-Чуулган: Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо-
Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн. Энэ асуудлыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцлээ.
Чуулганд оролцсон гишүүдийн 98.4 хувийн саналаар Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болохыг дэмжиж томиллоо. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж томилорглсон гишүүдэд хандаж үг хэдсэн юм. Тэрбээр "Томилогдож байгаа хүмүүст амжилт хүсье. Үндсэн хуулийн цэц бол том хуульчдын ном хурах газар байдаг. Тэгэж байж шударга шийдвэр гарна. Үүнд хүрэх хэцүү. Тиймээс энэ том хуульчдын зиндаанд хүрч ажиллах хэрэгтэй. Өнгө мөнгөний хорвоо боллоо. Зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй. Үндсэн хуулиа л битгий зарж идээрэй. Үүнийг л захимаар байна. Тал талаас чинь янз бүрийн шахалт ирнэ. Айлган сүрдүүлэх, дарамтлах, худалдах гээд элдэв арга хэрэглэнэ. Тиймээс энэ айдас, дарамтад орохгүй ажиллаарай гэж захимаар байна. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болдог болж байгаа шүү. Ингэж л өнгө мөнгөнд худалдагдаж байгаа шүү. Үүний эсрэг баттай зогсоорой гэж хэлмээр байна" гэв.