8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ: “Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө

2018-06-06 12:19:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Энэ мөнгийг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын өнгөрсөн онд хуримтлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, төвийн барилгын дээврийг засахад зарцуулах юм.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 185 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг  юм. Тус төвд 103 хүн ажилладаг. “Өнөр бүл хүүхдийн төв” 800 гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлснээс гадна эцэг, эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өчээ.

“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээнэ

СХД-т үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг тус төвийн мэдэлд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эх үрсийн баярын өдөр энэ төвд зочилж хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцсан. Энэ үеэр газраа өөрийн мэдэлд авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байсан юм. “Эрдэм төв”-ийг 2006 онд нэг гэр бүл байгуулснаас хойш 100 гаруй хүүхдийг  асарч өсгөн нас биед хүргэсэн байна.

Товч мэдээ

-  “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталлаа. Ингэснээр газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүчний чадавхи сайжирч, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурна. Мөн хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасган, үндэсний төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани бий болж, орон нутагт орох өгөөж нэмэгдэх юм.

-  Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ. Хэд хэдэн саналыг уламжлахаар болов.

-  “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-тэй холбоотой Зээл болон төслийн гэрээний төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийг ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан тосон таслуур, реле хамгаалалт, тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.  

-  Эрдэс баялгийн салбарт үйлчилж байгаа хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Бүгд Найрамдах Казахстан Улсад байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэд, Монгол Улсад байнга оршин сууж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд хялбаршуулсан журмаар харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяалалгүй болох, хоёрдмол харьяалалтай болохоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой хэлэлцээр байгуулахыг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

-  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-   Булган аймгийн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэхээр тогтоов. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг энэ өдрүүдэд аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр орон нутгаас хүсэлт ирүүлсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment