8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ирэх 7 хоног 3 өдөр амрахаар болж, Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохыг дэмжсэн өдөр

2018-05-25 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ч.Хүрэлбаатар: Бүх хүүхдэд мөнгө өгвөл ОУВС-гийн хөтөлбөр зогсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувь хүүхдийн мөнгө олгох санал оруулсан бөгөөд нэгтгэсэн хэлэлцүүлгээр 80 хувьд олгохоор хэлцэж байгаа юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон зарим гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хэрэгтэй, шаардлагагүй зардлыг төсвөөс танаснаар санхүүгийн хувьд хүндрэл үүсэхгүй гэсэн байр суурь хэлж байгаа. Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөхөд 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ 20 тэрбум төгрөгөө хүүхдэд гаргаад өгөхийн төлөө бид маргаж суух хэрэггүй гэж бодож байна. Зорилтот бүлэг яагаад жилийн дотор 60 хувь байсан нь 80 болж өсч байгаа юм бэ? Би үүнийг улс төржилт гэж харж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Хэрэв өгөхгүй бол хүүхдээ хайрлахгүй байна гэж хэлж болохоор байна" гэв. 

ЕТГ-ын дарга З.Энхболд "Хүүхдийн мөнгийг 80 биш 100 хувь олгоход 12.9 тэрбум төгрөг л нэмэх шаардлагатай. Энэ нь 50 ширхэг жип автомашины үнэ. ОУВС-тай 80 хувь болгох хэлэлцээр хийж болсон юм чинь 100 болгож болох байлгүй. Үргүй зардал маш их байгаа. МАН-ын зарим гишүүд ч хүүхдэд 100 хувь олгох боломжтой. Мөнгө байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгох боломжгүй гэж байна. Юм бүрээ асуух шаардлагагүй гэж үзэж байна" гэж байв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа "Энэ бол мөнгө төгрөгийн асуудал биш ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-тай хамтарч ажиллаж, бодлогын баримт бичиг байгуулсан. Энэ баримт бичигт Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тусгасан байдаг. Үүнийг өнгөрсөн 5 дугаар сард хэлэлцээ хийж байж 80 хувь болгосон. Хэрэв 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно. Хэрэв зогсвол эдийн засгийн энэ тогтвортой байдал бүгд алга болно. ОУВС-тай бид заавал ойлголцох учиртай. Бид өөрсдөө өр зээлээ дарж чадахгүй, эдийн засгийн уналтаа зогсоож чадахгүй учир санал тавьж, хөтөлбөр авсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд тохирсон хэлцэлийг бид гэрээ гэж ойлгож дагах хэрэгтэй. Өрхийн шинэчилсэн судалгааг  тогтоол гарснаас хойш эхлүүлнэ. Богино хугацаанд хийнэ гэж бодож байгаа.2015 онд 2016 оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тооцоод баталчихсан. Одоо 100 хувь олго гэж шаардаад байгаа хүмүүс тэр үед 60 хувьд олгоно гэж нийлээд баталж байснаа санаач. Та бүхэн тухайн үед энэ үгээ яагаад хэлээгүй юм бэ" гэв. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Т.Баярхүү: “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Д.Сугараас мэдүүлэг авна

АТГ-ын хэлтсийн дарга нар энэ сард хийсэн ажлаа тайлагнасны дараа олны анхааралд байгаа эрүүгийн хэргүүдийн мөрдөн байцаалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний мөнгө гадны банкнаас залилж авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан эсэх асуултад хариулт өглөө. Тэрбээр "Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байхад нь нэг удаа авч байсан. Харин одоо АТГ-аас дуудаж мэдүүлэг авна”  гэсэн юм. 

Харин Д.Сугарын "өнгөрсөн хугацаанд АТГ-аас ганц ч удаа намайг дуудаж мэдүүлэг авч байгаагүй гэсэн" тайлбар мэдээллийг өнгөрсөн 7 хоногт өгч байсан удаа бий. 

Э.Идэрцог: С.Баяраас байцаалт авсан гэхдээ дарамталсан, айлгасан зүйл байхгүй

АТГ-аас энэ сарын ажлын гүйцэтгэл мэдээллээ танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлсийн дарга, Эрхэлсэн комиссар Э.Идэрцогоос Оюу толгойн гэрээтэй холбогдох хэргээр хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нарыг  АТГ-т авчирч байцаасан гэх мэдээлэлд хариулт авсан юм. Тэрбээр  " Энэ сарын 4-ний өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас авчирч байцаалт авсан. Байцаалт авах тухай үед яллагдагчыг өмгөөлөгчийнх хамтаар байцаасан.  Сэжигтэн яллагдагчийг АТГ-т авчирсан асуудал нь хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй явсан. С.Баярыг залхаан цээрлүүлсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Одоогоор Хэргийн цар хүрээ өргөн тиймээс шалгах явц нэлээд удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгаа" гэв. 

ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ажлын хэсэг хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын гурван асуудлыг санал, дүгнэлтдээ тусгасныг тэрбээр танилцуулав. Үүнд:

Нэгд, улсын төсвийн Халамжийн санд 2018 онд төсөвлөсөн 375 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж, ахмад дайчин, алдар цолтой ахмад настны хөнгөлөлт, урамшууллын зардал, насны хишиг, алдарт эхийн одонтой эхчүүдийн тэтгэмж, “Цалинтай ээж” хөтөлбөр болон ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөр зэргийг санхүүжүүлэхээр батлагдсан байна. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт олгоход шаардагдах нэмэлт санхүүжилтийг одоо хэрэгжиж байгаа дээрх халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох, эсвэл хамрах хүрээг нь бууруулж шийдвэрлэх боломжтой, харин ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөрт зориулсан 41 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувь болгож нэмэгдүүлэхэд зарцуулах нь хуулийн хүрээнд боломжтой гэж үзсэн байна.

Хоёрт, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгаа хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгах;

Гуравт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашид хүүхэд бүрт олгох асуудлыг судлан үзэж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгах саналтай байгаагаа дурджээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг аваагүй аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, гаднаас авсан зээлээ төлж барагдуулж чадахгүйд хүрч, олон түмэн хандив цуглуулах санаачлага гаргаж байсан тэр үеэс Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрт оролцсон улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагатай хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгохоор тохиролцсон. Тиймээс бүх зүйл яриа хэлэлцээрийн түвшинд явагдах ёстой, явагдаж ч ирсэн.

Олон улсын банк санхүүгийн байгууллагатай хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгохоор тохиролцсон.

Эдийн засагт нааштай зарим ахиц өөрчлөлт гарч байгаа учраас урд нь хүүхдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 80 хувьд олгохоор ОУВС-тай удаа дараа ярилцаж байж тохирсон.

Эдийн засаг өсч байгаа, татварын орлого, валютын нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засгийн нааштай үзүүлэлтийн нэг, зөв бодлогын үр дүн юм. Гэхдээ тулгамдсан өр зээл, хуримтлагдсан асуудал байсаар байна. Зөвхөн өнгөрсөн 7 сард гадаад бондын үндсэн төлбөр, хүүд 2 их наяд 817 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ онд гэхэд гадаад зээл, бондын хүүгийн зардалд 1.4 их наяд төгрөг, ирэх онд 700 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байгаа. ОУВС-гаас авч байгаа зээл зөвхөн төлбөрийн тэнцлийг хангах, төгрөгийн чадварыг сайжруулахад зориулагдаж байгаа. Тиймээс ядахдаа гадаадаас  авсан бонд, зээлийн дарамтаас Монголын төр, Засгийн газрыг салгахыг хичээж байна. Үүний тулд эдийн засгийн зөв бодлого чухал байгааг онцлов. Мөн 2015 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгож, хүүхдийн мөнгийг Халамжийн тухай хуулиар зохицуулж олгохоор болсон байдаг. Энэ үндсэн дээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зорилтот хэсэгт олгож байгаа гэдгийг хэллээ.   

Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж, Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Саналын томъёоллуудтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргасан гишүүд ч саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.” гэж өөрчлөн найруулахаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын гаргасан Байнгын хорооноос дэмжээгүй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн 2.4 дэх дэд заалтыг “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаагүйн улмаас улсын төсөвт үлдэх зөрүү мөнгөөр Хүүхэд хөгжлийн сан байгуулж, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;” гэж, тогтоолын төслийн 2.2 дахь дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэх;” гэж тус тус өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг олонхи нь дэмжсэн. Ийнхүү Байнгын хорооны саналын томъёоллууд дэмжигдсэн юм.

Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Канадын виз мэдүүлэхэд хурууны хээ авдаг болно

Канад Улсын Засгийн газар Цагаачлал, дүрвэгсдийн хамгаалалтыг зохицуулах журмандаа өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн АНУ-аас бусад улсын иргэд Канадад богино хугацаагаар зорчих, сурах, хөдөлмөрлөх, түр болон удаан хугацаагаар оршин суух, орогнох, дүрвэх виз мэдүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өө бүртгүүлдэг болох тухай Канад улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэв.

Монгол улсын 14-79 насны Канад улс руу зорчих иргэн биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өө Улаанбаатар дахь Канад улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв дээр өөрийн биеэр очиж өгнө. Канадын виз мэдүүлж буй гадаадын иргэний өгсөн биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээлэл 10 жил хүчинтэй байх ажээ.

Энэхүү шаардлага нь Төрийн тэргүүн болон албан хэргээр, дипломат үүргийн дагуу зорчих албан тушаалтанд үл хамаарна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР

Л.Мөнхбаатар: Хүүхдэд оноох ял шийтгэл насанд хүрэгчдээс өөр байх ёстой

УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан. Хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Энэ хуулиар яг ямар асуудлыг зохицуулахаар тусгасан бэ? 

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан болон миний бие санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүүхдэд оногдуулсан ялыг тэнсэн харгалзах, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж 1-3 жил хянан хүмүүжүүлэх, хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авч болохоор заасан байдаг. Энэ нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буюу буюу 6 сараас 5 жил хүртэл ял шийтгүүлсэн 14-18 насны хүүхдэд хамаарч, хүнд гэмт хэрэг буюу  2-оос дээш жил  хорих ял шийтгүүлэхээр заасан хүүхдэд хамаарахгүй байна. Энэ хуулийн төслөөр хэргийн хөнгөн, хүндээс үл хамааран 14-18 насны хүүхэд анх удаа  гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж хязгаарлалт тогтоох болон  хорих ялыг тэнсэн харгалзаж 1-3 жил хүртэл хугацаагаар хянан харгалзан арга хэмжээ авахаар тусгасан.

 -Ийм асуудал их тулгараад байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан юмуу. Ер нь практикт хэр их гардаг вэ?

 -Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.1-ийн 2-т хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгай хийсэн тохиолдолд хохирол харгалзахгүйгээр 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь хорих ялын хугацаанаас шалтгаалан хүнд гэмт хэрэгт хамаарч байна.  Тухайн гэмт хэргийн төрлөөс хамаарч гэмт хэргийг хөнгөн, хүнд гэж ангилах нь харьцангуй байж болно. 14 настай хүүхэд сумын төвийн жижгэвтэр дэлгүүрээс чихэр, жимс гэх мэтийг хулгайллаа гэхэд хохирлын хэмжээ буюу хулгайлсан зүйлийн үнийн дүнг үл харгалзан бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгай хийсэн тул уг хүүхдийг хүнд гэмт хэрэг хийсэн гэж үзэж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж байна. Гэтэл нөгөө хүүхэд магадгүй 10000 төгрөгийн чихэр хулгайлсан байдаг.  Гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг боловч ял шийтгэл өөрөө бас хүмүүжлийн зорилготой байдаг. Насанд хүрээгүй, бие, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй хүүхдийн анх удаа үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял шийтгэлийг эдлүүлэхдээ насанд хүрэгчдээс илүү ялгаатай хандах ёстой гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан.

 -Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд удаагүй, сайн, муу нь хараахан мэдэгдээгүй байна. Хуульд ийм богино хугацаанд өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой вэ?

 -Мэдээж, хууль тогтвортой үйлчилснээр түүний хэрэгжилт, хуулийн үр нөлөө сайн байна. Хууль хэрэгжсэнээр уг хууль нийгэмд үр нөлөөгөө өгч чадаж байгаа эсэх, зохицуулалт нь зөв байсан эсэх нь харагдана. Эрүүгийн хууль 2017.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжээд 1 жил арай болоогүй байна. Энэ бол хуулийн үр нөлөөг дүгнэх хангалттай хугацаа биш хэдий ч бараг 1 жил орчим хугацаанд энэ хуулийг хэрэглэсэн байна. Энэ хугацаанд иргэдээс ч санал хүсэлт ирүүлж байна. Гэхдээ нэгэнт хуульд өөрчлөх шаардлагатай тодорхой асуудал байна үзсэн тохиолдолд түүнийг заавал амьдрал дээр дахин дахин шалгаад байлгүйгээр өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Нэн ялангуяа Эрүүгийн хууль бол тодорхой хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг хууль учраас хэрвээ уг хуульд буруу зүйл орсон бол нэн даруй засах ёстой.

Хадгалалтын горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ

Хүүхдийн баярын болох гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн бэлгэнд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Шалгалт энэ сарын 7-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтад өнөөдрийн байдлаар  100 гаруй аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа үйлчилгээний газрыг хамруулсан байна. Шалгалтаар 219 зөрчил илрүүлж, 164-ийг нь газар дээр нь арилгуулж, холбогдох арга хэмжээг авчээ. Мөн шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Шошгийн шаардлага хангахгүй 28 нэрийн 5.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг сүлжээнээс татан авсан байна. Хадгалалтын горим зөрчсөн 27 нэрийн 260 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулжээ. Зөрчил гаргасан 24 аж ахуйн нэгжийг 7 сая төгрөгөөр торгожээ.

Хэн, юу гэж хэлэв: Цэцийн гишүүдийн томилгоо зарим хуульчдыг уйлахад хүргэв 

Д.Сугар тэргүүтэй Үндсэн хуулийн цэцийн хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбогдуулан тэдний орны хүнийг томилох шаардлага үүссэн. Энэ дагуу УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Г.Туулхүү, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Ш.Солонгын нэрийг УИХ-аас санал болгосон бол бусад гурвыг нь Ерөнхийлөгчөөс оруулж ирж хэлэлцүүлсэн. Эдгээр гурван хүнийг хуулийн мэдлэггүй, цэцийн гишүүний шалгуурт тэнцэхгүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна. 

Ингээд уг томилгоны талаар ХЭН, ЯМАР байр суурь илэрхийлснийг хүргэе. 

Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, хуульч Б.Гүнбилэг: УИХ маань Ерөнхийлөгчийн зааснаар буруу палат руу буруу эмч явуулчихлаа 


-  Өөрийн хэмжээнд Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 2-т заасан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн санааг тайлбарлая.Улс төрийн сургууль юмуу, хуулийн сургуулийг хоёуланг нь төгссөн хүн байх ёстой гэж байгаа зүйл биш. Харин Үндсэн хуулийг тайлбарлах хүн бол улс төр, хууль зүйн онолын болон практикийн аль алины мэдлэгтэй байх ёстой гэсэн л санаа. Учир нь Үндсэн хуулийг уншихад улс төр, хууль зүйн мэдлэг шаарддаг. Хуульч хүн улс төрийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа уншиж чадахгүй. Үндсэн хуулийн эрх зүй нь өөрөө ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ шаарддаг. Зүгээр хуулийн мэдлэг биш шүү. Эсрэгэрээ улс төрч хүн Үндсэн хуулийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа тайлбарлаж чадахгүй. Дээр нь Цэц нь өөрөө шүүх гэж байгаа учир хуулийн процесс ажиллагаа, арга зүй, техник эзэмшсэн байхыг шаардах учир ихэнхдээ мэргэжлийн хуульчид байна. (Харин явцуу хүрээнд түүхчилсэн тайлбар хийвэл, Ерөнхийлөгч байсан хүн ч Цэцэд сууж болно гэсэн санаа Үндсэн хууль батлагчид ярьж байсан тул заавал хуульч гэдэг дээр манай Үндсэн хуулийн шаардлага гарахгүй болчихдог). Гэхдээ хамгийн гол санаа нь ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ-ийн тухай л Үндсэн хууль заасан. Гол нь өнөөдөр томилогдсон хүн энэ заалтыг юу гэж ойлгож байна вэ? гэсэн чинь: -Үнэнээ хэлэхэд улс төрөөр мэргэшиж ажилласан юм байхгүй. Тодорхой хэмжээний төсөөлөлтэй байгаа. Би нэг аймгийн Ардчилсан намын даргыг нэг жил хийсэн гэж байгаа юм. Ямар их зориг вэ? Энэ чинь юу болж байгаан бэ? Таминь ээ, уйлмаар. Өөрийнхөө томилогдож буй ганц заалтаа бэлдэж, бэлдэж тайлбарлаж байгаа нь энэ.Нүдний эмчид бөөрөө үзүүлдэггүй л байхгүй юу. Өнөөдөр УИХ маань Ерөнхийлөгчийн зааснаар буруу палаат руу буруу эмч явуулчихлаа” гэсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчдийн арын өрөөнд ҮХЦ-ийн цэцийн гишүүд согтуу битгий таараарай

-ҮХЦ Үндсэн хуулийн шүүх. ҮХЦ нэр хүндтэй байх, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх боломжоо өнгөрсөн хугацаанд алдсан. Төрийн албанд ажилласан гэдэг шалгуураар орж ирдэг. ҮХЦ-ийн томилгоог ярихад Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудал энэ танхимд яригдаж байгаа нь монгол төрийн эмгэнэл мөн. Нэр дэвшигчдийн анкеттай танилцсан. Зарим хүнд сэтгэл дундуур байсан. ҮХЦ-д нэр дэвшигчдийг төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол цэвэр мэргэжлийн хуульчдын ажил. Улстөрчдийн арын өрөөнд ҮХЦ-ийн цэцийн гишүүд согтуу битгий таараарай. Битгий энд тэнд улстөрчидтэй наймаа яриарай.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ

-Цэцийн гишүүн болох хүн улстөр, хуулийн өндөр мэргэшсэн байх гэж заасан байдаг. Би анхандаа гайхдаг байсан ч утга учиртай үг гэдгийг нь ойлгосон шүү. Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ. Өнгө, мөнгөний л хорвоо боллоо. Тал талаас чинь асар их шахалт ирнэ шүү. Эрдэнэтийн асуудлаар Цэцийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байна лээ. Хүнд хэлэхийн аргагүй зүйл хийсэн байсан. Ятгах, дарамтлах, айлган сүрдүүлэх гээд. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Болохгүй ч хүмүүс биш байна гэж үзэж байна. Цэцийн шинэ гишүүдийн ажилдаа хандах хандлагаас цаашдын бүх зүйл хамаарна.  Ашиг харсан нийгмээ дагаад хүмүүс ахуй, хангамжид анхаарал хандуулдаг болсон нь үнэн. ҮХЦ-ийн гишүүд улс төрийн намууд, улстөрчдөд тал зассан шийдвэрийг гаргавал төвөгтэй асуудал үүснэ шүү. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд ҮХЦ тулгатай шийдвэр гаргасан шүү. Шинэ гишүүдийн намтартай танилцсан. Болохгүй ч хүмүүс биш байна гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Болохгүй ч хүмүүс биш байна гэж үзэж байна.

  -Чуулганаар орж томилогддог цөөхөн албан тушаал бий. Чуулганаас орж ирэхээс өмнөх ажил авсны дараах хоёрын дунд их зөрүү бий. Чуулганыхаа хуралдаанд ирдэггүй албан тушаалтнууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их гарсан. Шударга зарчимтай, улс төржихгүй ажиллаарай гэдгийг гишүүд хэлж байна. Цэцийн гишүүд тэнгэрт биш газарт буун ажиллаж, Үндсэн хуулиа манаж ажиллах ёстой. Үндсэн хуулийн манаач болох хүмүүс Үндсэн хуулийнхаа зарчмаар манаачийнхаа үүргийг сайн сахиж ажиллаарай. Ш.Солонгыг  би эртнээс танина. Бүх Засгийн газарт ажиллаж байсан өргөн хүрээний мэдлэгтэй хүн.  Мөн ЗГХЭГ-ын дэд даргаар олон жил ажиллаж байна. Засгийн газраас гаргаж буй хууль, шийдвэрүүдийн гол үндэс нь Ш.Солонгын гараар дамждаг. ҮХЦ-д очоод маш сайн ажиллана гэдэгт итгэж байна. Ш.Солонгыг чөлөөлсөнтэй холбогдуулж ЗГХЭГ-т түүнтэй  дүйхүйц чадвартай хүн томилоорой.  Чамбай, туршлагатай хүний л хийдэг ажил шүү.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Цэцийн гишүүдийг хүмүүсийн тогтсон ойлголтод тааруулж нэр дэвшүүлэх шаардлагагүй 

Монгол улсын Үндсэн хуулийн 65.2-т Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэж заасан. Хууль зүйн дипломтой эсвэл улс төрийн мэргэшилтэй хүн байна гэж заасан байгаа биз дээ. Хуучин томилж байсан жишгүүдийг харахад П.Очирбат, Лхагва, Чалхаажав нар хуулийн дипломгүй. Тэгэхээр дээрх хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангах шаардлагагүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэц нь хамгийн сайн хуульчдын цуглуулга байх ёстой гэж хэлж байна. Гэтэл Үндсэн хуулийн 65.2 –т ингэж заагаагүй байна. Би УИХ-ын дарга байхдаа МУИС-ийн Цогтоо, Ганзориг багшийг санал болгож Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан. Нийт гишүүд, ард түмэн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нь хуулийн мэдлэгтэй, эрдэмтэн хүн байх ёстой юм шиг ойлголттой байна. Харин Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хайж байсан хүн гэж ойлгож байна. Улс төрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Мөн багш нарын цуглуулга болж болохгүй. Үндсэн хуулийн шаардлагын дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт өөрч хуулийн шаардлага өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яахав шүүмжлэлийг харж байна. Энэ шаардлагад нийцсэн ямар нэгэн улс төрөөр яваагүй эрдэмтэд л гомдол гаргаад байх шиг байна. Тэд “Би хуулийн мэдлэгтэй. Эрдмийн өчнөөн бүтээлтэй. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй “ гэж байх шиг байна. Тэд улс төрийн өндөр мэргэшилгүй байгаа биз дээ. Хуулиа л барихаас биш хүмүүсийн ойлголтод тааруулсэн хүнийг нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 

Ш.Солонгын оронд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн нэр яригдаж эхэлсэн үү

УИХ-ын чуулганааар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллох асуудлыг хэлэлцэж баталсан юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд яригдаж байсан ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдов. Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон түүний орлох хүн хэн бэ гэх асуулт, яриа өчигдрөөс эхлэн улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонго даргатай эн дүйцэхүйц хүн тавих хэрэгтэй гэсэн саналыг гишүүд ч тавьж эхэлсэн гэнэ

 Эх сурвалжийн мэдээлснээр түүний орон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайдын хувьд өөр өөрийн хүнээ тавих сонирхолтой хамгийн их байгаа гэнэ. Чиний хүн, Миний хүн үү гэх яриач гарч эхэлсэн талаар сонсогдож эхлэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Солонгын оронд очих хүн нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх гэнэ. Тэгвэл Ц.Бат-Энх гэж хэн бэ. Тэрбээр нэгэн цагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, "Эрдэнэт” үйлдвэрийн Хүний хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж явсан нэгэн аж. 

ЗГХЭГ-ын дэд даргад нэр нь яригдаж буй Ц.Бат-Энх нь: 

-1996 онд "Монгол бизнес" дээд сургууль төгссөн.

-"Симба" корпорацийн дэд захирал.

-Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга.

- Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга.

- "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан.

-2016 оны 12-р сараас МАН-ын Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байгаа.

- "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирал Ц.Батсайхан нарын төрсөн дүү гэнэ.

Чухамхүү томилгоо, тохиролцоо хэрхэн явагдахыг таашгүй. Шинэхэн ЗГХЭГ-ын дэд дарга тун удахгүй томилогдох юм байна. 

С.Жавхлан: 1990 онд хийсэн ардчилсан хувьсгал биш ардчилсан үймээн байсан

Нэг хэсэг чимээгүй байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр УИХ-ын чуулганы үеэр хэлэлцэж буй асуудалд байр сууриа илэрхийлээд амжсан юм. Тэрбээр Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ийнхүү саналаа хуваалцав. Тэрбээр "Монгол Улс 27 жил өлсөж байна. Би хувьсгал гэгчийг ойлголхгүй байна. 27 жилийн өмнө монголчуул өлсөж байсан уу?. Байсан. Өнөөдөр өлсөж байна уу. Өлсөж байна. Өлсгөлөн одоо ч хэвээр үргэлжилж байна. Бусад улс орнуудыг харахад, амьдралын нөхцөл боломж нь дээшлэхийг хувьсал гэх юм. Харин манай улсад эсрэгээрээ Ардчилал ардыг чилээгч "алагч" болж хувирсан байна. 1990 онд хийсэн Ардчилсан хувьсгал биш ардчилсан үймээн байсан. Өнөөдрийн амьдралын өртөг, тухайн үеийн өртөгтэй жинлэвэл дэндүү өөр. Анх намайг энд орж ирэхэд та 75 шоолж байсан удаа бий. Харин өнөөдөр та хэдийг би ард түмэнтэй нийлж шоолж байна.  С.Жавхлан өнөөдөр монголчуудтай нийлж, та бүхнийг шоолж байна. Юм эсрэгээрээ эргэж байна. Та бүхний булхай булчингаар чинь гарна. Өлсөөд сууж байгаа багш, эмч нараа хараач. Ийм хувьсгал байдаг юм уу. Би дараагийн хурал дээр монголын төрд байгаа оффшортнуудын нэрийг зарлана гэдгээ хэлье” гэсэн юм. 

Улмаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн санал хураалтыг өнөөдөр явуулахаар болсон юм. 

Ирэх 7 хоногт 3 өдөр амарна

Ирэх 7 хоногт бүх нийтээрээ гурван хоног амарна. Тодруулбал, Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг Монголчууд “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэдэг. Хуулийн дагуу зургадугаар сарын 1-ний Баасан гарагт бүх нийтээр амрах амарна. 

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ хэмээн хуулинд заасан байдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл