8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баяртсайхан: Тэнгэрийн хаяанд борооны хар үүл хуримтлагдаад эхэлсэн. Өөр өөрийн хэмжээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй

2018-06-05 14:11:43

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллийг сонслоо.  Тэрбээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэж бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Эдийн засаг хэдийгээр  сэргэж байгаа ч эдийн засгийн цаашдын төлөв байдал эмзэг хэвээр байгаа. Санхүүгийн бат бөх чадвар  гадаад валютын нөөцийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд одооноос бид  анхаарах ёстой. Инфляци болон эдийн засгийн өсөлтийн  зөв тэнцвэрийг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засгийн идэвхжилээс иргэдийн амьжиргаа нийгмийн сайн сайхны төлөө үзүүлэх нөлөөлөл өндөртэй юм. Урт хугацаанд түүхий эдийн үнэ өндөр түвшинд  хэвээр хадгалагдах, хөрөнгийн их хэмжээний тогтвортой урсгал орж ирэх нь  төсвийг байнга тэтгэхгүй учраас төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн сахиж эдийн засгийн сэргэлтийн үед төсвийн бодлоготой уялдуулан зардлыг нэмэгдүүлэхгүйгээр, орлогын хуримтлал үүсгэх төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага тулгарсан хэвээр байна. Эдийн засаг циклээр явагддаг. ОУВС-ийн хуралд дөрөвдүгээр сард оролцоод ирсэн. Хурал дээр яригдсан асуудал нь тэнгэрийн хаяанд борооны хар үүл хуримтлагдаад эхэлсэн байгаа шүү. Улс орон бүр өөр өөрийн хэмжээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөөцтэй байх ёстой, эдийн засгийн өнөөгийн сууриа хадгалах ёстойг сануулсан. Бид энэхүү сануулгыг байнга бодох хэрэгтэй” гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат " Саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар Хятадад очихдоо баахан зээл авах талаар яриад ирсэн. Гуравдагч орны зах зээлээс босгосон, БНХАУ-аас босгосон энэ хоёр зээлийн хэмжээ хэд байгаа вэ. Мөн эдийн засгийн өсөлт бодит секторуудад хэзээ нөлөөлөх вэ" 

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүү жилийн зургаан хувь орчим. Юанийн ханш нэлээд чангарч байна. Үүнтэй харьцуулахад нэлээд өндөр өртөгтэй зээл болж хувирч байгаа. Эдийн засгийн өсөлт айл өрх бүрийн амьдралд, ажлын байранд мэдрэгдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. 2017 оны өдийд манай улсыг депольтод оруулах дөрвөн том эрсдэлийн өмнө байсан. Өнөөдөр энэ аюулыг бид  давж гарсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Мэдээллийг харахад ингэнэ, тэгнэ гэсэн дандаа хэмнэлтийн бодлого  барьж байна л даа. Амаргүй хүнд цагт бэлдэж байгаа бололтой. Гэтэл өнөөдөртөө  бид амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагууд яах болж байна. Бүгд Солонгост очиж ажиллах юм уу" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Эдийн засгийг тэлэх чиглэлд цаашид ямар бодлого баримтлах вэ. Эдийн засаг нь мөнгөгүй, цусны эргэлтгүй болчихлоо. Хумьж, цуглуулж авдартаа хийсээр байгаад бүх хувийн секторууд  үндсэндээ босч чадахгүй байна. Удахгүй эдийн засгийн өсөлт айл өрх бүрт мэдэгдэнэ гэлээ. Мөнгө хязгаарлах бодлогыг барих тусам банк бус санхүүгийн байгууллага, ломбардны өндөр хүү ард түмнийг сөхрүүллээ. Цаашлаад хадгаламжийн өндөр хүү амлаж арилжааны банкинд хадгалсан зээлийг  нь татаж авч байна. Мөн ипотекийн зээлийг хөдөө орон нутагт  олгохгүй байна. Үүн дээр нь арилжааны банкууд дөрөөлж арилжааны зээлээр байрны зээл өгч байна. Эдийн засгаа яаж тэлэх юм бэ. Бид гурван тэрбум ам.долларын нөөцтэй гэж яриад байдаг. Үүнийгээ авдарт хадгалсан хэвээр л байх юм уу. 

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Гурван тэрбум ам.долларын нөөцийг их мөнгө гэж зарим хүн бодоод байх шиг байна.  Энэ их мөнгө биш ээ. Манай улсын хувьд 20-30  тэрбум ам.долларын нөөцтэй байж улс орныхоо аюулгүй байдал,  тусгаар тогтнолоо баталгаажуулна. Гурван тэрбум ам.долларыг их мөнгө гэж бодоод хэрэггүй. Б.Дэлгэрсайхан гишүүн бизнес хийж байсан хүн сайн мэдэж байгаа шүү дээ. Дэлхий жишгээр аваад үзвэл, гурван тэрбум ам.доллар бол дунд зэргийн компанийн дансанд нь хэвтэж л байдаг мөнгө шүү дээ" гэлээ.

Ингээд тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа тогтоолын төслийг дэмжих эсэхэд санал хураахад тус байнгын хорооны гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл