8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодис хууль бусаар хилээр гаргах хэрэг ихэсчээ

2018-05-24 16:00:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Уг хуулиас зарим хэрэгжихгүй байгаа заалтыг хасах, нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь ШШГЕГ-ын харьяанд байдаг  бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заажээ. Гэвч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй аж. Тиймээс мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, чиг үүргийг  хуулийн төсөлд тодорхой тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлын үр дүнгийн талаар тодруулав. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа бөгөөд ихэвчлэн каннабис буюу өвс болон мөс хэмээх мансууруулах бодис хэрэглэдэг байна. Мөсийг Монголд үйлдвэрлэдэггүй бөгөөд ихэвчлэн БНХАУ-аас орж ирдэг аж. Өнгөрсөн онд 2017 онд хил, гаалийн байгуулагын албан хаагчид нийт 600 гаруй грамм мөс илрүүлэн хураан авсныг ажлын хэсгээс хариулав. 2017 оны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 117 эрүүгийн хэрэгт 275 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явуулжээ. Харин энэ оны эхний улиралд 61 гэмт хэрэгт 132 хүнийг саатуулсан байна.

Мөн телевизийн сувгуудаар гарч буй нийтлэл, нэвтрүүлэг хяналт тавих, хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээг харуулсан, сурталчилсан киног гаргахгүй байхад анхаарах, аймаг, орон нутагт эмчилгээний төв байгуулахыг УИХ-ын гишүүд зөвлөв. Түүнчлэн мансууруулах бодист донтсон иргэдийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хуульчлах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Гишүүдийн зүгээс цахим тоглоомын газруудад бага насны хүүхэд согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах зэргээр буруу зуршилтай болж байгаад анхаарлаа хандуулах болон орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулж буй шөнийн цэнгээний газруудыг хаах хэрэгтэй хэмээж байв.

Мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх, нийгэмд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасныг ажлын хэсгийн гишүүд дурьдав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.3 хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл