8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хүүхдийн мөнгийг нөхөж өгөхөөр болж, Судлаачид ШХАБ-д элсэх асуудал байр сууриа илэрхийлсэн өдөр

2018-06-06 18:45:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. 

Байр, суурь: ШХАБ-т элсэх нь зөв, буруу

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын энэ жилийн хурал энэ сарын 9, 10-нд Хятадын Циндао хотод болно. Энэ удаагийн хуралдаанд  Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох бөгөөд Гадаад харилцааны яамнаас бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Уг хуралдаанаас өмнө Монгол улс ШХАБ-т элсэх, эсэхээ шийдэхээр энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн форумын үеэр ШХАБ-т элсэх ёстой гэх байр, суурийг илэрхийлсэн. Энэ дагуу УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод, УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж буй. Гэхдээ эцсийн шийдвэр өнөөдрийн байдлаар гараагүй байна. 

Тэгвэл уг асуудлаар гадаад харилцааны мэргэжилтнүүд болон улс төрчид хэрхэн, ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе. 


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Мэргэжлийн түвшинд нарийвчилсан судалгаа хийж байна 

ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.

Дипломат ч, доктор, профессор Ч.Даваадаш: ШХАБ-т элссэнээр Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ

-ШХАБ-д манай улс ажиглагчаар олон жил явлаа. Одоо олон улсын байдал ихээхэн өөрчлөгдөж, маш ээдрээтэй болж байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн зүйл өнөөдөр үгүй болж байх жишээтэй. АНУ, БНХАУ, ОХУ-ын бодлого, байр суурь, Европ, Арабын орнуудын байдал ч өөр болж, шинэ нөхцөл үүсч байна. Ернь олон улсын байдал тун эгзэгтэй,санамсаргүй тохиолдлын аюул гарчирэх эрсдэлийн төвшин өндөржижбайна. АНУ-БНХАУ, АНУ-ОХУ,АНУ-Арабын орнуудын хоорондын өнөөгийн харилцааг харвал урьдчилж таахын аргагүй нөхцөлбайдал үүсч мэдэхээр байна. Энэ тохиолдолд бид бүс нутагтаа өөрийнбайр сууриа бэхжүүлэх учиртай.Бүс нутагтаа бид ганцаардаж, өөрөө өөрийгөө салан тусгаарлаж болохгүй. Бид тэртэй тэргүй хоёр их гүрний хооронд "өндөгний доторх шар" шиг амьтад шүү дээ. Энэ нь хаанаас ч нэвтрэх орон зай үгүй гэсэн үг. Тиймээс бид энэ дотроос дэлбээлж гарч ирвэл аз. Хэрвээ ингэж чадахгүй бол байдал тиймэрхүү л байх болно. БНХАУ-ын зүгээс “Нэг бүс, нэг зам” гэх аварга том төслийг хэрэгжүүлж байна.Зарим нь болгоомжлоод ШХАБ-д орвол дарамт, шахалт үзүүлнэ гээд яриад байгаа. Энэ их хоёр гүрэн дарамт, даралтаа үзүүлэхдээ хүрвэл ШХАБ-д орсон ороогүйгээс шалтгаалахгүй. Тэгэхээр бид бүтэц дотор нь орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болоод тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь оролцоод явах нь зүйтэй. Ер нь ШХАБ-д орох нь ашигтай энэ тэргэхээсээ илүүтэй “орох нь зүйтэй” гэсэн үүднээс хандах нь чухал. Энэ асуудлаар Монгол Улс өөрийнхөө байр суурийг тодорхойлоод явахад болохгүй зүйл үгүй. ШХАБ-д элсээд жинхэнэ гишүүн болоод явах нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Харин үүнд ухаантай, судалгаатай хандах хэрэгтэй.

С.Баясгалан:  Гол асуудал нь ШХАБ-д элсэх цаг нь мөн үү гэдэгт байгаа юм

/МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, доктор/

-Геополитикийн талаас судалж үзвэл ШХАБ нь Евразийн хүчнүүдийг нэгтгэсэн холбоо юм. Үүнд гол хоёр тоглогч нь ОХУ, БНХАУ. Монгол Улсын хувьд газарзүйн нөхцөл байдлыг нь харвал хоёр том гүрний дунд төдийгүй Азийн төвд оршдог улс юм. Энэ талаасаа харвал бид хэзээ нэгэн цагт ШХАБ-ын гишүүн улс болох нь тодорхой.Учир нь бид далайд гарцгүй, аливаа харилцаа хоёр хөршөөр дамжин явах нь тодорхой. Гол асуудал нь ШХАБ-д элсэх цаг нь мөн үү гэдэгт байгаа юм. Монгол Улсын гадаад бодлогын гол анхаарал нь хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чиглэл. Энэ утгаараа Монгол Улс бүс нутгийн интеграцид элсэхийг хичээж ирсэн.Үүний нэг тод илрэл нь АПЕК-тэлсэхээр өргөдлөө өгчихсөн байгаа.Харамсалтай нь АПЕК шинэ гишүүнэлсүүлэхгүй байгаа. ШХАБ анх2001 онд байгуулагдахдаа хилийн маргаан, бүс нутгийн энх тайван,аюулгүй байдал, терроризмын асуудлыг гол анхаарч ирсэн. 2003 онд болсон Ерөнхий сайд нарын Зөвлөлийн хуралдаанаас “Гишүүн орнуудын хооронд худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр” баталж гаргасан ч бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь үйл ажиллагаа түлхүү явуулдаг. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байгаа хоёр том орон нь ОХУ, БНХАУ юм. ОХУ-ын талаас энэ нь Евразийн эдийн засгийн холбоо, харин БНХАУ-ын талаас “нэг бүс нэгзам” юм. Гэхдээ хоёр хөршийн эдийн засгийн хөшүүргээр тус бүс нутагт нөлөөгөө тогтоох бодлого ШХАБ-ын дүрэмд заасан бодлоготой нийцэж байгаа болохоос ШХАБ-ын бодлого биш. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн хүчтэй орон ч байхгүй, дэд бүтцийн хувьд ч ЗХА болон АНД бүсүүдтэй харьцуулахад маш сул хөгжсөн орон зай юм. Харин хөрш хоёр орон ШХАБ дээр тулгуурлан өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж, нөлөөгөө өргөтгөх бодлого баримталж байна. Тэгэхлээр Монгол Улсын хувьд ОХУ-тай харилцаж, Евразийн эдийн засгийн холбоонд элсэх, мөн БНХАУ-тай харилцаж,“Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Монголын хоёр эдийн засгийн бүс болох Алтанбулаг, Замын-Үдийг холбосон эдийн засгийн корридорыг байгуулах нь илүү ашигтай болов уу. Хоёр хөршийн явуулж буй гадаад бодлогын хүрээнд эдийн засгийн гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил: ШХАБ-т элсэх шаардлагагүй гэж үзэж байна

Шанхайн хамтын ажиллагааны байгуулага жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүссэн, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг нь хараад байхад  нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа. Ер нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгийг олон талаас нь харж судлах ёстой. Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад ялгаагүй. Харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгааг сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахь хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.

Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Санжмятав: Монгол Улс ШХАБ-д элсч энэ орон зайгаа эзлэх ёстой

-ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон. Учир нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хандлага нь даяаршил зогсоод бүс нутгийн интегралчлал хөгжиж байна. Манай улс бүс нутгийн интегралчлалд үндсэндээ оролцохгүй явж байгаа. Дэд бүтцүүд нь холбогдоогүй бусад орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, эдийн засгийн холбоонд орох гэдэг асуудал байхгүй. Ганцхан Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь манай улсын хувьд ашиггүй байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн болоод улс төрийн бодлогын төв хойд Америк Европоос Евроази руу шилжиж байгаа. Шилжиж байгаа орон зай нь хаана байна вэ гэхээр ерөөсөө ШХАБ-ын гишүүн орнуудын эзлээд оршиж буй орон зай. АНУ-ын Тагнуулын төв газрын дэргэдэх судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2050 он гэхэд нэгдүгээр эдийн засаг БНХАУ. Харин хоёрдугаар эдийн засаг нь Энэтхэг улс юм. Бусад нь энэ хоёр орны араас жагсаад явахаар байгаа. БНХАУ+АНУ Европын холбоотой тэнцэхээр тийм том болно. Энэтхэгүүнээс жаахан дутуу ч гэхдээ АНУ, Европын холбооноос том болох юм. Тэр үед ОХУ Япон улсын төвшинд очно. Ингэхээр дэлхийн бодлогын төв тэр чигээрээ ШХАБ-ын эзэлж байгаа орон зайн дээр орж ирнэ. Мөн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ирж байгаа. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээг, дизайн зургаас нь гаргахаас эхлээд, түүхий эдээрээ хангагдах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх сүлжээ нэг программаар явагдах юм. Энэ нь бүс нутгийн интегралчлал дээр суурилна. Хэрвээ бүс нутгийн интегралчлалд орж чадахгүй юм бол энэ сүлжээнд орж чадахгүй. Ингэхийн тулд Монгол Улс ШХАБ-д элсч энэ орон зайгаа эзлэх ёстой.

Н.Баяртсайхан: Гадаад өрийн богино хугацааны дарамт буурч зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхлээд байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон юм. Мэдээллийн эхэнд 2011 оноос хойших эдийн засгийн нөхцөл байдлын талаар дурдаад 2015-2017 оны эдийн засгийн хүндрэлээс үлдсэн хэд хэдэн сургамжийг онцоллоо.

Жижиг, түүхий эдээс өндөр хамааралтай эдийн засгийн бүтэцтэй манай улсын хувь санхүүгийн нөөцийн бодит чадавхиас нь давсан, хэт тэлсэн байдлаар макро бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаандаа тогтворгүй байдлыг бий болгодог. Хувийн болон улсын секторын санхүүгийн чадавхийг эрсдэл даахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ дотоод, гадаад санхүүгийн чадавхийг давхар харгалзах, Төв банкны хараат бус байдлыг хадгалах гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулсан. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллээс “ОНЦЛОХ” баримтыг бэлтгэн хүргэж байна.

  1. Монгол Улсын макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсээд байсан хүндрэлийг гадаад нөхцөл, хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллага, оновчтой бодлогын арга хэмжээгээр харьцангуй богино хугацаанд даван туулж улмаар эдийн засаг сэргэлтийн төлөвт шилжээд байна.
  2. Мөнгөний бодлогын хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, зах зээлийн бус хямд эх үүсвэрээр банк, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний мөнгө нийлүүлэх, төгрөгийн ханш сулрах дарамтыг өдөөхүйц арга хэмжээг хязгаарлсан байна.
  3. Инфляцийг тогтворжуулах үндсэн зорилт, гадаад валютын нөөцийг хамгаалах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын шийдвэрүүд гаргажээ. Түүнчлэн улсын төсөв болон түүнтэй адилтгах олон төрлийн эх үүсвэрүүдийн санхүүжилтийг нэгтгэн, төсвийн алдагдал, улсын өрийг үе шаттайгаар зохистой түвшинд хүртэл бууруулах замаар дунд, урт хугацаанд төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн төсвийн бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл дурдлаа.
  4. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хомсдлыг шийдвэрлэхэд шаардлагатай 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц орж ирэх нөхцөл бүрдсэн байна.
  5.  Оновчтой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байна.
  6. Макро бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин, эдийн засгийн гадаад орчин харьцангуй таатай, гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэн, гадаад өрийн богино хугацааны дарамт буурч, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхлээд байна.
  7. Эдийн засаг сэргэж байгаа хэдий ч цаашдын төлөв эмзэг байна. Экспортын үнэ, хэмжээнээс хамаарах эмзэг байдал нэмэгдэж байгаа, банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй, банкны салбарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их байгааг нь дурьдах нь зүйтэй.
  8. Эдийн засгийн дунд, урт хугацааны төлөвийг авч үзвэл 2020-2024 онд төлөх гадаад төлбөрүүдийн санхүүгийн нөөцийг одооноос эхлэн хуримтлуулах шаардлагатай. Тодруулбал, 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын “Чингис” бондоос гадна өнгөрсөн жил гаргасан “Хуралдай”, “Гэрэгэ” бондууд болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн зээлийн эргэн төлөлт дээрх хугацаанд таарч байгаа юм байна. Үүнтэй зэрэгцээд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусгавар болох юм байна.
  9. Өнөөгийн эдийн засгийн өсөлт, төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийг голлон тэтгэж буй эдгээр хүчин зүйлс нэгэн зэрэг ийнхүү зогсох эрсдэлтэй байгаа учир макро бодлогын оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн бат бэх чадавх, валютын нөөцийн хүрэлцээт хуримтлалыг бий болгох нь чухал. 
  10. Төсвийн сахилга батыг сахиж, зардал нэмэхгүй байх, орлогын хуримтлал үүсгэн төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд, урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага хэвээр байгаа.
  11. ​2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 14.4 орчим их наяд төгрөг байгаагийн 7.1 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл бол 7.1 их наяд төгрөгийн зээл аж ахуйн нэгжид олгогдсон.
  12. Бүтцээс харвал ихээхэн хэмжээний зээлийн багц иргэдийн хэрэглээний зориулалтаар олгогдож байгаа бөгөөд үүнд сайн тал ч бий, хэмжээ хэтэрвэл иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.
  13. Иргэдийн хэрэглээний зээлийн дээрх дүн нь Монгол Улсын хувьд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй түгээж буй давуу талын илрэл ч гэлээ энэ хэвээр өсөлт нь үргэлжлэх юм бол иргэд зээлийн дарамтад орох эрсдэлтэй.
  14. Тэтгэврийн зээл гэхэд иргэний сарын орлогыг 100 хувь зээлийн эргэн төлөлтөд татаж байгаа бол арилжааны банкуудаас олгож буй зээлийн төлөлтдөө тухайн иргэний сарын орлогын 70-80 хүртэл хувийг авч байгаа. Хугацаа хэтэрсэн тохиолдолд арилжааны банкуудаас зээлийн хугацааг нь нэмэгдүүлэх хэлбэрээр зээлийн хэмжээг нь нэмэх зэрэг арга хэмжээ авдаг. Иргэн ажил эрхэлж, цалин хөлс, олсон ашгаараа хэрэглээний зардлаа нэмэгдүүлэх нь зохистой байдаг бол өр зээлээр хэрэглээний зардлаа нэмэгдүүлж байна. Санхүүгийн нийт системийг харахад дээрх дүр зураг нь аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг иргэдийн хэрэглээний зардлын тэлэлтэд ашиглаад байгаа сөрөг нөлөөтэй.

Б.Найдалаа: ШХАБ-д элсэх асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй

"Хөдөлмөрийн Үндэсний Нам"-аас "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага"-ын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ХҮН-аас Монгол Улс ШХАБ-д элсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах уриалга гаргаж байгаагаа онцолсон юм. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Монгол Улс эдийн засгийн чиглэлээр нэлээд олон байгууллагатай хамтын ажиллагаатай.  Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага 31 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Үүнээс 600 орчим сая ам.долларыг Монгол Улс авч, төслүүдээ санхүүжүүлсэн. Харин Шанхайн хамтын ажиллагааны хөтөлбөр тодорхойгүй байна. Монгол Улс ШХАБ-д орсноороо эдийн засгийн ямар давуу тал бий болох вэ. Монгол Улс ямар үүрэг, эрсдэл хүлээх вэ гэдэг мэдээлэл олж авмаар байна. Дараа нь дүгнэлтээ хиймээр байна. Ингэж байж иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэе ШХАБ-д оорох эсэхээ шийдэх хэрэгтэй.  Өнөөдөр эрх барьж байгаа, дөрвөн жилийн хугацаатай албан тушаалтнууд энэ асуудлыг шийдэж болохгүй. ШХАБ-тай цуг Монгол Улсын 50, 100 жилийн хөгжлийн асуудал яригдаж байна. Тиймээс энэ асуудалд хариуцлагатай хандаж, олон нийтийг оролцуулахыг хүсч байна" гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 

Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ цэцэрлэгийн барилгын төсөв өнгөрсөн оны төсөвт суугдсан байсан ч барилгын зураг болон үнэ нь зөрсөнөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байна. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Тэр дундаа 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг зургийн дагуу нь барих ажлыг шийдвэрлэлээ. Үндсэн зургийн дагуу 5.3 тэрбум төгрөгөөр барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр хүүхдэд багш илүү арчилгаа, эмчилгээг хийдэг. Тухайлбал, тэднийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэгийг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүчин чадал нь нийт хичнээн хүүхдээр нэмэгдэх вэ?

- 120 хүүхдийн багтаамжтай байхаар зураг төсөл нь боловсруулагдсан. Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт тусгай хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн цэцэрлэгт гэнэтийн шалгалт хийхэд хүүхдийн дүүргэлт хангалтгүй байсан. Гадуур хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байхад тэднийг авч сургаагүй мөртлөө хүүхдийнхээ тоог худлаагаа мэдүүлээд явж байсан нь тодорхой болсон. Тиймээс миний бие шийдвэр гаргаад эрхлэгчийг нь ажлаас нь чөлөөлсөн. Одоо энэ цэцэрлэг 100 хүүхдийг аваад ажиллаж байгаа. 10 дугаар цэцэрлэгийн хувьд 150 хүртэл хүүхдийг хүлээж авах бололцоо бий.

- Есдүгээр сарын 1-ны өдөр нийт хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?

- 2017 оны төсөв батлагдах үеэр улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Тиймээс ихэнх баригдаж буй сургуль, цэцэрлэгийн үнийн дүнгээс 500-800 орчим сая төгрөгүүд нь урьдчилсан байдлаар тавигдсан. Харин үлдсэн мөнгө нь 2019 оны төсөвт үргэлжлэн суугдахаар байгаа. Тиймээс энэ оны сүүлээр нийт сургууль, цэцэрлэгийн 30 хувь нь ашиглалтад орно. Үлдсэн нь 2019-2020 оны хичээлийн жилд ашиглалтад орно. 2019-2020 оны хичээлийн жилд "Хүүхэд бүр цэцэрлэгт" буюу 142 цэцэрлэг, 97 сургууль болон өргөтгөлийн барилгын үйл ажиллагаа бүрэн дүүрэн шийдэгдэнэ.

- ЭЕШ-ын хуваарьт өөрчлөлт орсон нь ямар учиртай юм бэ?

- ЭЕШ-ын хуваарьт өөрчлөлт ороогүй. Мөн ЭЕШ-ын тест задлагдах эрсдлээс сэргийлж чадсан.

ОБЕГ: Орхон голд осолд хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар сумын харьяат Б 11 настай хүү тавдугаар сарын 28-ны өдөр  “Орхон” голд осолдсон дуудлага аймгийн  Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагыг хүлээн авсан даруй  аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч нийт 16 алба хаагч, таван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.  Эрэн хайх ажлын хүрээнд энэ  сарын 4-ний өдрийн байдлаар осолдсон газраас ОХУ-ын хил хүртэл нийт 100 км-т, 2 удаа самналт хийсэн ч хүүг хараахан олоогүй байгаа аж. 

Хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө.  

С.Чинзориг: Ирэх оноос бүх хүүхдэд мөнгө өгнө

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургадугаар сарын 01-нд ХНХЯ-ны харъяа “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус төвд 185 хүүхэд амьдарч байгаа аж. Энэ төвд бүтэн өнчин, эцэг эх байх эрхээ хасуулсан өрхийн хүүхдүүд, аав, ээж нь хорих ангид ял эдэлж байгаа зэрэг айлын хүүхдийг асран хүмүүжүүлдэг байна. Ерөнхий сайдыг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой 100 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Ингээд Ерөнхий сайд уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө хэлсэн юм. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгын дээврийг засахад шаардлагатай байгаа хөрөнгө, олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн 22 сая төгрөг зэрэгт нийт 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Мөн 185 хүүхэд дотор тусгай асаргаа шаардлагатай, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй нэг дор байх нь стандартын шаардлага хангахгүйгээс гадна үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвд байгаа тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тусгай асрамж, халамжийн төв байгуулах асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Ерөнхий сайд Сонгинохайрхан төвд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм” асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаатай мөн танилцсан. “Эрдэм” асрамжийн төвийг хувийн хэвшлийн байгууллага ажиллуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй барилга нь нийслэлийн өмчийн харъяанд байдаг. Нийслэлийн өмчийн газраас уг барилгыг Нийслэлийн өмчид буцааж авах асуудлыг хөндөх болсон. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар уг барилгыг “Эрдэм” төв шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барихад шаардагдах 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, энэ цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн барилгатай болгоход анхаарах шаардлагатай болсон" гэлээ. 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Хүүхдийг мөнгийг өмнө нь нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаад одоо 80 хувьд нь өгөх шийдвэрийг гаргаад байна. Энэ 20 хувийн зөрүүнд багтсан хүүхдүүдийн мөнгийг хэзээнээс олгох вэ?

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тогтоол баталсан. Хүүхдийн мөнгөнд хамрагдах 20 хувьд дөрөвдүгээр  сарын нэгнээс тооцон олгоно. Ингэхдээ зургаан сарын хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгож байгаатай холбоотой өрхийн амьжиргааны түвшний судалгаанд үндэслэнэ. Одоо үйлчилж байгаа 560 гэсэн  босго оноогоо өөрчилж 670 босго шугам татахаар ажиллаж байна. Цаашдаа эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжрахтай уялдуулаад хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох амлалтаа хэрэгжүүлнэ. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан байгаа. Энэ оны төсөвт нийт хүүхдийн 60 хувьд олгохоор туссан. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, төсвийн орлого давж биелсэнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгийг хамрах хүрээг тэлж, 20 хувийг хамруулан, нэмж байна. Ирэх оноос бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллана.

-Хэзээнээс бүх хүүхэд хүүхдийн мөнгө авч эхлэх вэ?

-Ирэх наймдугаар сарын нэгнээс ОУВС-гийнхан ирж ажиллана. Энэ үеэрээ хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар дахин хэлэлцээр хийхээр бэлтгэл хангана ажиллаж байна. Ингээд ирэх оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр Засгийн газар ажиллаж байна.

-Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны мэдээллийн санд хамрагдсан айлын хүүхдүүдийн 80 хувьд олгож байгаа.  Энэ өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй айлын хүүхдүүд яаж олгох вэ?

-Хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газар баталсан. Энэ хүүхдийн мөнгийг олгох журмын дагуу зайлшгүй Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой. Одоогоор 100-гаад мянган хүүхэд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй гэсэн тоо байдаг. Энэ айл өрхүүд өөрсдөө материалаа бүрдүүлээд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй. Ингээд  босго оноондоо багтаж байгаа бол хүүхдийн мөнгө авах эрх нь нээлттэй байгаа.  

-Дахиад судалгаанд хамрагдах  ёстой гэсэн үг үү?

-Тийм,нэгдүгээрт, өрхийн амьжиргааны судалгаандаа хамрагдана. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт гаргана гэсэн үг.

-Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохдоо, хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй 40 хувийн  мөнгийг амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүнсний талон болгон тараана гэж байсан.  Тэгэхээр хүнсний талоныг үргэлжлүүлэх олгох уу, эсвэл?

-Өнгөрсөн 2017 оны төсөвт тодотгол хийхдээ хүнсний талонд хамрагдаж байгаа иргэдийн хамрах хүрээг нэмсэн. Ядуурлын төвшин нэмэгдэж байгаатай холбоотой хүнсний талонд хамрагдаж байгаа иргэд хоёр дахин нэмэгдсэн. Мөн нэг иргэнд очиж байгаа тэтгэмжийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн.  Хүнсний талонд хамрагдаж байгаа иргэд батлагдсан журмынхаа дагуу оноогоо аваад явах юм.

С.Зориг агсны хэрийг шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны, итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ.

Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар ажиллажээ. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа. 

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны шийдвэрийг судалж үзэхэд С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан эрүүгийн хэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн олон улсын ажиглагчдыг оролцуулан шүүх хуралдааныг нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлууд хөндөгдсөн байна.

Дээр дурдсан асуудлаас хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд ажлын хэсэг ажиллах нь зүйтэй хэмээн үзжээ.

Монгол Улсын Засгийн газар С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбоотой хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилсөн. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцад үлджээ. Иймд ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд уг материалтай танилцах боломжгүй хэмээн үзсэн байна. 

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохиргчийн хууль ёсны төлөөлөгчидтэй уулзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх, тэдгээрийн үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар тодруулга авч ажиллажээ. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч тус уулзалтад оролцоогүй байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн дараах гурван саналыг Байнгын хороонд оруулж буйгаа Ц.Нямбаатар гишүүн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцахаар заасан байдаг. Иймд тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар тус дэд хороо судлан үзэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэжээ.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомж, хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажилласан талаарх Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах зэрэг саналыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд дурджээ. 

УИХ-ын гишүүн, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

"Монгол-Турк" сургуулийн тогооч нарыг ажлаас нь халах шийдвэр гаргажээ

Энэ сарын 1-нд Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн хэрэг гарсан билээ. Одоогоор нийтдээ 40 гаруй хүн хордлогын байдалтайгаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Урьдчилсан байдлаар пирошки, будаатай хуурганд хордсон гэх дүгнэлт гарчээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнөөс гарсан гэх “shingelii flexneri” нян болон бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа бөгөөд нарийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Өнөөдөр өглөөний байдлаар Орхон аймгийн засаг даргын тамгын газрын шуурхай хуралдаанаар хариуцлага алдсан сургуулийн тогооч нарыг ажлаас халах хүртэлх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. 

Айл өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Өнөөдөр Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараах юм байна. Уг нийгэмлэг нь энэ жилийн хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хүрээнд асрамжийн газрууд болон Улаанбаатар хотын харьяа зарим дүүргийн /Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан/ иргэдэд хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараахаар төлөвлөсөн байна. Тус нийгэмлэг нь Туркийн Рамадан сарыг тохиолдуулан жил бүр Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 1000 гаруй өрхөд хүнсний туслалцаа үзүүлэх аж.

ГХЯ: Швейцарь улс руу визгүй зорчино

Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэхүү хэлэлцээрээр энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхэд асрамж, халамжтай холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг ОУВС-тай дахин зөвшилцсөн талаар онцолжээ. Ингэснээр өнгөрсөн 4, 5- р сард олгоогүй хүүхдийн мөнгийг энэ сарын мөнгөтэй хамт олгоно. Ингэхдээ нийт хүүхдийн 80 хувьд нөхөж олгохоор болсон гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment