УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбат, Ж.Батзандан, О.Батнасан, С.Бямбацогт нарын санаачилсан хүсэлт гаргасан хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох хуулийн төслийг хэлэлцсэн. Гэвч УИХ-ын гишүүдийн санаачилсан төслийг Засгийн газрын гишүүд эрс эсэргүүцсэн юм. Тухайлбал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн орлого нэмэгдсэн. Гэхдээ хүүхдийн мөнгө өгөх боломжгүй. ОУВС-тай тохирсон бүх хэлэлцээр зогсоно” гэсэн тайлбар өгөв. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат түүний үгийг хатуу шүүмжилж байр, сууриа илэрхийлсэн юм. Ингээд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх эсэх асуудлаар тэд юу гэж ярьсаныг VS буландаа онцолж байна.
Ж.Мөнхбат: Сангийн сайдын хүүхдэд 20 мянган төгрөг хэрэггүй л юм байгаа биз
- 20 мянган төгрөгөөр амьдардаг олон айл бий. Би МАН-ынхаа мөрийн хөтөлбөрийг ярьж байна. Бүлгийн шийдвэрийн эсрэг ярьж байгаагаа ч ойлгож байна. Гэхдээ би хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгөх ёстой гэсэн байр суурьтайгаа л байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэснийхээ төлөө Ж.Эрдэнэбатын Засгийн газар хариуцлага хүлээж огцорсон. Би тэр саналыг гаргасан. МАН 2016 оны сонгуульд яллаа л бол маргаашнаас нь хүүхдийн мөнгийг олгоно гээд заачихсан. Гэтэл одоо улс төржүүлээд явуулахгүй байна. Сангийн сайдын буруу шийдвэр олон зүйлийн үр дагавартай байгаа шүү. Цалинг нь нэмэхийн оронд 54 тэрбум төгрөгийг зүгээр үрсэн шүү. Одоо эмч, багш нар Сүхбаатарын талбай дээр үсээ гусуулаад сууж байгаа шүү. Дубайн гэрээ Монгол улсад ашиггүй гэрээ болсон хэмээн бүлгийн дүгнэлт гарахад та эсрэг кноп дарсан шүү. Эрдэнэтийг төрийн мэдэлд авна гэхэд та бас л бүлгийн эсрэг сэдэв гаргасан. Энэ бүхэн чинь таны алдаа. Хүүхдийн мөнгө бүгдэд өгөх боломж байгаа. Хэдэн тэрбумын үнэтэй хаусанд амьдардаг Сангийн сайдын хүүхдэд 20 мянган төгрөг хэрэггүй л юм байгаа биз. Бусдад нь хэрэгтэй байгаа учраас УИХ-ын эрхэм гишүүд үүнийг дэмжээд өгөөрэй” гэв. чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
-УИХ хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох шийдвэрээ гаргачихлаа. Хамгийн гол нь мөнгөндөө байгаа юм биш. Жил хагасын өмнө Монгол Улсын гадаад өрийн төлөлтөд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж, хандив хүртэл цуглуулж байсан. Улмаар ОВУС-гаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаа даван туулахад туслахыг хүссэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд, Япон, БНСУ, БНХАУ тэргүүтэй улсуудын хөнгөлөлттэй зээлүүд орж ирсэн. Анх хөтөлбөрийг авахдаа Японы Жайка, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хүүхдийн мөнгийг 60 хувьд буюу зөвхөн зорилтот бүлэгт олгохоор тохиролцож, бодлогын баримт бичгүүд дээр гарын үсэг зурсан байдаг. Өнөөдөр эдийн засгийн сэргэлт ажиглагдаж, зээлийн хүүнүүд бууж, эхнээсээ Монгол Улс өр ширнээсээ салаад эхэлсэн байна. Энэ эерэг хандлагыг бид цаашдаа үргэлжүүлэх шаардлагатай. Гэтэл хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох энэ санал ОУВС-гийн хөтөлбөрийг зогсоох эрсдэлд хүргэж байгаа юм.бид өмнө нь бодлогын хувьд тохирчихсон. Энэ бодлоготойгоо зөрчилдөөд байгаа юм. Засгийн газар өнгөрсөн таван сарын хугацаанд 60 хувийг 80 хувь болгохын тулд маш олон гэрээ хэлцэл хийсэн. Нөхцөл байдал ийм байхад одоо шууд 100 хувь болгох шахалт үзүүлэхээр бид тохирсон зүйлээ зөрчих гээд байна. Ингэж буцах юм бол хөтөлбөр зогсох эрсдэлтэй. Яг ийм эрсдэл байгаа учраас бид 80 хувь гэж тохирсноороо мөнгөө олгоод явъя гэж байгаа юм. Хүүхдэд хайртай, харйгүй гэх асуудлыг сөхөж ярьлаа. Гэхдээ бид улс орныхоо төлөө гэсэн том агуулгаар нь харж, асуудалд хандах хэрэгтэй. бид өмнө нь бодлогын хувьд тохирчихсон. Энэ бодлоготойгоо зөрчилдөөд байгаа юм. Засгийн газар өнгөрсөн таван сарын хугацаанд 60 хувийг 80 хувь болгохын тулд маш олон гэрээ хэлцэл хийсэн. Нөхцөл байдал ийм байхад одоо шууд 100 хувь болгох шахалт үзүүлэхээр бид тохирсон зүйлээ зөрчих гээд байна. Ингэж буцах юм бол хөтөлбөр зогсох эрсдэлтэй. Яг ийм эрсдэл байгаа учраас бид 80 хувь гэж тохирсноороо мөнгөө олгоод явъя гэж байгаа юм. Хүүхдэд хайртай, харйгүй гэх асуудлыг сөхөж ярьлаа. Гэхдээ бид улс орныхоо төлөө гэсэн том агуулгаар нь харж, асуудалд хандах хэрэгтэй. Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан. Хүүхдийн мөнгийг 60 хувьд болгосон Засгийн газарт ажиллаж байсан хүн өнөөдөр ийм зүйл ярьж байгаад харамсаж байна.