УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд групп”-т НӨАТ-ын буцаан олголтын 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байна. Тэгвэл Ёс зүйн дэд хорооноос уг асуудлыг шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд “ “Хурд групп” ХХК-д 18 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх татвараас хасаж тооцох мөн хуулийн 15.1-д албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохоор заасныг тус, тус үндэслэсэн байна. Албан татварын илүү төлөлтийг холбогдох журмын дагуу Татварын ерөнхий газраас хянаж, баталгаажуулсан байна. 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын албан татварын буцаалт “Хурд групп” ХХК-д олгогдоогүй байх бөгөөд Сангийн яамны холбогдох албан бичгүүдэд нийт 18 тэрбум төгрөгийн албан татварын буцаалтыг “Хурд групп” ХХК-д шилжүүлсэн байна. Мөн Сангийн яам болон Татварын Ерөнхий газрын ирүүлсэн албан бичиг, баримт тайлбар мэдээллийг үзэхэд “Хурд групп” ХХК 18 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтыг авах эрх нь дээр дурдсан холбогдох хуулийн дагуу үүссэн бөгөөд буцаалтыг олгох шийдвэр гаргах явц нь холбогдох хуулийн дагуу явагдсан байна. Иймд Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна гэж үзсэн болно” хэмээн дурджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Миний 100 хувь эзэмшдэг “Хурд групп” ХХК 2010 нэгдүгээр сарын 1-ээс 2013 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах актыг татварын ерөнхий газарт хүргүүлж баталгаажуулсан. Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж буцаан олголтыг өгсөн. Энэ бол хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа. Урьдчилж илүү төлсөн татвараа буцаан авсан үйл явдал юм” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Танай компани тус, тусдаа 18 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг авсан гэж ойлгож байна. Нийлээд 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан юм биш үү. Ийм байхад яагаад 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аваагүй гэж хэлээд байгаа юм бэ?
- Сангийн яамнаас 8 тэрбумаар нэг удаа 10 тэрбумаар нэг удаа гүйлгээ хийсэн. Нийт 18 тэрбум төгрөг.Нэгийг нь хоёроор үржүүлээд л олон нийтийн сүлжээнд тавьчихсан байх.
- Илүү төлсөн татвараа яагаад НӨАТ-ын татвар гэдэгт оруулсан юм бэ. Энэ талаар тайлбар өгнө үү?
- “Хурд групп” ХХК нь барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа барилгын материал худалдан авахдаа илүү төлсөн. Борлуулах борлуултаас нь илүү гарчихсан учраас ийм зүйл үүссэн. Татварын буцаан авах журмын дагуу л явагдсан ажил. 36 тэрбум төгрөг гэдэг нь гүтгэлэгтэй ташаа тоо. Монгол улсад мөрдөгдөж буй НӨАТ-н тухай хуулийн хүрээнд жил бүрийн борлуулалт, худалдан авалтын зөрүүгээс үүссэн НӨАТ-ын тайлангаа тайлагнаж, НӨАТ-ын буцаан авалтыг хуулийн 15-р зүйлийн дагуу холбогдох харьяа татварын байгууллагад хүсэлт гаргаж илүү төлөлтөө хяналт шалгалтаар баталгаажуулсны үндсэн дээр буцаан олголт авсан. Энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн явдал биш бөгөөд хуулийн хүрээнд хийгдсэн татварын буцаан олголт.
- Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улс төрч, нэр хүндтэй бизнесмэн хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?
-Тосон бумбын нуруунаас 50 км-ийн зайтай талбайг миний 50 хувийг эзэмшдэг компани эзэмшдэг. Миний 50 хувийг нь зэмшдэг компанитай яг зэрэгцээ талбайдад нийт таван компани үйл ажиллагаа явуулдаг. Намайг улс төрд байгаа болохоор л ингээд баалаад байгаа юм. Түүнээс биш хууль зөрчихсөн зүйл байхгүй. Хоёр голын урсацаас холдуулж, 2 км-ээр талбайгаа татсан. Урт нэртэй хуулиар бол 200 м л байгаа.
Т.Хулан