8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МИАТ-ыг хувьчлахаар болж, Шилдэг аймгуудыг шагнасан өдөр

2018-05-23 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгох талаар мэдээлэл гарлаа. Ингээд бусад онцлох мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Г.Занданшатар: Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийн тодорхой хувийг хувьчилна

асгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлсэн гурван асуудлыг шийдвэрлэжээ. 

Тодруулбал, 

1. Төрийн өмчийг хувьчлах 2018-2020 оны үндсэн чиглэлийг баталж, УИХ-д өргөн барихаар боллоо. МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг тодорхой хувийг хувьчилна. Цахилгаан станцуудыг хувьчлах асуудлыг хэсэг хугацаанд харж байж шийдвэрлэнэ.
2. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, ашиглах концессийн гэрээ байгуулах шийдлийг гаргалаа.
3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталжээ.


ДУЛААНЫ СТАНЦЫН ХУВЬЧЛАЛЫГ ХОЙШЛУУЛСАН 

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын эдийн засгийн чуулганы салбар хуралдаануудаар төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах, сайн засаглалыг нэвтрүүлэх, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцүүлсэн. Мөн томоохон төслүүдийг хөдөлгөж, төмөр замаа баръя, эдийн засгийн салбар дахь төрийн оролцоог багасгая, сахилга хариуцлагыг сайжруулъя, төрийн өмчийн хөрөнгө оруулалтыг цэгцтэй, дэг журамтай болгох ёстой гэх мэт асуудлыг хэлэлцсэн. Монгол улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч Эдийн засгийн чуулганаар хэлэлцэгдсэн дээрх асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Татварын багц хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна. Мөн Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийн тодорхой хувийг хувьчилна. Гол зорилго нь компанийн засаглалыг нь сайжруулж, үр өгөөжтэй ажиллуулах юм. Дуудлага худалдаагаар хэн нэгэн мөнгөтэй хүн нь авах бус хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмших бололцоог олгож буйгаараа нээлттэй юм. Бүх аймагт байдаг АЗЗА замын компаниудыг хувьчилна. 20 АЗЗА  компанийг хувьчилна. Үйл ажиллагаа нь сайжирдаггүй, техник технологи нь шинэчлэгддэггүй, дарга нь дөрвөн жилд нэг удаа солигддог энэ компаниудыг аймагт нь хувьчилна. Дулааны цахилгаан станциудын хувьчлалыг хойшлуулахаар шийдвэрлэсэн. Иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг стратегийн чухал обьект учраас судалж үзэхээр боллоо” гэв.

 ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖЛЫГ ЭНЭ ЗУН ЭХЛҮҮЛНЭ 

Харин томоохон төслүүдээ хөдөлгөх асуудлаар “Гацсан төмөр замын ажлыг хөдөлгөхөөр боллоо.УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2.1-т заасны дагуу Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүн баянгийн замыг барих ёстой байсан. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замын төслийн зураг төсөл боловсруулах, барьж ашиглах, шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмшигчидтэй гэрээ байгуулахаар боллоо. Ингэснээр төр санхүүгийн хүнд нөхцөлд хөрөнгө гаргахгүйгээр барьж, ашиглаад төрд шилжүүлэх хэлбэрээр зураг төслийг нь боловсруулж энэ зун төмөр замын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа” гэж хэллээ.

Мөн 2018-2021 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар “ТЭЗҮ-тэй, зураг төсөл нь тодорхой  болсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг дунд хугацаанд төлөвлөж хөдөлгөөнгүй болгох гэж байна. Газрын тос боловсруулах үйдвэр, төмөр зам, эрчим хүчний цахилгаан станцын төслүүдээ нэгдсэн бодлого болгон зангидна” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төмөр зам барих ТЭЗҮ гарсан уу?

-Төмөр замын асуудлыг бид олон жил ярьсан. Одоо хүртэл гацаатай байна. Бид нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахаар ярьж байна. Ингэхийн тулд төмөр зам барих шаардлагатай. Төмөр зам баригдсанаар стратегийн ач холбогдолтой. "Тавантолгой-Гашуун сухайт"-ын чиглэлийн зам үргэлжилнэ.

-АН-ын бүлэг Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагыг тавьсан. Үүнд хэзээ хариу өгөх вэ?

-АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй.

-Засгийн газрын хуралдаанаар Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржүүдийн босго үнийн асуудлыг хэлэлцсэн үү. Яг хэдэн хувийг нь хувьчлах вэ?

-Төрийн банкийг олон нийтэд нээлттэйгээр тодорхой хувийг нь хувьчилна.  Стратегийн гадны хөрөнгө оруулагч орж ирвэл тодорхой хувийг нь хувьчилна. Ингэснээр Монголд зээлийн хүүг бууруулах, зээлийн хангамж нэмэгдэнэ. Тиймээс тодорхой хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчид, үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй худалдана.

-Төрийн банк, МИАТ Хөрөнгийн биржийн хувьчлалаар хэдий хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон бэ?

-Энэ жилийн улсын төсвийн тооцонд өөрчлөлт орж байгаа нь эрчим хүчний эх үүсвэрүүдээ хувьчлах нь буруу гэж үзээд МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргасан учраас төвийн орлогын тооцоонд өөрчлөлт орж байгаа.

-Энэ зунаас эхлээд төмөр замаа эхэлнэ гэлээ. Бэлэн ТЭЗҮ, төслийг хэрэгжүүлэх компани байгаа юм уу?

-Төмөр замын асуудлыг олон жил ярьж байгаа ч одоо хүртэл гацаатай байна. Тавантолгойн төсөл гэдэг нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах л асуудал. Дэлхийн зах зээл дээр төмөр замаар л гаргана. Төмөр зам барьснаар ганцхан нүүрс тээвэрлэх бус манай гадаад зах зээлийг өргөжүүлнэ гэж үзэж байгаа. Шинэчлэл нь бол Тавантолгойгоос Зүүнбаян руу төмөр зам тавих юм. Энэ төсөл бол ТЭЗҮ-ийг боловсруулах, барьж, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ юм.

-Өмнө нь 264 сая ам.доллароор төмөр замын мод тавьсан. Үүнийгээ үргэлжлүүлэхгүй юм уу?

-Тавантолгой Гашуунсухайтын чиглэлийн замыг үргэлжлүүлнэ. Энэ бол Тавантолгойн төсөлтэйгээ хамт цогцоороо хэрэгжүүлнэ. Тавантолгойгоос Сайншанд Зүүнбаянгийн чиглэлийн зам, Зүүнбаянгаас Хангийн чиглэлийн замыг барих юм. Хэрвээ ингэж чадвал зөвхөн нэг худалдан авагчид бус, хэд хэдэн худалдан авагчид нүүрсээ борлуулах, нүүрсний үнэ өндөр байх, илүү борлуулах гээд маш олон давуу талтай.

 Б.Жаргалсайхан: Баабар Сангийн сайд байхдаа "Бороо гоулд"-ыг алтыг татваргүйгээр гадагш нь гаргаж байсан

“Буян” компанийн захирал, БНН-ын дарга Б.Жаргалсайхантай Монголын эдийн засгийн форумын үеэр ярилцлаа. 

АХИУХАН ШИГ ШҮҮМЖЛЭХЭЭР ИРСЭН ЮМ 

-    Монголын эдийн засгийн форумд та хэр ач холбогдол өгдөг вэ. Энэ хурал үнэхээр асуудлыг шийдэж чаддаг үр дүнтэй хурал мөн үү? 

-    Эдийн засгийн форум их хангалтгүй, дутуу дулимаг байна. Гэхдээ бид энэ ажлыг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Энэ хуралд яригдсан бүх асуудал, шийдвэрүүд та бидний амьдралд нялзах ёстой. Айл бүрийн, хүн болгоны хэтэвчинд очдог байх ёстой. Ийм болгохын тулд л би энд ирсэн юм. Хоосон магтаалаас илүү яаж ахиухан шиг шүүмжлэх вэ гэж бодож байна. Гэхдээ яахав бид цуглаж байгаад асуудлаа ярьж буй нь үр дүн л юм. 

-    Эдийн засгийн форумаар яригдаж буй сэдвүүд нь амьдралд нийцэж чадаж байна уу? 

-    Энэ хурлаар ярих гол асуудал нь ажилгүйдэл болон цалинг нэмэх тухай юм. Залуусын хүсээд буй ЦАЛИНГ 1000-2000 долларт яаж хүргэх юм, тийм боломж байна уу гэдгийг ярих хэрэгтэй. Мөн утаа, замын түгжрэл, орчны бохирдлыг яримаар байна. Замын түгжрэлд бидний амьдрал өнгөрлөө. Хаврын улиралд өвөл хураасан үнс салхиар туугдан бидний амьсгалаар дамжин бие рүү орж хорт хавдрыг үүсгэж байна. Үнсэнд газрын ховор метал, хүнд элементүүд бий. Зургаан сарын дундууд бороо орно. Борооны усаар гэр хорооллын муу ус, жорлон тэр чигээрээ хот руу урсаж орж ирнэ. Энэ бол халдварт өвчин салахгүй байгаагийн шалтгаан. Энэ мэт асуудлаа өнөөдөр яримаар байна. Яаж шийдэхээ яръя. Бас нэг аюултай зүйл бол хөдөө, орон нутаг эзэнгүй болж буй зүйл. Бүх аймаг, орон нутгийн залуус хот руу ирж байна. Хөдөө орон нутаг хүнгүй болж байна. Яг энэ чигээрээ 10 жил болбол бид мал, аж ахуйгүй болно. Дараагийн хөндөх сэдэв бол Монголд бизнес эрхлэх боломжийн тухай юм. Монголд бизнес хийх боломж алга. Гаднаас авдаг бүхий л бараа, таваарын татвар түрээсийг эрс яаралтай нэмэх хэрэгтэй байна. Жишээлбэл, хүнсний ногооны татвар. Монголд хүнсний ногоо ургаж байхад Хятадаас хямд ногоог асар их хэмжээгээр оруулж ирж байна. Үүнээс болж хүнсний ногоо тариалан, борлуулдаг хүмүүс өрөнд ордог. Дэлгүүрүүдээр Хятад, Солонгосын болсон, болоогүй бараа дүүрэн байна. Монголд оёдлын үйлдвэр байгуулах хэрэг байна уу. Мөнгө олохгүй юм бол дизайнарын мэргэжлийг эзэмших шаардлага байгаа юм уу. Асуудал энд байна. Өөрөөр хэлбэл, мөнгө олж болох зах зээлээ харийнханд өгчихсөн юм байна. Бүгд өртэй, мөнгөгүй байна. Энэ мэт асуудлыг яримаар байна. Мөн банк, барилгын салбарынхан иргэдийг дээрэмдэхээ болих хэрэгтэй. Барилгын компанийнхан 600 мянган төгрөгөөр нэг мкв талбайг барьж байгаа. Гэтэл 2.5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ үнийг нь банк жилийн 10 хувийн хүүтэйгээр байрыг нь зарж байгаа юм. 100 сая төгрөгөөр байр авсан бол 20 жилийн дараа 200 сая төгрөг болгож төлөх нь байна шүү дээ. 600 мянган төгрөгийн байрыг 8 дахин нэмж зарж байна. Үүнийг яримаар байна шүү дээ. 

-    Хувь хүний хөгжил рүү чиглэсэн ямар сэдвийг ярих ёстой гэж та үзэж байна вэ? 

-    Хүмүүс орлоготой байж эдийн засгийн өсөлт бий болно. Иргэд нь мөнгөтэй байвал хөрөнгөтэй байна, татвар төлдөг байна. Хөгжлийг хүний төлөө хийх үү, хөгжлийн төлөө хүн амьдрах уу гэдэг асуудал энд явагдаж байна. Зарим нэг хүний илтгэлийг сонсоход хөгжлийн төлөө хүн амьдрах ёстой юм шиг. Би үүний эсрэг байр, суурьтай байна. Хүний төлөө хөгжлийг бий болгох ёстой. Хүнийхээ амьдралыг ярих ёстой. 

БААБАР ГЭДЭГ ХҮНИЙ ИЛТГЭЛ ҮНЭНДЭЭ ТААЛАГДСАНГҮЙ

-    Үүнд төрийн үүрэг оролцоо, хариуцлага ямар байх ёстой вэ. Нийтлэлч Баабар энэ сэдвээр сая илтгэл тавьсан. Та үүнд ямар дүгнэлт өгсөн бэ? 

-    Баабар сая илтгэл тавихдаа индэрээс муусайн малчид мал шигээ мангар, тэнэг гэж ярьж байна. Агуу их эзэнт гүрнээ мориор бий болгочихоод гарал үүслийг минь басамжилж, доромжлоод байх шаардлагагүй. Энэ хүний илтгэл надад таалагдсангүй. Миний гэдэнг маш их хөдөлгөсөн. Тийм худалч байж болохгүй. Би Үйлдвэр худалдааны сайд байсан.

Бороо гоулдын алтны ордыг Баабар Сангийн сайд байхдаа бүх татвараас нь чөлөөлж байсан. Сентра Гоулд компани Бороо гоулд компанид уул, уурхайн ажил хийж байгаад 40 тонн алтыг ямар ч татваргүй гаргаж байсан. Би хэл ам хийж байж үлдсэн алтнаас нь 150 сая долларын татвар авч нэгдүгээр төрөхийг шинэчлэх барилгын ажлыг хийсэн. Хулгай дээрэмтэйгээ тэмцэх ёстой.  Төрийн хариуцлагыг чангатгах ёстой. Төрийн албан хаагчид яагаад авлигал авч, хулгай хийж, хууль зөрчөөд байгаа юм. Төрийн албан хаагчид нь хэдэн зуун саяар нь хулгай хийчихээд хариуцлага хүлээдэггүй мөртлөө эх орончид болж хувирдаг. Энгийн иргэд эх орончид биш юм уу. Иргэд ядуу ч шударга, ил тод, хариуцлагатай төртэй байхыг хүсч байна. Тэгэхээр үүнийг нь битгий нулимаад бай. Яагаад манай дарга нар нүдэн дээр ингэж баяжаад байна вэ. Харин эсрэгээр нь иргэд ядуураад байна шүү дээ. Дээр, дооргүй хариуцлагатай ажил хэрэгч байж эдийн засгаа хөгжүүлье. Хэн ч бидэнд сайхан амьдралыг бэлэглэхгүй. 

-    Эдийн засгийн форумаар яригдаж буй нэг сэдэв нь томоохон төслүүдийг хөдөлгөх тухай байв. Томоохон төслүүдтийг хөдөлгөхгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ? 

-    Том төслүүд хөдлөөгүй биш хөдөлж байгаа шүү дээ. Дэлхийн зах зээлээс хамааралтай байсан. Нүүрсний үнэ унасан учраас нүүрсээ гаргаж чадахгүй байсан. Сая үнэ нь бага зэрэг нэмэгдэнгүүт нүүрсээ гаргаж байна. Оюутолгой компани ажлаа хийж л байгаа шүү дээ. Тавантолгой дээр төмөр замын асуудал бий. Дэд бүтэц бол манай тусгаар тогтнол. Өргөн, нарийн алийг нь сонгож төмөр зам тавих вэ гэдэг нь асуудал юм. Гэхдээ үүний ард тусгаар тогтнолын асуудлаа ярих ёстой. Мөнгөнөөс гадна юугаарч үнэлэшгүй тусгаар, тогтнол эрх чөлөө гэж бий шүү. Бид зөвхөн мөнгө яриад байж болохгүй. 

ЯАГААД ОЮУТОЛГОЙГ ШАЛГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ

-    Тавантолгойг удахгүй хөдөлгөнө гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Олон улсын зах зээлд IPO гаргах гэж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ? 

-    IPO гаргах хэрэггүй. Засгийн газар Тавантолгойгоороо Хятад  улсаас авсан өрөө хаах ёстой. Дэлхийн зах зээлээс санхүүжилт авахын тулд энэ өр саад болоод байна. Тиймээс ойрын таван жилд Тавантолгойн нүүрсээрээ Хятадын 5 миллард, 800 сая долларын өрийг хаая. IPO гаргах тухай ярьж байгаа бол эхлээд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсны дараа олон улсын үнэлгээний байгууллагаар үнэлүүлээд дэлхийн хамгийн том зах зээлд хувьцааг нь гаргах ёстой. Тэгэж чадвал бид хөгжлийн сан байгуулаад их хэмжээний хөрөнгө босгох боломжтой болно. Нүүрсний хувьцааг дэлхийн зах зээлд гаргаад байдаггүй. Тэгээд ч дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаад байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан нөхөд монголчуудад хэрэгтэй ямар ажил хийх юм бэ. 

-    Оюутолгойд үүсээд буй асуудалд ямар байр, суурьтай байна вэ. Гадны хөрөнгө оруулагчдын асуудлыг ярьж буй энэ үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнээ барьж, хориод байна. Мөн ажлын хэсэг гараад Оюутолгой компанийг шалгах гэж байна шүү дээ? 

-    Хариуцлагын тухай ярихаар хүний эрх зөрчсөн юм шиг ойлголтыг төрүүлээд байна. Энэ их буруу. Оюутолгой компани байгуулагдаад 10 жил болж байна. Яагаад төрөөс нэг удаа шалгаж болохгүй гэж. Монголын газар нутаг дээр бизнес хийж их хэмжээний ашиг олж байгаа биз дээ. Шалгалт хийнэ гэхэд юунд эгдүүцээд байгаа юм. Миний мэдэхэд манай компанийг энэ хорин хэдэн жилд асар олон компаниас шалгаж байсан. Тэгээд би яасан юм. Хэр зэрэг сайн шалгана тэр хэрээр Оюутолгой компанийн үйл ажиллагаа сайжирна.Санхүүгийн орлого, зарлагаа ил тод байлгах ёстой. Тэгвэл бид хардаж, сэрдэж мэтгэлзэж, маргалдах шаардлагагүй болно. Тийм учраас бид зөв гэж бодож байна. Оюутолгойд монголчуудын эрх ашгийг хэр хамгаалж байгаа юм бол. Хамаг хар ажлаа хийлгээд гурван төгрөг өгөөд байгаа юм биш. Энэ бүхнийг шалгах л ёстой шүү дээ. 

-    Та бол ноолуурын салбарт бизнес эрхэлдэг хүн. Ноолуурыг дотооддоо бүрэн боловсруулаад гадагш гаргах боломж байна уу? 

-    Байна. Гэхдээ уйгагүй хөдөлмөр хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, сайн техник технологи бэлтгэх хэрэгтэй. Мөн залуусыг энэ чиглэлээр мэргэшүүлж, боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж буй залуусын нийгмийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Ер нь Монголд үйлдвэрлэлийг хаячихлаа. Ганц Оюутолгой л ярьж байна. Бидний хийж буй зүйл хэнд ч хэрэггүй юм байна л даа. 

-    Уг хуралдаанд төрийнхөн л үгээ хэлж байна. Хувийн хэвшил үгээ хэлж чадахгүй байна гэх шүүмж байна. Энэ үнэн үү? 

-   Дэндүү хийсвэр том зүйлүүдийг ярьж байна. Иргэд хэрхэн зээл авч бизнесээ яаж өргөжүүлэх вэ гэдэг асуудлыг ярих хүсэлтэй байна. Яаж технологио шинэчилж, сайжруулах вэ бараагаа зах зээлд нийлүүлэх вэ гэдэг асуудлаа ярьж байна. Гэтэл үүнийг ярихгүй төрийн бодлого л жил бүр ярих юм. Хөгжлийн хөтөлбөр гэх ерөнхий асуудлыг л ярьж байна. Одоо бодит асуудлыг яримаар байна. Цалингаа яаж нэмэх вэ гэдгээ яръя. Саяхан эмч, сувилагчид жагслаа. Тэдний цалинг улсын төсвөөс нэмэх үү, болих уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Миний хувьд улсын төсвөөс цалинг нь нэмэх ёсгүй гэж үздэг.

Учир нь эрүүл мэндийн салбарыг тогтолцооны хувьд өөрчлөх ёстой байна. Бусад орны жишиг шиг. Яаралтай бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдъя. Хоёрдугаарт даатгалын санг улсын төсвөөс салгах ёстой. Мэдээж төр хяналтаа тавих ёстой. Эмнэлгүүдийн менежментийг нь өөрсдөд нь хариуцуулж өгье. Тэгвэл эмч нар даатгалаасаа санхүүжээд орлогоо хангалттай нэмэгдүүлэх боломжтой болно. Түүнийг хийхгүй улсын нэгдсэн төсвийг Эрүүл мэндийн яамаар дамжуулан эмнэлгүүдэд олгоод байгаа учраас ойрын 20 жилд эмч нарын цалин нэмэгдэхээргүй болсон байна. Манай эмч, сувилагч нар нам дагаж гүйдгээ болих хэрэгтэй. 

Ч.Хүрэлбаатар: Төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулиудын шинэчилсэн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Татварын ерөнхий хууль, ААН-ийн Орлогын албан татварын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ болон эдгээр дөрвөн хуулийн дагалдаж 20 гаруй хуульд өөрчлөлт орууллаа гэв. 

Тодруулбал, доорх өөрчлөлтүүдийг хийхээр болсон байна. 

1.Татварын маргаан таслах тухайд олон гомдол ирсэн. Эргэлзээ төрүүлэхээр заалтуудыг цэгцэлсэн. 

2. ААН-ын орлогын албан татварын 85 хувийг 398 ААН бий болгодог. Үлдэж буй 15 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 110 мянга гаруй ААН бий болгож байна. Ингээд үзэхээр татварын бааз суурь цөөхөн ААН дээр үндэслэсэн байдаг. Татварын суурийг нэмэгдүүлэх чиглэлд нэлээн олон өөрчлөлт хийсэн. Татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол энэ хуульд дандаа бууж өөрчлөгдөж байна.

3. ААН-ийн орлогын албан татварын хувьд 3 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд 10 хувь, түүнээс дээшээ 25 хувийн татвар төлдөг. 3 тэрбумын босгыг өсгөж 6 тэрбум болгож байна. Ингэснээр ААН-үүд томрох үйл явцыг бид нээж өгч байна. 3 тэрбумын босго дээр тулаад ирэхээр ААН-үүд хуваагддаг. Ингэснээр захиргааны зардлууд нэмэгддэг. 

4. 1,5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд одоо 10 хувийн татвар төлж байна. Үүнээс  төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болно. Энэ нь 1 хувийн татвар төлнө гэсэн үг. Үүнд Ашигт малтмал, газрын том, согтууруулах ундаа болон тамхины салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хамаарахгүй. 

5. 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татварыг төлөх эрхийг эдлэхээр хуульд заасан. ААН-үүдийн хувьд татварын дарамт буурна. 

6. Татварын тайлагналтыг энгийн болгоно. Эрдэнэт үйлдвэр ч найман нэрийн барааны дэлгүүр ч жилдээ дөрвөн удаа тайлан өгдөг байсныг болиулж байна. 50 саяас доош орлоготой ААН-үүд жилдээ нэг, 1,5 тэрбумаас доош бол хоёр, үүнээс дээш бол жилдээ дөрвөн удаа тайлан гаргадаг байхаар тусгажээ.  

 Хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны 1 сарын 1 гэж үзэж байгаа аж. 

Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнд дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гурван гишүүнийг томилуулахаар хүргүүлсэн саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх нь дуусгавар гурван гишүүний оронд Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, н.Буяндэлгэр нарыг томилуулах хүсэлтэй байгааг тодотгосон юм.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр Ж.Ганбаатар гишүүн "Үндсэн хуулийн цэц улс төрөөс ангид ажиллах учиртай. Та бүхэн эдгээр нэр дэвшүүлсэн улс төрийн хүрээнд ангид хэрхэн Үндсэн хуульд нийцэн ажиллах вэ. Та бүхнийг хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна. Ард түмний талд, хуулиа дээдэлж ажиллахыг хүсье" гэсэн асуулт тавьсан юм.

Хариуд нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Туулхүү " Хуульд заасан дагуу ажлаа явуулна" гэсэн бол н.Буяндэлгэр "Монгол Улсын Үндсэн хуулийг барьж, түүнд захирагдаж ажиллана. Цэцийн гишүүн халдашгүй, хараат бусаар ажиллах учиртай" гэсэн юм. Мөн нэр дэвшигч Ц.Нанзаддорж "Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ томилдог тул улс төрөөс ангид ажиллана" гэж хариулав.

Мөн энэ үеэр Б.Дэлгэрсайхан гишүүн "Эдгээр гурван хүний түүх намтрыг нь уншиж үзсэн. Хамт ажиллаж үзсэн хүмүүс ч байна. Цаашдаа зарчимтай, зөв шударга ажиллаарай" гэснээр санал хураалт явуулж, нэр дэвшигчид олонхийн саналаар дэмжигдлээ.

Д.Батлут: Орхон аймаг өрсөлдөх чадвараа улсдаа тэргүүллээ 

Засгийн газрын мөрийн хөтөлбөр,  үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан шилдэг яам, аймгуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.  Орхон, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул зэрэг аймгуудад 2017 онд амжилттай ажиллаж шалгарсан байна. Мөн аймгуудаас гадна 2017 оны шилдэг яамдаар ХНХЯ, Сангийн яам тус тус шалгарсан байна. 

Шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулсан юм. Тэрбээр "Шилдгүүдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамж, нийгмийн  индекс хөгжлийн үзүүлэлт зэрэг нийт 11 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулсан. 2018-2019 он бүтээн байгуулалтын жил байх төдийгүй иргэддээ амласан томоохон амлалтаа биелүүлэх чухал цаг үе юм. Тиймээс цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, айл, өрх бүрийн амьдралд үр өгөөжийг хүргэх нь бидний гол зорилго юм” гэв. Ингээд шилдэг аймгуудын Засаг дарга нарын сэтгэгдлийн сонссон юм. 

Д.Батлут: НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 4 ДАХИН БУУРУУЛЖ, ЭХИЙН ЭНДЭГДЭЛГҮЙ АЖИЛЛАЛАА

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут: "2017 ажлынхаа үзүүлэлт, үйл ажиллагаагаар шилдэг аймаг болсонд баяртай байна. Манай аймгийн хувьд амжилт бүтээлээр, арвин, дүүрэн жил байлаа. Бид өрсөлдөх чадвараа улсдаа тэргүүлж, хүний хөгжлийн индексээрээ хоёрдугаар байрт орлоо. Орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг хүний хөгжил рүү чиглүүлж хөгжилд хүрэх 18 дэд хөтөлбөр батлуулж үүнийхээ дагуу ажиллаж амжилт гаргалаа. Тухайлбал,  хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлтийг улсын дунджаас даруй 7 дахин өндөр буюу 35  хувьд хүргэж чадлаа. Анхдагч өвчлөлтэй 298 иргэний эрт илрүүлэн 100 хувь эмчилж чадсан. Нярайн эндэгдлийг 4 дахин бууруулж, эхийн эндэгдэлгүй ажилласан байна. Мөн 4000 гаруй ажлын байрыг бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн, иргэдийн ая тухай амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийн тулд  2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлуудыг хийсэн. 620 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийг шинээр ашиглалтад орууллаа. Гэр хорооллын  шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх чиглэлээр 3 км шугам сүлжээг гэр хороололтой холбосон зэрэг олон бүтээлч ажил хийсэн.  Цаашдаа энэ олон амжилтаа бататгаж илүү их хичээж ажиллахын тулд аймгийн иргэн бүхэн нэг зорилго, нэг санаа, нэг сэтгэлээр зүтгэнэ. 

М.БАДАМСҮРЭН: НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР УЛСДАА ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРСАН

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн индексээр улсдаа гуравдугаар байрт шалгарсан. Нэг хүнд ногдох ДНБ-ээр хоёрдугаар эрэмбэлэгдсэн. Боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн амжилттай ажиллаа. Эдийн засгийн өндөр чадавхитай Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өмнөговь зэрэг аймгуудтай энэ тэнцүү үзүүлэлт гаргаж ажлаа дүгнүүллээ. Дорнод  аймгийн ААН-ууд, татвар төлөгч нарт, хэрэгчид болон нутгийн иргэддээ, шилэн дансны хэрэгжилтийг үнэлсэн Сангийн яам, Шударга байдлын үнэлгээг үнэлсэн АТГ зэрэг олон байгууллага, хамт олонд баярлалаа. Энэ шагнал бидэнд урам өгсөн. Цаашид манай аймгийн хувьд автозам, суургуль, цэцэрлэг шинээр барих ажил төлөвсөн байна. Орон нутгийн хөрөнгийн сангаас аймгийнхаа иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр нэлээд ажил хийнэ. Мөн байгаль орчны чиглэлээр сум баг гэлтгүй мод тарихаар төлөвлөсөн.  

Н.НАРАНБААТАР:  ӨМНӨГОВЬЧУУД БИД ХАМТДАА БҮТЭЭЛЦЭЖ, ХАМТДАА ХӨГЖИНӨ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар: Өнгөрөгч 2017 онд хийсэн ажлаа үнэлүүлж шилдэг аймаг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаар Өмнөговь аймгийг 2017 оны ажлаараа 21 аймаг, нийслэлийг манлайлж ажилласныг тодорхойлж шилдэг болж шагналаа гардаж аваад байна.  Бид ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож "БИД ХАМТДАА" үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан 17 дэд хөтөлбөрийг салбар тус бүрийн онцлогт тохируулан амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийг маань  Засгийн газар өндрөөр үнэлсэн байна. Хамтын бодлого шийдвэрийг дэмжиж хэрэгжүүлэн ажиллаж ирсэн Өмнөговьчууддаа баярлалаа. Цаашид бид ирэх онуудад төлөвлөсөн ажлаа амжилттай, гүйцтгэлтэйгээр хийх урам зориг авлаа.  Өмнөговьчууд бид хамтдаа бүтээлцэж, хамтдаа хөгжинө. 

С.НАСАНБАТ: 2017 ОНЫ АМЖИЛТААРАА ГУРАВДУГААР БАЙР ОРЛОО

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат: Байгууллага аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын Монголын төр үнэллээ. Засаг даргын дэргэдэх 22 агентлагаас аймгийн Эрүүл мэндийн газар салбарынхаа хэмжээнд улсад нэгдүгээр байр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар яамны хэмжээнд нэгдүгээр байр, Ус цаг уур эрдэм шинжилгээний газар 2017 онд ажлаар улсад нэгдүгээр байрт орлоо. Мөн манай Боловсролын газар элсэлтийн ерөнхий шалгалтаараа 2017 оны амжилтаараа гуравдугаар байр орсон зэрэг салбар агентлаг, төрийн байгууллагуудын ажлын үр дүн өнөөдөр нийлбэр болж үнэлэгдэж байна. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор 11 аргачлалаар бидний ажлыг үнэлж дүгнэлээ. Үүнээс хамгийн голлосон асуудал нь иргэдийн сэтгэл ханамжийн судалгаанд үнэлсэн байдал. Тиймээс бид иргэдэд хүрсэн, сэтгэл ханамжтай ажил, үйлчилгээг үзүүлсэн. Үүний тод жишээ нь 2017 онд аймгийнхаа ИТХ-аар 300 орчим сая төгрөгийг батлуулж иргэдийн өөрсдийн оролцоотой 2017, 2020 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлсэн нь их нөлөөлсөн.

ЦЕГ: "Мөнгөн бороо" хөтөлбөрт элссэн иргэд мэдүүлэг өгнө үү

2012-2016 ОНД “АНХНЫ АЛХАМ”, “ХАМТДАА ХӨГЖЬЕ”, “МӨНГӨН БОРОО”, “МӨНГӨН ХАРШ” ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ЭЛССЭН ИРГЭД МЭДҮҮЛЭГ ӨГНӨ ҮҮ. 

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн С.Оюун нарт холбогдох хэрэг шалгагдаж байна. Уг хэрэгт “Гүн-галуутын Оюун-Эрдэнэ” ТББ-аас хэрэгжүүлсэн “Анхны алхам”, “Хамтдаа хөгжье”, “Өү Си Эй Ти” ХХК-иас хэрэгжүүлсэн “Мөнгөн бороо”, “Мөнгөн харш” төсөл хөтөлбөрт 2012-2016 онд элсэн орсон, мөнгөн урамшуулал авсан нэр бүхий иргэд мөнгөн хүлээн авсан дансны дугаараа тодруулан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор Мөрдөн байцаах албаны 315 тоот өрөөнд ирж мэдүүлэг өгнө үү.

Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Самбуугийн гудамж, Утас: 93266924, 80090076, 91319797

Мэдүүлэг өгөх шаардлагатай иргэдийн нэрийг энд дарж үзнэ үү. 

Ирэх намраас ЕБС-иудад эрүүл мэндийн хичээл орно

Ирэх намраас эхлэн энэ хичээлийг дахин оруулахаар болжээ. Гэхдээ, тусгай цаг нэмэлгүйгээр хичээлийн агуулгыг заах аж. Тиймээс сургууль бүр дээр 2-5 багшийг нөөц багшаар бэлтгэх юм байна. Эрүүл мэндийн хичээлийг зургаан агуулгатай байлгахаар ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа аж. Үүнд, осол гэмтэл, хоол тэжээл, нөхөн үржихүй, жендэр гэсэн хэсгээр сургалт, мэдээллээ хүргүүлэх юм байна.

Цаашид 1-3 дугаар ангид нь буюу бага насанд тохирсон агуулгаар эрүүл мэндийн хичээлийг заах чиглэл баримталж байна. Багш нарыг наймдугаар сард мэргэшүүлсэний дараагаар, ирэх есдүгээр сард 4-12-р ангийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлийг оруулах юм байна. 

Ачааны машин осолдож нүүрсний хий алдагджээ

Ачааны машин осолдож нүүрсний хий алдагдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн эзэмшлийн “Нордбенз” загварын ачааны автомашин осолдож, нүүрс хүчлийн хий алдагджээ. Ослын талаарх мэдээлэл энэ сарын 22-23-нд шилжих шөнө Онцгой байдлын албан ирсэн аж. Дуудлагын цагаа онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж ослын газар шалгат хийхэд машин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу осолдож орсон байдалтай байжээ. Тус машин нь осолдож 20 тонны баллон унасан байсныг аюулгүй болгож цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар ҮХЦ-д хандана

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тус бүлэг гурван асуудал хэлэлцжээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах шаардлагыг АН-ын бүлэг тавьсан. Гэвч Засгийн газар хариу мэдэгдээгүй байна. 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Нэр бүхий хоёр сайдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлээгүй нь ҮХЦ-д хандахад хүргэж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан. Төсвийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлээгүй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бусдын орон сууцанд түрээсийг нь төлөлгүй амьдардаг. Түүний ах дүү, хамаатан саднууд нь нэрийг нь барьж хууль бус үйлдэл хийдэг. Түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг ҮХЦ-д тавихаар байгаа. Монголын хүний төлөө намаас АН-ын бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид холбогдох 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах  тухай гомдлыг ирүүлсэн. Энэ ноцтой асуудлыг Монголын хүний төлөө нам  хууль хяналтын байгууллагад шалгуулах эсэх нь өөрсдийнх нь асуудал" гэлээ.

С.Эрдэнэ: Засгийн газрын гадаад өр өссөн

Дараагаар нь АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр дотоод өр авлагыг барагдуулсан гэж яриад байна. Үзүүлэлтээрээ дотоод өр авлага буурсан үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ энэ нь Засгийн газар сайндаа биш ОУВС-гийн урт  хугацааны зээлээр барагдуулсан. 2017 онд  Монгол Улсын гадаад өр авлага 22.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 6 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тэр дотроо Засгийн газрын гадаад өр 6 их наядаар өсчээ.  Засгийн газрын өр улсын гадаад өр өсөхөд нөлөөлсөн байна.  Энэ их мөнгөөр юу хийсэн бэ. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч км зам тавиагүй. АН-ын эрх барьж байх үед хэрэгжүүлж байсан ажлын туузыг хайчилж байгаа. Цэвэрлэх байгууламжийн ажлын тендэр ч зарлагдаагүй, ажил нь ч эхлээгүй байна. Жил бүр худлаа амлаж, гэрээ хийдэг. Ийм байдлаар улс орны хөгжлийг хангахгүй" гэлээ. 


Тус бүлэг нь ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгын нэрийг дэвшүүлснийг АН-ын бүлэг дэмжихээр болжээ.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах үндэслэлгүй Засгийн газраас мэдэгдлээ. Та бүхний дараагийн арга хэмжээ юу вэ? 

АН-ын дарга С.Эрдэнэ: Бусдын байранд үнэ төлбөргүй түрээслэн амьдарч байгаагаа, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийснээ Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ч.Хүрэлбаатар сайдын ах дүү нартайгаа хуйвалдаад орд газрыг худалдаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, түүний сайд нарыг хууль зөрчсөн үндэслэлээр асуудал тавина. Үндсэн хуулийг хэлбэрлэлтгүй сахиж ажиллах үүрэг Засгийн газарт бий. Засгийн газар нь Үндсэн хуулийн заалтыг дагаж мөрдөөгүй цагт бусад хүмүүст шаардлага тавих эрхгүй. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах чадамж АН-д байхгүй. Тиймээс бид асуудлыг ҮХЦ-д тавина. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Сөрөг хүчин хяналт тавих, хариуцлага тооцох үүрэгтэй. Бидэнд Засгийн газраас хариу ирээгүй байна. Засгийн газар худлаа ярихаа болих хэрэгтэй. Гэм буруутайг хуулийн байгууллагаар шийддэг асуудал биш.

-ҮХЦ-д АН өөрсдийнхөө хүнийг оруулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

АН-ын дарга С.Эрдэнэ: АН-д ҮХЦ-д өөрсдийнхөө хүнийг байршуулах боломж байхгүй. Ерөнхийлөгч санал болгох нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. АН нөлөөлөх боломж байхгүй л дээ.

МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчлах шийдвэр гаргалаа

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчлахаар дөнгөж сая шийдлээ. Гэхдээ Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг УИХ эцэслэн шийднэ. 

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

  • Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай
  • Төрийн мэдээллийн аюудгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай
  • Тогтоолын хавсралтад нэмэлт-өөрчлөлт оруулах тухай ( Сонгино говь усан хангамжийн төслийг концессын зүйлийн жагсаалтад нэмж оруулах тухай)
  • Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам төслийг Концессын жагсаалтад нэмэх тухай)
  • Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын жагсаалт батлах тухай

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
loan Offer
Do you need a loan are you in debts did your bank say no We offer personal loans with a good repayment plan of up to 20 years at 2% interest rate per year. We stand apart from other lenders because we
2024/02/24 117.98.18.3
Randolph Williams
ocfinance компани, бид 0f 3% -ийн хүүтэй зээл өгдөг. ocfinance01@gmail.com Сайн байцгаана уу ноён / ма. Бид хувийн хэвшлийн компани тул 100 сая зээлийн нөөцийг 1,000 $ -ийн зээлийг бизнесийн хөгжилд
2019/10/15 41.203.78.226
Randolph Williams
ocfinance компани, бид 0f 3% -ийн хүүтэй зээл өгдөг. ocfinance01@gmail.com Сайн байцгаана уу ноён / ма. Бид хувийн хэвшлийн компани тул 100 сая зээлийн нөөцийг 1,000 $ -ийн зээлийг бизнесийн хөгжилд
2019/10/15 41.203.78.226