"Энэ сард хар тамхитай холбоотой найман хэргийг илрүүлэн шалгаж байна"
Олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт холбогдсон талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан, дуучин Эгшиглэн, “Ice top” хамтлагийн дуучин Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаар мэдээллийг манай сайт хүргэсэн билээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “ЦЕГ-ын хар тамхитай хэлтэс он гарсаар олон ажлыг зохион байгуулж, таслан сэргийлэх ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа. 2018 оны 05 дугаар сарын байдлаар хар тамхитай тэмцэх хэлтэс 21 холбогдчтой найман хэргийг илрүүлэн шалгаж байна.
2018 оны 05 сарын 04-05-нд шилжих шөнө хар тамхины хэргээр шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан 48 настай Ч, 29 настай П-тэй хамтран хар тамхи хууль бусаар олж авч тээвэрлэж байхад саатуулан баривчилсан. 48 настай Ч нь 2018 оны хоёдугаар сард мөн хар тамхины хэргээр ял эдлээд гарч ирсэн бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдсон байна.
Мөн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хар тамхины төрлийн ургамалыг хууль бусаар гэртээ ургуулсан иргэн 23 настай Б, 28 настай П нарыг мөн гэрээс нь баривчилсан.
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын иргэн О, 36 настай Т, А нарыг мөн хар тамхины хэргээр баривчилсан. Сэжигтэн Т,А нар мөн өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан хүмүүс байгаа” гэсэн мэдээллийг өглөө.