УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тус бүлэг гурван асуудал хэлэлцжээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах шаардлагыг АН-ын бүлэг тавьсан. Гэвч Засгийн газар хариу мэдэгдээгүй байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Нэр бүхий хоёр сайдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлээгүй нь ҮХЦ-д хандахад хүргэж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан. Төсвийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлээгүй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бусдын орон сууцанд түрээсийг нь төлөлгүй амьдардаг. Түүний ах дүү, хамаатан саднууд нь нэрийг нь барьж хууль бус үйлдэл хийдэг. Түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг ҮХЦ-д тавихаар байгаа. Монголын хүний төлөө намаас АН-ын бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид холбогдох 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах тухай гомдлыг ирүүлсэн. Энэ ноцтой асуудлыг Монголын хүний төлөө нам хууль хяналтын байгууллагад шалгуулах эсэх нь өөрсдийнх нь асуудал" гэлээ.
Дараагаар нь АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр дотоод өр авлагыг барагдуулсан гэж яриад байна. Үзүүлэлтээрээ дотоод өр авлага буурсан үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ энэ нь Засгийн газар сайндаа биш ОУВС-гийн урт хугацааны зээлээр барагдуулсан. 2017 онд Монгол Улсын гадаад өр авлага 22.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 6 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тэр дотроо Засгийн газрын гадаад өр 6 их наядаар өсчээ. Засгийн газрын өр улсын гадаад өр өсөхөд нөлөөлсөн байна. Энэ их мөнгөөр юу хийсэн бэ. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч км зам тавиагүй. АН-ын эрх барьж байх үед хэрэгжүүлж байсан ажлын туузыг хайчилж байгаа. Цэвэрлэх байгууламжийн ажлын тендэр ч зарлагдаагүй, ажил нь ч эхлээгүй байна. Жил бүр худлаа амлаж, гэрээ хийдэг. Ийм байдлаар улс орны хөгжлийг хангахгүй" гэлээ.
Тус бүлэг нь ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгын нэрийг дэвшүүлснийг АН-ын бүлэг дэмжихээр болжээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
- Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах үндэслэлгүй Засгийн газраас мэдэгдлээ. Та бүхний дараагийн арга хэмжээ юу вэ?
АН-ын дарга С.Эрдэнэ: Бусдын байранд үнэ төлбөргүй түрээслэн амьдарч байгаагаа, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийснээ Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ч.Хүрэлбаатар сайдын ах дүү нартайгаа хуйвалдаад орд газрыг худалдаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, түүний сайд нарыг хууль зөрчсөн үндэслэлээр асуудал тавина. Үндсэн хуулийг хэлбэрлэлтгүй сахиж ажиллах үүрэг Засгийн газарт бий. Засгийн газар нь Үндсэн хуулийн заалтыг дагаж мөрдөөгүй цагт бусад хүмүүст шаардлага тавих эрхгүй. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах чадамж АН-д байхгүй. Тиймээс бид асуудлыг ҮХЦ-д тавина.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Сөрөг хүчин хяналт тавих, хариуцлага тооцох үүрэгтэй. Бидэнд Засгийн газраас хариу ирээгүй байна. Засгийн газар худлаа ярихаа болих хэрэгтэй. Гэм буруутайг хуулийн байгууллагаар шийддэг асуудал биш.
-ҮХЦ-д АН өөрсдийнхөө хүнийг оруулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?
АН-ын дарга С.Эрдэнэ: АН-д ҮХЦ-д өөрсдийнхөө хүнийг байршуулах боломж байхгүй. Ерөнхийлөгч санал болгох нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. АН нөлөөлөх боломж байхгүй л дээ.
Т.Хулан