурхан нь ажилладаггүй, унтаа болчихож байгаа юм.

6. Бурханы шашинд итгэдэг бол юу нь зөв, юу нь буруу, юуг хийж болохгүйг маш нарийн мэдэж, түүнийхээ дагуу үйлдэж байх ёстой.

7. Саяхан би Баруун аймгуудаар явсан. Гэтэл Говь-Алтайнхан саяхан манай нутагт үнэхээр нэг “үлээдэг” нөхөр ирлээ гээд ярьж байна. Аймгаараа “үлээлгэсэн” бололтой. Харин Завханд очсон чинь “Саяхан манайд үнэхээр “долоодог” нэг нөхөр ирлээ” гэж байна. Аймгаараа л “долоолгосон” юм байх. Хүн ямар ч шашинтай гэж хэлж болно. Гэтэл эцсийн дүндээ тэр шашин нь зөв сэтгэл, зөв үйлд хөтөлдөггүй, зөвийг ухуулдаггүй бол ямар ч хэрэггүй.  

8. Өнөөдөр Монголын нийгэмд төрд, биедээ итгэх итгэл цөхөрч, дийлэнх нь бухимдалтай амьдарч байна. Энэ үед хамгийн чухал зүйл бол зөвшилцөх, бусдадаа бууж өгөх ухаан юм. Өнгөрснөө мартаж, ирээдүйгээ харъя.

9. Монголчуудын түүхэн ялагдал, ялалтыг харж байхад ойролцоо хүчтэй хоёр тал биедээ бууж өгөлгүй, дотроо хагаралдсанаас үүдэлтэй байдаг. Саяхан би Манжийн хааны хүүдээ бичсэн захидал” гээд  орчуулгын номыг уншлаа. Галданбошигт хааны үед Монголыг эзэлсэн тухай бичсэн байгаа юм. Тэндээс харж байхад ойролцоо хүчтэй дайсагналцсан талууд л биенээ үгүй хийчихэж байгаа юм.

10. Түүнтэй адил тэр нам, тэр дарга, сайд сайн муу гэж талцаад эцэс төгсгөлгүй маргаан, хардлага, цөхрөлөөс өөр зүйл бидэнд үлдэхгүй. Бидэнд хүчээ нэгтэх, зөвшилцөх ухаан хэрэгтэй.  

Сэлэм” С.Бямбацогтыг дахин 1 сар хорино

Өнгөрөгч оны 11 дүгээр сард шөнийн цэнгээний газар “сэлэм эргүүлж" алдаршсан С.Бямбацогт дуулиан нь бүрэн намжаагүй байхад буюу дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан билээ. Тус хэрэгт Хар тамхитай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж, зарим хүнийг цагдан хорьж байгаа. Харин энэ сарын 15-нд шүүхээс С.Бямбацогтыг дахин нэг сараар хорих хугацааг нь сунгажээ. 

Архангай аймагт хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна

2018 оны 5 дугаар сарын 17-ны байдлаар Архангай аймгийн Өгийнуур, Ихтамир суманд шүлхий өвчний үеийн хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 5 дугаар сарын 5-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сум, 7-нд Архангай аймгийн Хотонт сум, 13-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, 14-нд Төв аймгийн Жаргалан суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэм цуцлагдлаа. Ийнхүү 4 дүгээр сарын 20-ноос хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй бөгөөд хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажилласнаар өвчний хүрээ тэлэлгүй, хумигдсаар байна. 

2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын тухайд, аймаг, орон нутагт харилцан адилгүй буюу 35,9-96,2 хувийн биелэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд дунджаар 66,5 хувийн гүйцэтгэлтэй байна. 

2018 оны 5 дугаар сарын 7-ны байдлаар

Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан. Тэгвэл үүнээс 3 дугаар сарын 24-нөөс Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хэрэгжсэн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Ийнхүү шүлхий өвчний тархалт хумигдсаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хорио цээр бүхий сумдад өвчлөл нэмэгдээгүй, одоогоор гурван аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 

Энэ сарын 9-нд ирүүлсэн мэдээгээр бол шүлхий өвчнөөс сэргийлэх 2018 оны хаврын вакцинжуулалт улсын хэмжээнд дунджаар 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж байна. 

ИШЛЭЛ: Х.Баттулга: Мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улстөрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна

“Монголын эдийн засгийн чуулган - 2018”-ын өнөөдрийн хуралдааныг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ 25 ишлэлийг хүргэе.  

-Бид бодит үнэнийг сонсох, бэрх гашууныг ярих цаг мөчтэй тулж ирээд байна.

-2017 онд ДНБ 5.1 хувиөр өссөн гэдэг тоо Хойд Солонгосын нүүрсний экспортод  хориг тавьсантай холбоотой. Үүнд манай Засгийн газрын нөлөө байгаагүй. 

-Элдэв гоё төс өл хөтөлбөрөөс илүү их гүрнүүдийн гео эдийн засаг, хүчний хуваарилалтыг анхаарах шаардлагатай болж байна. 

-Financial Times-ийн судлаач, нийтлэлч  Люси Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчныг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэсэн байна.   

-Татварын орлогыг нэмэгдүүлэх боломжуудаа бид ашиглахгүй байна. 

-Хөрөнгө оруулалт манайд орж ирэхгүй байгаа нь Засаглалын тогтворгүй байдал геополитикийн байдлаа тооцохгүй байгаатай холбоотой. 

-Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. 

-Монголын эдийн засаг гаднаас дэндүү хамааралтай. 

-Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын гурван жилд 30 их наяд доллар болон тэлэх бодлого баримталж байна. 

-Манай улс хоёр хөрштэйгөө бодлогоо уялдуулах, гуравдагч хөршийн ашиг сонирхлыг хангах шаардлагатай. 

-Монгол улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсэнэ. Эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ. -ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэнэ.  

-Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэх боломж бий болно.  

-Монгол Улс ойрын хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах нь хэрэгтэй.

-Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирсэн. 

-ХАА, мал аж ахуйгаас олох орлогоо байгальд явавал ээлтэй болгох вэ гэдгээ тодорхойлбол ажлын байр, орлого ихээр нэмэгдэх судалгаа байна. Хийх мөнгө, мэдлэг чадвараас илүү улс төрийн чин эрмэлзэл дутаж байна.

-Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна.

-Хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд  богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор байна.

-Мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улстөрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. 

-Эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улс төрч л аз хийморьтой байж улс орноо амжилтанд хөтлөдөг. Монгол улсад, монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол ердөө л энэ. Эрх баригчдад үндсэндээ бүтэн нэг жил, хагасын л хугацаа үлдлээ. Одоо шийдэх, хийх бүтээх цаг. 

-Манай засаглалын чадвар бүх талаараа доройтжээ. Энэ нь гадаадад суух элчин сайдуудын томилгоон дээр тод харагдаж байна. Намд зүтгэсэн байдал, өргөсөн хандив гэх зэрэг үзүүлэлтээр, шагналын журмаар элчинг томилдог байдалтай би эвлэрэхгүй. 

-Элчин сайдууд Монгол руу хөрөнгө оруулалт татах, монголоос худалдан авалт хийлгэж, экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж чадахгүй бол тэнд мануухай болоод суух шаардлага байхгүй. 

-Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. ​​​​​​​

-1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа.

-2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлчихэд л маш олон боломж нээгдэнэ.

Хамаатныхаа аминд хүрсэн залуу Чингэлэгт нуугдаж байжээ

Хамаатныхаа аминд хүрсэн сэжигтэнг Нарантуул захын чингэлэгт нуугдаж байхад нь баривчилжээ. Тодуулбал, өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  хүн амины  ноцтой хэрэг гарсан байна. Тус хэрэг садан төрлийн хүмүүс нийлж архидан согтуурч байхдаа хоорондоо маргалдсанаас үүдэн, нэгнийхээ аминд хүрсэн нь шалгалтаар тогтоогдсон байна. Хэргийн сэжигтэн 25 настай О нь Нарантуул захын чингэлэгт нуугдаж  байсныг  тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 24 цагийн дотор  олж илрүүлсэн байна.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 4 дэх шатны хэрэгжилтийг ОУВС хэрхэн үнэлэв

Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон билээ.  Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх аж. ОУВС Монгол улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх шатны үнэлгээг хийж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ.  Энэ удаагийн буюу дөрөв дэх шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны 05-р сарын 02-оос 17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийв. Экспортын түүхий эдийн эрэлт их байгаагаас Монголын эдийн засгийн сэргэлт үргэлжилсээр байна. Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зэрэг макро-эдийн засгийн гол зорилтууд биелжээ. 

Хэдийгээр ийм дэвшил гарсан ч экспортын түүхий эдийн эрэлт буурах, бүтцийн шинэчлэлийн удаашрал, дотоодын зарлага нэмэгдэх дарамт, хөрөнгө оруулалтын орчин дахь сөрөг өөрчлөлтүүд зэрэг эрсдлүүд хөтөлбөрийн хүрээнд байсаар байна.  Хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд банкны системийг бэхжүүлэх, төсвийн хянамгай бодлого баримтлах, инфляцид сонор сэрэмжтэй байх, эрсдлээс хамгаалах гадаад валютын албан нөөцөө бүрдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зэргийг анхаарлын төвдөө байлгасаар байх шаардлагатай гэж ОУВС-ийн ажлын хэсгээс дүгнэжээ.

 Уг хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгохоор анх тохирсон. Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб: “Хөтөлбөрийн хүрээнд макро-эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч бүх зорилтот тоон үзүүлэлтүүд биелсэн. Төсвийн үр дүн 2018 оны эхний улиралд төсөөлж байснаас илүү сайжирч, орлого 21 хувиар өссөн. Дээрх хугацаанд гадаад валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгджээ. Олон Улсын Валютын Сан Вашингтон, К.Т. 20431 АНУ “Эрх баригчид 2018 оны төсвийн бодлогын хөтөлбөртөө төсвийн хязгаарлалт болон татварын удирдлагыг бэхжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн, эрх баригчид төсвийн санхүүгийн удирдлага, ялангуяа концесс, төсвийн хөрөнгө оруулалттай төслүүд, Монголын Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулах тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байна. “Санхүүгийн салбарын хувьд эрх баригчид саяхан хийгдэж дууссан Активын чанарын үнэлгээний дагуу хийгдэж буй арга хэмжээний нэг хэсэг болох банкны системийг бэхжүүлэх ажлуудаа үргэлжлүүлж байна. Өөрийн хөрөнгийн шаардлагаа хангаагүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл түүнийг хангах хугацаа байна. Зохистой нөхцөл бүрдсэн үед банкуудыг тогтворжуулахад төсвийн сангуудыг ашиглаж болох талаарх хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байна. Эрх баригчид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийг хийж, банкуудын балансыг сайжруулахаар мөн ажиллаж байна. “Эрх баригчид инфляцид сэрэмжтэй байж, төлбөрийн тэнцлийг цаашид улам бэхжүүлэх мөнгөний бодлогын байр сууриа хадгалах үүрэг хүлээсэн. Эдийн засгийг гадаад цочролоос хамгаалахад тус нэмэр болох нөөцийн бүрдүүлэлтэд гарч байгаа ахиц дэвшлийг үргэлжлүүлэх нь туйлын чухал юм. Макро эдийн засгийн эрүүл бодлогыг банкны системийн бүтцийн шинэчлэлтэй хослуулах нь хүүгийн хувийг аажмаар буулгахад нэмэр болно.”

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажих учиртай. “Ажлын хэсгийг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье гэв.

Эх сурвалж: Монголбанк

Хууль зөрчсөн эмэгтэй жолоочид 250 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй жолооч эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Түүнийг 250 мянгаар, явган хүний зам дээр автомашинтай явсан зөрчилд нь 20 мянган төгрөгөөр тус тус торгож, арга хэмжээ авсан байна. 

Форумд оролцогчид МИАТ компаний хувьчлалын асуудлыг онцлов

Төрийн ордонд "Монгол Улсын эдийн засгийн форум-2018" өчигдөр эхэлж өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга үг хэлнэ. Улмаар “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх”, “төвлөрлийг сааруулах бодлого”, “Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү”, “Монгол Улсын брэндинг”, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт ба блокчэйн”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдэвт салбар хурал болно. 

Өчигдрийн салбар хуралдаануудаас  “Аялал жуулчлал ба агаарын тээвэр” салбарын хуралдаан олны анхаарлыг ихэд татсан юм. Учир манай улсад үйл ажиллагаа явуулдаг агаарын тээврийн аж ахуйн нэгж байгууллага, төр хувийн хэвшлийн нислэгийн компаниудын төлөөлөл оролцсон юм. Оролцогчид салбарынхаа алдаа онооны талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнээс онцолбол төрийн өмчит МИАТ компанийг хувьчлах, аялал жуулчлалын салбар нэг сая жуулчин хүлээж авах боломж нөхцөл хэр байгаа, эдийн засгийн томоохон хөшүүрэг болдог аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн мэдлэг мэдээлэл ойлголтыг сайжруулах, түүнд түшиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцсэн юм. 

МИАТ-ЫГ  ХУВЬЧЛАХ УУ 

-МИАТ-ыг яриад эхлэхээр хувьчлах асуудал яригдаж байдаг. Хувьчлал гэдэг бол дараагийн асуудал.Эхлээд агаарын тээвэр төдийгүй, МИАТ компаний менежментийг зөв явуулахын тулд тэнд тодорхой хэмжээний хувьчлал байх ёстой гэдэг саналыг гаргаж дэвшүүлсэн юм. Тэгэхдээ МИАТ-ын хувьчлалын асуудлын талаарх гарсан санал төдий зүйл. ямар нэгэн байдлаар эцсийн шийдвэр гараагүй аж. Гэхдээ тодорхой хэмжээний менежмент орох, тодорхой хэмжээний нээлттэй байх, хувийн хэвшлийхэн тэнд орох ёстой гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм. Энэ утгаараа МИАТ компанийг 49 хувь хүртэлх хувийг хувьчлах ёстой юмаа гэсэн саналыг гаргаж тавьсан юм. 

МАНАЙ УЛС 1 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ 

-Манай улсын аялал жуулчлалын салбар ирэх жилүүдэд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт дэвшүүллэн ажиллаж байгаа. Тэгвэл манай улс нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн үү гэсэн асуудлын талаар салбар хуралдааны хэлэлцлээ. Өнгөрсөн жил манай аялал жуулчлалын салбар судалгаа хийхэд өнөөдрийн байгаа нөөц бололцоог түшиглэхэд маргааш гэхэд 266 мянган жуулчин хүлээж авах боломжтой гэсэн тоо гарсан байна. Өнөөдрийн байгаа бодит багтааж энэ аж.  Гэхдээ энэ салбарын ид ачаалалтай үе нь 5-9 сар. Энэ урсгалыг саармагжуулж оновчтой маркетинг хийж салбар дундаа хамтын ажиллагаагаа сайжруулж чадвал дээрх тоог 200 мянгаар нэмэх боломжтой юм байна. Нөгөө талаас нь буюу бүтээгдэхүүн боловсруулалтын талаас нь авч үзвэл манай аялал жуулчлалын компаниуд өнөө маргаашийнхаа  асуудалд баригдаж байна. Энэ салбарт асуудал их байгааг хуралдаанд оролцогчид онцоллоо.   

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР МАНАЙ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЯМАР ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ТАЛААР ТАНИУЛНА 

Өнөөдрийн байдлаар Германы хамтын ажиллагааны төслийн шугамаар 3 аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн мэдлэг мэдээлэл хэр байгаа талаарх судалгаа мэдээллийн ажил хийгдэж байгаа юм байна.  Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь аялал жуулчлалын салбарт төдийгүй, монгол улсад хэрэгтэй гэдгийг салбарынхан нь онцлов. Учир нь аялал жуулчлалын салбар эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой өндөртэй гэдгийг олон нийт, нутгийн иргэд тэр бүр ойлголж хамсарлаагүй байдагтай холбоотой аж.  Тиймээс нутгийн иргэд аялал жуулчлалыг хэрхэн хүлээж авдаг, эдийн засгийн ямар өөрчлөлт орж болох, өрхийн орлогоос гадна аялал жуулчлалаар нэмэлт орлого олж болох эсэх, манай улсын тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулахад нөлөөтэй вэ гэдгийг ойлгуулж таниулах ажлыг хийж байгаа юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эхлээд 10000 жуулчинд хүрэлцэхүйц зам зуурын 00 асуудлаа цэгцлэхгүй бол ирдэг жуулчин 0 болох байх шүү
2018/05/22 103.229.121.247