8o
Улаанбаатар хот
mobile menu

264 мянган га-д тариалалт хийлээ

2018-05-23 08:52:39

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай),  15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо,  32.0  мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхийг зорьж байна. Тэгвэл одоогийн байдлаар хаврын тариалалтын явцын талаар мэдээллийг хүргэж байна.

ХАВРЫН ТАРИАЛАЛТ 41 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

5 дугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 230.5 мянган га-д үр тариа, 5.8 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, 17.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 264.5 мянган га-д тариалалт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, үр тарианы тариалалт 56.4 хувь, төмснийх 37.5 хувь, хүнсний ногооных 27.6 хувь, тосны ургамлынх 42.1 хувь буюу хаврын тариалалт 41 хувьтай явагдаж байна. 

          Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын элит үрийн худалдах үнэ тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож байна. Одоогоор 560 аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олголоо.

5 ДУГААР САРЫН 24-НӨӨС ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Хаврын тариалалт ид өрнөж буй энэ үед ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг хүргэе. 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно.

        Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Хугацааны эхээр дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

        24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment