8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Нийт 2,8 их наяд төгрөгийн өрийг дарлаа

2018-05-23 09:03:00

"Хүчээ нэгтгэе" уриан дор болсон  "Монголын эдийн засгийн чуулган-2018" Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Үүний өмнө хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зураг ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг хааж хэлсэн илтгэлээс дараах ишлэлийг хүргэж байна. 

-Үр дүнтэй хуралдаж болдогийг өнөөдөр хамтран ажиллах чиглэлээр гэрээ зурснаас харж болно. Бид хүчээ нэгтгэж ажиллалаа.

-Салбар хуралдаануудаар Монгол Улсын хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээл, томоохон төслүүдээс эхлээд бодлогын тогтвортой байдал, монгол брэнд, хотын хөгжил, үнэт зүйлс зэрэг олон талын асуудлыг хэлэлцлээ.

“Монголын эдийн засгийн чуулган-2018” зорьсон үр дүндээ хүрч чадсан гэж үзэж байна.

-Төр, засаг бодлогоо тодорхойлохдоо, шийдвэр гаргахдаа хувийн хэвшил, олон нийттэйгээ зөвлөлддөг байх, оновчтой санал, зөвлөмж, шүүмжлэлийг тогтмол сонсдог байх зарчмыг бид бэхжүүлэхийг зорьж байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад илүү таатай боломжийг бүрдүүлэхээр тусгасан

· Үндэсний хөрөнгө оруулагчдыг орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх 

-Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зэргийг нэрлэж болно.

-Бизнес эрхлэгчид та бүхний хүчин чармайлтад тулгуурлан УИХ, Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах бодлогыг зохистой хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 6,1 хувийн өсөлтөд хүрээд байна. 

-Бид гадаад, дотоод өрөө барагдуулж эхэллээ.

-Нийт 2,8 их наяд төгрөгийн өрийг дарлаа.

-Худалдааны тэнцэл эерэг гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биелж эхэллээ.

-Гадаад валютын нөөц 3,2 тэрбум долларт хүрлээ.

-Тулгарсан хүндрэл, хямралыг монголчууд бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна. 

-Эдийн засгийн өсөлт зөвхөн макро түвшинд төдийгүй  аж ахуйн нэгж, айл өрхийн төсөвт ч эерэгээр нөлөөлж байна. Үүний нотолгоог өрхийн сарын дундаж орлого, зарлагын үзүүлэлтээс харж болохоор байна.

-Өрхийн төсвийн алдагдал буурахын хэрээр өрхийн өр, зээл нимгэрч,  бодит орлого нэмэгдэж байна гэсэн үг юм. Өрхийн орлого, худалдан авах чадвар цаашид ч сайжрах төлөвтэй байна.

-Манай зарим улс төрч, иргэд эдийн засгийн өсөлт айл өрхөд мэдрэгдэхгүй байна гэж шүүмжилдэг. Уналттай, бууралттай, алдагдалтай, өртэй эдийн засгийг эргэн сэргээж, өсөлтөд хүргэх, үр өгөөжийг айл өрхөд хүрэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардагддаг. 

-Гадаад, дотоод худалдааны эргэлт хурдацтай өсөн нэмэгдэж байна.

-Монгол Улсын цаашдын хөгжил ямар дүр төрхтэй байх вэ гэдэг нь өнөөдөр уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, энэ салбарт ямар төслийг хэрэгжүүлж чадах вэ гэдгээс шууд хамаарна.

-Ойрын 5-10 жилд уул уурхайн салбар нийт эдийн засаг, экспортод эзлэх хувийн жин өндөр байсаар байх нь тодорхой байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон төслүүдийг эргэлтэд оруулах зорилт тусгагдсан. Энэ чиглэлээр Засгийн газрын түвшинд олон удаа ярилцаж, зөвлөлдөж ирсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэрлэл болон бусад боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж, эцэслэх шатандаа орж байна.

-Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хэрхэн  яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг нь Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар үүнийг  хэлэлцээд төслийг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.

-Энэ оны нэгдүгээр улиралд 550 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон байна. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. 

-Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 11 тэрбум долларт хүрсэн бол  энэ оны эцэст 12 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

-Бид өмнөх жилүүдэд гаргаж байсан бодлогын алдаагаа дахин давтахгүй байхад “Эдийн засгийн чуулган” онцгой ач холбогдолтой боллоо.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл