Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгооны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг томилох юм. Ш.Солонгын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон учраас түүнийг чөлөөлж буй нь энэ.
Харин түүний оронд ЗГХЭГ-ын дэд даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томилж, одоогийн албан тушаалаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байна.
Г.Баясгалангийн хувьд Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа юм. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч. Тэрээр урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг ажлыг хийж байжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Н.Багабандид шадарлаж явсан хэрэг.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж түүнийг тоож, улс төрд оруулж ирсэн гэх яриа байдаг. Үнэндээ ч мань хоёр улс төрд дотно харьцаатай.
Засгийн газрын нарийн, ширийн ажлыг хийх хариуцлагатай албан тушаалд түүнийг тохирно гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж буй бололтой. Ямартай ч ширүүхэн өрсөлдөөнөөс тэрбээр гарч ирлээ.
Өнөөдрийн хуралдаанаар мөн “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн нэг гишүүнийг томилж магадгүй юм. Тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Алтаннар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн онд өгч, энэ оны гуравдугаар сард чөлөөлсөн билээ. Тиймээс түүний орны хүнийг Засгийн газар томилох юм. Одоогоор энэ албан тушаалд хэд хэдэн хүн нэрээ сойж байгаа бололтой. Тэр дундаас 'Эрдэнэс Монгол' компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар хамгийн өндөр магадлалтай байна.
Т.Энхэлээ