8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ҮХЦ-ийн гишүүдийн томилж, 649 жолоочид 13 сая төгрөгийн торгууль ноогдуул ногдуулсан өдөр

2018-05-24 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

З.Энхболд: Цэцийн гишүүнийг хүмүүсийн тогтсон ойлголтод таруулж нэр дэвшүүлэх шаардлагагүй

Үндсэн хуулийн цэцийн хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа. Үүнтэй холбогдуулан тэдний орны хүнийг томилох шаардлага гараад буй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй дөрвөн хүний нэгийг нь УИХ-аас санал болгож буй бол үлдсэн гурвыг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж байгаа юм. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэдүүлсэн Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг томилох эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Дээрх гурван хүнийг ҮХЦ-ийн гишүүний шалгуурт тэнцэхгүй байхад улс төрийн тохироогоор томилчихлоо гэх хүмүүс байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа. 

- Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнд тэнцэхээргүй байхад улс төрийн тохироогоор томилж байна гэх олон нийтийн шүүмжлэл байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ? 

   Монгол улсын Үндсэн хуулийн 65.2-т Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэж заасан. Хууль зүйн дипломтой эсвэл улс төрийн мэргэшилтэй хүн байна гэж заасан байгаа биз дээ. Хуучин томилж байсан жишгүүдийг харахад П.Очирбат, Лхагва, Чалхаажав нар хуулийн дипломгүй. Тэгэхээр дээрх хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангах шаардлагагүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэц нь хамгийн сайн хуульчдын цуглуулга байх ёстой гэж хэлж байна. Гэтэл Үндсэн хуулийн 65.2 –т ингэж заагаагүй байна. Би УИХ-ын дарга байхдаа МУИС-ийн Цогтоо, Ганзориг багшийг санал болгож Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан. Нийт гишүүд, ард түмэн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нь хуулийн мэдлэгтэй, эрдэмтэн хүн байх ёстой юм шиг ойлголттой байна. Харин Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хайж байсан хүн гэж ойлгож байна. Улс төрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Мөн багш нарын цуглуулга болж болохгүй. Үндсэн хуулийн шаардлагын дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт өөрч хуулийн шаардлага өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яахав шүүмжлэлийг харж байна. Энэ шаардлагад нийцсэн ямар нэгэн улс төрөөр яваагүй эрдэмтэд л гомдол гаргаад байх шиг байна. Тэд “Би хуулийн мэдлэгтэй. Эрдмийн өчнөөн бүтээлтэй. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй “ гэж байх шиг байна. Тэд улс төрийн өндөр мэргэшилгүй байгаа биз дээ. Хуулиа л барихаас биш хүмүүсийн ойлголтод тааруулсэн хүнийг нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ДЭМЖИГДСЭН ХҮМҮҮСИЙН НАМТАР 

Б.Буяндэлгэр нь хуульч мэргэжилтэй, Ардын их хурлын депутатаар ажиллаж байсан, Дорнод аймгийн залуучуудын байгууллага, эвлэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. Мөн УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референтеер тус тус ажиллаж байжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

•     1978 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
•    1984 онд  ЗХУ-ын  Эрхүү  хотын  Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

•    1984-1989 онд Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны
•    -Зохион зааварлах хэлтэст референт
•    -Хуулийн хэлтэст ахлах зөвлөх-кодификаторч
•    -Хууль зүй, арбитрийн хэлтэст ахлах арбитрч
•    -Хуулийн хэлтсийн дарга
•    1989-1991 онд Дорнод аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны дарга
•    1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн
•    1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал
•    2008-2012 онд УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт
•    2012-2015 онд “CGM” ХХК-ийн менежер
•    2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал

Ц.Нанзаддорж нь Төрийн өмчийн хороонд насаараа ажилласан гэлцдэг.  Ц.Нанзаддорж нь 2012 оны долдугаар сард Төрийн өмчийн хорооны даргаар анх удаагаа томилогдсон. Гэвч 2013 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Д.Цогтбаатарыг томилж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны даргаар нь буцаан томилж байсан юм. Төрийн албанд 18 жил ажилласан. Энэ хугацааныхаа 15 жил буюу 1996-2011 он хүртэлх хугацаанд төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх яриа байдаг.

Г.Туулхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байна.  Хурандаа Г.Туулхүүгийн хувьд 2014 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм.  МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байжээ. Мөн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байжээ.

С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмбэл төсөвт 2 их наяд төгрөгийн дарамт үүснэ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-2017 оны шилдэг яамаар шалгарсанд баяр хүргэе.  Ямар үзүүлэлт шалгуураар шилдэг болов?

-Баярлалаа. Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр шалгарууллаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Засгийн  газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд тэргүүлж шагнал авсанд  баяртай байна. Яамны хамт олонд болон нийгмийнхээ түнш байгууллагуудад баяр хүргэе. Өнгөрөгч 2017 онд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр олон чухал ажил арга, хэмжээ авч хэрэгжүүллээ. Ялангуяа ахмад настны нийгмийн хамгааллын асуудал, залуучуудын хөгжлийн асуудлаар хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн,  төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн урамжуулал олгох асуудлыг  шийдвэрлэсэн. Мөн тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн, ОУВС-тай байгуулласан зарим гэрээнд өөрчлөлт оруулж тэтгэврийн насыг зургаан насаар нэмсэн байсныг гурван насаар нэмсэн зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна.

-Эмч, багш гээд төрийн байгууллагын ажилчид цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьж 10 гаруй өдөр суулт зарлаж байна. Ер нь цалинг 50 хувиар нэмэх боломж Засгийн газарт бий юу?

-Ер нь бол өмнөх Засгийн газар Олон улсын валютын сантай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж гэрээ байгуулахдаа 2017, 2018 онд  төрийн албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн гэрээ байгуулсан. Өмнөх Засгийн газар цалин нэмүүлэхгүй гэж гэрээ байгуулсан гээд бид цалин нэмэхгүй гээд суухгүй. Засгийн газар  өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжүүлэх хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа төрийн албан хаагчдын шаардлагад бодитой, үндэслэлтэй хандах ёстой. Ер нь бол төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэсэн шаардлагатай би санал нэг байгаа. Дэмжиж байгаа гэсэн үг.  2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй  байгаа. Энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Инфлиацын төвшин нэлээд өндөр гарсан. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх, орлого нэмэгдүүлэх тодорхой ажил хийж байгаа. Өнгөрсөн жил төрийн албан хаагчдад 54 тэрбум төгрөгт тохируулан ажлын мөнгөн урамшуулал олгосон. Яг үндсэн цалин нэмэгдээгүй ч төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болсон гэж үзэж байгаа. Энэ онд ОУВС-тай хийсэн гэрээ хэлэлцээртээ өөрчлөлт оруулаад 2018 оны дөрөвдүгээр улирлаас эхлээд инфлиацын төвшинтэй уялдуулан нэмнэ гэсэн зөвшилцөлд хүрсэн. Энэ хүрээнд цалин нэмэгдүүлэх ажил хийж байна.  Улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч бий.  Багш, эмч нарын ажлын ачаалал их гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ төрийн албан хаагчдад төр ялгавартай хандаж эхний ээлжид нэг хэсгийг нь нэмнэ гэсэн ойлголт байхгүй. 

Эхний ээлжинд цалинг тэгш нэмнэ гэсэн байр суурьтай байгаа Засгийн газар. Эмч, багш нарын шаардаж байгаа шиг төрийн албан хаагчдын цалин 50 хувиар нэмэх боломж, бололцоо энэ Засагт байхгүй. Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэвэл жилдээ 900 орчим тэрбум төгрөг шаардах юм. Энэ нь дараагийн жилдээ бүтэн аваад эхлэхээр төсөв дээрээ хоёр их наяд төгрөгийн санхүүгийн дарамт, ачаалал үүснэ. Тийм учраас төрийн албан хаагчдын цалинг бөөнөөр нь 50 хувиар нэмэх боломжгүй. Ямар ч байсан 2018, 2019, 2020 он гээд гурван жил дарааллан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэсэн тооцоо судалгаа гаргаад ажиллаж байна.

-Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт цалин нэмэх талаар хэрхэн тусгаж өгсөн вэ. Монголын Үйлдвэрчний Эвлэлтэй хэрхэн ярилцаж тохирсон вэ?

-Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа 2017, 2018 оны улсын нэмэлт хэлэлцээр байгуулсан. Үүнд хоёр үүрэг гүйцэтгэсэн. Нэг дэх асуудал нь инфлиацын төвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийе гэсэн үүрэг авсан. Хоёрдугаарт 2018 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэсэн асуудлыг нэмэлт хэлэлцээрээр байгуулна гэсэн үүргээ Засгийн газар  биелүүлээд явж байна. Хамгийн гол нь үйлдвэрчний эвлэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ОУВС-тай инфлиацын төвшинтэй уялдуулан цалин нэмэх асуудлаа үргэлжүүлэн хэлэлцэж ирж гээд гарын үсэг зурчихаад одоо болохоор тэр байгуулласан хэлэлцээрээс давсан шаардлага тавьж байгаа нь таагүй байна. Цаашид бид жагсаж цуглаж биш, гурван талт хэлэлцээрээр асуудлыг шийдэх хэрэгтэй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр /өчигдөр/ боллоо. Хэлэлцүүлэгээр Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай яригдсан. Тухайлбал, ямар өөрчлөлт орох вэ? 

-Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийтдээ 24 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалт  хөдөлмөрийн харилцаанд төрийн оролцоо их, уян хатан биш байгаа нь ажил олгогчид өөрийн шийдвэр гаргахад хүндрэл учруулсан, ажилтан хөдөлмөрийн харилцааны суурь эрхийг эдэлж чадахгүй байдалд хүргэж байгаа тул уг хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг бий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найрууллага 13 бүлэг, 127 зүйлтэй байхаар боловсруулсан.  

Хуулийн төсөлд оруулсан өөр нэг шинэлэг заалт нь ажиллах хүч нийлүүлэгч хуулийн этгээдээр дамжуулан 6 сараас дээшгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил болон ажил, албан тушаал нь тодорхой хугацаагаар хадгалагдах ажилтны оронд, тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах чанарын ажилд ажилтан авч болох, ингэхдээ ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдтэй уг үйлчилгээг авахтай холбоотой гэрээ байгуулах тухай юм.

Бүрэн бус цагаар, зайнаас ажиллах гэрээ болон бусад дагалдах гэрээ байгуулах, иргэд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг сэлгүүлэн ажиллуулах зэрэг асуудлыг зохицуулах шинэ зүйл, заалтыг нэмж оруулжээ. Мөн хөлсөөр мал маллаж байгаа малчны цалин хөлстэй холбоотой асуудлыг тусгайлан зохицуулахдаа нийт цалин хөлснийх нь 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр төлж болох заалтыг тусгасан. Үүнийг малчин өрхийн үйлдвэрлэлд дарамт учруулахгүйгээр хөдөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тустай гэж үзэж байгаа. Уул уурхайн болон бусад төсөөтэй үйлдвэрлэлийн салбарт гэр орноосоо алсад урт хугацаатай ээлжээр ажиллах хэлбэр нэвтэрч байгааг харгалзан “жасаагаар ажиллуулах” гэсэн шинэ зохицуулалтыг оруулна.  Жасаагаар ажиллах ажилтны нэг сард ажил үүрэг гүйцэтгэх хоног нь 20-иос дээшгүй, амрах хоног нь 10-аас доошгүй байхаар оруулсан. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насанд хүрээгүй хүн буюу хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дэлхийн нийтийн жишиг, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг боловсронгуй болгох тал дээр нэлээд анхаарч ажилласан байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан аж ахуйн нэгж байгууллагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй тохиолдолд төлөх төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн  2019 оноос зургаан жил, 2020 оноос дараалласан долоон жилийнх нь цалингаас тэтгэвэр боддог болох хуулийг УИХ баталсан. Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж С.Бямбацогт, Ж.Энхбаяр гишүүдээс асуулга ирүүлсэн байна. Энэ асуулгын хариуг удахгүй УИХ-ын чуулган дээр хариу өгнө.

-Ярилцсанд баярлалаа. 

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орон болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл ШХАБ-д элсэх нь зөв эсэх цаашлаад гишүүнээр элссэнээр ямар өөрчлөлт орох талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

 Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн орон болох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ байгууллагад элсэх шаардлагатай юу. Манай улс олон жил энэ байгууллагын ажиглагч байсан шүү дээ?

-ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Хоёрдугаарт, энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон талаас нь судлах ёстой. Өнөөдөр дотоод, гадаад улс төрөө харж биш, дунд болон урт хугацаанд их гүрнүүдийн харилцаа яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа явах, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэхийг тооцоолох хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад мэдрэгдэхгүй. Гадна талдаа бол хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Гуравдугаарт, энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгаа сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол улс 1990 оноос хойш гурав дахьч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахьч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.

-Албан ёсоор төвийг сахих бодлогоо батлаагүй ч төвийг сахиж байгаа улс орон ШХАБ-д элсэх нь хэр зохимжтой байдаг вэ?

-Төвийг сахих гэдэг нь хоёр хэлбэртэй. Нэгт, хууль боловсруулаад улс төрийн шийдвэр гаргаснаа зарлаад явах нэг хэлбэр байдаг. Хоёрт, улс төрийн шийдвэр гаргахгүй ч хар хайрцагны бодлогоор төвийг сахиж болдог. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих санал гаргасан. Бид судлаад одоохондоо огцом шийдвэр гаргах хэрэггүй, хоёр хөршийн харилцааг хөгжүүлэх, гурав дахь ч хөршийн бодлого дээрээ анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзсэн. Төвийг сахих бодлогын цаад санаа нь хоёр хөршийн хэт их нөлөөнд автахгүй байх юмсан гэдэг зорилготой юм. Үүний гол баталгаа нь гурав дахь ч хөршийн бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд оршдог. 

Г.Баасан: С.Баярыг хордуулсан байж болзошгүй

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Ерөнхий сайд асан С.Баярын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.   

Мэдээллийн эхэнд Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хорих 461 дүгээр ангийн сэжигтэн, яллагдагчийг хорих бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн С.Баярын бүртгэлтэй танилцсан. Энэ талаар товч мэдээллээ тавдугаар сарын 2-нд хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн. Гэтэл Тавдугаар сарын 3-нд хоригдож буй С.Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал албан өрөөндөө авчирч, дарамталсан байх магадлал өндөр байна. Тусгай камертай өрөөнд байцаалт авах ёстой байтал Х.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд шууд нөлөөлж, С.Баярыг ажлын өрөөндөө оруулсан нь илт хууль зөрчсөн, дарамталсан үйлдэл юм” гэв. 

Мөн  60 тэрбумын хэргийг нуун дарагдуулах зорилгоор С.Баярыг хордуулж, золигт гаргах оролдлого байж болзошгүй. Энэ хэргийн ард М.Энхболдын бүлэглэл байгаа гэж хардаж байгаа гэдгээ онцоллоо. 

У.Хүрэлсүх: Хоёр сайдыг огцруулах үндэслэлгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ардчилсан дээрх шаардлагад хариу хүргүүлжээ. 

Тэрбээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах үндэслэлгүй хэмээн хариултдаа дурджээ. Түүний хүргүүлсэн шаардлагын хариуг бүрэн эхээр нь хүргэе. Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандаж ирүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцав.

  1. Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах, зөвлөхийн оролцоотойгоор “Хотгор шанага”-ын уурхайг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдэд худалдсан, уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх асуудал нь эцэслэн шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдоогүй байна. Мөн татвараас чөлөөлсөн, хөнгөлөлт үзүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн орлого бууруулсан, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох зорилгоор төсвийн зарлага нэмэгдүүлэх зэргээр Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг зөрчсөн гэх асуудал нь Улсын Их Хурлаас баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хийгдсэн ажил болно. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох арга хэмжээ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг бөгөөд энэхүү арга хэмжээг төсөвлөгдсөн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1-д зааснаар Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага хүлээдэг тул дээр дурдсан асуудлаар Сангийн сайдыг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
  2. Мөн албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгох зэргээр хууль бус үйлдэл удаа дараа гаргасан гэх асуудлууд нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаагүй, Эрдэнэт үйлдвэр “Жаст” ХХК-д баталгаа гаргасан асуудалд сайд Ц.Нямдорж ямар ч оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасан тул гэм буруутай нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй асуудалд холбогдуулан Засгийн газрын нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь огцруулах хууль зүйн үндэслэлгүй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Ц.Нямдорж: Үндсэн хуулиа битгий зарж идээрэй

Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн.  Энэ асуудлыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцлээ.

Чуулганд оролцсон гишүүдийн 98.4 хувийн саналаар Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болохыг дэмжиж томиллоо. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж томилорглсон гишүүдэд хандаж үг хэдсэн юм.  Тэрбээр "Томилогдож байгаа хүмүүст амжилт хүсье. Үндсэн хуулийн цэц бол том хуульчдын ном хурах газар байдаг. Тэгэж байж шударга шийдвэр гарна. Үүнд хүрэх хэцүү. Тиймээс энэ том хуульчдын зиндаанд хүрч ажиллах хэрэгтэй. Өнгө мөнгөний хорвоо боллоо. Зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй.  Үндсэн хуулиа л битгий зарж идээрэй. Үүнийг л захимаар байна. Тал талаас чинь янз бүрийн шахалт ирнэ. Айлган сүрдүүлэх, дарамтлах, худалдах гээд элдэв арга хэрэглэнэ. Тиймээс энэ айдас, дарамтад орохгүй ажиллаарай гэж захимаар байна. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болдог болж байгаа шүү. Ингэж л өнгө мөнгөнд худалдагдаж байгаа шүү. Үүний эсрэг баттай зогсоорой гэж хэлмээр байна" гэв. 

Л.Эрдэнэчулуун: Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл

Сүүлийн үед хуурамч шатахуун үйлдвэр байгаа талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хэвлэлийн хурал хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон  талаар мэдээлэг өгсөн.  Тэгвэл энэ мэдээлэлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун  өнөөдөр тайлббар мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “ Манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэх боломж байхгүй. Манай улс үйлдвэрлэгч орон биш. Импортлогч орон. Өнөөдрийн байдлаар нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж импортоор шатахуун оруулж ирж байна. Оруулж ирж байгаа шатахуун тухайн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертификаттай ирдэг.Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан хэд хэдэн компани бий. Энэ компаниуд тухайн шатахуун дээр чанаржуулагч буюу актон нэмэх юм. 

Өөрөөр хэлбэл дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг улмаар тухайн шатахууныг чанаржуулдаг гэсэн үг. Тодруулбал 80 авто бензин дээр нафто нэмээд түүнийгээ 92 болгодог. Энэ бол стандарт. Олон улсад ийм стандартыг баримталдаг.

Олон Улсын жишигт энэхүү актон нэмэх асуудал 1990-ээд оны үеэс гарсан байдаг.  Дэлхийн аль ч оронд бензины чанарыг сайжруулах зорилгоор актон буюу чанаржуулагч нэмдэг. Энэ асуудлыг зарим хүмүүс Монгол Улсын зах зээлд нийлүүлж байгаа шатахуун хуурамч гэж үзэн иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс манай Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй. Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм. 

Энэ оны эхний улиралд 574.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ

Монголбанкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тус мэдээллээр дараах тоон үзүүлэлтийГг онцолсон юм. Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг байна. Үүний 1.9 хувийг чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн нь 2.3 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн онуудад чанаргүй зээл өсөх хандлагатай байсан ч эдийн засаг сайжирснаар 2017 оны аравдугаар сараас хойш ипотекийн зээлийн чанар тогтворжиж эхэлсэн гэдгийг албаныхан онцоллоо. Ялангуяа хугацаа хэтэрсэн зээл илт буурсан байна. Орон нутгаар авч үзвэл, хамгийн их чанаргүй зээлтэй аймгаар Увс аймаг тодорсон бол Дундговь аймагт хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн сард 50.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргасан байна.  Нийслэлд өнгөрсөн сард нийт 44.1 тэрбум төгрөгийн зээл гарсны 30.5 тэрбум төгрөг нь Дээрх хоёр дүүрэгт байршилтай орон сууцыг худалдан авахад зориулжээ. Орон сууцны зээлтэй нийт иргэний тоо 93 мянгад хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 680 иргэн ипотекийн зээл авчээ. Нийт зээлдэгчдийн 40.6 хувь нь 18-25, 35.9 хувь нь 25-35 насныхан байна. Нийт зээлийн 80 орчим хувийг 18-35 насныхан авчээ. 2017 оны аравдугаар сараас орон сууцны үнэ өссөн үзүүлэлт гарсан байна.  Харин Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөнгөний урсгал 30 хувиар нэмэгджээ. Тэр дундаа нийт хадгаламж 144.5 тэрбум төгрөгөөр өссөний 55 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж, ам.долларын хадгаламж буурсан байна. Энэ үзүүлэлт Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ бага ч гэсэн өссөнийг илтгэж байна гэдгийг тус банкны эдийн засагчид онцолжээ.Манай улсад энэ оны эхний улиралд 574.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Үүний дийлэнх нь уул уурхайн салбарт чиглэжээ. Харин төлбөрийн тэнцэл 42.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ.   Банкуудын иргэдэд олгосон нийт зээл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 14.4 их наяд төгрөгөөр тоологдож байна. Үүний 8.4 хувийг чанаргүй зээл, 6.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. 

649 жолоочид 13 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсч байгаа зөрчлийг таслан зогсоох зорилгоор хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна. Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 649 жолоочид 12,980,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцож Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг авчээ.

Иймд жолоочид нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоохыг анхаарууллаа.

Баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо. Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчийг сонгон шалгаруулсан бөгөөд Үндэсний хорооны хурлаар наадмын ерөнхий найруулагчийг баталлаа. Энэ жилийн наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллана.
 
Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концерт, урлаг соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэлийг одооноос эхлэх, Хүй долоон худагт наадам болтол уралдаан, тэмцээн сунгаа, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сэргээшийн шинжилгээний талаарх мэдээллийг бөхчүүдэд хүргэж, танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох салбар хорооны дарга нарт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment