УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өмнө нь АТГ-аас түүнд холбогдох албан тушаал, авлигын хэргийг шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байв.
Өнөөдөр тус газраас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байдаг.