8o
Улаанбаатар хот
mobile menu

Байнгын хороо: Банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл дэмжигдсэнгүй

2018-05-30 12:09:48

БАЙНГЫН ХОРОО

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Мөнгө хүүлэлтийг зогсоож зээлийн хүүг бууруулах асуудлыг би эхнээсээ дэмжиж ирсэн. Өнөөдөр иргэд банкны хүүнд дарлуулж гүйцлээ. Зээлийн хүүг бууруулах асуудалд зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Үүнд эдийн засгийн байнгын хороо идэвхтэй ажиллах ёстой. Хуульд зээлийн хүүг 18 хувиас дээшгүй байна гээд заачихсан байна. Гэхдээ одоо 18 хувиас доош байгаа зээлийн хүүг буцаагаад өсгөчихвий дээ. Зээлийн хүүгийн шимтгэл бусад хураамжууд бүгд өндөр байдаг. Энэ бол мөнгө хүүлэлт. Үүнд төр засаг заавал оролцох ёстой. Хэрэглээний зээлийг 10-12 хувиар хэтрүүлэхгүй байх гэж заасан байх ёстой гэх мэтээр тодорхой заагаад өгчих хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ асуудалд төрөөс зайлшгүй шаардлага хангах ёстой. Өнөөдөр банкны хүүгийн дарамтад ороогүй иргэн ховор байна. Эдийн засгийн байнгын хороо нийт иргэдээ бодоод энэ асуудлыг шийдэж өгөөсэй. Аж, ахуй нэгжийг нуурандаа үүрч яваа баялаг бүтээж буй иргэдээ дэмжих боломж энэ юм” гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Эдийн засгийн байнгын хорооноос энэ асуудалд тогтоол гаргаад ажиллаж байна. Монгол банк болон бусад холбогдох байгууллагууд ч ажиллаж байгаа. Ул суурьтай дүгнэлт гаргасны дараа уг асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй байх” гэлээ.

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа “Зээлийн хүү бууруулах стратеги дээр Төв банкин дээр ажлын хэсэг байгуулагдсан. Одоо яамдын саналыг авч байгаа. Саналыг нэтгэж дуусгаад,  ирэх зургадугаар сард УИХ руу оруулах чигтэй ажиллаж байна”

Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Гадны хөрөнгө оруулалтын банкийг хэзээ оруулж ирэх юм. Банк оруулж ирж байж, зээлийн хүү буурна. Хэдэн бизнесменүүд зүтгээд л байдаг. Зээлийн хүүнээс үүдээд бизнесийн орчинд маш хүнд байна. Харин банкуудын байшин улам л томроод байх юм. Одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид  зээлийн хүүнээс үүдээд, бүр гараа өргөөд буугаад өгчихлөө. Цөөн хэдхэн хүн хадгаламжийн хүүгээр баяжаад, хувийн хэвшлийн зээлийн хүүнд дарлуулсан байдалтай хэдий хүртэл явах юм.  Төв банкны өмнөх Ерөнхийлөгч Г.Золжаргал хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар эдийн засгаа маш сайн тэлж өгсөн. Бизнес эрхлэгч хүний хувиар би үүнийг зөв гэж хардаг. Одоо Монгол банк онол л ярих юм” гэсэн юм.

Ингээд уг асуудлыг дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхээр санал хураахад байнгын хорооны гишүүдийн 25 хувийн саналаа дэмжигдсэнгүй.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
taij
demjeegui gishuudiin ners heregtei yum bn
2018/05/30 103.57.93.178
  • Recent
  • Most Read
  • Most Comment