2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийх үедээ ирэх 5 жилийн хугацаанд Монгол улсын 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлуулахаар Монголын талтай тохиролцсоны дагуу дөрөв дэх ээлжийн сурвалжилгын баг Хятад улсад ажлаад ирсэн талаар мэдээллийг өчигдөр хүргэсэн билээ. Бид өчигдрийн дугаартаа БНХАУ-ын ядуурлыг бууруулах төрийн бодлого, хэрхэн ядуурлаас хурдан хугацаанд гарч байгаа талаар мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаарт БНХАУ-ын ядуу мужуудын нэг бол Гүйжөү мужид ажилласан талаар мэдээллийг хүргэх болно. Тус мужийн иргэд хэрхэн ядуурлаас гарч байгаа талаар тойм мэдээллийг хүргэе.
Айлчлалын эхний өдөр Алибаба групптэй танилцлаа. Тус групп 1999 онд анх байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сард анх албан ёсоор Нью-Йоркын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж байсан аж. Хувьцаа гаргасан эхний өдөр зах зээлийн үнэ цэнэ нь 230 тэрбум ам.долларт хүрч, дараагийн өдөрт Apple Google зэрэг томоохон компаниудтай ашиг орлогоороо тэнцэж ирсэн байна. Хятад улс 2021 он гэхэд ядуу иргэнгүй болно гэсэн зорилтын төлөө зөвхөн төр гэлтгүй Алибаба групп зэрэг томоохон компаниуд хүртэл хувь нэмрээ оруулж байгаа аж. Алибаба группийн хэвлэл мэдээлэл хариуцсан албан хүн мэдээлэл өгөхдөө “Манай компани цахим худалдаа хийх арга замаар хөдөө орон нутгийн тариачдад дэмжлэг үзүүлж, ядуурлыг бууруулах ажилл идэвхитэй үүрэг гүйцэтгэж байна” хэмээн хэлсэн байна.
Дараа нь Гүйжөү мужид ажилласан сурвалжилгын баг энэ сарын 22-нд тус мужийн төв Гүй-Ян хотын киви жимсний технологийн “Шиөүвэнь” хүрээлэнтэй танилцсан юм. Тус жимсний хүрээлэн борлуулалтаараа Гүйжөү мужид нэгдүгээрт, Хятад улсдаа дөрөвдүгээр байранд эрэмбэлэгддэг аж. Киви жимс тариалдаг айл өрхүүдийн тариалангийн талбайд нь хяналтын камер суулгаж, хянадаг аж. Тус хяналтын камераараа агаарын бохирдол, хэр зэрэг эрүүл аюулгүй жимс тариалж байгаа мөн агаарын хэмийг нь хүртэл хянадаг аж. Тус цэвэр киви жимсээ Хятад төдийгүй Москва, Малайзад хүртэл борлуулаад эхэлжээ. Кивийг тарьж ургуулах, нөөцөлж хадгалах, сайн боловсруулж, хөдөө аж ахуйд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргийг нэгтгэсэн киви жимсний технологийн "Шиөүвэнь" хүрээлэн 2016 оноос эхлэн үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Анх 20 га газарт 390 сая юанийн хөрөнгө оруулалтаар эхлэж байсан тус жимсний хүрээлэн зөвхөн 2018 оны эхний хэдэн саруудад киви жимсний ундааны борлуулалтын ашиг орлого 300 гаруй сая юаньд хүрч, орон нутгийн иргэдийг ядуурлаас гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн тус тосгонд байгуулагдсан киви жимсний хүрээлэнг түшиглээд тариачид өөрсдийн хүчээр шинэ хаус байшин барьж орсон байна. Тус тариачдын амьдарч байгаа хаус дунджаар 600 мянган юань /228 сая/ орчих төгрөгөөр барьсан байна. Уг төсөл 10 жилийн өмнөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэ хугацаанд тосгоны ихэнхи иргэд амьдрах орон сууцтай болжээ.
Дараа нь нь Гүйжөү мужийн алс бөглүү тосгон болох Хэн да Жин Шу Хүа Дүд зочиллоо. Тус тосгонд алс бөглүү газар амьдарч байсан иргэдийг нүүлгэн шилжлүүлж, орон сууцанд оруулж, гэр бүлийн гишүүдийг ажилд оруулсан байна. 2017 онд гэхэд тус тосгонд 16,852 иргэнийг нүүлгэн шилжүүлэн авчирсан байна. Дэд бүтэц татах, орон сууц барих зэрэг ажилд Гүйжөү мужаас 2017 онд нэг тэрбум юань зарцуулсан бол 2016 онд 320 сая юань зарцуулсан юм байна. Мөн нүүлгэн шилжлүүлж авчирсан иргэдээ үнэгүй орон сууцанд нь хамруулжээ. Үнэгүй орон сууцанд хамруулаад давхар ажлын байраар ч мөн хангажээ. Тодруулбал, тус тосгоны айл өрхийг төрөөс үнэгүй олгож байгаа орон сууц нь өрхийн ам бүлээс хамаарч, талбайн хэмжээ харилцан адилгүй. Нэг иргэнд 20 м2-аас доошгүй талбай оногдох ёстой гэж үздэг. Орон сууцнууд нь 20 м2-60 м2 хүртэл хэмжээтэй барьсан байна. Төрөөс үнэгүй байр өгөхдөө нас харгалзаж үздэггүй аж. Жишээ нь шинэ орон сууцанд орсон энэ тариачин эмэгтэй 56 настай. Тэрбээр өмнө нь алс бөглүү газар тариалан эрхэлж хоёр хүүгийн хамт амьдардаг байсан аж. Харин Дин Жин Зи Хятадын төрийн бодлогоор шинэ орон сууцанд орж, бага хүүгийнхаа хамт ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байна. Мөн үүнээс гадна тус тосгон хөдөө орон нутгийн иргэддээ төрөл бүрийн сургалт явуулдаг аж. Тодруулбал, алс бөглүү газраас ирсэн иргэдээ хотын соёлд суралцуулахын тулд ахуйн шинж чанартай, ахуйн соёлыг түгээх сургалт хүртэл явуулдаг аж.
Үргэлжлэл бий....