8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сэтгүүлчийг загнасан прокурорыг торгож, Д.Сугарыг саатуулаагүй гэдгийг мэдэгдсэн өдөр

2018-05-28 18:40:00

Шинэхэн 7 хоногийн мэндээ хүргэе. Өнөөдөр улстөр нийгмийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнөхөн бяцхан зөвлөгөө хүргэхэд энэ 7 хоногт 33 хэм хүрч халах төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс та бүхэн наршихаас болгоомжлохыг анхаарна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаст

БНХАУ-ын ядуурлыг бууруулах бодлогоос онцлох дөрвөн шийдлийг нэрлэж байна

БНХАУ-ын дарга  Си Жиньпин 2014 онд Монгол улсад айлчлал хийх үеэрээ ирэх 5 жилийн дотор Монголын 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлахыг урьсан байдаг. Үүний дагуу жил бүр Монгол Улсын 50 сэтгүүлч БНХАУ-д айлчилдаг уламжлал тогтсон. БНХАУ-д айлчлах дөрөв дэх ээлжийн 50 сэтгүүлч  "Ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулах" сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, бүтээн байгуулалттай танилцаж өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ажиллаад ирлээ.

1978 онд 300 сая ядуу иргэнтэй байсан БНХАУ өнгөрсөн жил  ядуу иргэдийнхээ тоог 70 сая болтол бууруулж чаджээ. Өөрөөр хэлбэл, тус улсад өдөрт 37 мянган хүн ядуурлаас ангижирч байна.  Хятад улсад мөрдөгдөж байгаа стандартаар бол жилийн орлого нь 2300 юань, өдрийн орлого нь 6.3 юань иргэдийг амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэн гэж тооцдог аж. Амжиргаанаас доогуур орлоготой иргэдээ чинээлэг түвшинд аваачихын тулд 2020 он гэхэд Хятад улс ядуу иргэнгүй болох зорилт тавьж, 2030 он гэхэд ядуурлаас бүрэн ангижрах боломжтой гэсэн судалгаа тооцоолол ч гарсан байна. Хятадын төрийн бодлого хийж хэрэгжүүлж буй ажил бүхэлдээ ядууралтай тэмцэхэд чиглэгдэж, энэ зорилт нь биелэхэд тун ойртсон байна. Иргэн бүрийг баян чинээлэг болгоно гэсэн Хятадын үндэсний стратеги дэлхийн хөгжиж буй бусад улс оронд ч эерэг жишээ болж байгаа талаар албаны хүмүүс ч мэдээлэл өгөв. Саяхан Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын эдийн засгийн байдлын дүн шинжилгээний тайланд “Хятад улсын эдийн засаг өндөр хурдацтай өсөн нэмэгдэж, ядуурлыг бууруулах үйлст их амжилт олж байна” гэж дурдсан байна. Мөн 2018 онд  БНХАУ хэт ядуурлыг 1 орчим хувь болгож бууруулах төлөвтэй байна гэж дүгнэсэн байна.

1978-2014 оны хооронд Хятадын нэг хүнд оногдох дундаж орлого 16 дахин нэмэгджээ. Хоногт 1.9 ам долларын орлоготой амьдарч буй хүн амын тооноос үзвэл, 1981 онд 88.3 хувь байсан хэт ядуурлын түвшин 2013 онд 1.9 хувь болтлоо буурч, 850 сая хүн ядуурлаас гарсан ба 2018 онд нэгээс доош хувь руу орох төлөвтэй байна гэж тайланд тэмдэглэсэн байна.

ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЯТАД УЛС:

  • Хятадын ДНБ 54 их наяд юаниас 82.7 их наяд юань болж нэмэгджээ. Тус улсын ДНБ өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 7.1 хувиар өссөн байна.
  • 68.5 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргажээ
  • Хятадыг зорих жуулчдын тоо 83 саяас 130 сая гаруй болж нэмэгджээ.
  • Томоохон хотуудын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чаджээ.
  • Нэг хүнд ногдох орлого жилд дунджаар 7.4 хувиар өссөн байна.
  • Хот суурин газарт 66 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.

ХЯТАД УЛСЫН ЭНЭ ЖИЛИЙН  ГОЛ ЗОРИЛТУУД

  • Энэ онд ДНБ-ээ 6.5 хувиар өсгөнө
  • Ажлын байрыг 11 саяар нэмэгдүүлнэ
  • Импорт болон экспортын хэмжээг тогтвортой нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавин ажиллаж байна.

Хятад улс ядуурлыг бууруулахын тулд ард иргэддээ зүгээр ч нэг мөнгө тараасангүй. Ядуу ард иргэддээ ажил хийх нөхцөл боломжийг нь хангаж өгч, ажлын байраар хангаж, хүүгүй зээл олгодог аж. Ард иргэдээ богино хугацаанд ядуурлаас ангижруулж, дэлхий нийтэд жишиг тогтоож буй БНХАУ-ын бодлогоос онцлох дөрвөн шийдлийг нэрлэж байна.

1. Хятадын дарга бүх мужийн дарга нартай гэрээ байгуулжээ 

Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин хамгийн их ядууралтай байгаа мужуудын даргатай гэрээ байгуулсан байна. Тус мужаа хариуцсан дарга ажлаа сайн хийж чадахгүй бол  ажлаас нь чөлөөлөх, намын албан тушаалыг нь хураан авах  хүртэл арга хэмжээ авдаг аж. 

2. Зөвхөн халамжаар тэтгэх биш, ажил хийх боломжийг нь хангаж өгч байна 

БНХАУ-д ажиллах хугацаанд очсон газар бүрт ядуу иргэд өөрсдийн хүч хөдөлмөрөөр ажил хийж амжиргаагаа залгуулж байна. Өөрөөр хэлбэл, Ядуурлыг бууруулахдаа ядуу иргэдийг зөвхөн тэтгэх биш, ажил хийж амжиргаагаа дээшлүүлэх бодлогыг баримталдаг аж. Өнөөдрийн байдлаар Хятадын төрөөс хоёр хэлбэрийн халамж олгодог байна. Нэгд, тухайн муж,  тосгонд тогтоосон өрхийн орлогын баталгаажсан төвшингөөс доогуур орлоготой байгаа өрхөд үлдэгдлийг нь нөхөн олгох тэтгэмжийг сар бүр олгодог байна. Хоёрт, 2011 оноос хойш 60-аас дээш насны тэтгэврийн насны ард иргэдэд сар бүр 80 юанийн тэтгэмжийг тэтгэвэр дээр нь нэмж олгодог болжээ. 

3. Хөдөлмөрийн бүтээмжийг дэмжсэн хүүгүй зээл 

Ядуурлаас гарч буй иргэддээ  орлогын эх үүсвэрийг дэмжих үүднээс гурван жилийн хугацаатай 50 мянган юанийн зээлийг ямар ч хүү төлөхгүйгээр олгодог байна. Энэ хүүгүй зээл нь  иргэдийн боловсрол, өөрийнхөө аж ахуйг авч явах сэтгэхүйг суулгахыг зорьж ажиллаж байгаа аж. 

4. Компаниудын ядуурлыг бууруулах бодлого 

Дэлхийд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг томоохон компани, группууд нь Хятадын төрийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу ядуурлыг бууруулах бодлогод чухал нөлөө үзүүлэн ажилладаг аж. Томоохон групп компаниуд Хятадын бодлогын хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нэгдсэн бодлоготой ажилладаг аж. Нэг үгээр хэлэхэд БНХАУ-д төр, хувийн гэлтгүй бүх компаниуд ядууруулыг бууруулахад чиглэн нэгдсэн санаа, бодлогоор ажиллаж байна. 

Хятадын ядуурлаас ангижирсан муж, тосгоны иргэдийн аж амьдралтай танилцсан сурвалжлагыг маргааш хүргэх болно.

С.Өнөрсайхан: Хорт зуршлаас сэргийлж чадвал умайн хүзүүний хорт хавдраас 40% сэргийлэх бүрэн боломжтой

Хорт хавдрын статистик мэдээнээс харахад, 2012 онд манай улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдсэн байсан. Харин  2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн тоон мэдээлэл гарчээ. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй  хорт хавдрын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хоёрдугаарт орж байна. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар  НЭМҮТ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхантай ярилцлаа.

-Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгээд байгаа хүчин зүйлс юу байна вэ.  Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол улсад хавдрыг зэрэглээд үзэхээр хоёрдугаарт умайн хүзүүний хавдар орж байна. Тус өвчний нас баралтын тоо бусад улс оронтой харьцуулахад өндөр байна. Умайн хүзүүний хавдрын гол үүсгэгч нь хүний хөхөнцөр вирус байдаг. Энэ вирусээс үүдэлтэй хавдар үүсгэгч нь байна гэдгийг дэлхийн олон улсын байгууллагууд тогтоосон байдаг. Ингээд олон улсын байгууллагаас 2 цент буюу вакциныг 2 удаагийн тунгаар 12-13 насны бэлгийн харьцаанд ороогүй охидыг хамруулсанаараа умайн хүзүүний хорт хавдрыг 80 хувь бууруулж чадсан гэдгийг олон улсын судалгаа тогтоосон байдаг. Тэгэхээр манай улс ч гэсэн тус вакциныг хийлгэх юи бол 10 жилийн дараа умайн хүзүүний хорт хавдраас хоёрдугаар байранд биш 3, 4 дүгээр байранд оруулах боломжтой.

-12-13 насны бэлгийн харьцаанд ороогүй охидыг тус вакциныг хийлгэх ёстой гэж хэллээ. Тэгэхээр тус вакциныг хаана үйлдвэрлэсэн бэ. Тус оронд умайн хүзүүний хорт хавдар хэр зэрэг буурсан бэ?

-Тус вакциныг Австрали улсад үйлдвэрлэж, олон улсад бүртгүүлсэн. Одоо Австрали улс умайн хүзүүний хорт хавдаргүй орон болсон гэдгээ зарлахад бэлэн болсон. Тийм учраас манай улс ч гэсэн тус орноос туршлага судалж байгаа. Вакцинаас гадна эрсдэлд хүчин зүйлүүд байдаг. Үүнд хооллолт архи, тамхи хэрэглэх, хөдөлгөөн дутагдахаас сэргийлж чадах юм бол умайн хүзүүний хорт хавдраас 40 хувийг нь сэргийлэх бүрэн боломжтой.

-Өмнө нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг манай улсад 12-13 насны охидод хийж байсан гэсэн. Үүний үр дүн хэр гарсан бэ?

-2012 онд анх гардисал вакциныг эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр 12-13 насны 5000 гаруй охидод хийлгэсэн. Эдгээр вакцин хийлгэсэн охидуудаас санамсаргүй түйвэрийн аргаар 800 гаруй охидыг сонгон авч хяналтын бүлгийн харьцуулсан судалгаа хийсэн байдаг. Тус судалгааны үр дүн нь умайн хүзүүний хавдар үүсгэгч 16,18 гэсэн шинж тэмдэгийн  хэв шинжийн вирусын илэрц нь хийлгээгүй хүүхдүүдээс багассан байна гэсэн тоо гарсан. Энэ үр дүн нь тус вакциныг хийлгэсэн эмэгтэй хүн умайн хүзүүүний хорт хавдрыг тусах магадлал бага байна гэсэн олон улсын судалгааны үр дүнтэй ойролцоо гарсан.

"ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ВАКЦИНД ХАМРАГДВАЛ 80 ХУВЬ СЭРГИЙЛЖ ЧАДНА"

-Умайн хүзүүний хорт хавдраар 30-аас дээш насны эмэгтэйчүүд өвчлөх магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр энэ насны эмэгтэйчүүд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эмэгтэйчүүд ихэвчилэн хайхрамжгүй хандаж явснаас болж хожуу шатандаа оношлогддог тохиолдол их бий?

-Яг үнэн. Умайн хүзүүний хорт хавдар нь 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд өвчин байдлаар илэрч гардаг. Тэгэхээр 40-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа ПАБ-ын шинжилгээ өгч байх ёстой. Хэрвээ шинжилгээгээр эерэг шинж тэмдэг илэрвэл хурдан зогсоох эмчилгээг хийлгэх ёстой. Хамгаалахад хэцүү хавдруудын хажууд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хавдар. Харамсалтай нь ХСҮТ дээр ирж байгаа эмчлүүлэгчдийн 40-50 хувь нь гуравдугаар шатандаа орсон байдалтай орж ирдэг. Үүний шалтгаан нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж чадахгүй байна. Мөн вакцин хийлгэж чадахгүй байна гэсэн үг. ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд зарцуулсан 1 ам.доллар өвчилсөний дараах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 10 ам.доллартай тэнцэж байна. Өвдсөний дараа биш урьдчилан сэргийлж чадах юм бол ямар ач холбогдолтой болох нь харагдаж байна.

-Умайн хүзүүний хавдрыг үүсгээд байгаа хүчин зүйлс юу байна вэ?

-16,15 дугаар хэв шинжийн хөхөнцөр вирус байна гэдгийг тогтоочихсон. Үүний өөрөө үүсгэгчийн тархалт нь манай улсад вакцин хийлгэсэн хүүхдүүдээс 30-40 хувийн тархалттай байна. Хавдраас урьдчилан сэргийлэхийн вакцинд хамрагдвал 80 хувь сэргийлж чадна. Мөн үүсгэгчийн эрсдэлд хүчин зүйлсийг хамруулж чадсанаараа 40-50 хувь мөн л сэргийлж чадна. Тэдгээрийн тоонд тамхи, архи хэрэглэхгүй байх, эрүүл хоололт, хөдөлгөөнтэй байх, эрүүл хооллох ёстоЙ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэн болох вэ?

Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал ирэх сарын 7-ны өдөр болохоор товлогдоод байгаа билээ. Хурлаар Бага хурлын 369 төлөөлөгч Нийслэлийн МАН-ын хорооны даргаа сонгоно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш жил орчмын хугацаанд хотын дарга С.Батболд түр орлон гүйцэтгэгчийн албыг давхар хашиж ирсэн.  Тэгвэл ирэх сард шинэ даргаа албан ёсоор сонгох гэж байна.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэн болох вэ.  Өнөөдрийн байдлаар Нийслэлийн МАН-ын даргад, УИХ-ын гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл гарах боллоо.  Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр нь яригдаж байсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Нийслэлийн МАН-ын хорооны даргаа намын дүрмийн дагуу Бага хурлаас сонгох ёстой. Тус дүрмийн 11.1-т “…Аймаг, нийслэлд намын удирдах дээд байгууллага нь аймаг, нийслэлийн намын Бага хурал, түүний чөлөөт цагт аймаг, нийслэлийн намын хорооны хурал байна”,12.1.6-т “…Аймаг, нийслэлийн намын хорооны даргыг энэ дүрмийн 20.3.14-т заасан журмын дагуу сонгоно” гэж заасан байдаг аж. 20.3.14. Намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг батлах гэж заасан байдаг юм байна. 

Сэтгүүлчийг загнасан прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгожээ

Өнгөрсөн сард Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа сэтгүүлч асуулт асуухад “Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудаг юм бэ” гэж загнасан билээ. Тухайн үедээ энэ асуудалд олон нийт нэлээн шүүмжлэлтэй хандаж, прокурорынхон энгийн иргэд болон гэмт хэрэгт сэжиглэгдсэн, шалгагдаж буй хүмүүстэй зүй бус харьцаж, дарамталж, дээрэлхдэгийн нэгэн тод жишээ гэж дүгнэхэд хүргэсэн билээ.Эх сурвалжийн мэдээлснээр, прокурорын байгууллагаас сэтгүүлчийг загнаж зандарсан, ажлын алдаа гаргасан У.Эрдэнэтуяа прокурорт гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосон байна.

Д.Сугарыг саатуулаагүй

Өнгөрсөн баасан гаригт АТГ-аас мэдээлэл хийх үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ""Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний мөнгө гадны банкнаас залилж авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан  Д.Сугарыг АТГ-аас дуудаж мэдүүлэг авна”  гэсэн тайлбарыг өгсөн билээ. Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарлыг баривчилсан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Д.Сугарыг саатуулаагүй" гэсэн мэдээллийг өглөө. 

Дрифт хийж зам тээврийн осол гаргажээ

Баянгол дүүргийн нутаг 'Өгөөж”-ийн уулзварт T.Alphard маркийн автомашин нь T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 26 настай Х гэмтжээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн нутаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замд T.Pruis автомашин нь H.Sonata5 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 27 настай Б гэмтсэн байна.Дулааны улирал эхэлж байгаа учир  залуу жолооч нар шөнийн цагт тэр дундаа 22:00-05:00 цагийн хооронд  нийслэлийн гудамж замд хурд хэтрүүлэх, дрифт хийх зэргээс шалтгаалан зам тээврийн осол,  хэргүүд ихээр  бүртгэгдэж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

МАН-ын бүлэг "Тавантолгой"-н ордын төслийг хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар "Тавантолгой"-н ордын асуудлыг хэлэлцжээ. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй аж. 

Харин УИХ дахь АН-ын бүлэг ирэх лхагва гаригт хуралдах юм. 

Цахим тоглоомын газарт 500-1,000 хүн хоноглон тоглож байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа.

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАРТ 500-1,000 ХҮН ХОНОГЛОН ТОГЛОЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36,622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энэ оны эхний 4 сард нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 161,189 дуудлага, мэдээллийг хүлээн авсны 128,244 буюу 79.3 хувь нь зөрчлийн шинжтэй, дуудлага, мэдээлэл байна. Нийт дуудлага, мэдээллийн 110,197 буюу 68.1 хувь нь шөнийн 22-06 цагт бүртгэгдсэн байна. Үүнд дараах хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

Нийслэлд орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны ойр орчимд 488, нийт 1045 баар, караоке, цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж байгаа нь архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна.

Иймд иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцлийг хангах зорилгоор цагдаагийн алба хаагчид өдөр бүр 02:00-06:00 цагт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Он гарсаар хүүхэд алга болсон талаар 1,047 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 384 хүүхдийг цахим тоглоомын газраас олж эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Өнөөдөр нийслэлд 296 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна.

Цахим тоглоомын газарт 500-1,000 хүн хоноглон тоглож байгаагийн 150-200 насанд хүрээгүй, “Дэлгэцэнд донтолт”-той хүүхдүүд байна. Тэдгээр хүүхдээс гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь ихсэх хандлагатай байгааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4,287 дуудлага мэдээлэл хүлээн авч 1,360 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 187 бүртгэгдэж хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 24.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Он гарснаас хойш гудамж замд хийсэн шалгалтаар 60,892 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар өсчээ.

Мөн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 839 бүртгэгдсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар буурсан байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

ЭХ ҮРСИЙН БАЯРААР ЦАГ АГААР ХЭТ ХАЛАЛТТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод бага зэргийн хур тунадас орж, салхи 6-12 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан, салхины хурд 8-9 м/с байх төлөвтэй байгаа.

Мэргэжлийн байгууллагын мэдээллээр Эх үрсийн баяраар цаг агаарын нөхцөл байдал хэт халалттай байж болзошгүйг анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн нөхцөл байдал хүндэрсэн тул ОБЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газраас нийт 72 алба хаагч, 6 автомашинтайгаар энэ сарын 19-ний өдрөөс эхлэн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. “Шингэрүүлсэн шатдаг хий” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах удирдамжийн дагуу энэ сарын 14 ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр, бөөний төв, түргэн үйлчилгээний цэгүүдэд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий /газ/ худалдан борлуулж буй байдалд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна” гэж танилцуулав.

343 ӨРХИЙН 9,051 ТОЛГОЙ МАЛЫГ ХОТООС ЗӨВШӨӨРСӨН БҮС РҮҮ НҮҮЛГЭЖЭЭ

“НИТХ-ын 85 дугаар тогтоол, Засаг даргын А/592 тоот захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/126 тоот тушаалын хүрээнд хориглосон бүсээс 5 дүүргийн 343 өрхийн 9,051 толгой мал зөвшөөрсөн бүс рүү нүүлгэсэн.

Ил задгай, зориулалтын бус газарт автомашины худалдаа үйлчилгээ эрхэлж буй нийт 50 байршилд хяналт шалгалт хийж,  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нарны замын паркын урд, 3 дугаар хороо Аса цирк, Саруул худалдааны төвийн баруун талд байршилтай 3 газрын зөрчлийг арилгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, орлогын тасалдлыг нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаанд нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах шаардлагатай байна” гээд “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 115 дугаар тогтоолын дагуу 23 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг шуурхай зохион байгуулж, батлагдаагүй байршлуудын архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын гэрчилгээг энэ долоо хоногтоо гаргах, барилгын зурагт өөрчлөлт оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, энэ онд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах саналаа ирүүлэх, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах, иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх, эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Цахилгаан шатанд гацсан хүүг аварчээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, 72 дугаар байрны цахилгаан шатанд гацсан 12 настай хүүг Онцгой байдлын алба хаагчид аварсан байна. Энэ тухай дуудлага өдрийн 12:12 цагт ирсэний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар 12:28 цагт очиж, 10 минут ажиллажээ.

Нэгдүгээр эмнэлэгт хийгдсэн зүрхний хагалгаа амжилтгүй болсон уу

Нэгдүгээр эмнэлэгт хийгдсэн зүрхний хагалгаа амжилтгүй болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Улсын нэгдсэн төв эмнэлэг анх удаа зүрхний хагалгаа хийсэн билээ. Уг хагалгаа нь цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлаг солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах зэрэг мэс заслууд хийгдэх байсан ч амжилтгүй болсон гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр тухай эмнэлэгт хийгдсэн зүрхний анхны хагалгаа амжилтгүй болсон гэнэ. Тухайн өвчтөний биеийн байдал муу байснаас хагалгаа даагаагүй юм байна.

Энэ хагалгаа амжилттай болбол цаашид нэлээд олон удаагийн зүрхний хагалгаа хийхээр төлөвлөсөн байна. Гэтэл анхын хагалгаа амжилтгүй болсон учир төлөвлөгдсөн байсан бусад хагалгаанууд нь цуцладсан байна. Нэгдүгээр төв эмнэлэгт зүрхний хагалгаа хийгдэж буй анхны тохиолдол энэ аж. 

Энэхүү зүрх шилжүүлэн суулгах хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран гурваас дөрвөн хүнд хийхээр болсон байжээ.   

Энэ талаар эргэн мэдээллэх болно. 

ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэж авна уу

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна уу.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.
  • Суудлын хуваарь
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2018 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгалт өгөхдөө анхаарах зүйл:

  • Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
  • Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  • Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
  • МХБШ  болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

 Ч.Улаан: Дубайн гэрээний 57 заалтын 21 нь өмнөх нөхцлийг дордуулсан байна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан. Уг бүлгийн үйл ажиллагааны талаар өнөөдөр Ч.Улаан гишүүн мэдээлэл хийлээ. Лобби бүлэг нь Оюутолгойн ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна гэж мэдэгдлээ. Энэ хүрээнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төсөлтэй холбогдуулан УИХ-аас гарсан аливаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлд түлхүү анхаарах юм. Лобби бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, “Дубайн гэрээ” зэрэг эрх зүйн актуудыг хүлээн авч, нарийвчлан судлах ажлаа эхлүүлсэн байна. Мөн ойрын үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдээллийнхээ үеэр онцлов. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment