2012 оноос өнөөг хүртэл Баянгол дүүрэгт том, жижиг нийлсэн нийт 14 эмнэлэг баригдсан байна.
Анх 2013 онд 35 ортой Эмүжин хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж байсан бол 2015 онд хуучин Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн бүрэн засварт оруулж 140 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгээ нээн ажиллуулж байсан удаатай. Энэ нь нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа нээгдсэн томоохон хүүхдийн эмнэлэг болсон юм.
Харин 2017 онд 60 ортой “Ахмад настны эмнэлэг”-ээ ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр “Хүүхдийн 2 дугаар эмнэлэг”-ээ нээлээ. Орчин үеийн стандартын шаардлага хангасан барилга, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг хүүхдийн эмнэлэг нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм. Уг эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд 4 эмч, 12 сувилагч ажиллаж дүүргийнхээ хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх юм.
Мөн тус эмнэлэг сүүлийн жилүүдэд манай улсын нярай хүүхдүүдэд ихээр илрэх болсон шарлалтын биллиметрийн аппаратыг шинээр нэвтрүүлж байна. Герман улсад үйлдвэрлэгдсэн тус аппаратад хүртэлх нярай хүүхдийг хамруулж, шарлалтын хэмжээг тогтоох юм.
2017 оны жилийн эцсийн байдлаар Баянгол дүүрэгт 0-16 насны 80440 гаруй хүүхэд бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10,000 хүн тутамд эмнэлгийн 2-4 ор ногдвол стандарт гэж тогтоосон бөгөөд ийнхүү тус шаардлагыг хангах боломжтой АНХНЫ дүүрэг боллоо.
Эмнэлгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, , Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, засаг даргын орлогч Г.Нарангэрэл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцов.