Өнөөдөр Төрийн ордонд “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх үндсэн цалинг нэмэгдүүлэх арга зам, гарц шийдэл” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай асуудлаар салбарын хариуцсан албан тушуултнууд байр, сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Цалинг нэмэгдүүлэх чиглэлээр 2019 оны төсөвт 33.2 тэрбум төгрөгийг суутгаж өгөөч гэдэг саналыг байнгын хорооны хурлаар гишүүнийхээ хувиас саналаа гаргаж дэмжүүлснийхээ төлөө би өнөөдөр Засгийн газраас зэмлэл хүлээгээд байна. Танхимын зарчимтай атал салбарынхаа асуудлыг ганцаараа ярьж дангаараа 33 тэрбум төгрөг нэмэх гэлээ гэж зэмлүүлээд л би багш нарынхаа төлөө ажиллаж байгаа. Та нар хэрэв итгэхгүй байгаа бол байнгын хорооны хурлаар хэлсэн үгийг бичлэгээс нь авч үзээрэй. Сангийн сайд намайг ганцаарчилсан тоглолт хийж, салбарынхаа асуудлыг ганцаараа битгий яриад бай гэж хүртэл хэлсэн.. Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар ХНХ-ын сайд С.Чинзориг бид хоёр Ц.Нямдорж сайдтай муудалцаж гарч ирлээ. “Жагсч байгаа хүмүүсийн үгийг та нар зөв сонсч, ойлголцож ажиллая гэж яагаад боддоггүй юм бэ. Засгийн асуудал” гэж хэлээд л бид хоёр загнууллаа. Монгол Улсын 35 мянган багш нарын үндсэн цалинг найман хувиар нэмэгдүүлэхэд дангаараа 55 тэрбум төгрөг. 16 хувиар нэмэгдүүлэхэд 110 тэрбум төгрөг. 25 хувиар нэмэгдүүлэхэд зөвхөн улсын төсөвт 165 тэрбум төгрөг суугдаж байгаа юм. Гэтэл бүхэлдээ 50 хувиар нэмэгдүүлье гэдэг та нарын шаардлагыг аваад үзвэл улсын төсөвт үндсэндээ 1.3 их наяд төгрөг хэрэгтэй болно. Та нар судалгаа ярилаа гэж уурлах хэрэггүй. Бодит байдлаа л хэллээ. Ганцхан багшийн цалингийн асуудал биш. Эмч нарын цалинтай багш нарын цалинг харьцуулмааргүй байна. Яагаад гэвэл эмч нар давхар орлого олох харьцангуй боломжтой. Багш нарын амралт эхлэхээс өмнө багш нарын асуудлыг шийдмээр байна гэдгийг С.Чинзориг сайд бид хоёр хурал болгон дээр хэлдэг” гэв.