Маргааш зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэвч бид хүүхдийн баяр хэмээн хэлж заншиж, хүүхдүүд ч хүсэн хүлээж, хөөрөн догдолдог баярын өдөр. Аав ээж, эмээ өвөө, ах эгчдээ дураараа эрхлэн наадаж, амттанд умбаж, инээд хөөрөөр цалгих аз жаргалтай баярын өдөр байдаг билээ. Манай сайт хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд тус өдөртэй холбоотой ОНЦЛОХ 30 баримтыг хүргэж байна.
- 1924 онд анх "Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.
- 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей "Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
- Дээрх тунхаглалд "Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
- Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм.
- Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ 91 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.
- Энэ өдөр түүхэн хуудаснаа хүүхэдтэй холбоотой олон тэмдэглэлт үйл явдал болж байсан нь нэн сонирхолтой юм.
- Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд тухайн оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс анх удаа зохион байгуулсан билээ. АСЕМ-ын нийт уулзалт, хурлуудад 5600 гаруй хүн гаднаас ирж оролцсон бөгөөд зөвхөн дээд түвшний уулзалтаар гэхэд 2600 гаруй зочин Улаанбаатарт саатсан талаар мэдээллийг тухайн үед хүргэж байсан билээ. Харин Монгол Улсын зүгээс зохион байгуулалтад 9000 гаруй хүн оролцсон талаар мэдээллийг Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийж байсан юм. Тэгвэл энэ хурлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газраас өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгийн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын талаар хэлсэн онцлох мэдээллийг хүргэж байна.
"АСЕМ-ЫН ЗАРДЛААС 79.2 ТЭРБУМЫГ ШАМШИГДУУЛСАН 17 АЛБАН ТУШААЛТНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ"
-АСЕМ-ын хүрээнд суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд 6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн.
-АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.
-АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй.
-Нийслэлээс 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл арга хэмжээг эрх шилжүүлэн гүйцэтгэж, хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл, АСЕМ дууссанаас хойш хийсэн байна. Тухайлбал, Яармагт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй замыг 434 сая төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж гүйцэтгүүлсэн байна
-АСЕМ-ын үйл ажиллагаанд улсын төсвөөс 58,3, нийслэлийн төсвөөс 32,6, нийт 90,9 тэрбум төгрөг, төрийн өмчих аж ахуй нэгжийн хөрөнгөнөөс 23,9 тэрбум, нийт 114,8 төгрөгийг зарцуулсан байна.
-АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 2015-2016 онд “гадаадад болон дотоодын сургалтуудыг зохион байгуулахад 722,4 сая төгрөгийг зарцуулсан боловч тайлан гаргаагүй, зарцуулалт нь анхан шатны баримтаар бүрэн нотлогдохгүй байна.
-ИНЕГ улсын төсвөөс 7,5 тэрбум, өөрийн хөрөнгөнөөс 19,6 тэрбум, нийт 27,1 тэрбум төгрөгийг АСЕМ-тай холбоотой төсөл, арга хэмжээнд зарцуулахаар гэрээ байгуулахдаа тендерийн /ТБОНӨХБАҮХАТХ/-ийг зөрчсөн байна.
-Бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал,дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ш эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ы зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.
-Иргэний нисэхийн ерөнхий газар 37.1 тэрбум төгрөгийг АСЕМ-тай холбоотой төсөл, арга хэмжээнд зарцуулахаар гэрээ байгуулахдаа тендерийн хууль зөрчсөн байна.
-АСЕМ Вилла цогцолборын орчинд 2 га талбайд 150 сая төгрөгийн 580 ш мод, бутыг суулгасан гэсэн боловч эзэмшигч тодорхойгүй, бүртгэлд тусгаагүй байна.
-АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоогүй төсөл, арга хэмжээг түүний нэр дор шууд гэрээ байгуулсан зөрчил илэрсэн.
-Автобус авсан зээлийн хүүнд 2016-2017 онд 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 онд 35.2 сая төгрөгийг төлж, одоо 15.2 сая төгрөгийн улсын төсвөөс төлөх үлдэгдэлтэй байна.
-АСЕМ-ын зардлаас 79.2 тэрбумыг шамшигдуулсан 17 албан тушаалтныг илрүүллээ
-Зургаан жилийн хугацаатай жилийн дөрвөн хувийн хүүтэй үнэт цаас дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн байна. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатарын хотын банк, Хаан, Төрийн банкинд үнэт цаасыг худалдсан бөгөөд арилжааны банкууд дэд зээлдэгч болох 17 компанитай жилийн 13-14 хувийн хүүтэй гэрэээ хийжээ.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд групп”-т НӨАТ-ын буцаан олголтын 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байна. Тэгвэл Ёс зүйн дэд хорооноос уг асуудлыг шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд “ “Хурд групп” ХХК-д 18 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх татвараас хасаж тооцох мөн хуулийн 15.1-д албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохоор заасныг тус, тус үндэслэсэн байна. Албан татварын илүү төлөлтийг холбогдох журмын дагуу Татварын ерөнхий газраас хянаж, баталгаажуулсан байна. 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын албан татварын буцаалт “Хурд групп” ХХК-д олгогдоогүй байх бөгөөд Сангийн яамны холбогдох албан бичгүүдэд нийт 18 тэрбум төгрөгийн албан татварын буцаалтыг “Хурд групп” ХХК-д шилжүүлсэн байна. Мөн Сангийн яам болон Татварын Ерөнхий газрын ирүүлсэн албан бичиг, баримт тайлбар мэдээллийг үзэхэд “Хурд групп” ХХК 18 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтыг авах эрх нь дээр дурдсан холбогдох хуулийн дагуу үүссэн бөгөөд буцаалтыг олгох шийдвэр гаргах явц нь холбогдох хуулийн дагуу явагдсан байна. Иймд Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна гэж үзсэн болно” хэмээн дурджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Миний 100 хувь эзэмшдэг “Хурд групп” ХХК 2010 нэгдүгээр сарын 1-ээс 2013 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах актыг татварын ерөнхий газарт хүргүүлж баталгаажуулсан. Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж буцаан олголтыг өгсөн. Энэ бол хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа. Урьдчилж илүү төлсөн татвараа буцаан авсан үйл явдал юм” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Танай компани тус, тусдаа 18 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг авсан гэж ойлгож байна. Нийлээд 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан юм биш үү. Ийм байхад яагаад 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аваагүй гэж хэлээд байгаа юм бэ?
- Сангийн яамнаас 8 тэрбумаар нэг удаа 10 тэрбумаар нэг удаа гүйлгээ хийсэн. Нийт 18 тэрбум төгрөг. Нэгийг нь хоёроор үржүүлээд л олон нийтийн сүлжээнд тавьчихсан байх.
- Илүү төлсөн татвараа яагаад НӨАТ-ын татвар гэдэгт оруулсан юм бэ. Энэ талаар тайлбар өгнө үү?
- “Хурд групп” ХХК нь барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа барилгын материал худалдан авахдаа илүү төлсөн. Борлуулах борлуултаас нь илүү гарчихсан учраас ийм зүйл үүссэн. Татварын буцаан авах журмын дагуу л явагдсан ажил. 36 тэрбум төгрөг гэдэг нь гүтгэлэгтэй ташаа тоо.
- Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улс төрч, нэр хүндтэй бизнесмэн хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?
-Тосон бумбын нуруунаас 50 км-ийн зайтай талбайг миний 50 хувийг эзэмшдэг компани эзэмшдэг. Миний 50 хувийг нь зэмшдэг компанитай яг зэрэгцээ талбайдад нийт таван компани үйл ажиллагаа явуулдаг. Намайг улс төрд байгаа болохоор л ингээд баалаад байгаа юм. Түүнээс биш хууль зөрчихсөн зүйл байхгүй. Хоёр голын урсацаас холдуулж, 2 км-ээр талбайгаа татсан. Урт нэртэй хуулиар бол 200 м л байгаа.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй.
Уг асуудлаар гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Монголчууд хамгийн өндөр зээлийн хүүг төлж байна
- Монголчууд бага цалинтай ажил хөдөлмөр, өндөр зардалтай бизнес эрхлэж, хаа ч байхгүй хамгийн өндөр санхүүгийн түрээс /зээлийн хүү/ төлж, бултаараа банкны эзэд, мөнгө хүүлэгчдэд хэт их хэмжээний монополь ашиг “үйлдвэрлэн” өгч байна. Санхүүгийн зах дээр нэгэнт тогтсон монополь өндөр зээлийн хүү нь дэлхий дээр хамгийн өндөр хүүтэй хадгаламж татах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийг дагуулж төв банк бодлогын хүүгээ дэлхий дээр бас л байхгүй өндөр түвшинд тогтоон барьж байна. Сүүлийн 11 жилд зээлийн нийлүүлэлт 2 их наяд төгрөгөөс 13.6 их наяд төгрөгт хүрч, бараг 6.8 дахин нэмэгдсэн боловч, түүнийг дагаж зээлийн хүү буурсангүй, харин ч сүүлчийн 8 жилээр авч үзвэл 0.8 пунктээр нэмэгджээ. Зээлийн нийлүүлэлтийн их хэмжээний өсөлт хүүд нөлөөлөөгүй нь тухайн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээр үнэ зохицуулагдахгүй байгааг, чөлөөт өрсөлдөөн байхгүй болохыг нотолж байгаа юм байна. Мөнгө хүүлэлтийн гол индикатор болох зээлийн “марж” буюу банкуудын хадгаламжийн хүү дээр нэмж буй хувь манайд дунджаар 13% байгаа нь дэлхийн дундаж /4%-6%./-аас хэт өндөр байна. Банкуудын олгож байгаа зээлийн хувьд ч, түүний гол түүхий эд болох хадгаламжийн хувьд ч хэт төвлөрөл бий болсон, 2-3 банкны давамгай байдал ноёрхсон, өрсөлдөөн байхгүй, эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаггүй монополь “үнэ” тогтсон монополиос олгиполь руу шилжих гэсэн категорид хамаарах зээлийн зах манайд бүрэлдэн тогтсоныг дээрх шинж төрхүүд илтгэж байна.Зээлийн өндөр хүүгийн дарамт нь бизнесс эрхлэгчдийн, иргэдийн төлбөрийн чадварыг сулруулж, зардал өсгөн ашиг бууруулах, улмаар татвар багасгаж, төсвийн орлогыг хомсдуулах нэг бодит хүчин зүйл болоод удаж байна. Баялаг бүтээж хуримтлал бий болгох биш, мөнгөнөөс мөнгө хүүлэх гол хөшүүрэг болж, ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болох боллоо. Эдийн засаг дахь санхүүгийн нөөц хэт цөөнхийн мэдэлд төвлөрөх үйл явц өрнөж, нийгмийн дундаж давхарга өсөж өндийх, хуримтлалын бааз суурь нэмэгдэх боломжийг хааж боогдуулах сөрөг үр дагавар илрээд удаж байна. Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Монгол банкныхан нийгэмд айдас, хүйтэс бий болгож дарамталж байна. Банк, санхүүгийнхэн хүнд байдалд орно гэсэн үгээр айлгах хэрэггүй. Энэ маш олон жил яригдсан асуудал. Яригдах бүрт хад мөргөдөг. Монгол банк энэ хуулин дээр үнэн нүүр царайгаа харуулж байна. 14 арилжааны банкиндаа барьцаалагдчихсан, лоббид нь орчихсон байна. Монгол банк нь өөрөө барилжааны банкныхаа улаан хамгаалагч нь болчихсон. Уг нь шалгаж, хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Монгол банк Монголын төрийн байгууллага мөртлөө иргэдийн эрх ашгийг хоёрт тавьж байна. Зээлийн хүүг урьдчилж авах, ямар нэгэн байдлаар шимтгэл авахыг хуулиар хориглосон. Зээлийн хүүг урьдчилж бөөнөөр нь тооцож авдгаа болих хэрэгтэй.
Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа: Зээлийн хүүг хүчээр буулгах боломжгүй
- Зээлийн хүү бууруулах стратеги дээр Төв банкин дээр ажлын хэсэг байгуулагдсан. Одоо яамдын саналыг авч байгаа. Саналыг нэтгэж дуусгаад, ирэх зургадугаар сард УИХ руу оруулах чигтэй ажиллаж байна. Зээлийн хүүг хүчээр буулгаснаар олон сөрөг үр дагавартай.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Банкны зээлийн хүүг бууруулахад төрөөс зайлшгүй зохицуулалт хийх цаг нь болсон
Мөнгө хүүлэлтийг зогсоож зээлийн хүүг бууруулах асуудлыг би эхнээсээ дэмжиж ирсэн. Өнөөдөр иргэд банкны хүүнд дарлуулж гүйцлээ. Зээлийн хүүг бууруулах асуудалд зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Үүнд эдийн засгийн байнгын хороо идэвхтэй ажиллах ёстой. Хуульд зээлийн хүүг 18 хувиас дээшгүй байна гээд заачихсан байна. Гэхдээ одоо 18 хувиас доош байгаа зээлийн хүүг буцаагаад өсгөчихвий дээ. Зээлийн хүүгийн шимтгэл бусад хураамжууд бүгд өндөр байдаг. Энэ бол мөнгө хүүлэлт. Үүнд төр засаг заавал оролцох ёстой. Хэрэглээний зээлийг 10-12 хувиар хэтрүүлэхгүй байх гэж заасан байх ёстой гэх мэтээр тодорхой заагаад өгчих хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн Р.Элдэв-Очир: Арилжааны банкууд мөнгө хүүлэгч болсон
28 жилийн хугацаанд зах зээлийн горимоор явах боломжгүй гэсэн үзсэн учраас төр зохицуулалт хийх гэж үзэж байна. Жижиг зах зээлд, зах зээлийн зарчим үйлчилдэггүй нь зөвхөн банк санхүүгийн салбарт бус нийт эдийн засагт харагдаж байна. Тиймээс эдийн засгийн онолоор эрэлт, нийлүүлэлт жамаараа явдаггүй юм байна. Тэгэхээр хөрсөн дээрээ бууж энэ асуудлыг шийдэх гэж буй нь зөв зүйтэй. Цаашдаа энэ урсгалаараа явбал айхтар дампуурал бий болно. Энэ өндөр зээлийн хүү төлөөд ажиллаж, амьдарч буй хүмүүс дэлхийд байхгүй. Арилжааны 14 банк мөнгө хүүлэгч болсон. Том банкууд бүхий л бизнесийг дээрэмдэж, өрөнд оруулсан. Банкны гар дүрээгүй салбар алга. УИХ энэ 14 банкныхаа лоббиг дийлээд энэ хуулиа батлуулж чадах уу гэдэг нь их чухал. Энд зээлийн хүүг хязгаарлах гэж байна. Гэхдээ бид хадгаламжийн зээлийн хүүг давхар ярих ёстой. Зээлийн хүүг тогтоогоод өгөхөөр хадгаламжийн хүү буурч банкуудын ашигт ажиллагаа нь буурч зээлийн хүүг хэвийн болгочих байх гэх эдийн засгийн баримжаа байгаа ч тодорхой хэмжээнд хуульчилж өгөх ёстой. Ингэхгүй бол яваандаа гажуудал үүснэ. Хадгаламжийн зээлийн хүүг хязгаарлаж өгөхгүй бол болохгүй.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Гадны банкийг оруулж ирж байж зээлийн хүү буурна
Гадны хөрөнгө оруулалтын банкийг хэзээ оруулж ирэх юм. Банк оруулж ирж байж, зээлийн хүү буурна. Хэдэн бизнесменүүд зүтгээд л байдаг. Зээлийн хүүнээс үүдээд бизнесийн орчинд маш хүнд байна. Харин банкуудын байшин улам л томроод байх юм. Одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн хүүнээс үүдээд, бүр гараа өргөөд буугаад өгчихлөө. Цөөн хэдхэн хүн хадгаламжийн хүүгээр баяжаад, хувийн хэвшлийн зээлийн хүүнд дарлуулсан байдалтай хэдий хүртэл явах юм. Төв банкны өмнөх Ерөнхийлөгч Г.Золжаргал хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар эдийн засгаа маш сайн тэлж өгсөн. Бизнес эрхлэгч хүний хувиар би үүнийг зөв гэж хардаг. Одоо Монгол банк онол л ярих юм.
Эдийн засагч Н.Дашзэвэг: Хаан банк шимтгэлээрээ 40-50 тэрбумын ашиг олж байна
Зээлийн хүүг хязгаар тогтоохоор сөрөг үр дагавар гарна гэж Монгол банкныхан хэлж байна. 18 хувь болгочихвол ямар ч сөрөг үр дагавар гаргахгүй. Харин инфляцитай ойртуулчихвал асуудал үүсч магадгүй. Янз бүрийн шимтгэл авахыг болиулах ёстой. Ганц Хаан банк шимтгэлээрээ 40-50 тэрбумын ашиг олж байна. Зээлийн хүүг бууруулснаар эрэлт нэмэгдэнэ гэж буй ч энэ нь банкуудад илүү ашигтай.
Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарсан байна. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.Тэрбээр 2018 он гарахын өмнөхөн нутаг нэгт сумочид гар хүрсэн асуудалд холбогдож, сумод хүч үзэх эрхээ хасуулахад хүрсэн билээ. Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүр мөсөн ирэхээр болсон юм. Тэрбээр боловсролын салбарт түлхүү анхаарч Монголдоо "Шинэ Монгол" сургууль байгуулаад байгаа аж.
Маргааш буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн ЗЦА-наас Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг 09:00-17:00 цагт бүрэн хаана. Мөн хотын хэмжээнд бүх жижиг, том гэхгүй бүх уулзваруудыг хяналтандаа авч, ЗЦ-ын алба хаагчид уртасгасан цагаар ажиллана. Түгжрэлгүй байлгах чиглэлээр бүх арга хэмжээг авч ажиллах юм байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан болж өнгөрсөн эдийн засгийн чуулганы хуралдаанд үг хэлэх үеэрээ ШХАБ-т элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр хуралданы УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхийг хэлэлцсэн байна. Хоёр цаг орчим үргэлжилсэн уг хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоогүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байр, суурийг илэрхийлсэн байна.
Хуралдааны эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ШХАБ болон түүнийг дагалдах баримт бичгүүдийн талаарх мэдээллийг гишүүдэд сонсгосон байна. Тэрбээр ч мөн Монгол улсын ШХАБ-т элсэх цаг нь болсон гэх байр, суурийг өмнө нь илэрхийлсэн билээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлжээ. Ингээд УИХ-ын гишүүдийнг дийлэнх олонх нь “ШХАБ-т элсэх нь зөв” гэх байр суурийг илэрхийлжээ. Гэхдээ үүнийг эсэргүүцэж байсан хэд, хэдэн гишүүн байсан байна.
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ШХАБ-ын гишүүн бус ажиглагч орон байхад хангалттай. Манай улсын гадаад бодлого зөөлөн бөгөөд бүхий л улстай найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Харин ШХАБ-ын гишүүн орон болбол бусад оронтой харилцахад хүндрэлтэй болно гэх байр суурийг илэрхийлж ирсэн.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаар гишүүдийн олонх нь энэ саналыг дэмжжээ. Ингэхдээ ШХАБ-д яагаад, ямар зорилгоор элсэж байгаа вэ гэдэг зорилго, байр сууриа тодорхой болгох шаардлагатай гэж ярилцжээ.
Одоо уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлэхээр болжээ. Эндээс тодорхой шийдэл гарсны дараа ШХАБ-ын асуудлыг парламентаар орж ирэх бололтой.
Ирэх зургадугаар сарын 9,10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Шандунь мужийн Чиндао хотод болно. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно гэх мэдээлэл байгаа юм. Энэ үеэр ШХАБ-ын талаар Монгол Улсын Засгийн газар ямар байр суурийг хүргэх учраас тус асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцүүлсэн нь энэ аж.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH барилгын хогийн цэгт өчигдөр 18:00 цагийн орчимд гал гарсан байна. Эл галын улмаас зогсоолд байрлуулсан “Приус-20" маркийн автомашины арын хэсэг шатжээ. Улмаар гал барилгын гадна хэсэгт хүрч, галын утаа агааржуулалтын хоолой руу оржээ. Энэ үед тус цогцолборын хамгаалалтын албаныхан барилга дотор байгаа хүмүүсийг гаргаж, галын дуудлага өгсөн байна.
Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 32-34 градус дулаан байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Монгол Алтайн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Төслийн нэг дэх заалтад өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Харин 2018 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж олгох, 2019 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусгаж байхаар тусгажээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж, амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болж байгаа юм.