БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол улсад айлчлал хийх үеэрээ ирэх 5 жилийн дотор Монголын 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлахыг урьсан байдаг. Үүний дагуу жил бүр Монгол Улсын 50 сэтгүүлч БНХАУ-д айлчилдаг уламжлал тогтсон. БНХАУ-д айлчлах дөрөв дэх ээлжийн 50 сэтгүүлч "Ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулах" сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, бүтээн байгуулалттай танилцаж өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ажиллаад ирлээ.
1978 онд 300 сая ядуу иргэнтэй байсан БНХАУ өнгөрсөн жил ядуу иргэдийнхээ тоог 70 сая болтол бууруулж чаджээ. Өөрөөр хэлбэл, тус улсад өдөрт 37 мянган хүн ядуурлаас ангижирч байна. Хятад улсад мөрдөгдөж байгаа стандартаар бол жилийн орлого нь 2300 юань, өдрийн орлого нь 6.3 юань иргэдийг амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэн гэж тооцдог аж. Амжиргаанаас доогуур орлоготой иргэдээ чинээлэг түвшинд аваачихын тулд 2020 он гэхэд Хятад улс ядуу иргэнгүй болох зорилт тавьж, 2030 он гэхэд ядуурлаас бүрэн ангижрах боломжтой гэсэн судалгаа тооцоолол ч гарсан байна. Хятадын төрийн бодлого хийж хэрэгжүүлж буй ажил бүхэлдээ ядууралтай тэмцэхэд чиглэгдэж, энэ зорилт нь биелэхэд тун ойртсон байна. Иргэн бүрийг баян чинээлэг болгоно гэсэн Хятадын үндэсний стратеги дэлхийн хөгжиж буй бусад улс оронд ч эерэг жишээ болж байгаа талаар албаны хүмүүс ч мэдээлэл өгөв. Саяхан Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын эдийн засгийн байдлын дүн шинжилгээний тайланд “Хятад улсын эдийн засаг өндөр хурдацтай өсөн нэмэгдэж, ядуурлыг бууруулах үйлст их амжилт олж байна” гэж дурдсан байна. Мөн 2018 онд БНХАУ хэт ядуурлыг 1 орчим хувь болгож бууруулах төлөвтэй байна гэж дүгнэсэн байна.
1978-2014 оны хооронд Хятадын нэг хүнд оногдох дундаж орлого 16 дахин нэмэгджээ. Хоногт 1.9 ам долларын орлоготой амьдарч буй хүн амын тооноос үзвэл, 1981 онд 88.3 хувь байсан хэт ядуурлын түвшин 2013 онд 1.9 хувь болтлоо буурч, 850 сая хүн ядуурлаас гарсан ба 2018 онд нэгээс доош хувь руу орох төлөвтэй байна гэж тайланд тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс:
- Хятадын ДНБ 54 их наяд юаниас 82.7 их наяд юань болж нэмэгджээ. Тус улсын ДНБ өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 7.1 хувиар өссөн байна.
- 68.5 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргажээ
- Хятадыг зорих жуулчдын тоо 83 саяас 130 сая гаруй болж нэмэгджээ.
- Томоохон хотуудын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чаджээ.
- Нэг хүнд ногдох орлого жилд дунджаар 7.4 хувиар өссөн байна.
- Хот суурин газарт 66 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.
Хятад улсын энэ жилийн гол зорилтууд
- Энэ онд ДНБ-ээ 6.5 хувиар өсгөнө
- Ажлын байрыг 11 саяар нэмэгдүүлнэ
- Импорт болон экспортын хэмжээг тогтвортой нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавин ажиллаж байна.
Хятад улс ядуурлыг бууруулахын тулд ард иргэддээ зүгээр ч нэг мөнгө тараасангүй. Ядуу ард иргэддээ ажил хийх нөхцөл боломжийг нь хангаж өгч, ажлын байраар хангаж, хүүгүй зээл олгодог аж. Ард иргэдээ богино хугацаанд ядуурлаас ангижруулж, дэлхий нийтэд жишиг тогтоож буй БНХАУ-ын бодлогоос онцлох дөрвөн шийдлийг нэрлэж байна.
1. Хятадын дарга бүх мужийн дарга нартай гэрээ байгуулжээ
Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин хамгийн их ядууралтай байгаа мужуудын даргатай гэрээ байгуулсан байна. Тус мужаа хариуцсан дарга ажлаа сайн хийж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөх, намын албан тушаалыг нь хураан авах хүртэл арга хэмжээ авдаг аж.
2. Зөвхөн халамжаар тэтгэх биш, ажил хийх боломжийг нь хангаж өгч байна
БНХАУ-д ажиллах хугацаанд очсон газар бүрт ядуу иргэд өөрсдийн хүч хөдөлмөрөөр ажил хийж амжиргаагаа залгуулж байна. Өөрөөр хэлбэл, Ядуурлыг бууруулахдаа ядуу иргэдийг зөвхөн тэтгэх биш, ажил хийж амжиргаагаа дээшлүүлэх бодлогыг баримталдаг аж. Өнөөдрийн байдлаар Хятадын төрөөс хоёр хэлбэрийн халамж олгодог байна. Нэгд, тухайн муж, тосгонд тогтоосон өрхийн орлогын баталгаажсан төвшингөөс доогуур орлоготой байгаа өрхөд үлдэгдлийг нь нөхөн олгох тэтгэмжийг сар бүр олгодог байна. Хоёрт, 2011 оноос хойш 60-аас дээш насны тэтгэврийн насны ард иргэдэд сар бүр 80 юанийн тэтгэмжийг тэтгэвэр дээр нь нэмж олгодог болжээ.
3. Хөдөлмөрийн бүтээмжийг дэмжсэн хүүгүй зээл
Ядуурлаас гарч буй иргэддээ орлогын эх үүсвэрийг дэмжих үүднээс гурван жилийн хугацаатай 50 мянган юанийн зээлийг ямар ч хүү төлөхгүйгээр олгодог байна. Энэ хүүгүй зээл нь иргэдийн боловсрол, өөрийнхөө аж ахуйг авч явах сэтгэхүйг суулгахыг зорьж ажиллаж байгаа аж.
4. Компаниудын ядуурлыг бууруулах бодлого
Дэлхийд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг томоохон компани, группууд нь Хятадын төрийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу ядуурлыг бууруулах бодлогод чухал нөлөө үзүүлэн ажилладаг аж. Томоохон групп компаниуд Хятадын бодлогын хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нэгдсэн бодлоготой ажилладаг аж. Нэг үгээр хэлэхэд БНХАУ-д төр, хувийн гэлтгүй бүх компаниуд ядууруулыг бууруулахад чиглэн нэгдсэн санаа, бодлогоор ажиллаж байна.
Хятадын ядуурлаас ангижирсан муж, тосгоны иргэдийн аж амьдралтай танилцсан сурвалжлагыг маргааш хүргэх болно.