8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоу хийж болохгүй

2018-06-04 14:25:00

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Төрийн зарим өмчийг хувьчлах асуудалтай холбогдуулан Засгийн газраас мэдээлэл сонссон байна. Хоёрдугаарт өнгөрсөн баасан гаригт чуулганаар хаалттай хэлэлцсэн  банкуудыг дахин  санхүүжүүлэх хуулийн төслийг хаалттай хэлэлцжээ.  Ингээд Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Ингэхдээ тухайн объект дээр онцлогт нь тохирсон хувьчлалын концепцыг гаргах хэрэгтэй. Мөн нээлттэй хэлбэрээр хувьцаа гаргах хэлбэрээр хувьчлах зарчмыг баримтлах нь зөв гэдэг чиглэлийг өгчээ.  Харин банкуудыг дахин санхүүжүүлэх асуудлыг хаалттай хэлэлцсэн учраас мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. 

Бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


- Энэ онд багтааж төрийн өмчит ямар компаниудыг хувьчлах вэ.  Хувьчлалаас төсөвт хэчнээн хэмжээний төгрөг орж ирнэ гэж тооцоолж байна. Объектуудын үнэлгээг гаргасан болов уу?

-2020 он хүртэлх өмч хувьчлалын жагсаалт болон үнэлгээний асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн. Аль болох компанийг үнэ хүргэхийн тулд ямар хэлбэрээр хувьчлах нь зөв бэ гэдэг чиглэлд Засгийн газар саналаа гаргана. Хувьчлахад бэлэн болсон объектуудыг олон нийтэд шууд зарлана. Хуулиараа өмч хувьчлалыг УИХ батлах ёстой. Төрийн өмчийн компанийн хувьд төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авах ёстой. Мөн төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Сүүлийн хоёр жилд төрийн өмчийн компаниудын үр ашиг нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд төрийн өмчийн компаниудын нийт ашиг 800 тэрбум гаруй байсан. Компани бүр дээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нэлээн хэдэн ажил хийсэн талаарх мэдээллээ өгч байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гарч төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах чиглэлээр санал санаачлага гаргасан. Энэ удаагийн өмч хувьчлалыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлье гэдэг саналтай байгаа. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой тодорхой салбаруудын хувьчлалыг түр хойшлуулж байгаа. Аль аж ахуй нэгжийг хэдээр хувьчлуулах уу, хэдэн төгрөг олох уу гэдэг нь хувьчлалын бодлого батлагдсаны дараа тодорхой болно. Засгийн газарт нарийвчилсан үнийн дүн, үнэлгээ нь гарна. Үнэлгээг мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаанд тулгуурлаж гаргадаг. Орон нутгийн авто зам засвар арчлалтын компаниуд, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан компани, Мэдээлэл холбоо компани, МИАТ-ыг хувьчилна.

- Зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой ямар зохирцуулалт хийгдэх вэ? МАН-ын бүлэг хаврын чуулганд багтааж томоохон ямар асуудлуудыг зайлшгүй шийдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Зээлийн хүүг бууруулах нь монголчуудын хүсэн, хүлээсэн асуудал. УИХ-д  цогцоороо яригдаж байгаа. Банкны тухай хуулиудыг багцаар нь оруулж хэлэлцэж байгаа. Өнгөрсөн намрын чуулганаар нэр бүхий гишүүд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед бид хэлэлцээд мэргэжлийн банк нь буюу Монгол банкнаас энэ асуудлыг цогцоор нь авч үзэх нь  зүйтэй гэдэг  саналд хүрээд асуудлыг түр хойшлуулсан. С.Эрдэнэ гишүүн мөн зээлийн хүүг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийг өргөн барьсан. Энэ хууль нь хуулийн боловсруулалт болон хамрах хүрээ талаасаа дутагдалтай байсан учир асуудлыг цогцоор нь оруулах хэрэгтэй гэдэгт байнгын хорооны гишүүд санал нэгдсэн. Үүний дагуу Монголбанк зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулж дууссан. Энэ сарын дундуур УИХ-д өргөн мэдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, энэ хаврын чуулганд зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Зээлийн хүүг бууруулахдаа захиргааны арга, эдийн засгийн аргыг  хосолмол байдлаар хэрэглэх байр суурьтай байгаа. Ганц захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага байдаг. Мөн эдийн засгийн аргыг дангаар нь олон жил хэрэглэсэн боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бүлэг дээр зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоу хийж болохгүй. Банкны систем бол эдийн засгийн салбарын цусны эргэлт учраас энэ асуудалд маш сайн тооцоо, судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч нухацтай хандах ёстой. Хэрвээ хөнгөн, хуумгай шийдвэр гаргавал бид эдийн засгаа бүхэлд нь баллах аюултай.

-Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гаргасан. Хэзээнээс ажил хэрэг болох вэ?

-Манай бүлэг Тавантолгойн төсөлд IPО гаргах Засгийн газрын саналыг дэмжиж байгаа. Үнэт цаас гаргах бэлтгэлээ хангах чиглэл өгсөн. Засгийн газар зөвлөх компаниа сонгоод хэрхэн IPО гаргах вэ, төмөр зам, үйлдвэрийн бүтэц дээрээ хэрхэн  ажиллах, УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ  гэдэг нь үргэлжлээд явна.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, гацчихлаа. Энэ асуудалд ямар байр, суурьтай байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өргөн баригдаад жил гаруй болж байна. Эхний хэлэлцүүлгийг хийгээд хэлэлцэх эсэхийг шийдсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурал ажлын хэсэг гаргаж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж байгаа. Ажлын хэсгийн төвшинд санал зөрүүтэй асуудлууд гарч байгаа учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцэх үеэр арилжааны банкууд активын чанарын үнэлгээгээр 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан гэдэг нь тодорхой болсон гэсэн. Яг аль банк нийт хичнээн төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай байгаа вэ. Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэх болсон шалтгаан нь юу вэ?

- Банкны, мөнгө санхүүгийн асуудлыг хэлэлцдэг учраас хаалттай хэлэлцдэг юм. Учир нь банктай холбоотой тоо баримтууд яригддаг. Ер нь Засгийн газраас уг хуулийг анх хаалттай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хууль нь банкуудыг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн болж өгөх юм. Өөрөөр хэлбэл, банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх юм бэ гэдгийг тодорхой болгох юм. Түүнээс биш энэ хууль өнөөдөр батлагдаад маргааш нь банкуудад мөнгө тараах тухай биш юм. ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд банкуудын активын чанарыг үнэлэхэд харьцангуй сайн гарсан. Харин банкуудад 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байгаа юм. Энэ дутагдлыг хэрхэн нөхөх төлөвлөгөөг банкуудаас Монгол банкинд ирүүлсэн. Банкууд өөрсдөө энэ хөрөнгийн дутагдлаа нөхөх бүрэн боломжтой. Энэ бол тусдаа асуудал юм. Харин өнөөдөр хууль гаргаж, эрх зүйн зохицуулалт хийх асуудлыг яриад байна. Өмнө нь үүнийг зохицуулах хууль байгаагүй. Банкны салбарт хүндрэл бий болж, доголдол үүсэхэд зохицуулах хуульгүйгээс болж Монгол банкны Ерөнхийлөгч өөрөө шийдээд явж ирсэн түүх бий. Тэгэхээд цаашид энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд уг хуулийг хэлэлцэж байгаа юм. Нөгөөтэйгүүр арилжааны банкууд өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй нөхцөлд төр оролцож тодорхой хувийг нь хүртэл эзэмшиж болох зохицуулалтыг хийж өгч байна. Хууль батлагдаад гарсны дараа хүмүүс танилцаарай. Энэ бол их чухал хууль. Арилжааны банкны багц хуулиудыг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд л уг хуулийг хэлэлцэж байна.

- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт орсон гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдэж байна. Хэлэлцүүлгийн шатандаа засч, залруулах шаардлага гарсан. Уг хуульд дахин нягтлах зүйлүүд их бий. Ажлын хэсгийг өргөтгөж уг асуудлыг дахин нягталж, засахаар ажиллаж байна. Мэдээж бид аюулгүй байдлаа хангах ёстой шүү дээ.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
БУСАД ОРОНД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮ МӨРДӨГДӨЖ АРД ТҮМЭН ШУЛАГДАЖ БХАД ЯАГНААД БОЛОХГҮЙ ГЭЖ.АРД ТҮМЭН ЧИНЬ ХҮҮНД НЬ ЦӨХӨРЧ БАЙГААГ ТА МЭДЭХ ҮҮ мэдэхгүй болоод бууруулахгүй гэж бгаа байхдаа ДАРХАНЧУУД ХАРЖ
2018/06/04 202.72.240.5