8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Цэцийн гишүүнийг хүмүүсийн тогтсон ойлголтод таруулж нэр дэвшүүлэх шаардлагагүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-24 12:34:32

Үндсэн хуулийн цэцийн хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа. Үүнтэй холбогдуулан тэдний орны хүнийг томилох шаардлага гараад буй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй дөрвөн хүний нэгийг нь УИХ-аас санал болгож буй бол үлдсэн гурвыг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж байгаа юм. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэдүүлсэн Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг томилох эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Дээрх гурван хүнийг ҮХЦ-ийн гишүүний шалгуурт тэнцэхгүй байхад улс төрийн тохироогоор томилчихлоо гэх хүмүүс байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа. 

-    Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнд тэнцэхээргүй байхад улс төрийн тохироогоор томилж байна гэх олон нийтийн шүүмжлэл байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ? 

-    Монгол улсын Үндсэн хуулийн 65.2-т Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэж заасан. Хууль зүйн дипломтой эсвэл улс төрийн мэргэшилтэй хүн байна гэж заасан байгаа биз дээ. Хуучин томилж байсан жишгүүдийг харахад П.Очирбат, Лхагва, Чалхаажав нар хуулийн дипломгүй. Тэгэхээр дээрх хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангах шаардлагагүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэц нь хамгийн сайн хуульчдын цуглуулга байх ёстой гэж хэлж байна. Гэтэл Үндсэн хуулийн 65.2 –т ингэж заагаагүй байна. Би УИХ-ын дарга байхдаа МУИС-ийн Цогтоо, Ганзориг багшийг санал болгож Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан. Нийт гишүүд, ард түмэн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нь хуулийн мэдлэгтэй, эрдэмтэн хүн байх ёстой юм шиг ойлголттой байна. Харин Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хайж байсан хүн гэж ойлгож байна. Улс төрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Мөн багш нарын цуглуулга болж болохгүй. Үндсэн хуулийн шаардлагын дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт өөрч хуулийн шаардлага өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яахав шүүмжлэлийг харж байна. Энэ шаардлагад нийцсэн ямар нэгэн улс төрөөр яваагүй эрдэмтэд л гомдол гаргаад байх шиг байна. Тэд “Би хуулийн мэдлэгтэй. Эрдмийн өчнөөн бүтээлтэй. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй “ гэж байх шиг байна. Тэд улс төрийн өндөр мэргэшилгүй байгаа биз дээ. Хуулиа л барихаас биш хүмүүсийн ойлголтод тааруулсэн хүнийг нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ДЭМЖИГДСЭН ХҮМҮҮСИЙН НАМТАР 

Б.Буяндэлгэр нь хуульч мэргэжилтэй, Ардын их хурлын депутатаар ажиллаж байсан, Дорнод аймгийн залуучуудын байгууллага, эвлэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. Мөн УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референтеер тус тус ажиллаж байжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

•     1978 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
•    1984 онд  ЗХУ-ын  Эрхүү  хотын  Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

•    1984-1989 онд Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны
•    -Зохион зааварлах хэлтэст референт
•    -Хуулийн хэлтэст ахлах зөвлөх-кодификаторч
•    -Хууль зүй, арбитрийн хэлтэст ахлах арбитрч
•    -Хуулийн хэлтсийн дарга
•    1989-1991 онд Дорнод аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны дарга
•    1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн
•    1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал
•    2008-2012 онд УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт
•    2012-2015 онд “CGM” ХХК-ийн менежер
•    2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал

Ц.Нанзаддорж нь Төрийн өмчийн хороонд насаараа ажилласан гэлцдэг.  Ц.Нанзаддорж нь 2012 оны долдугаар сард Төрийн өмчийн хорооны даргаар анх удаагаа томилогдсон. Гэвч 2013 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Д.Цогтбаатарыг томилж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны даргаар нь буцаан томилж байсан юм. Төрийн албанд 18 жил ажилласан. Энэ хугацааныхаа 15 жил буюу 1996-2011 он хүртэлх хугацаанд төрийнөмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх яриа байдаг.

Г.Туулхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байна.  Хурандаа Г.Туулхүүгийн хувьд 2014 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм.  МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байжээ. Мөн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Нанзаддорж гэдэг энэ эр 15 жилийн турш төрийн өмчийг будлиантуулж, өөрөө цулайхаас өөр ажил хийсэн юм уу, элдэв хэл аманд өртөж байдаг, Төрийн өмчийн хорооны дарга байсан хүмүүс яагаад ҮХЦ рүү зүтгээд
2018/05/24 202.179.31.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment