8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Булганаас байцаалт авч, Дээд шүүх МАХН-ын даргыг бүртгэхээс татгалзсан өдөр

2018-06-05 18:40:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. "Монголын нэг өдөр" той булангаа хүлээн авна уу. 

Д.Эрдэнэбат: МИАТ 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхад 38 тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан  ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга тав хоног завсарлага авлаа.

Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн асуудлаар нэлээн олон төрийн өмчийн компаниуд хувьчлахаар орж ирж байна. Үүнд анхаарал татсан олон асуудал байна. Тухайлбал, Төрийн банкыг жилд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад нь яагаад гэнэтхэн хувьчлах болчихов. Хувьчлах үнийн дүн ч асуудалтай байна. Монголын хөрөнгийн бирж 2015, 2016 онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 2017 онд гэнэт 233 сая төгрөгийн алдагдалтай болгоод, хувьчлах тухай асуудал оруулаад ирлээ. Өнгөрсөн жил МИАТ 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхад өнөөдөр яагаад гэнэт 38 тэрбум төгрөгөөр нэг хэсгийг нь шууд стратегийн гэдэг нэрийн дор худалдах шийдвэр гаргах гэж байгаа юм. Төрийн өмчийг хувьчлах асуудалд энэ мэт маргаантай сэдэв их байгаа учир Ардчилсан намын бүлэг бүлгийн хурлаараа авч хэлэлцэх учиртай. Тиймээс энэ асуудлаар тав хоногийн завсарлага авна. Бид завсарлага авах хугацаандаа хувьчлах гэж байгаа байгууллагуудын талаар хоёр талын мэдээллийг сонсоно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийг сонсоно. Ирэх даваа гарагт асуудал болгож холбогдох байгууллагуудтай ярилцаж, эцсийн шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. 

 Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Н.Баяртсайхан: Тэнгэрийн хаяанд борооны хар үүл хуримтлагдаад эхэлсэн. Өөр өөрийн хэмжээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллийг сонслоо.  Тэрбээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэж бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Эдийн засаг хэдийгээр  сэргэж байгаа ч эдийн засгийн цаашдын төлөв байдал эмзэг хэвээр байгаа. Санхүүгийн бат бөх чадвар  гадаад валютын нөөцийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд одооноос бид  анхаарах ёстой. Инфляци болон эдийн засгийн өсөлтийн  зөв тэнцвэрийг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засгийн идэвхжилээс иргэдийн амьжиргаа нийгмийн сайн сайхны төлөө үзүүлэх нөлөөлөл өндөртэй юм. Урт хугацаанд түүхий эдийн үнэ өндөр түвшинд  хэвээр хадгалагдах, хөрөнгийн их хэмжээний тогтвортой урсгал орж ирэх нь  төсвийг байнга тэтгэхгүй учраас төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн сахиж эдийн засгийн сэргэлтийн үед төсвийн бодлоготой уялдуулан зардлыг нэмэгдүүлэхгүйгээр, орлогын хуримтлал үүсгэх төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага тулгарсан хэвээр байна. Эдийн засаг циклээр явагддаг. ОУВС-ийн хуралд дөрөвдүгээр сард оролцоод ирсэн. Хурал дээр яригдсан асуудал нь тэнгэрийн хаяанд борооны хар үүл хуримтлагдаад эхэлсэн байгаа шүү. Улс орон бүр өөр өөрийн хэмжээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөөцтэй байх ёстой, эдийн засгийн өнөөгийн сууриа хадгалах ёстойг сануулсан. Бид энэхүү сануулгыг байнга бодох хэрэгтэй” гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат " Саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар Хятадад очихдоо баахан зээл авах талаар яриад ирсэн. Гуравдагч орны зах зээлээс босгосон, БНХАУ-аас босгосон энэ хоёр зээлийн хэмжээ хэд байгаа вэ. Мөн эдийн засгийн өсөлт бодит секторуудад хэзээ нөлөөлөх вэ" 

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүү жилийн зургаан хувь орчим. Юанийн ханш нэлээд чангарч байна. Үүнтэй харьцуулахад нэлээд өндөр өртөгтэй зээл болж хувирч байгаа. Эдийн засгийн өсөлт айл өрх бүрийн амьдралд, ажлын байранд мэдрэгдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. 2017 оны өдийд манай улсыг депольтод оруулах дөрвөн том эрсдэлийн өмнө байсан. Өнөөдөр энэ аюулыг бид  давж гарсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Мэдээллийг харахад ингэнэ, тэгнэ гэсэн дандаа хэмнэлтийн бодлого  барьж байна л даа. Амаргүй хүнд цагт бэлдэж байгаа бололтой. Гэтэл өнөөдөртөө  бид амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагууд яах болж байна. Бүгд Солонгост очиж ажиллах юм уу" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Эдийн засгийг тэлэх чиглэлд цаашид ямар бодлого баримтлах вэ. Эдийн засаг нь мөнгөгүй, цусны эргэлтгүй болчихлоо. Хумьж, цуглуулж авдартаа хийсээр байгаад бүх хувийн секторууд  үндсэндээ босч чадахгүй байна. Удахгүй эдийн засгийн өсөлт айл өрх бүрт мэдэгдэнэ гэлээ. Мөнгө хязгаарлах бодлогыг барих тусам банк бус санхүүгийн байгууллага, ломбардны өндөр хүү ард түмнийг сөхрүүллээ. Цаашлаад хадгаламжийн өндөр хүү амлаж арилжааны банкинд хадгалсан зээлийг  нь татаж авч байна. Мөн ипотекийн зээлийг хөдөө орон нутагт  олгохгүй байна. Үүн дээр нь арилжааны банкууд дөрөөлж арилжааны зээлээр байрны зээл өгч байна. Эдийн засгаа яаж тэлэх юм бэ. Бид гурван тэрбум ам.долларын нөөцтэй гэж яриад байдаг. Үүнийгээ авдарт хадгалсан хэвээр л байх юм уу. 

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Гурван тэрбум ам.долларын нөөцийг их мөнгө гэж зарим хүн бодоод байх шиг байна.  Энэ их мөнгө биш ээ. Манай улсын хувьд 20-30  тэрбум ам.долларын нөөцтэй байж улс орныхоо аюулгүй байдал,  тусгаар тогтнолоо баталгаажуулна. Гурван тэрбум ам.долларыг их мөнгө гэж бодоод хэрэггүй. Б.Дэлгэрсайхан гишүүн бизнес хийж байсан хүн сайн мэдэж байгаа шүү дээ. Дэлхий жишгээр аваад үзвэл, гурван тэрбум ам.доллар бол дунд зэргийн компанийн дансанд нь хэвтэж л байдаг мөнгө шүү дээ" гэлээ.

Ингээд тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа тогтоолын төслийг дэмжих эсэхэд санал хураахад тус байнгын хорооны гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

Ц.Оюунбаатар: Шүүх дахиад бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасанд гомдолтой байна

Улсын Дээд шүүх МАХН-ын дотоод маргаан, зөрчлийг хэлэлцэхгүй хэмээн үзэж Н.Энхбаярыг ч, О.Баасанхүүг ч даргаар бүртгээхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Энэ талаар МАХН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Дээд шүүхийн уг шийдвэрт  МАХН-ынхан гомдолтой байгаагаа хурлын эхэнд онцолллоо. 

Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Манай материал ямар ч зөрчилгүй байхад дахиад бүртгэхээс татгалзлаа. МАНАН гэх улс төр, бизнесийн олигархи бүлэглэл Улсын дээд шүүхэд нөлөөлж байна.  Нөлөөлж байгаагийн нэг илрэл нь энэ шийдвэр юм. Ийм завхрал, хэлмэгдэл Монгол Улсад үргэлжилж байна. Эрүүгийн хуулинд байхгүй зохиомол хэргээр Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлж байсан бол өнөөдөр намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлахад Дээд шүүх гажуудал гаргаж байна. Хууль хяналтын байгууллагыг улс төрийг гар хөл болгодог хэлмэгдэлтийг зогсоохыг МАХН шаардаж байна” гэв. 

АНХААР: Нарны замыг түр хаана

Замын цагдаагийн урд талын гүүрэн зам баригдахтай холбоотойгоор тус уулзварт байрлах автозамын хяналтын камерыг шилжүүлэх ажил хийгдэж байна. Үүний хүрээнд 2018 оны зургадугаар сарын 05-ны 01:00 цагаас 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Нарантуул захын уулзвараас баруун чиглэлд Замын цагдаагийн уулзвар хүртэл мөн Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг түр хязгаарлана. Иймд иргэд та бүхэн Намьяанжу, Дамдинсүрэн, Энхтайвны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамжийг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорложээ

Төрсөн эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 1-ний өглөө үүрээр ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон байна. Талийгаач эмэгтэй эмнэлгийн гурван давхрын цонхоор үсэрсэн гэнэ. Түүнийг үсэрч байх үед хэн хараагүй, мэдээгүй аж. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 26-ний өдөр амаржиж эрүүл сарүүл хүүхэдтэй болсон гэнэ. Гэхдээ амиа хорлох шалтгаан нь одоогоор тодорхой бус байгаа аж. 

Одоогоор хэргийг холбогдох цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тэгвэл эл хэргийн хэргийн талаар 

Г.Баясгалан: Ч.Сайханбилэгт маргааш хагалгаа хийнэ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүний биеийн байдлын талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан мэдээлэл өгчээ. Тэрбээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр манай эмнэлэгт ирсэн. Мэс засал хийх оноштой байгаа. Түүнийг үзлэгт хамруулан шинжилгээнүүд хийгдэж байна. Маргааш мэс засал хийгдэнэ” гэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд шулуун гэдэсний хагалгаа хийхээр төлөвлөж байгаа бололтой. 

Сануулахад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээний асуудлаар АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр саатуулан хорьж, дахин хугацааг нь сунгасан юм.

“Богд Хан” ууланд алхалт хийж явсан иргэн амиа алдсан хэрэг гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Чингисийн өргөө” амралтын газраас урд зүгт 200 метр “Богд Хан” ууланд алхалт хийж явсан иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 61 настай эрэгтэй Д  хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлага өчигдөр  өдрийн 11:56 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:10 цагт очжээ. Ингэхэд иргэн Д аль хэдийн нас барсан байжээ. Тиймээс цогцсыг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Уругвай улсад визгүй зорчдог болно

Монгол Улсын Засгийн газар, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.Дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын энгийн паспорттай иргэд нийт 22 улсад визгүй зорчдог болох юм.

“Ж.Энхбаяр гишүүнээс бусад нь гадаадын иргэнд газар зарахыг дэмжсэн гэсэн үг үү. Тийм зүйл үгүй”

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төслийг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж УИХ болон иргэдийн дунд маргаан дэгдээгээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд “Бидэнд нягталж, шалгах шаардлагатай зүйлс бий. Мэдээж аюулгүй байдлаа хангах ёстой” гэсэн юм. Тэгэхээр дээрх хуульд гадаадын иргэнд газар өмчлүүлэх тухай заалт байж магадгүй гэх хардлага байгаа юм. Олон нийтийн дунд эргэлзээ, маргаан төрүүлээд байгаа уг асуудлаар  Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ албан ёсны мэдээллийг өгчээ.

Тэрбээр “ Энэ бол ташаа мэдээлэл. Улс төрийн зорилгоор хуулийн төслийн агуулгыг мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул залруулга хийх нь зүйтэй байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөхийг хориглодог. Үндсэн хуулиар хориглосон байхад газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд зарахыг зөвшөөрөх боломжгүй юм шүү дээ Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх гэсэн 3 өөр хууль зүйн ойлголтыг хуульчилсан байгаа. Газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Энэ эрхийн дагуу Монгол Улсын иргэн тухайн өмчилж буй газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Газар эзэмших эрхийн хувьд мөн ялгаагүй зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ гэх мэтээр тодорхой зааж өгдөг. Харин газар ашиглах эрх нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт. Жишээлбэл, гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэх мэт. Гадаадын иргэний хувьд газар ашиглах нь нэлээн хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь ч Газрын тухай хуульд яс заасан байдаг. Тухайлбал, ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг. Газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хатуу хориглодог.Товчхондоо бол Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зааг, ялгааг гаргахгүйгээр бүхэлд нь газраа гадаадыханд зарах гэж байна хэмээн муйхарлан мушгиж байгаа л хэрэг. Баталгаагүй, үндэслэлгүй мэдээллээр улс төр хийсэн хувь улстөрчийн нэр хүнд тэрхэн зуур өсөж байхад, нөгөө талд төрийн институцийн нэр хүнд унаж, төрийг сулруулах нь хэнд ашигтай юм бэ? Ж.Энхбаяр гишүүнээс бусад өнгөрсөн долоо хоногийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд сууж байсан гишүүд газраа гадаадыханд зарахыг дэмжсэн хэрэг үү? Тийм зүйл байхгүй шүүдээ” гэлээ.

Дэд станцийн галд өртсөн бүсгүй нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо хоёр хүүхэд, нэг том хүн түлэгдсэн осол гарсан билээ.  Ослын үеэр түлэгдэж гэмтсэн 4 болон 8 настай хоёр хүүхдийн хувьд биеийн байдал нь дээрдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин 25 настай, эмэгтэй Н-ийн биеийн байдал тааруу байсар нас барсан байна.

Одоогоор ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна. 

“Монгол-Турк” сургуулийн 40 сурагч үдийн хоолноосоо хорджээ

Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид энэ сарын 1-нд хоолны хордлогод орж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна. Тодруулбал,  Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт хоолонд хордсон гэх оноштой 40 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн эдгээр 40 хүүхдээс гадна насанд хүрсэн таван хүн хоолны хордлогод орсон байна.  Хордлогын шалтгааныг тодруулахаар хэвтэн

эмчлүүлэгчдийн өтгөнд шинжилгээ хийхэд “shingelii flexneri” нян илэрсэн байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал нь хүндэвтэр, суулгалт ихтэй 13 хүнээс том хүн нэг, бусад нь хүүхдүүд юм байна. Бусдынх нь биеийн байдал дунд зэрэг байгаа аж. 

Энэ талаар албаны эх сурвалжаас мэдээлэл авахад "Эхний байдлаар 150 гаруй хүүхэд үдийн хоолоо идсэн. Тэрнээс 50 гаруй хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илрээд шинжилгээ хийлгэсэн байгаа. Одоогоор Орхоны эмнэлэгт 7 хүүхэд ХӨСҮТ-д 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Халдварт хэвтэж байгаа хүүхдүүдийн хувьд зургадугаар сарын 01-ний өдөр амраад наашаа хотруу ирсэн хүүхдүүд байгаа юм. Нийт 58 хүнээс шулуун гэдэсний арчдасаас шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 21 хүнээс гэдэсний цусан суулга бактери гарсан байгаа юм. Идсэн хоол унд нь бохирдсон байсан байх. Хүүхдүүд тарвас, кембаб, пирошки гурваас хордлого авсан байх магадлал өндөртөй байгаа юм" гэсэн мэдээллийг өглөө. 

С.Зориг агсны эхнэр Б.Булган дахин байцаалт өгчээ

 Нийслэлийн прокурорын газраас Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар албаны хүн мэдээлэл өгсөн. Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Б.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт авсан гэдгийг Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн байгаа.Тэгвэл өчигдөр С.Зориг агсны гэргий Б.Булганаас  ТЕГ-ын мөрдөн байцаагчид байцаалт дахин авчээ. Б.Булган өөрийн өмгөөлөгч Ц.Гүенбаттай хамт байцаалт өгсөн талаар албан эх сурвалж мэдээлэл өглөө. 

6 настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

Ирэх хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудыг ирэх наймдугаар сард бүртгэхээр болсон. Тодруулбал, энэ жил нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэх юм байна.  Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ жил шинээр ашиглалтад орсон барилга, орон сууцнаас хамаарч хамран сургах тойргийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, таны хүүхэд хаягийн дагуу аль сургуульд орохыг хамран сургах тойргоор харуулдаг.

Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн хамран сургах тойрог:  Энд дарж үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
miriamnail333
<a href="https://designerweb.pl/">projektowanie stron internetowych</a>
2021/12/12 85.221.145.225
  • Recent
  • Most Read
  • Most Comment