8o
Улаанбаатар хот
mobile menu

“УБТЗ” –ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ

2018-05-30 14:05:09

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

  БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.

  Хөнгөлөлттэй зээлээр:

-  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”

-  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”

-  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”

-  “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”

-  “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”

-  “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”

-  “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”

-  “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”

-  “Нүхэн гарц”

-  “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

“УБТЗ” –ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ

  Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт орууланМонгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлөхийг дэмжив.

Энэ нь тус нийгэмлэгийн 1998-2015 онд импортлосон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73 тэрбум гаруй төгрөгийг илүү төлсөн татвараар бүртгэнэ гэсэн үг юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн үйл ажиллагааг нь дэмжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ. 

Хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталвал 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.

Агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийг татвараас чөлөөлөв

  Агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаалагч төхөөрөмжийн жагсаалтыг баталж Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.

  Энэ дагуу дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй есөн төрлийн халаагч төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд татвар төлөхгүй юм. Ингэснээр одоо зах зээлд худалдаж байгаа төхөөрөмжийн үнэ 10-15 хувь нь буурна гэж тооцоолж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл