8o
Улаанбаатар хот
mobile menu

ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжлээ

2018-05-25 14:31:29

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

 

Ажлын хэсэг хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын гурван асуудлыг санал, дүгнэлтдээ тусгасныг тэрбээр танилцуулав. Үүнд:

Нэгд, улсын төсвийн Халамжийн санд 2018 онд төсөвлөсөн 375 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж, ахмад дайчин, алдар цолтой ахмад настны хөнгөлөлт, урамшууллын зардал, насны хишиг, алдарт эхийн одонтой эхчүүдийн тэтгэмж, “Цалинтай ээж” хөтөлбөр болон ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөр зэргийг санхүүжүүлэхээр батлагдсан байна. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт олгоход шаардагдах нэмэлт санхүүжилтийг одоо хэрэгжиж байгаа дээрх халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох, эсвэл хамрах хүрээг нь бууруулж шийдвэрлэх боломжтой, харин ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөрт зориулсан 41 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувь болгож нэмэгдүүлэхэд зарцуулах нь хуулийн хүрээнд боломжтой гэж үзсэн байна.

Хоёрт, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгаа хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгах;

Гуравт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашид хүүхэд бүрт олгох асуудлыг судлан үзэж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгах саналтай байгаагаа дурджээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг аваагүй аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, гаднаас авсан зээлээ төлж барагдуулж чадахгүйд хүрч, олон түмэн хандив цуглуулах санаачлага гаргаж байсан тэр үеэс Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрт оролцсон улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагатай хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгохоор тохиролцсон. Тиймээс бүх зүйл яриа хэлэлцээрийн түвшинд явагдах ёстой, явагдаж ч ирсэн.

Олон улсын банк санхүүгийн байгууллагатай хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгохоор тохиролцсон.

 

Эдийн засагт нааштай зарим ахиц өөрчлөлт гарч байгаа учраас урд нь хүүхдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 80 хувьд олгохоор ОУВС-тай удаа дараа ярилцаж байж тохирсон.

Эдийн засаг өсч байгаа, татварын орлого, валютын нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засгийн нааштай үзүүлэлтийн нэг, зөв бодлогын үр дүн юм. Гэхдээ тулгамдсан өр зээл, хуримтлагдсан асуудал байсаар байна. Зөвхөн өнгөрсөн 7 сард гадаад бондын үндсэн төлбөр, хүүд 2 их наяд 817 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ онд гэхэд гадаад зээл, бондын хүүгийн зардалд 1.4 их наяд төгрөг, ирэх онд 700 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байгаа. ОУВС-гаас авч байгаа зээл зөвхөн төлбөрийн тэнцлийг хангах, төгрөгийн чадварыг сайжруулахад зориулагдаж байгаа. Тиймээс ядахдаа гадаадаас  авсан бонд, зээлийн дарамтаас Монголын төр, Засгийн газрыг салгахыг хичээж байна. Үүний тулд эдийн засгийн зөв бодлого чухал байгааг онцлов. Мөн 2015 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгож, хүүхдийн мөнгийг Халамжийн тухай хуулиар зохицуулж олгохоор болсон байдаг. Энэ үндсэн дээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зорилтот хэсэгт олгож байгаа гэдгийг хэллээ.   

Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж, Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Саналын томъёоллуудтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргасан гишүүд ч саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.” гэж өөрчлөн найруулахаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын гаргасан Байнгын хорооноос дэмжээгүй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн 2.4 дэх дэд заалтыг “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаагүйн улмаас улсын төсөвт үлдэх зөрүү мөнгөөр Хүүхэд хөгжлийн сан байгуулж, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;” гэж, тогтоолын төслийн 2.2 дахь дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэх;” гэж тус тус өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг олонхи нь дэмжсэн. Ийнхүү Байнгын хорооны саналын томъёоллууд дэмжигдсэн юм.

Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл