8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нийслэлийн МАН-ын Бага хурал хойшлогдож, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт хилийн хориг тавьсан өдөр

2018-06-04 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Д.Хаянхярваа: Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоу хийж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Төрийн зарим өмчийг хувьчлах асуудалтай холбогдуулан Засгийн газраас мэдээлэл сонссон байна. Хоёрдугаарт өнгөрсөн баасан гаригт чуулганаар хаалттай хэлэлцсэн  банкуудыг дахин  санхүүжүүлэх хуулийн төслийг хаалттай хэлэлцжээ.  Ингээд Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Ингэхдээ тухайн объект дээр онцлогт нь тохирсон хувьчлалын концепцыг гаргах хэрэгтэй. Мөн нээлттэй хэлбэрээр хувьцаа гаргах хэлбэрээр хувьчлах зарчмыг баримтлах нь зөв гэдэг чиглэлийг өгчээ.  Харин банкуудыг дахин санхүүжүүлэх асуудлыг хаалттай хэлэлцсэн учраас мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. 

Бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


- Энэ онд багтааж төрийн өмчит ямар компаниудыг хувьчлах вэ.  Хувьчлалаас төсөвт хэчнээн хэмжээний төгрөг орж ирнэ гэж тооцоолж байна. Объектуудын үнэлгээг гаргасан болов уу?

-2020 он хүртэлх өмч хувьчлалын жагсаалт болон үнэлгээний асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн. Аль болох компанийг үнэ хүргэхийн тулд ямар хэлбэрээр хувьчлах нь зөв бэ гэдэг чиглэлд Засгийн газар саналаа гаргана. Хувьчлахад бэлэн болсон объектуудыг олон нийтэд шууд зарлана. Хуулиараа өмч хувьчлалыг УИХ батлах ёстой. Төрийн өмчийн компанийн хувьд төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авах ёстой. Мөн төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Сүүлийн хоёр жилд төрийн өмчийн компаниудын үр ашиг нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд төрийн өмчийн компаниудын нийт ашиг 800 тэрбум гаруй байсан. Компани бүр дээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нэлээн хэдэн ажил хийсэн талаарх мэдээллээ өгч байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гарч төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах чиглэлээр санал санаачлага гаргасан. Энэ удаагийн өмч хувьчлалыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлье гэдэг саналтай байгаа. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой тодорхой салбаруудын хувьчлалыг түр хойшлуулж байгаа. Аль аж ахуй нэгжийг хэдээр хувьчлуулах уу, хэдэн төгрөг олох уу гэдэг нь хувьчлалын бодлого батлагдсаны дараа тодорхой болно. Засгийн газарт нарийвчилсан үнийн дүн, үнэлгээ нь гарна. Үнэлгээг мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаанд тулгуурлаж гаргадаг. Орон нутгийн авто зам засвар арчлалтын компаниуд, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан компани, Мэдээлэл холбоо компани, МИАТ-ыг хувьчилна.

- Зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой ямар зохирцуулалт хийгдэх вэ? МАН-ын бүлэг хаврын чуулганд багтааж томоохон ямар асуудлуудыг зайлшгүй шийдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Зээлийн хүүг бууруулах нь монголчуудын хүсэн, хүлээсэн асуудал. УИХ-д  цогцоороо яригдаж байгаа. Банкны тухай хуулиудыг багцаар нь оруулж хэлэлцэж байгаа. Өнгөрсөн намрын чуулганаар нэр бүхий гишүүд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед бид хэлэлцээд мэргэжлийн банк нь буюу Монгол банкнаас энэ асуудлыг цогцоор нь авч үзэх нь  зүйтэй гэдэг  саналд хүрээд асуудлыг түр хойшлуулсан. С.Эрдэнэ гишүүн мөн зээлийн хүүг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийг өргөн барьсан. Энэ хууль нь хуулийн боловсруулалт болон хамрах хүрээ талаасаа дутагдалтай байсан учир асуудлыг цогцоор нь оруулах хэрэгтэй гэдэгт байнгын хорооны гишүүд санал нэгдсэн. Үүний дагуу Монголбанк зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулж дууссан. Энэ сарын дундуур УИХ-д өргөн мэдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, энэ хаврын чуулганд зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Зээлийн хүүг бууруулахдаа захиргааны арга, эдийн засгийн аргыг  хосолмол байдлаар хэрэглэх байр суурьтай байгаа. Ганц захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага байдаг. Мөн эдийн засгийн аргыг дангаар нь олон жил хэрэглэсэн боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бүлэг дээр зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоу хийж болохгүй. Банкны систем бол эдийн засгийн салбарын цусны эргэлт учраас энэ асуудалд маш сайн тооцоо, судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч нухацтай хандах ёстой. Хэрвээ хөнгөн, хуумгай шийдвэр гаргавал бид эдийн засгаа бүхэлд нь баллах аюултай.

-Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гаргасан. Хэзээнээс ажил хэрэг болох вэ?

-Манай бүлэг Тавантолгойн төсөлд IPО гаргах Засгийн газрын саналыг дэмжиж байгаа. Үнэт цаас гаргах бэлтгэлээ хангах чиглэл өгсөн. Засгийн газар зөвлөх компаниа сонгоод хэрхэн IPО гаргах вэ, төмөр зам, үйлдвэрийн бүтэц дээрээ хэрхэн  ажиллах, УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ  гэдэг нь үргэлжлээд явна.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, гацчихлаа. Энэ асуудалд ямар байр, суурьтай байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өргөн баригдаад жил гаруй болж байна. Эхний хэлэлцүүлгийг хийгээд хэлэлцэх эсэхийг шийдсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурал ажлын хэсэг гаргаж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж байгаа. Ажлын хэсгийн төвшинд санал зөрүүтэй асуудлууд гарч байгаа учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцэх үеэр арилжааны банкууд активын чанарын үнэлгээгээр 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан гэдэг нь тодорхой болсон гэсэн. Яг аль банк нийт хичнээн төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай байгаа вэ. Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэх болсон шалтгаан нь юу вэ?

- Банкны, мөнгө санхүүгийн асуудлыг хэлэлцдэг учраас хаалттай хэлэлцдэг юм. Учир нь банктай холбоотой тоо баримтууд яригддаг. Ер нь Засгийн газраас уг хуулийг анх хаалттай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хууль нь банкуудыг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн болж өгөх юм. Өөрөөр хэлбэл, банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх юм бэ гэдгийг тодорхой болгох юм. Түүнээс биш энэ хууль өнөөдөр батлагдаад маргааш нь банкуудад мөнгө тараах тухай биш юм. ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд банкуудын активын чанарыг үнэлэхэд харьцангуй сайн гарсан. Харин банкуудад 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байгаа юм. Энэ дутагдлыг хэрхэн нөхөх төлөвлөгөөг банкуудаас Монгол банкинд ирүүлсэн. Банкууд өөрсдөө энэ хөрөнгийн дутагдлаа нөхөх бүрэн боломжтой. Энэ бол тусдаа асуудал юм. Харин өнөөдөр хууль гаргаж, эрх зүйн зохицуулалт хийх асуудлыг яриад байна. Өмнө нь үүнийг зохицуулах хууль байгаагүй. Банкны салбарт хүндрэл бий болж, доголдол үүсэхэд зохицуулах хуульгүйгээс болж Монгол банкны Ерөнхийлөгч өөрөө шийдээд явж ирсэн түүх бий. Тэгэхээд цаашид энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд уг хуулийг хэлэлцэж байгаа юм. Нөгөөтэйгүүр арилжааны банкууд өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй нөхцөлд төр оролцож тодорхой хувийг нь хүртэл эзэмшиж болох зохицуулалтыг хийж өгч байна. Хууль батлагдаад гарсны дараа хүмүүс танилцаарай. Энэ бол их чухал хууль. Арилжааны банкны багц хуулиудыг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд л уг хуулийг хэлэлцэж байна.

- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт орсон гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдэж байна. Хэлэлцүүлгийн шатандаа засч, залруулах шаардлага гарсан. Уг хуульд дахин нягтлах зүйлүүд их бий. Ажлын хэсгийг өргөтгөж уг асуудлыг дахин нягталж, засахаар ажиллаж байна. Мэдээж бид аюулгүй байдлаа хангах ёстой шүү дээ.

Д.ӨНӨРЖАРГАЛ: Хүүхдүүдийнх нь зургийг бас хэвлийд байгаа ургийн зураг үзүүлсэн чинь “Яасан том болоо вэ” гээд цурхиртлаа уйлсан

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.  Хуульд зааснаар урьдчилан хорих 30 хоногийн хугацаа аль хэдийн дууссан ч хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа юм. Дээрх нэр бүхий хүмүүсийг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллээр  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханы эхнэр Д.ӨНӨРЖАРГАЛ  “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагаас “ОНЦЛОХ 30” ишлэлийг бэлтгэн хүргэж байна.

  1. Манай нөхөр Б.Бямбасайхан хоёр сарын хугацаанд 13 кг турсан байна. Огцом жин хаясан нь дархлаанд нөлөөлөөд өвчин ороогоод байна.
  2. Манай хүн элэг муутай. Элэг өвдөдгүй эрхтэн болохоор хүндрэх вий гэж айгаад байх юм.
  3. Сүүлийн үед хамраас нь байнга цус гарч, гүйлгэж байна.
  4. Бид хууль дүрмийн хүрээнд шалгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
  5. Оргон зайлах оролдлого ганц ч удаа гаргаагүй. Ийм байхад шууд хорьсон нь үнэхээр хүнд санагдаж байна.
  6. Эцэст нь эрүүл мэндээрээ хохирч байгаад сэтгэл дундуур байна.
  7. Уулзах үеэр манай хүн надад сэтгэлийн дэм өгөх гэж сэтгэлээ барьж байгаа нь анзаарагддаг.
  8. Үнэнийг хэлэхэд надад уйлах ч газар олдохгүй л байна.
  9. Би ханьтайгаа уулзахдаа “Бидэнд санаа зовоод хэрэггүй. Өөртөө л анхаар” гэдэг юм. Тэгж хэлсэн хэр нь хүүхдүүддээ, надад, ээж, аавдаа санаа зовж суугаа нь мэдрэгдээд хэцүү юм./нүдэнд нь нулимас цийлэгнэв./
  10. Огт мэдэхгүй процесс болохоор хэнд хандахаа ч сайн мэдэхгүй л байна.
  11. Хуучнаар бол Ганц худаг, одоогийн хорих 461 дүгээр хорих ангийг хөдөө байдаг л гэж боддог байлаа. Ийм л юм руу гэнэт орчихлоо.
  12. “Хайр нь хурдхан мэдүүлэг өгчихөөд ирье” гээд явсан хүнийг шууд хорьчихоор хэцүү шүү дээ. Сэтгэлзүйн хувьд нэлээд хүнд цохилтод орсон байх.
  13. Жаахнууддаа “Аав нь ажил хийхээр онгоцоор явчихсан” гээд хэлчихсэн чинь онгоц хүлээд болсон.
  14. Манай хүн баргил хоолойтой, хүн харахаар сүрдмээр төрхтэй ч гэлээ их зөөлөн хүн. Хүүхдүүддээ гэхээр хайлаад урсчихна.
  15. Манайх 2-16 насны 5 хүүхэдтэй.
  16. Сүүлд байцаалт өгөхөөр ирээд байхад нь завсарлага дундуур  нь хувцсыг нь аваачиж өгөнгөө  нүүр тулж уулзах боломж гарсан юм.
  17. Уулзахдаа хүүхдүүдийнх нь зургийг, бас хэвлийд байгаа ургийн зураг үзүүлсэн чинь “Яасан том болоо вэ” гээд цурхиртлаа уйлсан.
  18. Манай хүн хүүхдүүдээ төрөхөд нь дэргэд нь байж хүйг нь өөрөө хайчилдаг юм. Энэ удаад ч бага хүүхдээ төрөхөд нь хамт байх юмсан гэж их ярьж байгаа.
  19. Манай том хүүхдүүдэд сургуулийнх нь хүүхдүүд сэтгэл зүйн дарамт үзүүлэх вий гэж их айх юм.
  20. Манай хүн аав ээжтэйгээ утсаар байнга харилцдаг юм. Эхний өдрийнх нь орой ээийн сових татсан уу яасан хэд хэд залгасан байсан.
  21. Манай хадам ээж “хүүгээ амьд үзэх тавилан байна уу” гэж уйлаад ярихыг нь сонсох үнэхээр хэцүү санагдсан.
  22. Манай хүн Монголд ирэхээсээ өмнө Азийн Хөгжлийн банкны төв оффист эрчим хүчний мэргэжилтэн хийж байгаад эх орондоо ирсэн.
  23. Ажил бизнесийнх нь гүн рүү ордоггүй болохоор илүү тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна.
  24. Манай хүн олонтой их нийцтэй, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлж үе үеийн Засгийн газартай хамтарч ажилласан туршлагатай.
  25. Хувь хүний натур гэж ярьдаг даа.Манай хүний натур нь юмны арга эвийг нь мундаг олно.
  26. Зорьсон бол эцсийг нь үздэг сайн талтай.
  27. Аливааг бүх талаас нь харж, түүнийгээ цаасан дээр буулгаж чаддаг чадвартай. 
  28. Ханийгаа гараад ирэхэд нь хөгшид нялхсыг нь  эрүүл саруул байлгахсан гэж хичээж байна. 
  29. Миний хань эх орны хөгжлийн төлөө зүтгэе гэж эх орондоо ирсэн залуусын нэг 
  30. Үнэн мөн нь тогтоогдоод удахгүй гараад ирнэ гэж явсаар байгаад хоёр сар боллоо. 

Виз мэдүүлгийн төвийн ажилтны хариуцлагаггүй үйлдлээс болж иргэд хохирсоор байна гэв

Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон иргэн  өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Түүнийг Я.Эрдэнэ-Отгон гэдэг аж. Тэрбээр энэ сарын 2-ны өдөр БНСУ-ын Ионсэй их сургуульд ярилцлаганд орохоор өнгөрсөн тавдугаар сарын 22-нд БЗД-ийн “С” виз мэдүүлгийн төвд виз мэдүүлсэн байна. Гэтэл  виз мэдүүлгийн төвийн ажилтан н.Гэрэлээ гэгч нь ЭСЯ-ны консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас Ионсэй их сургууль руу залган, Я.Эрдэнэ-Отгоны ярилцлагын цагийг дур мэдэн цуцалсанд гомдолтой байгаагаа Я.Эрдэнэ-Отгон онцоллоо. 

Мөн виз мэдүүлснээсээ зургаан өдрийн дараа тус мэдүүлгийн төвд хандаж, Ионсэй их сургуулиас ирсэн ярилцлагын цаг бүхий тамга тэмдэгтэй бичиг баримтыг ЭСЯ-руу яаралтай дамжуулж өгөхийг хүссэн байна. Дараа өдрийнх нь өглөө уг бичиг баримтыг эгч Я.Эрдэнэсоёл нь хүргэж өгөхөд виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ гэгчид өгөхөд тэр өдрөө ЭСЯ-нд бичиг баримтыг нь өгөөгүй байжээ. Ингээд виз мэдүүлгийн төвд тавдугаар сарын 31-нд нь очиход бичиг баримт дээрх он сарыг нь буруу хараад, хугацаа нь дууссан бичиг баримт хэмээн үзээд буцаагаад авч ирснээ Гэрэлээ хэмээх ажилтан мэдэгдсэн байна. 

Ийнхүү өөрийн буруу үйлдлээ хүлээж, зургаадугаар сарын 1-н бүх нийтийн амралтын өдөр хэдий ч хамт олонтойгоо ярилцаад асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө Я.Эрдэнэ-Отгонд хэлсэн байна.  

Амралтын өдөр дуусгаад зургаадугаар сарын 2-нд тэрбээр виз мэдүүлгийн төвийн ажилтан руу залгаж асуухад “Таны асуудлыг шийдвэрлэсэн. Ионсэй сургуульд орох байсан таны ярилцлагыг цуцалсан” хэмээн хариулсан байна. Мөн Ионсэй их сургуулиас таныг ярилцлаганд оруулах боломжгүй гэсэн хариу и-мэйлээр гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. 

Энэ мэтчилэн виз мэдүүллэгийн төвийн ажилтны буруутай, хариуцлагагүй үйлдлээ болж хохирсон нь би ганцаараа биш. нэг хүний буруутай үйлдлээс бол би 2 жилийн хөдөлмөр, мөнгө, төгрөг, цаг хугацаа алдахад хүрээд гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Г.Номуундарь охины хэрэгт холбогдуулан 19 хүнээс мэдүүлэг авчээ

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан билээ. Эл мэдээллээс улбаалан хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. 

Дээрх хэрэгтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 19 хүнээс гэрчээс хэргийн талаар мэдүүлэг авсан байгаа аж. Г.Номуундарь охиноос хоёр удаа мэдүүлэг авсан байна

Тэгвэл хэрэг гардаг өдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуус төрсөн өдөр тэмдэглэж байсан үнэн болох нь хэргийг шалгах явцад тогтоогдоод байгаа юм байна. 

Нийслэлийн МАН-ын Бага хурал хойшлогдлоо

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал нөгөөдөр болох товтой байсан ч хойшлогджээ. Тодруулбал, Бага хурал энэ сарын 10-нд болох юм байна. Хурлаар тус намын хорооны хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэх юм. 

Шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт хилийн хориг тавьжээ

"Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга асан Г.Амарбат батлан даалтад гаргасан байна. Тодруулбал,  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан билээ. Улмаар Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт тавдугаар сарын 31-нд суллажээ.хилийн хориг тавьжээ. 

Мөн өнгөрсөн тавдугаар сарын 31-нд сулласан байна. 

ЭЕШ эхлэхэд цөөн хоног үлдлээ

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2018” энэ сарын 16-20 хооронд болно. 2018 оны ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд явагдаж дууссан.  Бүртгэл нийтдээ 43846 хүүхэд бүртгүүлжээ. Үүний 37950 энэ оны төгсөгчид бол 5896 нь өмнөх оны төгсөгчид аж. Нийт бүртгүүлэгчдийн 19778 эрэгтэй, 24068 нь эмэгтэй байна.

Зуслан, байрныхаа цахилгааныг салгуулж, суурь хураамж төлөхгүй байх боломжтой

Зуслангийн байшин, байр сууцандаа тодорхой хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй болсон бол харьяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа түр салгуулж болох юм байна.

Ингэснээр эзэнгүй байсан ч сар бүр тооцогддог суурь хураамжийн 2,200, хогны хураамжийн 2,500, телевизийн хураамжийн 1,100 төгрөгийн төлбөрийг тооцуулахгүй байх аж.

Харин цахилгаан хэрэглээгээ сэргээлгэх бол мөн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар өгч болно.

Хэрвээ та аль ч улиралд зуслангийн байшин, байр сууцандаа байнга амьдрахгүй ч ирэн очин байж, цахилгаанаар тогтмол хангагдаж байгаа бол гэрээнд заагдсан хугацаанд сар бүр тоолуурын заалтаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон 70047004 утсаар өгөх эсвэл тоолуурын заалт авах эрх бүхий ажилтныг цахилгааны щит, тоолуурт үзлэг, шалгалт хийх, заалт авах боломжоор хангах үүргийг хүлээнэ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний орлого цуглуулах үйл ажиллагаандаа төлбөр төлөлтийн орчин үеийн бүх хэлбэрийг ашиглаж байна. Тиймээс хэрэглэгч та төлбөрөө гэрээт хугацаандаа багтаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудад бэлнээр төлж болохоос гадна, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, банкны биллинг, и-биллинг, интернэт болон мобайл банк, АТМ, ТҮЦ машиныг ашиглан бэлэн бусаар хийх боломжтой.

Жич: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь суурь хураамж, хог, телевизийн хураамжийг хэрэглэгчдээс цуглуулахдаа ЭХЗХ-ны 2015 оны 199 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2011 оны 472 дугаар захирамж, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 43 дугаар тушаалыг үндэслэдэг.

Д.Мөнх-Эрдэнэ: Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт хуулийн төсөлд огт байхгүй

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хурлаар хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж, багагүй маргаан дагуулсан. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулга авлаа.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт УИХ-аар хэлэлцүүлж байгаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд газар зарахыг зөвшөөрөхөөр санал оруулсан нь иргэдийн бухимдлыг нэлээн төрүүлэх шиг боллоо. Энэ талаар та тодруулна уу?

-Юуны өмнө ташаа мэдээлэл болохыг хэлье. Улс төрийн зорилгоор хуулийн төслийн агуулгыг мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул залруулга хийх нь зүйтэй байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөхийг хориглодог. Үндсэн хуулиар хориглосон байхад газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд зарахыг зөвшөөрөх боломжгүй юм шүү дээ.

Ер нь газрын харилцаа нь хуулиар нарийвчлан зохицуулагддаг тул баримжаагаар ярьж болохгүй. Тийм учраас хууль зүйн хувьд товчхон тайлбарлах нь зөв гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх гэсэн 3 өөр хууль зүйн ойлголтыг хуульчилсан байгаа. Газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Энэ эрхийн дагуу Монгол Улсын иргэн тухайн өмчилж буй газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Газар эзэмших эрхийн хувьд мөн ялгаагүй зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ гэх мэтээр тодорхой зааж өгдөг.

Харин газар ашиглах эрх нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт. Жишээлбэл, гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэх мэт. Гадаадын иргэний хувьд газар ашиглах нь нэлээн хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь ч Газрын тухай хуульд яс заасан байдаг. Тухайлбал, ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг. Газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хатуу хориглодог.

-Тэгэхээр яагаад энэ асуудал гараад ирэв?

-Товчхондоо бол Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зааг, ялгааг гаргахгүйгээр бүхэлд нь газраа гадаадыханд зарах гэж байна хэмээн муйхарлан мушгиж байгаа л хэрэг. Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг нарийн уншиж, судлахгүйгээр улс төржиж байна. Нөгөө талаас, энэ байдал нь даамжраад иргэдийн дунд төрдөө үл итгэх үзлийг түгээх явдал газар авч байгаа тул зарим нэг хариуцлагагүй улстөрчийн асуудлаа нягталж судлахгүйгээр, хөнгөмсгөөр хандаж хийсэн мэдэгдэл иргэдийг төөрөгдүүлж байна гэж шулуухан хэлье. Асуудлыг хальт сонсоод нягталж, шалгахгүйгээр хэвлэлд хандан мэдэгдэл хийдгийн гор нь энэ. Баталгаагүй, үндэслэлгүй мэдээллээр улс төр хийсэн хувь улстөрчийн нэр хүнд тэрхэн зуур өсөж байхад, нөгөө талд төрийн институцийн нэр хүнд унаж, төрийг сулруулах нь хэнд ашигтай юм бэ?

-Ж.Энхбаяр гишүүнээс бусад өнгөрсөн долоо хоногийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд сууж байсан гишүүд газраа гадаадыханд зарахыг дэмжсэн хэрэг үү?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Энэ хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, холбогдох мэргэжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг хуулийн төсөл боловсруулахад оролцдог, хянадаг бүх байгууллага зохих журмын дагуу хянасны үндсэн дээр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн. Бид Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй хуулийн төсөл боловсруулах хүмүүс биш ээ. Би жишээ нь Монголын төр, ард түмний өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Төрийнхөө төлөө эцэг, өвгөдөөсөө зүтгэсэн хүний үр удам. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэхгүй, эх орон, ард түмний эсрэг ямар ч асуудал, хэний ч өмнө байсан бурууг нь хэлж, засч залруулахын төлөө явж ирсэн. Өмнө нь ч, одоо ч би ийм л зарчим баримталж ажилладаг. Энэ дашрамд хэлэхэд, эх оронч байна гэдгийг би эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө мэдлэг, чадвараа зориулахыг хэлж байна гэж ойлгодог. Түүнээс биш буруу ойлгосон асуудлаараа улс төр хийж, худал мэдээлэл тараан, хувийн нэр хүндээ өсгөхийг хэлэхгүй биз ээ.

-Та газар ашиглах эрх зүйн орчны талаар тодруулж тайлбарлаач?

-Гадаадын иргэнд газар ашиглуулахтай холбогдсон, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчны талаар товч хэлье. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан. Мөн 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 5 хүртэл жилээр ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан болно. Хэмжээ, зориулалтыг нь хашааны зориулалтаар бол 0.05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар бол 0.1 га-гаас тус тус илүүгүй байхаар Газрын тухай хуулийн 44.5-д хуульчилсан байдаг юм.

-Байнга оршин сууж байгаа гэдэг нь хэдий хугацаа вэ?

-Газрын тухай хуулийн 44.4-т заасны дагуу 183 хоногоос дээш хугацааг хэлж байгаа.

-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн орчин ийм байдаг юм байна. Та бүхэн яаж өөрчлөх саналтай байгаа юм бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхэлсэн. Энэ хуулийн нэг шинэ концепц нь Нийслэлд газрын бирж байгуулж ажиллуулах санал юм. Ингэснээр газрын харилцаанд ил тод, нээлттэй байдал хангагдаж, ард иргэдийн цалин, тэтгэвэр олгох, зам, гүүр барих хөрөнгийн эх үүсвэр болсон улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ гэж бид үзэж байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй өмчлүүлэхээр зааснаас бусад газрын эзэмших, ашиглах эрхийг зөвхөн газрын биржээр дамжуулан арилжаалснаар хэн, ямар газрыг, хэдэн төгрөг худалдан авч байгаа нь бүгдэд ил болно. Та бүхэн мэднэ. Хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг газартай нь дуудлага худалдаанд оруулснаар 20 гаруй тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орсон шүү дээ. Цаашид эрх мэдэлтэн, танил талтай нь газар авах биш, газрыг эдийн засгийн эргэлтэд шударгаар оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

-Тэгэхээр гадаадын иргэнд газар ашиглуулах хууль зүйн зохицуулалт өмнө нь Газрын тухай хуульд байсан юм байна гэж ойлголоо. Зөв үү?

-Тийм. 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд байгаа заалт. Бидний шинээр нэмэлт оруулах санал нь зөвхөн энэ газар эзэмших, ашиглах эрхийг ил тод, нээлттэй болгох асуудал юм. Өөр юу ч нэмээгүй. Гадаадын иргэнд газар өмчлөх, эзэмшихийг хориглосон Газрын тухай хуулийн зохицуулалт хадгалагдана. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх буюу худалдах, захиран зарцуулах эрх болон эзэмших эрхийг гадаадын иргэнд олгохыг хуулиар хориглосон нь хэвээрээ байх юм. Эцэст нь хэлэхэд, даргын цохолт, албан тушаалтны үзэмжээр газар олгож ирснийг бид шинэ хуулиар хална гэж үзэж байгаа.

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх үйл явц ямар байгаа вэ?

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг Улсын Их хурлаас саяхан 2028 он хүртэл сунгасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс газраа өмчлөх иргэдийн идэвхийг сэргээх зорилгоор өнгөрсөн хугацаанд газар өмчлүүлэх аяныг зохион байгуулж ирсэн. Цаашид энэ аяныг үргэлжлүүлж, иргэддээ газрыг нь өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллана.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгажээ

"Эх үрсийн баяр"-ын өдөр буюу энэ сарын 1-нд "Архигүй өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 150 ахлах байцаагч хяналт шалгалт явуулсан байна.

Уг шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагаас стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн илэрсэн байна. Эрүүл ахуйн шаардлага хангаагаагүй эдгээр бүтээгдэхүүнийг устгалд оруулжжээ. Нийт 2,539,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1,616,500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийсэн байна. Шалгалт Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн есөн дүүрэгт явагдсан байна.

Д.Сумъяабазар: Нүдэн балай, чихэн дүлий явж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Уул, уурхайн салбарт өрнөж буй зарим асуудлаар тодруулга авлаа. 

- УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах лобби бүлэг байгуулагдан ажиллаж байна. Уг лобби бүлгийн ахлагч Ч.Улаан мэдээлэл хийхдээ “Оюутолгой”-д гуравдагч компани гарч ирээд Монголын талын 34 хувийг хуваалцаж байна гэж мэдэгдсэн. Энэ талаар та тайлбар өгнө үү. 

-Одоогоор  “Оюутолгой”-н  34 хувь Монголын талд байна. Ямар нэг гадны компани хуваалцаагүй.

“Indrigold” гэх компани нь ямар учиртай компани юм бол. Энэ компанийг гуравдагч компани гэх хардлага байна? 

- “Indrigold”  эхнээсээ байсан компани. Энэ компанитай хамтарч Оюутолгойн бүлэг ордод хайгуул хийгээд явж байсан. Одоо "Оюутолгой” дахь манай 34 хувиас хуваалцаж байгааг мэдэхгүй юм. Стратегийн орд газруудын талбайтай холбоотой ажлын хэсгүүд тийм дүгнэлт гаргасан байсан.Оюутолгойн бүлэг орд газрын хил хязгаарыг тогтоох тухай гээд “Indrigold”-ын талбай руу орсон гэх зүйл байдаг. Үүнийг шалтгалтаар хамтарсан ажлын хэсэг тогтооно.

-Өмнөх УИХ-ын ажлын хэсэг “Оюутолгой”-д шалгалт хийгээд, гурван жилийн хугацаанд 3 сая ам.долларын зөрчил илрүүлсэн илрүүлсэн. Энэ зөрчлийг Дубайн гэрээгээр Монголын талд өр болгоод хувиргасан гэдэг асуудал байна. Энэ талаар...?

-Далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх төлөвлөгөөний гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан хүмүүс нь саатуулагдан шалгагдаж байна. Хууль хяналтын байгууллага шалгаад, гэм буруутай эсэх асуудлыг хэлэх байх.

“Оюутолгой” төсөл манай улсын нийгэмд нөлөөлөл их үзүүлдэг. Ажлын байраас эхлээд. Энэ төслийг бид цаашдаа яаж үр ашигтай авч явах вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Нэг өнцгөөс нь харж, буруутгах гээд байж болохгүй. Хэн нэгэнд буруу өгөөд, хэргийг тохох гэж байгаа байдлаар битгий хандаасай. Стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хүнд  шийдвэрүүдийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүнүүд гаргаж байсан. Одоо “Оюутолгой төсөл явдгаараа явж байна. Цаашдаа ч улс нийгэмд үр өгөөжөө өгөөд явна. Монгол талаас энэ талаар шахаж ажиллаж байгаа. Оюутолгойн удирдлагууд ч Засгийн газраас тавьсан  шаардлагуудыг биелүүлэх  байх гэж бодож байна.Ялангуяа хүүгийн зардлыг бууруулах, зардлын хэтрэлтийг хянаж, Монгол талдаа өгөөжтэй байх хувилбарыг гэрээнд оруулах ёстой. Энэ тухайд Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, байр сууриа  илэрхийлсэн. Энэ шаардлагыг биелүүлнэ гэж харж байгаа.

-Оюутолгойн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтад долоон тэрбум төгрөгийн зардал гаргасан гэдгээ хэлсэн гэсэн. Тэгвэл энэ нь өмнөх хөрөнгөөс тусдаа гэсэн үг үү, нийтдээ гүний уурхайд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн гэж ойлгож болох уу?

-Тийм биш. Нийт оруулсан хөрөнгө нь тодорхой байдаг шүү дээ. Эхний ээлжинд 4.4 тэрбум ам.доллар. Энэ тухайд хэтрүүлэгтэй ярьж байгаа тал байгаа байх. Одоогоор долоо орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа.

-“Оюутолгой”-д тавьсан татварын актын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Хоёр тал 30 хоногийн дотор ойлголцох ёстой байгаа шүү дээ?

-Хоёр тал өөрсдийн гаргасан шийдвэрээ хамгаалсан байдалтай байна. Нэлээд хүч, хугацаа шаардсан  яриа болж байна. Ер нь татвар, санхүүгийн асуудлаас болж улс орон төдийгүй аж ахуйн нэгжүүд ч хохирол амсдаг. Бид ч гэсэн Монголын талын буюу Засгийн газрынхаа байр суурийг л хамгаална. Оюутолгой төсөл амжилттай хэрэгжиж байна гэдэг нэрийдлээр нүдэн балай, чихэн дүлий яваад байж болохгүй. Ажлын хэсгүүд хуралдаад хувилбараа гаргаад явж байна. УИХ-аас ч ажлын хэсэг гаргасан, ажиллаад явж байна. Энэ сарын сүүл гэхэд энэ асуудал цэгцэндээ орох болов уу гэж харж байгаа.

-Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх талаар ид ярьж байна.  Танай намын бүлэг, УИХ энэ тухайд хаалттай  хуралдсан,  ямар шийдвэр гаргасан бэ, таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг, бусад улс орон элсээд хөгжөөд л байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруулах байх.

-“Тавантолгой”-н 30 хувьд IPO гаргана гэсэн ерөнхий мэдээлэл яваад байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Одоогоор ерөнхий мэдээлэл хэлнэ. Өнөөдөр “Тавантолгой”-н хувьцааны ханш 933 байгаа. Ер нь УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолоор 20 хувийг нь гадаадын дотоодын хөрөнгийн биржээр, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдээр, 20 хувийг нь иргэддээ гээд нийт 50 хувийг нь хуваарилсан байсан. Ер нь 1.9 их наяд төгрөгийн хөрөнгийг баталгаажуулаад бүртгэсэн байгаа. “Тавантолгой” эргэлтэд орсноор 1072  ширхэг хувьцааны үр өгөөжийг хүртэнэ.

Бид цаг хугацааны хувьд яаравчилж байгаа. Нийгэмд “Тавантолгой” төслийг эхлүүчихээсэй гэсэн хүлээлт байгаа. Улс төрийн байр суурийн хувьд талууд олон улсын стандартад нийцүүлж IPO 30 хувьд гаргах шийдвэрт хүрсэн. Авто зам, төмөр зам гээд дэд бүтцийн асуудал гээд яригдаж байгаа. Ажлуудыг үе шаттай хийнэ.

- УИХ-д хэзээ өргөн барих бол?

-ҮАБЗ-өөр оруулж тогтоолын төсөл танилцуулна. Үүний дараагаар УИХ-д танилцуулах учиртай. Төмөр зам, цахилгаан станцын ТЭЗҮ хариуцсан сайдуудад бүгд бэлэн байгаа. Мөн устай холбоотой ТЭЗҮ-д БОАЖЯ Хөхморьт гэсэн төсөл оруулахаар болсон байна лээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment