8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баяртсайхан: Таван банк харилцагчдын 511 тэрбум мөнгийг дутаасан гэсэн үг

2018-06-05 17:21:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор Арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг хаалттай байдлаар хэлэлцэж буй. Уг хуулийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа.

-Банкийг дахин санхүүжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Яагаад энэ хуулийн төслийг өргөн барих болсон бэ. Манай арилжааны банкуудын санхүү хүндэрсэн гэсэн үг үү. Арилжааны банкуудын санхүүгийн систем тогтвортой байгаа юу?

-Монгол Улс ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрт банкны системд бүтцийн өөрчлөлт хийх заалт оруулсан. Банкны системийн бүтцийн өөрчлөлт бол банкийг эрүүлжүүлэх, хүчтэй болгох, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалах зорилготой. Банк эрүүл байвал санхүүгийн систем эрүүл байна, санхүүгийн систем эрүүл байвал эдийн засаг эрүүл байна. Эдийн засаг эрүүл байвал нийгэм эрүүл байна. Тиймээс банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байгаа. Бүтцийн өөрчлөлт хийхийн тулд манай банкуудын санхүүгийн чадавх ямар байна вэ гэдгийг тодорхойлсон. Үүнийг активийн чанарын үнэлгээ гэж нэрлэж байгаа. Активийн чанарын үнэлгээг хийлгэх гэж олон улсын тендер зарлаад Чехийн PWC гэдэг компанийг шалгаруулж 14 банкинд активийн чанарын үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний үр дүн үнэ бодит гарсан гэж үзэж байгаа. Манай банкууд боломжийн үйл ажиллагаа явуулж, санхүүгийн систем тогтвортой байгаа юм байна гэдэг дүгнэлт гаргасан. Монголын банк санхүүгийн систем тогтвортой, айж сандраад байх зүйл байхгүй.

-Активын чанарын үнэлгээний хүрээнд 14 банкны дахин хөрөнгөжүүлэх шаардлага үүссэн гэсэн үг үү?

-Үгүй ээ. Бүхэлд нь сайн байгаа гэдгийг хэлж байгаа юм. Таван банкин дээр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан.Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчид буюу харилцагчдын мөнгийг тодорхой хэмжээгээр дутаасан гэсэн үг. Нийт 511 тэрбум төгрөгийн дутагдал гарсан. Тиймээс энэ таван банкинд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор дутагдаж байгаа өөрийн хөрөнгөө гүйцээ гэдэг даалгавар өгсөн. Өөрийн хөрөнгөө гүйцээх олон арга зам бий. Тухайлбал, гаднаас хөрөнгө оруулалт олж ирэх, хувьцааныхаа тодорхой хэсгийг зараад хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэх, чанаргүй зээлээ буцааж төлүүлэх гэх мэт  маш олон арга зам байгаа. Манай банкууд ерөнхийдөө ажилдаа орчихлоо. Монголын банкны салбарын нийт актив 28 их наяд төгрөг. Үүнтэй харьцуулахад 511 тэрбум төгрөг их мөнгө биш. Манай банкууд энэ ондоо багтаад дутагдаж байгаа өөрийн хөрөнгөө нөхөж гүйцээх байх гэж найдаж байна.

-Заасан хугацаанд дутагдалтай хөрөнгөө нөхөж чадахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Нөхөж гүйцээхгүй бол Банкны тухай хуулиар тухайн банкуудад албадлагын арга хэмжээнүүдийг авч эхэлнэ. Тодруулбал, банкны бүрэн эрхт төлөөлөгч томилоод зургаан сарын хугацаатай төлөвлөгөө гаргаад тухайн банкийг аврах үйл аижллагаа явуулна. Нэг үгээр хэлбэл, одоо банкийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид банкны удирдлагаа Монголбанканд алдана гэсэн үг. Аврах үйл ажиллагаа явуулаад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй бол банкийг дампууруулах хүртэл арга хэмжээ авах эрх Монголбанканд байгаа. Үүнийг манай банкууд бүгд ойлгочихсон учраас хөрөнгө, мөнгөний эрэлд маш эрчтэй явж байна. Банкийг дахин санхүүжүүлэх хууль нь системийн ач холбогдолтой банкинд зориулсан хууль. Системийн ач холбогдолтой банк гэдэг нь том банкуудаа хэлж байгаа юм. Нийт банкны салбарын активийн таван хувиас дээш хөрөнгө мөнгийг эзэмшиж байгаа банкуудыг системийн ач холбогдолтой банк гэж нэрлэж байгаа юм. Хэрвээ системийн ач холбогдолтой банк дампуурвал манай хадгаламж эзэмшигчдийн мөнгө, харилцагчдын мөнгө байхгүй болно. Мөн санхүүгийн тогтвортой байдал Монгол орон даяар алдагдана. Нэг банк дампуурахад л түүнийг дагаад бүгд ганхах учраас бид том банкуудаа хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулиар банкны хувьцаа эзэмшигчдэд маш том анхааруулга өгч байгаа.Хэрвээ дутагдаж байгаа өөрийн хөрөнгийг Монголбанкнаас заасан хугацаанд нөхөж чадахгүй бол төр хөрөнгө оруулалт хийж дахин хөрөнгөжүүлээд банкийг чинь төрийн мэдэлд авна гэсэн үг. Төр Засгийн газрын хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт хийж аваад тодорхой хугацааны дараа санхүүгийн зах зээл дээр гаргаж зарж, борлуулаад оруулсан хөрөнгөө буцааж авна. Тиймээс төрд ямар нэгэн алдагдал, хохирол үүсэхгүй. Гол нь арилжааны банкуудыг хариуцлагажуулах маш ач холбогдолтой хууль.

-Хуулийн төслийг яагаад хаалттай горимоор хэлэлцээд байгаа учраас банкууд хүнд байдалд орсон гэсэн хардлага төрөөд байна?

-Энэ хуулийг нууцлаад байх шаардлага байхгүй. Хуулийн хэлэлцүүлгийн явцад харилцагчдын эрх ашгийг хөндсөн зүйлүүд  яригдаж байгаа учраас хаалттай хэлэлцэж байгаа юм. УИХ-аар хэлэлцэж байгаа Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төсөл бол хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хангах, Монголын эдийн засгийг хамгаалахын төлөө хийж байгаа ажил. 10, 20 жил хийгдээгүй банкны салбарын шинэчлэл гэж ойлгож болно. Хүмүүсийн ойлголт харилцан адилгүй байгаа учраас хуулийн хэлэлцүүлэг амаргүй болж байна. Банкийг дахин хөрөнгөжүүлнэ гэдэг нэрээр төрийн мөнгийг банкуудад өгөх гэж байна гэж намайг маш их хардаж байна.

-Таван банк заасан хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол төр авна гэж байна. Төрд банкуудыг авах эдийн засгийн боломж байгаа юу?

-Засгийн газар бэлэн мөнгө оруулахгүй. Хувьцаа гаргана. Харин гаргасан хувьцаагаа Засгийн газар таван жилийн дотор буцааж борлуулаад оруулсан мөнгөө олж авна. Одоо банкны хувьцааг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдэд буцаагаад Засгийн газрын хувьцааг авч болно. Мөн дотоод, гадаадын зах зээл дээр санал болгоно. Ийм байдлаар Засгийн газар оруулсан хувьцаагаа мөнгөжүүлээд авчих юм. Гэхдээ би дахин хэлье активийн чанарын үнэлгээгээр дутагдсан 511 тэрбум төгрөг бол манай улсын ДНБ ий 1.9 хувьтай тэнцэж байгаа бага мөнгө.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ҮНЭН ЮМ БОЛ ДАНДАА ЛУЙВАРЧДЫН БАНК БНА ШҮҮ ДЭЭ
ЭНЭ ҮНЭН ЮМ ЯРИАД БАЙНА УУ ЭСВЭЛ ЯМАР НЭГЭН НУУЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭДЭЭД БАЙНА УУ ЯГ ҮНЭН ЮМ БОЛ ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ЭНЭ БАНКНЫ САЛБАР ДЭЭРЭЭ ТОГТОЖ ЧАДХАА БАЙЦАН БАЙМААР ЮМ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ИДЭЭД ДУУСЛАА.
2018/06/06 112.72.14.94
иргэн Тамжав
Баахан банкны мөнгө идэж зувчуулчихаад төрөөс мөнгө гаргаж аолдагдалаа хаах арга хэмжээ л болох нь дээ, банкны удирдлага эрхэм гишүүдийн лобби л яваад байна даа
2018/06/06 66.181.176.40
би
энэ юу л хийгээд ба да, итгэл үнэмшилгүйл сонсдоод байхын
2018/06/05 202.55.191.205