“Эрдэнэс-Тавантолгой” ХК “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг нээж, цахим хуудсаар болон 1800-1072 тусгай утсаар дамжуулан иргэдэд уг хувьцаатай холбоотой нээлттэй мэдээлэл хүргэх болсон нь өнгөрсөн долоо хоногийн гэнэтийн бас монгол хүн бүрийн ашиг сонирхолд нийцэхүйц үйл явдлын мэдээ байлаа. Боломж нь олдвол хувьцааныхаа ногдол ашгийг аваад амьдрал ахуйдаа нэмэрлэчихмээр, эс бол байгаа байхгүйг нь мэдээд хадгаламжтай зүйрлэхүйц үнэт цаас гэж итгэж суухыг хэн хүнгүй хүсч байгаа нь нууц биш. Үгүй ядах нь ээ л, урт цагааны гудамж, Морингийн даваа, Эмээлт захаар 1072 хувьцаагаа шаглах гэж нойргүй, хоолгүй зогсож байсан олон иргэний хувьд “Энэ хувьцаа чинь гудамжинд зарж борлуулдаг бараа биш. Бүртгэлтэй, данстай… нарийн эд” гэдгийг ойлгох боломж уг төвөөр дамжин нээгдэж буй нь сайн хэрэг ээ.Тэгвэл үүнтэй зэрэгцэн бас л нэг онцлох үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг албанаас нь чөлөөлж, Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон шийдвэр байв. Ц.Түмэнцогт захирлын тухайд сүүлийн жил хагасын хугацаанд буюу “Эрдэнэс Монгол” компанийг удирдсан. Энэ хугацаанд юу хийв, юу бүтээв гэдгийн тухайд тодорхой хариулт бий. Гэхдээ нэг бус нэлээдгүй олон. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компани 2017 онд 481.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.Урьдчилсан тоон үзүүлэлт буюу төлөвлөгөөнд энэ тоо 2016 онд 306.8 тэрбум төгрөг байсан.Харин үйл ажиллагааны зардал хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх гэх мэт олон олон бодлогын шинжтэй шийдвэрийн үр дүнд 2016 онд төлөвлөж байснаасаа 2017 онд бүхэл бүтэн 170 орчим тэрбум төгрөгөөр ашигтай ажиллаж, цэвэр ашиг 481.8 тэрбум хэмээх үр дүн гарч ирсэн байгаа юм. Түүнчлэн улсын төсөвт 278.5 тэрбум төгрөгийн татварыг өнгөрсөн онд төлсөн.
Энэ нь Монгол Улсын нийт татварын багц дахь эзлэх хувиар нь хэмжвэл 10 гаруй хувь нь болно. Тиймээс ч “Монголын шилдэг 100 татвар төлөгч”-ийг тодруулахад тус компанийн зуун хувь удирдан чиглүүлж, бодлого шийдвэрээр нь хангадаг “Эрдэнэс Тавантолгой” компани болон 34-ийг нь хариуцаж, Монголын талын эрх ашгийг хангадаг “Оюутолгой” компани тус бүр дараалан хоёр, гуравдугаар байрт жагссан.
Ингэж орлого, ашиг нэмэгдсэн нь “Эрдэнэс Монгол” компани гадаад зах зээлд 60 орчим ам.доллараар үнэлэгддэг байсан нэг тонн нүүрсний үнийг өнгөрсөн жилээс эхлэн 71.5 ам.долларт хүргэж чадсантай шууд холбоотой. Дээр нь мэдээж, Тавантолгой-Гашуунсухайтын 240 км хүнд даацын авто замаар өдөртөө 800-900 автомашин нэвтэрч байсныг дотоод зохион байгуулалтаа сайжруулснаар 1500 болгон нэмсэн нь ч үр өгөөжөө өгөө биз. Мөн энэ дундуур “Чалко” компанид төлөх ёстой байсан “Хүний хөгжил сан”-ийн 350 сая ам.долларыг төлсөн, Хөгжлийн банканд өгөх ёстой 100 сая ам.долларын зээлээ барагдуулсан гээд бичвэл бичихээр, яривал ярихаар үр дүн бишгүй бий. Гэсэн ч үр дүнг үүгээр хязгаарлаад ирээдүйд “Эрдэнэс Монгол” компани цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг асуултад хариулт хайцгаая. Магадгүй өнөөдрийн тухайд энэ асуултыг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд тавиад шууд хариултаа авна гэж байхгүй л болов уу. Өнгөрсөн долоо хоногт л ажлаа хүлээж авсан гэдэг утгаар нь харвал шүү дээ.
Харин өнгөрсөн цаг хугацаанд хийсэн төлөвлөгөө цаашид ч үргэлжлэх учиртай гэдэг үүднээс нь тайлбарлавал дараах хариултууд гарч ирж болох юм. Гэхдээ мэдээж хөндлөнгөөс нь харвал гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийг тулах “Эрдэнэс Монгол”-ын зорилтоод юу вэ… Тус компани өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом”, “Эрдэнэс Шивээ энержи” ХХК, “Эрдэнэс метан” ХХК, “Эрдэнэс Ашид” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувьцааг эзэмшдэг. “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь ч үүнд хамаарна гэдгийг дээр мэдээллэсэн.
Эдгээрээс онцолбол “Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаан Олон улсын арбитрт очих уу, үгүй гэдэг эгзэгтэй цаг мөч. П.Ганхүү захирлын даван туулах ёстой буюу шийдэх хамгийн эхний даалгавар нь энэ. УИХ-ын гишүүдийн олонх нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа ч тодорхой нэг зарчмын өөрчлөлт оруулах байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтээ чуулганаар хэлэлцүүлж, эцэслэбэл хоёр тал дахин хэлэлцээрийн ширээнээ суух хэрэгтэй болно. Татварын маргааны тухайд ч адилхан. Хөрөнгө оруулагч талын эрх ашигтай Монголын эрх ашгийг нэгтгэх, эн тэнцүү гэхээс илүүтэй хувь эзэмшлийн хэмжээгээр асуудлыг эцэслэн шийдэх үүрэг бол түүнийх. Мөн “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах буюу технологи дагасан олборлолтыг хөгжүүлэх, метан хий, ураны олборлолтыг бодит боломж болгох үүрэг мөн л түүнд хаяглагдана. Одоогийн байдлаар Тавантолгойн баруун, зүүн Цанхид энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хийгдэж, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ураны тухайд Монгол Улсын байр суурь тодорхой. Олборлолт явуулж болох ч цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээр зөвхөн монголчуудын өмнө төдийгүй дэлхийн өмнө том үүрэг хүлээсэн. Харин нүүрсний нөөц дуусч, дундрахын хэрээр атомын цахилгаан станцтай болох, уг станцыг дагаад эрчим хүч экспортлох зорилт холын мэт санагдах ч эргээд харахад ойрын зорилго байх учиртай. Эрчим хүчний хомсдолтой, эрчим хүчний салбарын дэд бүтэц хуучирч, эдэлгээнээс гарахад ойрхон болсон гэдгийг тэрбээр Эрчим хүчний сайд байсны хувиар сайн мэдэж буй нь гарцаагүй. Учир нь, Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулсны зэрэгцээ орон нутгийг станцуудад чамгүй хөрөнгө оруулалт татсан нь түүний ажлын үр дүн байсан юм. Иймд “Мон атом” компанийн холын зорилго хувь хүнийх нь хувьд ойрын нүүдэл байхыг үгүйсгэх аргагүй. Үүн дээр нэмж хэлэх нэг зорилт бол үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг болсон “МАК” групптэй хамтарч, хайгуулын чиглэлээр ажиллах болсон “Эрдэнэс Ашид” компанийн үйл ажллагааг эрчимжүүлэх шаардлага. Тус компанийн тухайд зардал, санхүүжилтийг нь “МАК” компани бүрэн хариуцахаараа онцлог. Өөрөөр хэлбэл, энэ гэрээн дээр “Эрдэнэс Монгол” төрийн бодлогыг төлөөлж дэмжих ёстой болохоос бус засгаас санхүүжилт нэхэхгүй гэж ойлгож болно.
Харин бүхий л үеийн Засгийн газрын “шүдний өвчин” болж ирсэн “Багануур” ХХК-ийн тухайд асуудал их. Өдгөө олборлолт хийж буй талбай дээрээ хувийн компанитай шүүхдэж байгаа гэдгээс олон тооны бэрхшээлийг тоочиж болно. Наад зах нь, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг хангах зорилго бүхий нүүрсний нийлүүлэлтийн ихэнхийг хангадаг ч компани дээрээ алдагдлаа үүрч явдаг нь нууц биш. Тиймээс ч эрчим хүчний үнийг чөлөөлөх нь тус компанид ашигтай. Гэсэн ч “стратегийн” гэдэг үүрэг хариуцлага дор Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гэхэд дулаан, цахилгааны станцуудыг хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтыг түр хойш нь татсан. “Багануур” ХХК-ийн тухайд мөн л энэ шалтаг, шалтгаан яригдана. Иймд “Эрдэнэс Монгол” өрийг нь он дарааллын хувьд ачаалал болохгүй, хөнгөхөн шиг зохицуулахаас өөр илүү хөдөлгөөн хийх нь юу л бол. Энэ мэтээр тоочоод байвал Монголын эдийн засгийг тулах “Эрдэнэс Монгол”-ын ачаа их ээ. Гагцхүү өнгөрсөн оны эерэг үр дүнг ирээдүйд уламжлах, цаашлаад үйл ажиллагааг нь олон улсад хэрхэн гаргах вэ гэдэг том бодлогыг найдвартай сайн зурна гэж итгэе. Өнгөрсөн 10 жилийн түүхэн замнал нь бартаатай ч бага гэж чамлахааргүй амжилттай байсныг нь бодоод шүү.
Г.ЭНХЛЭН