8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баяртсайхан: Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хууль сүүлийн 30 жилд хийж буй томоохон өөрчлөлт

2018-06-01 10:00:00

Монголбанкнаас Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан дараах мэдээллийг онцолсон юм. Тэрбээр  "Банкуудын дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум төгрөг байгаа. Монголбанкнаас 2018 ондоо багтаад өөрийн хөрөнгө нь дутагдалтай байгаа арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө хангах даалгавар өгсөн. Энэ даалгаврыг арилжааны банкуудыг биелүүлчихвэл Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй.  Би Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд одоо хэлэлцэх гэж байгаа хуулийг хэрэглэх бараг шаардлагагүй гэж харж байгаа. Дутагдаж байгаа хөрөнгийн хэмжээг энэ онд багтаан олох бүрэн боломж байгаа гэж харж байна. Монголын банк санхүүгийн системд байгаа нийт хөрөнгө Дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувьтай тэнцэж байгаа нь бага тоо" гэсэн юм.  

Мөн энэ хуулийн төслийг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж буйг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тодотголоо. Тэрээр энэ хуулийн төсөл нь банкны салбарт сүүлийн 30 жилд хийж буй томоохон өөрчлөлт шинэчлэлтийн нэг хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Дээрх шинэчлэлийг ОУВС-гаас манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа аж.  Монголын банкны салбарт 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дутагдаж байгааг бөгөөд энэ нь  эрсдэл үүсгэхгүй  аж.

Улсын их хурлын гишүүн Ч.Улаан: Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулийн ач холбогдол маш их. Банкны салбарыг сүүлийн 30 жилд өөрчлөөгүй. Иймд банкны салбараа тогтвортой авч үлдэх нь чухал. Банк итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг. Харилцагч, хадгаламж эзэмшигчдэд эрсдэл үүсэхээр байвал ачаалал үүрүүлэхгүй байхыг энэ хуулиар урьдчилан бүрдүүлнэ. Банкууд дээр үүссэн ачааллыг хэд хэдэн үе шаттай даван туулна. Банкууд өөрийн хөрөнгийн хүрэлцээг өөрсдөө тэргүүн ээлжид хариуцах ёстой. Дараагийн шатанд буюу банкууд хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол шинэ хөрөнгө оруулагчид татах замаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ. Хэрэв үүнийг биелүүлж чадахгүй бол төр оролцоно. Ийм механизмыг хуульд тусгасан. Банкуудын үүрэг хариуцлагыг өндөрсгөлөө. Хуулийг хурдан батлах шаардлагатай.

Манай улсын зарим банкны хувьцаа эзэмшигч нь нэг хүн байна. Бусад хөрөнгө оруулагчийг татаж, хувьцаа эзэмшигчийнхээ тоог нэмэх замаар өөрийн хөрөнгөө нэмж болно. Чанаргүй зээлээ багасгах замаар холбогдох харьцаануудыг хангах боломжтой гэсэн юм.

Одоогоор чухам аль банк хэдий хэмжээгээр өөрийн хөрөнгөө нэмэх нь тодорхойгүй байна. Томоохон банкууд их хэмжээгээр, системийн биш жижиг банкууд бага хэмжээгээр хөрөнгөө өсгөх ёстой. Тэдэнд долоон сарын хугацаа байна" гэв 

Мэдээллийг манай сайт шууд дамжууллав. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл