8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батлут: Орхон аймаг өрсөлдөх чадвараа улсдаа тэргүүллээ 

2018-05-23 14:33:00

Засгийн газрын мөрийн хөтөлбөр,  үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан шилдэг яам, аймгуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.  Орхон, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул зэрэг аймгуудад 2017 онд амжилттай ажиллаж шалгарсан байна. Мөн аймгуудаас гадна 2017 оны шилдэг яамдаар ХНХЯ, Сангийн яам тус тус шалгарсан байна. 

Шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулсан юм. Тэрбээр "Шилдгүүдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамж, нийгмийн  индекс хөгжлийн үзүүлэлт зэрэг нийт 11 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулсан. 2018-2019 он бүтээн байгуулалтын жил байх төдийгүй иргэддээ амласан томоохон амлалтаа биелүүлэх чухал цаг үе юм. Тиймээс цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, айл, өрх бүрийн амьдралд үр өгөөжийг хүргэх нь бидний гол зорилго юм” гэв. Ингээд шилдэг аймгуудын Засаг дарга нарын сэтгэгдлийн сонссон юм. 

Д.Батлут: Нярайн эндэгдлийг 4 дахин бууруулж, эхийн эндэгдэлгүй ажиллалаа

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут "2017 ажлынхаа үзүүлэлт, үйл ажиллагаагаар шилдэг аймаг болсонд баяртай байна. Манай аймгийн хувьд амжилт бүтээлээр, арвин, дүүрэн жил байлаа. Бид өрсөлдөх чадвараа улсдаа тэргүүлж, хүний хөгжлийн индексээрээ хоёрдугаар байрт орлоо. Орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг хүний хөгжил рүү чиглүүлж хөгжилд хүрэх 18 дэд хөтөлбөр батлуулж үүнийхээ дагуу ажиллаж амжилт гаргалаа. Тухайлбал,  хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлтийг улсын дунджаас даруй 7 дахин өндөр буюу 35  хувьд хүргэж чадлаа. Анхдагч өвчлөлтэй 298 иргэний эрт илрүүлэн 100 хувь эмчилж чадсан. Нярайн эндэгдлийг 4 дахин бууруулж, эхийн эндэгдэлгүй ажилласан байна. Мөн 4000 гаруй ажлын байрыг бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн, иргэдийн ая тухай амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийн тулд  2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлуудыг хийсэн. 620 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийг шинээр ашиглалтад орууллаа. Гэр хорооллын  шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх чиглэлээр 3 км шугам сүлжээг гэр хороололтой холбосон зэрэг олон бүтээлч ажил хийсэн.  Цаашдаа энэ олон амжилтаа бататгаж илүү их хичээж ажиллахын тулд аймгийн иргэн бүхэн нэг зорилго, нэг санаа, нэг сэтгэлээр зүтгэнэ. 

М.Бадамсүрэн: Нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн индексээр улсдаа гуравдугаар байрт шалгарсан

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн индексээр улсдаа гуравдугаар байрт шалгарсан. Нэг хүнд ногдох ДНБ-ээр хоёрдугаар эрэмбэлэгдсэн. Боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн амжилттай ажиллаа. Эдийн засгийн өндөр чадавхитай Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өмнөговь зэрэг аймгуудтай энэ тэнцүү үзүүлэлт гаргаж ажлаа дүгнүүллээ. Дорнод  аймгийн ААН-ууд, татвар төлөгч нарт, хэрэгчид болон нутгийн иргэддээ, шилэн дансны хэрэгжилтийг үнэлсэн Сангийн яам, Шударга байдлын үнэлгээг үнэлсэн АТГ зэрэг олон байгууллага, хамт олонд баярлалаа. Энэ шагнал бидэнд урам өгсөн. Цаашид манай аймгийн хувьд автозам, суургуль, цэцэрлэг шинээр барих ажил төлөвсөн байна. Орон нутгийн хөрөнгийн сангаас аймгийнхаа иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр нэлээд ажил хийнэ. Мөн байгаль орчны чиглэлээр сум баг гэлтгүй мод тарихаар төлөвлөсөн.  

Н.Наранбаатар:  Өмнөговьчууд бид хамтдаа бүтээлцэж, хамтдаа хөгжинө

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар: Өнгөрөгч 2017 онд хийсэн ажлаа үнэлүүлж шилдэг аймаг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаар Өмнөговь аймгийг 2017 оны ажлаараа 21 аймаг, нийслэлийг манлайлж ажилласныг тодорхойлж шилдэг болж шагналаа гардаж аваад байна.  Бид ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож "БИД ХАМТДАА" үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан 17 дэд хөтөлбөрийг салбар тус бүрийн онцлогт тохируулан амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийг маань  Засгийн газар өндрөөр үнэлсэн байна. Хамтын бодлого шийдвэрийг дэмжиж хэрэгжүүлэн ажиллаж ирсэн Өмнөговьчууддаа баярлалаа. Цаашид бид ирэх онуудад төлөвлөсөн ажлаа амжилттай, гүйцтгэлтэйгээр хийх урам зориг авлаа.  Өмнөговьчууд бид хамтдаа бүтээлцэж, хамтдаа хөгжинө. 

С.Насанбат: 2017 оны амжилтаараа гуравдугаар байр орлоо

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат: Байгууллага аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын Монголын төр үнэллээ. Засаг даргын дэргэдэх 22 агентлагаас аймгийн Эрүүл мэндийн газар салбарынхаа хэмжээнд улсад нэгдүгээр байр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар яамны хэмжээнд нэгдүгээр байр, Ус цаг уур эрдэм шинжилгээний газар 2017 онд ажлаар улсад нэгдүгээр байрт орлоо. Мөн манай Боловсролын газар элсэлтийн ерөнхий шалгалтаараа 2017 оны амжилтаараа гуравдугаар байр орсон зэрэг салбар агентлаг, төрийн байгууллагуудын ажлын үр дүн өнөөдөр нийлбэр болж үнэлэгдэж байна. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор 11 аргачлалаар бидний ажлыг үнэлж дүгнэлээ. Үүнээс хамгийн голлосон асуудал нь иргэдийн сэтгэл ханамжийн судалгаанд үнэлсэн байдал. Тиймээс бид иргэдэд хүрсэн, сэтгэл ханамжтай ажил, үйлчилгээг үзүүлсэн. Үүний тод жишээ нь 2017 онд аймгийнхаа ИТХ-аар 300 орчим сая төгрөгийг батлуулж иргэдийн өөрсдийн оролцоотой 2017, 2020 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлсэн нь их нөлөөлсөн.

Д.Нэргүй 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
з
энэ лав Батлутын сайных бишдээ
2018/05/23 112.72.14.179