8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийн тодорхой хувийг хувьчилна

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-23 13:50:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлсэн гурван асуудлыг шийдвэрлэжээ. 

Тодруулбал, 

1. Төрийн өмчийг хувьчлах 2018-2020 оны үндсэн чиглэлийг баталж, УИХ-д өргөн барихаар боллоо. МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг тодорхой хувийг хувьчилна. Цахилгаан станцуудыг хувьчлах асуудлыг хэсэг хугацаанд харж байж шийдвэрлэнэ.
2. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, ашиглах концессийн гэрээ байгуулах шийдлийг гаргалаа.
3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталжээ.


ДУЛААНЫ СТАНЦЫН ХУВЬЧЛАЛЫГ ХОЙШЛУУЛСАН 

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын эдийн засгийн чуулганы салбар хуралдаануудаар төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах, сайн засаглалыг нэвтрүүлэх, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцүүлсэн. Мөн томоохон төслүүдийг хөдөлгөж, төмөр замаа баръя, эдийн засгийн салбар дахь төрийн оролцоог багасгая, сахилга хариуцлагыг сайжруулъя, төрийн өмчийн хөрөнгө оруулалтыг цэгцтэй, дэг журамтай болгох ёстой гэх мэт асуудлыг хэлэлцсэн. Монгол улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч Эдийн засгийн чуулганаар хэлэлцэгдсэн дээрх асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Татварын багц хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна. Мөн Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийн тодорхой хувийг хувьчилна. Гол зорилго нь компанийн засаглалыг нь сайжруулж, үр өгөөжтэй ажиллуулах юм. Дуудлага худалдаагаар хэн нэгэн мөнгөтэй хүн нь авах бус хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмших бололцоог олгож буйгаараа нээлттэй юм. Бүх аймагт байдаг АЗЗА замын компаниудыг хувьчилна. 20 АЗЗА  компанийг хувьчилна. Үйл ажиллагаа нь сайжирдаггүй, техник технологи нь шинэчлэгддэггүй, дарга нь дөрвөн жилд нэг удаа солигддог энэ компаниудыг аймагт нь хувьчилна. Дулааны цахилгаан станциудын хувьчлалыг хойшлуулахаар шийдвэрлэсэн. Иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг стратегийн чухал обьект учраас судалж үзэхээр боллоо” гэв.

 ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖЛЫГ ЭНЭ ЗУН ЭХЛҮҮЛНЭ 

Харин томоохон төслүүдээ хөдөлгөх асуудлаар “Гацсан төмөр замын ажлыг хөдөлгөхөөр боллоо.УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2.1-т заасны дагуу Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүн баянгийн замыг барих ёстой байсан. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замын төслийн зураг төсөл боловсруулах, барьж ашиглах, шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмшигчидтэй гэрээ байгуулахаар боллоо. Ингэснээр төр санхүүгийн хүнд нөхцөлд хөрөнгө гаргахгүйгээр барьж, ашиглаад төрд шилжүүлэх хэлбэрээр зураг төслийг нь боловсруулж энэ зун төмөр замын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа” гэж хэллээ.

Мөн 2018-2021 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар “ТЭЗҮ-тэй, зураг төсөл нь тодорхой  болсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг дунд хугацаанд төлөвлөж хөдөлгөөнгүй болгох гэж байна. Газрын тос боловсруулах үйдвэр, төмөр зам, эрчим хүчний цахилгаан станцын төслүүдээ нэгдсэн бодлого болгон зангидна” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төмөр зам барих ТЭЗҮ гарсан уу?

-Төмөр замын асуудлыг бид олон жил ярьсан. Одоо хүртэл гацаатай байна. Бид нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахаар ярьж байна. Ингэхийн тулд төмөр зам барих шаардлагатай. Төмөр зам баригдсанаар стратегийн ач холбогдолтой. "Тавантолгой-Гашуун сухайт"-ын чиглэлийн зам үргэлжилнэ.

-АН-ын бүлэг Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагыг тавьсан. Үүнд хэзээ хариу өгөх вэ?

-АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй.

-Засгийн газрын хуралдаанаар Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржүүдийн босго үнийн асуудлыг хэлэлцсэн үү. Яг хэдэн хувийг нь хувьчлах вэ?

-Төрийн банкийг олон нийтэд нээлттэйгээр тодорхой хувийг нь хувьчилна.  Стратегийн гадны хөрөнгө оруулагч орж ирвэл тодорхой хувийг нь хувьчилна. Ингэснээр Монголд зээлийн хүүг бууруулах, зээлийн хангамж нэмэгдэнэ. Тиймээс тодорхой хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчид, үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй худалдана.

-Төрийн банк, МИАТ Хөрөнгийн биржийн хувьчлалаар хэдий хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон бэ?

-Энэ жилийн улсын төсвийн тооцонд өөрчлөлт орж байгаа нь эрчим хүчний эх үүсвэрүүдээ хувьчлах нь буруу гэж үзээд МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргасан учраас төвийн орлогын тооцоонд өөрчлөлт орж байгаа.

-Энэ зунаас эхлээд төмөр замаа эхэлнэ гэлээ. Бэлэн ТЭЗҮ, төслийг хэрэгжүүлэх компани байгаа юм уу?

-Төмөр замын асуудлыг олон жил ярьж байгаа ч одоо хүртэл гацаатай байна. Тавантолгойн төсөл гэдэг нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах л асуудал. Дэлхийн зах зээл дээр төмөр замаар л гаргана. Төмөр зам барьснаар ганцхан нүүрс тээвэрлэх бус манай гадаад зах зээлийг өргөжүүлнэ гэж үзэж байгаа. Шинэчлэл нь бол Тавантолгойгоос Зүүнбаян руу төмөр зам тавих юм. Энэ төсөл бол ТЭЗҮ-ийг боловсруулах, барьж, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ юм.

-Өмнө нь 264 сая ам.доллароор төмөр замын мод тавьсан. Үүнийгээ үргэлжлүүлэхгүй юм уу?

-Тавантолгой Гашуунсухайтын чиглэлийн замыг үргэлжлүүлнэ. Энэ бол Тавантолгойн төсөлтэйгээ хамт цогцоороо хэрэгжүүлнэ. Тавантолгойгоос Сайншанд Зүүнбаянгийн чиглэлийн зам, Зүүнбаянгаас Хангийн чиглэлийн замыг барих юм. Хэрвээ ингэж чадвал зөвхөн нэг худалдан авагчид бус, хэд хэдэн худалдан авагчид нүүрсээ борлуулах, нүүрсний үнэ өндөр байх, илүү борлуулах гээд маш олон давуу талтай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл