УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгах ажлын хэсэг тайлангаа танилцуулав.
Хуралдааны үеэр хадгаламжид байршуулах ёстой чөлөөт үлдэгдлийг харилцах дансанд байршуулсан гэх шүүмжлэл гарахад УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Засгийн газар бонд авна гэвэл чөлөөт үлдэгдэл хадгаламжид байлгахаас илүү харилцах дансанд байлгах нь тохиромжтой гэсэн бодол байна” гэж байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр горимын санал гаргаж “Ажлын хэсгийн шалгасан тайланг тогтоолын төсөл болгож байнгын хороогоор хэлэлцүүлмээр байна. Энэ тайланг нэг удаа сонсоод өнгөрч болохгүй” гэсэн юм.