8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэрийн 51 эсвэл 49 хувь нь барьцаалагдсан гэх асуудал байхгүй

2018-05-30 12:34:00

-2019 онд дундаж цалинг 1000 ам.долларт хүргэхээр төлөвлөж байна-

"Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр хэвлэлийхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөдрийн болон цаашдын үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг онцоллоо.  “Эрдэнэт” үйлдвэр энэ оны нэгдүгээр улиралд техник технологи, үйлдвэрлэлийн үзүүлэлтээ 100-126 хувиар биелүүлжээ. 2018 оны эхний дөрвөн сард улс, орон нутгийн төсөвт 252 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлжээ.  Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа цалинг 2 удаа нэмсэн. 2017 оны тавдугаар сарын нэгнээс үндсэн болон тарифт цалингаа 10 хувиар нэмсэн. Долоодугаар сарын нэгнээс үндсэн цалингийнхаа санг 20 хувиар нэмсэн. 2018 оны дөрөвдүгээр сарын нэгнээс цалингаа 15 хүртэл хувиар нэмсэн.

Үүний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгийг давсан. Харин дундаж цалин нь  2.3 сая төгрөг болоод  байна.  Харин 2019 онд дундаж цалинг 1000 ам.долларт хүргэхээр төлөвлөж байна. 

Сүүлийн үед Стандарт банктай холбоотой асуудал нэлээд гарч байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олны сэтгэлийг зовоосон, тулгамдсан асуудал болоод байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 эсвэл 49 хувь нь барьцаалагдсан гэх асуудал байхгүй-

Энэ асуудал 2009-2012 онд бий болсон. 2013 оноос арбитрын шүүхээр яригдаж, нэлээн газар авсан. Миний хувьд "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдоод ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. Энэ том асуудал учраас бид санал тавьж, Засгийн газар, УИХ-д ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсад хохирол багатай шийдэхээр ажиллаж байна.

Өр төлбөртэй холбоотойгоор “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийг салгаж ярих хууль эрхзүйн үндэс байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК бол нэг цогц бүхэл зүйл. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 эсвэл 49 хувь нь барьцаалагдсан гэх асуудал байхгүй" гэв.

Д.Нэргүй